Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 495

 

 

 

 

 

                                           

                                                

 

                                     

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/,

хохирогч Г.Г,

Өсвөр насны шүүгдэгч С.А, түүний хууль ёсны төлөөлөгч Н.М,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөн тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт С-ын А-д холбогдох эрүүгийн 1810 0178 60533 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Өсвөр насны шүүгдэгч С.А нь 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн орчим иргэн Г.Г-ын гэрээс түүний алтан бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, улмаар Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө 1” кино театрын баруун талд “С” худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах “Ж” ХХК-ийн барьцаат зээлийн газарт 600.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч С.А-гаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:

 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Б ахын гэрт ажил хэргийн шугмаар очиход хохирогч Г байж байсан ба өөрийгөө Б ахын найз гэж танилцуулсан. Тэмцээнд оролцохын тулд насанд хүрсэн байх ёстой байсан учраас би өөрийгөө 1996 оных гэж танилцуулсан. Б ах тэр тэмцээнд хамааралтай байсан болохоор би өөрийгөө 1996 оных гэж хэлсэн юм. Би тэр өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тухайн өдөр 22:00 цагийн үед хохирогчийн гэрт очсон. Эцэг, эхдээ найзындаа хоносон гэж хэлсэн. Тэр үед надад мөнгөний хэрэг гарсан учраас хохирогчийн гэрээс алтан бөгжийг нь авсан юм. Хохирогч бид 2 найзын харилцаатай. Хохирогчийн хохирлыг манай аав, ээж 2 төлж барагдуулсан. Би хохирогчоос уучлалт гуйсан. Энэ хэрэг гарснаас хойш би гэрээсээ гараагүй. Би буруутай гэдгээ ойлгож байна. Цаашид алдаа гаргахгүй, сургуульд орж суралцана.” гэсэн мэдүүлэг,

 

2. Өсвөр насны шүүгдэгч С.А-гийн хууль ёсны төлөөлөгч Н.М-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:

 

“...Цаашид би хүүхдээ хараа хяналтандаа байлгаж, сайн анхаарна. Манай хүүхэд мөнгөөр дутагддаггүй. Нөхөр бид 2 хоёулаа ажилтай, боломжийн амьдралтай. С.А гэртээ ирэхгүй, утсаа салгаад алга болчихдог байсан. Одоо манай охин гэрээр солонгос хэл сурч байгаа. Хохирогч надтай хэргийн талаар ярилцсан. Хамт явчихаад миний хүүхдийг гүтгэж байж магадгүй гээд А-гийн аав нь цагдаад өг гэж хэлсэн байсан.” гэсэн мэдүүлэг,

 

3. Хохирогч Г.Г-аас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:

 

“...2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр миний төрсөн өдөр болсон юм. Би 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр найз нөхдийн хамт төрсөн өдрөө тэмдэглэж байхад С.А нь Х-гийн хамт  ирсэн. Тэр өдөр “орой болчихлоо яаж явна аа” гээд А яриад байсан учир би “ойрхон манайд очиж хоночихоод, маргааш явахгүй юу даа” гэж хэлээд манай гэрт ирж хоносон юм. Гэхдээ бэлгийн харьцаанд ороогүй. 2018 оны 07 дугаар сарын 22-ны өглөө нь С.А “би ажилтай, яараад байна, Х намайг авахаар ирсэн” гэж хэлээд гэрээс гараад явсан. А-г гарсны дараа би манай гэрт тольны хажууд байсан миний алтан бөгж алга болсныг мэдсэн. Дараа нь миний бөгж байхгүй болсон байхаар нь би Х гэдэг найзруугаа утасдаж “чи манай гадаа ирсэн юм уу” гэхэд “би очоогүй” гэж хэлсэн. Тэгээд С.А руу залгаад “миний бөгж байхгүй байна” гэхэд “би мэдэхгүй” гэсэн. Маргааш нь надаас цүнхээ авахдаа миний бөгжийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд, “би хохирол барагдуулна, битгий цагдаад хандаарай” гэсэн боловч аав нь “цагдаадаа өгөөрэй” гэсэн болохоор би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. С.А мөрдөн шалгах ажиллагааны явцад 400.000 төгрөг шилжүүлээд, прокурорын шатанд үлдэгдэл мөнгийг шилжүүлсэн. Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Миний хувьд гомдол санал байхгүй, нэмж нэхэмжлэх зүйлгүй. Би С.А-тай 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Б гэдэг найзынхаа гэрт анх уулзаж танилцаж байсан. Тэр үед өөрийгөө 1996 онд төрсөн, Солонгос улсад суралцаж төгссөн гэж танилцуулж байсан. Би С.А-г насанд хүрээгүй гэдгийг нь хэрэг шалгах явцад мэдсэн, урьд нь мэдээгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1810 0178 60533 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр найз нартайгаа төрсөн өдөр болох гэж байна гэж тэмдэглэж байхад манай найзын танил А гэх эмэгтэй орой 00:00 цагийн орчимд ирсэн. Тэгээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд орж үйлчлүүлж байгаад харих болсон чинь А “манай гэр Толгойтод байдаг, яаж харина аа” гээд байхаар нь “манайд очиж хоноод явахгүй юу” гэсэн чинь “тэгье” гээд манай гэрт хоносон. Би гэртээ ороод зүүж байсан алтан бөгжөө унтлагын өрөөний тольтой шүүгээн дээр ил тавиад унтсан. Маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би 10:00 цаг өнгөрч байхад сэрээд бие засах өрөөнд орчихоод буцаад өрөөндөө ороод хэвтэхэд миний тавьсан газар харагдаж байсан. Тэгэхэд А босоод бие засах өрөөнд ороод өрөөнүүдээр явж байгаад “Х намайг ирж авна” гэж байсан гээд тольтой шүүгээний өмнө үнэртэй ус үнэртээд зогсож байхдаа хүнтэй утсаар ярьсанаа “Х ирсэн байна, би явлаа” гээд шууд гараад явсан. Тэгээд би Х руу фейсбүүкээр нь “чи манай гадаа ирсэн байгаа юм уу” гэж мессеж бичсэн чинь Х гайхаад “юу яриад байгаа юм, би наана чинь очоогүй” гэсэн. Хэсэг хугацаа өнгөрсний дараа би бөгжөө алга болсныг мэдээд, А-гийн утас руу залгаад “миний алтан бөгжийг харсан уу, байхгүй болсон байна” гэсэн чинь “мэдэхгүй” гэж хариулсан. Тэгээд А-гийн цүнхийг хүргэж өгөхөөр 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр уулзаад “миний бөгжийг өгчих” гэсэн чинь “би аваад, Өргөө нэг кино театрын ард байдаг ломбарданд 600.000 төгрөгөөр тавьсан байгаа” гэж хэлсэн. Тэгээд би тухайн ломбарднаас очиж бөгжөө авсан. А нь надтай анх танилцахдаа өөрийгөө 1996 оных гэж танилцуулж байсан боловч тухайн ломбарданд миний бөгжийг тавихдаа өөрийн иргэний үнэмлэхний лавлагааг өгсөн байсан. Түүн дээр 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн гэж бичсэн байсныг би хараад насанд хүрээгүй юм байна гэдгийг нь мэдсэн.

...Тэр бөгжийг манай аав надад өгсөн. Би А-тай зүгээр танилууд. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-8х/,

 

2. Гэрч С.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Г, А гэж хүмүүсийг танина. 2018 оны 07 дугаар сарын эхээр манай захирал Б гэх хүн клипэнд тоглуулахаар А гэх эмэгтэйг авчирахад нь танилцаж байсан. Тэрнээс хойш хэд хэдэн удаа уулзсан. Манай байгууллагад анх ажилд орсон өдрөө А-д “Точ Ми” шоугаа зохион байгуулахад ивээн тэтгэх байгууллага хэрэгтэй байна” гэсэн чинь намайг дагуулаад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Минт баарны хажууд байх нэг байранд орсон. Тэгээд тэнд Г гэх хүнтэй танилцаж байсан.

Би А, Г нарыг сайн танихгүй. 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр А-тай уулзаагүй. А өөрийгөө 1996 онд төрсөн гэж танилцуулдаг байсан. Солонгос улсад сургуульд сурч төгссөн, Жигүүр Грандын маркетангийн албаны ахлах менежер ажилтай гэж танилцуулсан. А-г Г-тай танилцахад би хажууд нь байсан. Танилцахдаа өөрийгөө хэдэн оных гэж хэлснийг мэдэхгүй байна, байнга л өөрийгөө 1996 оных гэж танилцуулаад байдаг. Би Г-ын бөгжийг А-г хулгайлсныг мэдсэн. Г надад утсаар өөрөө хэлсэн. Дараа нь А над руу утсаар яриад “хоёулаа цуг яваад нэг хүнээс мөнгө аваад ирье тэгэх үү” гэхээр нь би “гадуур явж байна, нэг цагийн дараа ярья” гээд утсаа тасалсан. Дараа нь А-г 2001 оны 17 настай гэж мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-21х/,

 

3. Гэрч Л.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ломбардан дээрээ сууж байхад нэг эмэгтэй хүрч ирээд алтан бөгж үзүүлээд “үүнийг барьцаанд тавья” гэж хэлэхээр нь “600.000 төгрөгөнд барьцаанд тавьж болно” гэхэд тэр эмэгтэй “за, тэгвэл энэ бөгжийг барьцаанд тавья” гэж хэлээд 600.000 төгрөг аваад явсан. Тэгсэн нөгөө эмэгтэйгээс хойш нэг залуу хүрч ирээд, тэр залуу 600.000 төгрөгийг нь төлөөд алтан бөгжийг буцаагаад авсан. Би тухайн үед учрыг нь ойлгоогүй. Миний ойлгосноор тэр хоёр бие биенээ таньдаг, эмэгтэй нь алтан бөгжийг нь барьцаанд тавихдаа тэр залуудаа хэлээгүй юм шиг байсан.

Тэр залуу нь их ууртай байсан. Дараа нь цагдаа ирэхэд тэр эмэгтэй бөгжийг нь хулгайлаад барьцаанд тавьсан гэдгийг нь мэдсэн юм. Анх барьцаанд тавихдаа тэр эмэгтэй минийх гэж хэлж барьцаанд тавьж байсан. Өөр зүйлийн талаар мэдээгүй. Хэрэв хулгайн бөгж байсан бол би барьцаанд авахгүй байсан. Хууль бус зүйлд холбогдоно гэдгийг би сайн мэднэ. Манай ломбардын хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 56-57х/,

 

4. Хөрөнгө, Даатгалын хохирлын үнэлгээний “А” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-ХУД0/00-000 тоот дүгнэлтэд:

Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэ цэнэ 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр тогтоов.” гэсэн дүгнэлт /хэргийн 36х/,

 

5. “Ж” ХХК-ийн барьцаат зээлийн газрын 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 00744 дугаартай барьцаат зээлийн үйлчилгээний хуудас /хэргийн 4х/,

 

6. Өсвөр насны шүүгдэгч С.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

 “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч, өөрийн гэм бурууг ойлгож байна. Би Г гэх хүнтэй 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр танилцсан. “АМ” агентлагын захирал Б-ийн найз Б гэх ахын гэрт нь танил Х-гийн хамт очиход Б-ийн найз гэх Г гэх эрэгтэй хүн байсан. ... 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр намайг Г “төрсөн өдөртөө чамайг ирээсэй гэж хүсэж байна, дандаа миний дотны найзууд ирж байгаа” гэхээр нь тухайн өдөр 01:00 цаг өнгөрч байхад “Их тэнгэр клаб” хаусанд очсон. Намайг очиход Г болон түүний найзууд гэх 2 эмэгтэй, нилээд хэдэн эрэгтэй хүн байсан. Тэгээд тэндээс гараад “Минт” баар руу явах гэхэд нь “би харилаа, та нар өөрсдөө явцгаа” гэсэн чинь Г миний цүнх, гар утсыг аваад, найзынхаа машины тээшинд хийсэн. Тэгээд би цуг яваад “Минт” баарны гадна ирсэн чинь миний бичиг баримт байхгүй байсан тул би баар руу ороогүй гадаа нь хүлээж байсан.

Харин Г “би ороод машиныхаа түлхүүрийг аваад ирье” гэж хэлээд ороод гарч ирээд “хоёулаа манайд очьё, манай найзууд араас хүрээд ирнэ” гэхэд нь “би цүнхээ аваад харилаа” гэсэн чинь “дуугүй дагаад явж бай, гэрт очоод цүнхээ ав” гэхээр нь гэрт нь дагаад очсон. Тэгээд би том өрөөнийх нь буйдан дээр хэвтэж байсан чинь Г ирээд “наана чинь унтвал тухгүй ээ, наашаа ирээд орон дээр унт” гэхээр нь би цуваа товчлоод ороолтоороо бүх биеэ ороогоод унтсан. Өглөө 09:00 цаг өнгөрч байхад сэрээд “цүнх хаана байна, би ажилдаа явъя” гэсэн чинь Г “юун ажил одоо манай найзууд ирж байгаа, ахиад хэдүүлээ ууна” гээд байхаар нь “би ажилтай” гээд унтлагын өрөөний тольтой шүүгээн дээр байсан шар өнгийн бөгжийг аваад гэрээс нь гараад “Сошиал медиа” дээр очихоосоо өмнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өргөө нэг” кино театрын ард байдаг “Ж” нэртэй ломбарданд Г-ын гэрээс авсан бөгжөө 600.000 төгрөгөөр тавьчихаад, “Сошиал медиа” руу очоод Д гэх хүнтэй уулзаад, ажлаа ярьж байгаад тэндээсээ гараад буцаад ажил руугаа явсан. Тэгээд “Их тэнгэр клаб” хаус руу очиж цүнхээ Г-аас авах гэсэн цүнх байхгүй байсан. Намайг очиход Г согтуу, төрсөн өдөр дээр нь байсан залуучууд хамт байсан.

Би өөрийгөө танилцуулахдаа 1996 оных гэж танилцуулсан. Г бид хоёр бэлгийн харилцаанд ороогүй, намайг гэртээ аваачихдаа гараас татаж таксинд суулгасан. Би араас нь гэр рүү нь зүгээр дагаад орсон. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, намайг хүчээр уулгасан. Намайг Г-ын төрсөн өдөрт очиход А гээд дуучин байсан. Бусад нь бүгд танихгүй хүмүүс байсан. Надад архи согтууруулах ундааны зүйл хүчээр уулгахад А дуучин хажууд байхгүй байсан. Би Г-ын бөгжийг хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй. Надад өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28-31х/ болон өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 18/, С.А-гийн гаргасан амжилт, бүтээлийг тодорхойлох баримтууд /хэргийн 43-48х/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд өсвөр насны шүүгдэгч С.А-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Өсвөр насны шүүгдэгч С.А нь 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн орчим иргэн Г.Г-ын гэрт байхдаа түүний гэрээс алтан бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө 1” кино театрын баруун талд “С” худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах “Ж” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт 600.000 төгрөгөөр тавьж, уг мөнгийг өөртөө ашиглаж, хохирогч Г.Г-ын эд хөрөнгөд 600.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:

- хохирогч Г.Г-ын: “...2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр найз нартайгаа төрсөн өдөр болох гэж байна гээд тэмдэглэж байхад манай найзын танил А гэх эмэгтэй орой 00 цагийн орчимд ирсэн. Тэгээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд орж үйлчлүүлж байгаад харих болсон чинь А “манай гэр толгойтод байдаг, яаж харинаа” гээд байхаар нь “манайд очиж хоноод явахгүй юу” гэсэн чинь “тэгье” гээд манай гэрт хоносон. Би гэртээ ороод зүүж байсан алтан бөгжөө унтлагын өрөөний тольтой шүүгээн дээр ил тавиад унтсан. Маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би 10 цаг өнгөрч байхад сэрээд бие засах өрөөнд орчихоод буцаад өрөөндөө ороод хэвтэхэд миний тавьсан газар харагдаж байсан. Тэгээд А босоод бие засах өрөөнд ороод өрөөнүүдээр хэсэж явж байгаад “Х намайг ирж авна” гэж байсан, тольтой шүүгээний өмнө үнэртэй ус үнэртээд зогсож байхдаа хүнтэй утсаар ярьсанаа “Х ирсэн байна, би явлаа” гээд шууд гараад явсан. Тэгээд би Х руу фейсбүүкээр “чи манай гадаа ирсэн байгаа юм уу” гэж мессеж бичсэн чинь Х гайхаад “юу яриад байгаа юм, би наана чинь очоогүй” гэсэн ба хэсэг хугацаа өнгөрсний дараа бөгжөө алга болсныг мэдээд, А-гийн утас руу залгаад “миний алтан бөгжийг харсан уу, байхгүй болсон байна” гэсэн чинь мэдэхгүй гэж хариулсан. Тэгээд А-гийн цүнхийг хүргэж өгөхөөр 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр уулзаад “миний бөгжийг өгчих” гэсэн чинь “би аваад, Өргөө нэг кино театрын ард байдаг ломбарданд 600.000 төгрөгөөр тавьсан байгаа” гэж хэлсэн. Тэгээд би тухайн ломбарднаас очиж бөгжөө авсан. А нь надтай анх танилцахдаа өөрийгөө 1996 оных гэж танилцуулж байсан боловч тухайн ломбарданд миний бөгжийг тавихдаа өөрийн иргэний үнэмлэхний лавлагааг өгсөн байсан. Түүн дээр 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн гэж бичсэн байсныг би хараад Өсвөр насных гэдгийг нь мэдсэн. Би тэр бөгжийг мөнгөөр аваагүй надад манай аав өгсөн. Би А-тай зүгээр танилууд. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-8х/,

- гэрч С.Х-гийн: “...Би Г, А гэж хүмүүсийг танина. 2018 оны 07 дугаар сарын эхээр манай захирал Б гэх хүн клипэнд тоглуулахаар А гэх эмэгтэйг авчирахад нь танилцаж байсан. Тэрнээс хойш хэд хэдэн удаа уулзсан. Манай байгууллагад анх ажилд орсон өдрөө А-д “Точ Ми” шоугаа зохион байгуулахад ивээн тэтгэх байгууллага хэрэгтэй байна гэсэн чинь намайг дагуулаад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Минт баарны хажууд байх нэг байранд орсон. Тэгээд тэнд Г гэх хүнтэй танилцаж байсан. Би А, Г нарыг сайн танихгүй. Би 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр А-тай уулзаагүй. А өөрийгөө 1996 онд төрсөн гэж танилцуулдаг байсан. Солонгос улсад сургуульд сурч төгссөн. Жигүүр Грандын маркетангийн албаны ахлах менежер ажилтай гэж танилцуулсан. А-г Г-тай танилцахад би хажууд нь байсан. Танилцахдаа өөрийгөө хэдэн оных гэж хэлснийг мэдэхгүй байна, байнга л өөрийгөө 1996 оных гэж танилцуулаад байсан. Би Г-ын бөгжийг А-г хулгайлсныг мэдсэн. Г надад утсаар өөрөө хэлсэн. Дараа нь А над руу утсаар яриад “хоёулаа цуг яваад нэг хүнээс мөнгө аваад ирье тэгэх үү” гэхээр нь “би гадуур явж байна, нэг цагийн дараа ярья” гээд утсаа тасалсан. Би дараа нь А-г 2001 оны 17 настай гэж мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-21х/,

- гэрч Л.С-ын: “...2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ломбардан дээрээ сууж байхад нэг эмэгтэй хүрч ирээд алтан бөгж үзүүлээд “үүнийг барьцаанд тавья” гэж хэлэхээр нь “600.000 төгрөгөнд барьцаанд тавьж болно” гэхэд тэр эмэгтэй “за, тэгвэл энэ бөгжийг барьцаанд тавья” гэж хэлээд 600.000 төгрөг аваад явсан. Тэгсэн нөгөө эмэгтэйгээс хойш нэг залуу хүрч ирээд, тэр залуу 600.000 төгрөгийг нь төлөөд алтан бөгжийг буцаагаад авсан. Би тухайн үед учрыг нь ойлгоогүй. Миний ойлгосноор тэр хоёр бие биенээ таньдаг, эмэгтэй нь алтан бөгжийг нь барьцаанд тавихдаа тэр залуудаа хэлээгүй юм шиг байсан. Тэр залуу нь их ууртай байсан. Дараа нь цагдаа ирэхэд тэр эмэгтэй бөгжийг нь хулгайлаад барьцаанд тавьсан гэдгийг нь мэдсэн юм. Анх барьцаанд тавихдаа тэр эмэгтэй минийх гэж хэлж барьцаанд тавьж байсан. Өөр зүйлийн талаар мэдээгүй. Хэрэв хулгайн бөгж байсан бол би барьцаанд авахгүй байсан. Хууль бус зүйлд холбогдоно гэдгийг би сайн мэднэ. Манай ломбардын хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 56-57х/,

- хохирогч Г.Г-ын хулгайд алдагдсан гэх алтан бөгжийг 600.000 төгрөг гэж үнэлсэн Хөрөнгө, Даатгалын хохирлын “А” ХХК-ийн үнэлгээний тайлан /хэргийн 36х/,

- “Ж” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 00000 дугаартай барьцаат зээлийн үйлчилгээний хуудас /хэргийн 4х/ болон өсвөр насны шүүгдэгч С.А-гаас үйлдсэн хэргийн талаар яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримдуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Өсвөр насны шүүгдэгч С.А-гийн 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн орчим иргэн Г.Г-ын гэрээс түүний  алтан бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ө” кино театрын баруун талд “С” худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах “Ж” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт 600.000 төгрөгийн барьцаанд тавьж, уг мөнгийг өөртөө ашигласан гэмт үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Хэрэгт шинжээчээр ажилласан эд хөрөнгийн үнэлгээ тогтоох эрх бүхий хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчээс хохирогч Г.Г-ын хулгайд алдсан алтан бөгжийг /10 граммтай/ 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба эд зүйлийн үнэлгээг зохих дадлага, туршлага бүхий, эрх бүхий мэргэжлийн байгууллагын үнэлгээч тогтоож дүгнэлт гаргасан байх тул хууль ёсны үнэн зөвд тооцож, гэмт хэргийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирлын бага хэмжээнээс дээш, үлэмж хэмжээнээс доош хохиролд хамаарч байна. Тиймээс багаас дээш хэмжээний хохирол учирсан гэж тогтоосныг үндэслэл бүхий гэж үзэв. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч С.А-гийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч С.А-г шунахай сэдлээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Хэргийн шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон ба мөн зүйлийн 4 дэх хэсэгт “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тус тус тооцох, нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар хуульчилан тогтоосон.

 

“Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” замаар гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээж хохирлыг нөхөн төлүүлэх талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан.

 

Хохирогч Г.Г-д учирсан эд хөрөнгийн хохирол болох 600.000 төгрөгөөр үнэлэгдсэн 10 грамм алтан бөгжийг хохирогч өөрөө барьцаалан зээлдүүлэх газарт мөнгийг нь төлж авсан 600.000 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс нөхөн төлж барагдуулсан нь хохирогч Г.Г-ын хохирлоо барагдуулсан, санал гомдол байхгүй” гэсэн хүсэлт /хэргийн 60х/, мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн: “...С.А мөрдөн шалгах ажиллагааны явцад 400.000 төгрөг шилжүүлээд, прокурорын шатанд үлдэгдэл мөнгийг шилжүүлсэн. Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Миний хувьд гомдол санал байхгүй, нэмж нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ баримтаар тогтоогдсон тул  шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ. 

 

Өсвөр насны шүүгдэгч С.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 18 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон бөгөөд тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно. 

Түүнчлэн өсвөр насны шүүгдэгч С.А нь 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдсэн 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар тэрээр 17 нас 02 сар 27 хоногтой, хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх үед 17 нас 05 сар 22 хоногтой 18 насанд насанд хүрээгүй болох нь хэргийн 42 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний хуулбар баримтаар нотлогдсон. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ....., эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хэмжээгээр тогтоосон, эсхүл .....хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус зааж зохицуулсан. 

 

Өсвөр насны шүүгдэгч С.А нь анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Г.Г-аас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийг журамлан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт С.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Г нь хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон       

 

                                                         ТОГТООХ нь:

 

1. Д овогт С-ын А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан С.А-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар С.А-д хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 01 /нэг/ жилийн хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын нутаг дэвсгэрийг харьяалах Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагад даалгасугай.

 

4. Энэ хэрэгт С.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Г нь хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БАЗАРХАНД