Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 496

 

 

 

 

 

 

 

 

                                                                                 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Ж.Энх-Амгалан /томилолтоор/,

шүүгдэгч З.Э,

нарийн бичгийн дарга Э.Гансугар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт З-гийн Э-д холбогдох эрүүгийн 1802 0036 80203 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч З.Э нь “Монгол улсаас Бельгийн Вант улсад суугаа Элчин сайдын яамнаас төрсөн дүү З.Э-гийн мэдээлэл бүхий, өөрийн зурагтай Т0000000 дугаартай буцах үнэмлэх гаргуулан авч, тус үнэмлэхийг ашиглан 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Буянт-Ухаа боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн” гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч З.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх Хгасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч З.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би дээд боловсролтой, багш мэргэжилтэй. Ам бүл 3, хүү, бэрийн хамт амьдардаг. Би Боловсролын тэргүүний ажилтан. Боловсролын байгууллагад 28 жил ажиллаж байна. Би уг хэрэгт холбогдохоосоо өмнө 1997 оноос 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 000 дүгээр цэцэрлэгт багшаар ажиллаж байсан юм. 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Б-У” хувийн цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байна. Миний үндсэн цалин 689.792 төгрөг, үүнд илүү цагийн 200.000 гаруй төгрөг зэрэг дэвийн нэмэгдэл 102.000 төгрөг тус тус нэмэгдээд, үүнээс 21 хувийн татвар хасагдаад, гар дээр бэлнээр 819.000 төгрөгийн цалин авдаг. 

2017 оны 12 дугаар сарын 06-нд би Бельги улс руу ажил хийхээр 30 хоногийн виз гаргуулаад явсан. 2018 оны 03 дугаар сараас миний үе мөч, нойр булчирхай өвдөөд, бичиг баримтын хугацаа дуусаад, эм тариагаа авч чадахгүй хүнд байдалд хүрсэн. Мөн хүний нутагт хэл сайн мэдэхгүй, бас бие өвдөхөөр үнэхээр хэцүү юм билээ.

Тэгтэл Бельги улсад ажиллаж амьдарч байгаа Вольтор Б гэх залуу миний “надад туслая, үнэгүй эм авдаг эрх авч өгье” гээд миний бичиг баримт, гадаад паспортыг аваад алга болсон тул би тус улсад ямар ч баримт бичиггүй болсон. Тухайн үед миний өөрийн төрсний  гэрчилгээнээс өөр бичиг баримт үлдээгүй. Монгол Улсын Элчин сайдын яамнаас очиж буцах үнэмлэх авья гэхэд төрсний гэрчилгээгээр буцах үнэмлэх өгөх боломжгүй гэж хэлсэн.

Тэгээд Монгол руу ярьж төрсөн дүү Э-тай холбогдож иргэний үнэмлэхийн лавлагаа баримтыг нь авхуулаад буцах үнэмлэх гаргуулж авсан юм. Монгол улсын хилээр орж ирэх үед бичиг баримтыг шалгаад, намайг “та биш байна” гэхээр нь би хилийн шалганы хүнд үнэн байдлаа хэлсэн. Монголоос бичиг баримтаа авахад хурууны хээ шаардагдах учир боломжгүй байсан. Би хуулийн мэдлэггүйгээс болж ийм гэмт хэрэгт холбогдсон. Улсын яллагчийн санал болгосон торгох ялыг 3 сарын хугацаанд төлөх боломжтой. Хууль зөрчиж, буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, ичиж гэмшиж байна. Прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. ” гэсэн мэдүүлэг, 

 

Эрүүгийн 1802003680203 дугаартай хэргээс:

 

  1. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хэргийн 59-60х/,

 

2. Тагнуулын Ерөнхий газрын Хилийн 00 дугаар отрядын дэргэдэх Хилийн тагнуулын тасгаас 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн хилийн зөрчлийн материал /хэргийн 4-12х/,

 

3. Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 13-14х, 45-47х/,

 

4. Хил хамгаалах ерөнхий газрын 0-0/0000 дугаартай албан бичиг /хэргийн 25х/,

 

5. Монгол Улсаас Бельгийн Вант улсад суугаа Элчин сайдын яамнаас буцах үнэмлэх олгосон талаарх холбогдох баримт бичгийн хуулбар /хэргийн 37-43х/,

 

6. З.Э нэртэй, Т0000000 дугаартай буцах үнэмлэх 1 ширхэгийг Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 48х/,

 

7. Гэрч З.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би З.Э-гийн төрсөн дүү байгаа юм. З.Э нь 2017 оны 12 дугаар сард Бельги улс руу явсан. Бельгид байх хугацаандаа надтай байнгын холбоотой байсан. Би Э-г хууль бусаар амьдарч байгаа гэдгийг нь мэдэж байсан. 2018 оны 6 дугаар сард Э нь надтай холбогдоод “бичиг баримтаа алга болгоод, бичиг баримтгүй, хууль бусаар амьдарч байгаа, мөн бие нь өвдөөд байгаа” талаар хэлсэн. Тэгээд надаас “миний иргэний үнэмлэхийг факсдаад явуулах боломж байна уу” гэж асуусан. Миний нэрийг ашиглаж буцах үнэмлэх гаргуулж аваад, Монгол улсад ирэх гэж байгаа талаараа хэлсэн. Би Гадаад харилцааны яамаар дамжуулаад өөрийн иргэний үнэмлэхийг хуулбарлан Бельги улсад суух Элчин сайдын яам руу факсаар явуулсан. Миний бичиг баримтын хуулбарыг хүлээж авлаа гэж над руу холбогдсон. Би яах аргагүй бие нь өвдөөд байна гэхээр нь өөрийн бичиг баримт болох иргэний үнэмлэхний хуулбараа өгсөн.

Миний бичиг баримтыг ашиглаж буцах үнэмлэх гаргуулан авах гэж байгаагаа надад хэлсэн. Бусдад өөрийн бичиг баримтаа өгч ашиглуулж болохгүй гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ бие нь өвдөөд байна гэхээр нь яах ч аргагүй өөрийн бичиг баримтын хуулбарыг явуулж ашиглуулсан. Би өөрийн нэр дээр 2014 онд Улсын бүртгэлийн ерөнхий газраас гадаад паспорт гаргуулан авч байсан. Одоо тус гадаад паспортын хугацаа нь дууссан. Өөрөөр гадаад паспорт гаргуулан авч байгаагүй. Би 2014 онд шиг санаж байна нэг удаа Монгол улсын хилээр гарч байсан. Тэр нь БНХАУ-ын Эрээн хот руу явж байсан. Би З.Э-д өөрийн нэр дээр гадаад паспорт гаргуулан өгч ашиглуулж байгаагүй. Өөр нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 52-53х/,

 

8. Гэрч Р.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...З.Э нь миний ээж байгаа юм. З.Э нь 3 хүүхэдтэй, би айлын дундах хүүхэд. Би нэг ахтай, ах маань Тайвань улсад гэр бүлийн хамт суралцаж, амьдарч байгаа. Дүү маань 10 жилийн сургуульд сурдаг, аавтайгаа амьдардаг. Манай ээж 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Буянт-Ухаа агаарын замын боомтоор Бельги улс руу явж байсан. Ээж маань Бельги улсад очиж ажил хөдөлмөр эрхлэх зорилготой явж байсан. Манай ээж Солонгос улсын визинд ороод виз нь гараагүй, тэгээд Бельги улсын виз нь бүтэж 30 хоногийн аялалын виз гарч байсан.

Бельги улсад очоод ажиллаж, амьдарч байгаад үе мөч, нойр булчирхай нь өвдөөд биеийн байдлаасаа болж Монгол улсад ирэхээр болсон. 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Монгол улсад ирсэн. Манай ээж Бельги улсад ажиллаж амьдарч байхдаа байнга холбоотой байсан. Бельги улсад хууль бусаар ажиллаж амьдарч байгааг нь би мэдэж байсан. Монгол улсад ирэхдээ хүний бичиг баримт ашиглаж ирэх талаараа надад хэлээгүй. Монголд буцаж ирнэ гэж хэлсэн. Би З.Э гэдэг хүнийг танина. Манай ээжийн төрсөн дүү байгаа юм. З.Э нь манай ээжид өөрийн бичиг баримтаа ашиглуулж байгаа талаараа надад хэлээгүй. Манай ээж одоо Монгол улсдаа тогтвор суурьшилтай ажиллаж амьдарна гэж байсан. Өөр нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 54-55х/,

 

9. Шүүгдэгч З.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Би төсвийн байгууллагад 26 жилийн турш тасралтгүй ажилласан. Би 2 хүүхдийн хамт амьдардаг, өндөр настай аав ээжийгээ асардаг тул миний авдаг цалин хаанаа ч хүрдэггүй байсан. Тэгээд би БНСУ-руу явж ажил хөдөлмөр хийх зорилгоор 2 удаа виз хүссэн боловч гараагүй. Би Бельги улс руу явахаар шийдэж Монгол улсад байрлах Герман улсын Элчин сайдын яамнаас виз хүсэхэд 30 хоногийн аяллын виз олгосон. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Монгол улсаас ОХУ-ын Москва хотоор дамжин Бельги улсын Брусселс хотод очсон. Ажиллах зөвшөөрөл байхгүй тул ажил бага олддог, цагийн ажил хийдэг байсан. 2018 оны 03 дугаар сараас миний нойр булчирхай өвдөөд, нуруу, үе мөч өвдөж эхэлсэн. Тэгээд Монгол улсад очиж эмчилгээ хийлгэх санаатай байсан. Би Бельги улсад хараар буюу хууль бусаар амьдарч байсан болохоор Монгол улс руу өөрийн бичиг баримтаар явбал дахин буцаж ирэх боломжгүй болдог талаар тэнд байсан хүмүүсээс сонссон. Би хэрвээ Монгол улсад эмчилгээ хийлгээд гайгүй болчих юм бол буцаж ирээд ажиллах сонирхолтой, хэрвээ хар тэмдэг даруулчихвал хүүхдүүд маань гадагшаа явах үед асуудал үүсдэг гэж сонсож байсан болохоор гай болчихгүй юмсан гэж бодож байсан.

Тэгээд Бельгид байх хугацаандаа хураасан мөнгө бага байсан учраас тэнд “Улаан загалмайн” байгууллагад хандаад тус байгууллага нь зөвшөөрвөл, үнэ төлбөргүй эмчилгээний эм авах эрх олгодог талаар сонссон. Тэгээд судлаад үзтэл тус байгууллагад хандахад цагаачлалын бичигтэй байх шаардлагатай талаар олж мэдсэн. Тэгээд Вольтор Б гэх тэнд байдаг Монгол залуутай холбогдоход тэр хүн надад “Би таньд чадвал цагаачлалын албаны бичиг буюу тухайн улсад цагаачаар 6 сар амьдрах эрх олж өгье, эсхүл Улаан загалмайн байгууллагаас эм үнэ төлбөргүй авдаг бичиг олж өгнө” гэж хэлээд миний паспортыг 300 еврогийн хамт авсан. Тэрнээс хойш тэр хүнтэй дахиж уулзаж чадаагүй, бичиг баримтаа ч авч чадаагүй юм. Би Монгол улс руу явмаар байсан боловч мөнгө байхгүй, бичиг баримт байхгүй байсан. Нэг хүнээс сүмд хандвал буцах билет авч өгдөг талаар сонссон. Тэгээд бас судлаад үзтэл Элчин сайдын яамнаас буцах үнэмлэх авах шаардлагатайг мэдсэн. Би Элчин сайдын яаманд хандаад өөрийн төрсний гэрчилгээгээр буцах үнэмлэх авах гэсэн боловч “олгох боломжгүй” гэсэн, мөн өөрийн иргэний үнэмлэхийг Монгол улсад гээгдүүлсэн байсан тул төрсөн дүү Э-д хандаж түүний иргэний үнэмлэхний хуулбарыг Гадаад харилцааны яамаар дамжуулан Бельги улс дахь Монгол улсын Элчин сайдын яамаар дамжуулан авсан.

Би өөрийгөө Э гэж хэлээд өөрийнхөө цээж зургийг өгөөд дүүгийнхээ нэрээр 2018 оны 06 дугаар сарын 18-нд буцах үнэмлэх гаргуулж авсан. Тэгээд буцах үнэмлэхээ сүм дээр аваачиж үзүүлээд надад билет авч өгөхөөр болсон. Нэг өдөр дуудаад надад 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Турк улсаар дамжин Монгол улсад очих билет авч өгсөн. Монгол улсад 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр газардаад Хилийн шалган нэвтрүүлэхийн ажилтанд буцах үнэмлэхээ шалгуулахаар өгөхөд тэр хүн үнэмлэхийг үзээд “энэ та мөн үү” гэж асуусан.

Тэгэхээр нь би эхлээд “мөн” гэж хэлэхэд ...тэр ажилтан “та биш байна. Үнэнээ хэл” гэж хэлсэн. Тэгээд би “Тийм ээ. Би биш. Би дүүгийнхээ нэрээр орж ирж байна.” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 62-64х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 90х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг Хгалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг яллагдагчаар болон гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд З.Э-гийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж,  хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв. 

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч З.Э нь Монгол улсаас Бельгийн Вант улсад суугаа Элчин сайдын яамнаас өөрийн төрсөн дүү З.Э-гийн мэдээлэл бүхий, өөрийн зурагтай Т0000000 дугаартай буцах үнэмлэх гаргуулан авч, тус үнэмлэхийг ашиглан, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Буянт-Ухаа Олон улсын боомтоор Монгол улсын хилээр орж ирсэн үйл баримт шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:  

- Тагнуулын Ерөнхий газрын Хилийн 00 дугаар отрядын дэргэдэх Хилийн тагнуулын тасгаас 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн хилийн зөрчлийн материал /хэргийн 4-12х/,

- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 13-14х, 45-47х/,

- Хил хамгаалах ерөнхий газрын 0-0/0000 дугаартай албан бичиг /хэргийн 25х/,

- Монгол Улсаас Бельгийн вант улсад суугаа Элчин сайдын яамнаас буцах үнэмлэх олгосон талаар баримт бичгийн хуулбар /хэргийн 37-43х/,

- гэрч З.Э-гийн: “...Би З.Э-гийн төрсөн дүү байгаа юм. З.Э нь 2017 оны 12 дугаар сард Бельги улс руу явсан. Бельгид байх хугацаандаа надтай байнга холбоотой байсан. Би Э-г хууль бусаар амьдарч байгаа гэдгийг нь мэдэж байсан. 2018 оны 6 дугаар сард Э нь надтай холбогдоод “бичиг баримтаа алга болгоод бичиг баримтгүй, хууль бусаар амьдарч байгаа, мөн бие нь өвдөөд байгаа” талаар хэлсэн.

Тэгээд надаас “миний иргэний үнэмлэхийг факсдаад явуулах боломж байна уу” гэж асуусан. Миний нэрийг ашиглаж буцах үнэмлэх гаргуулж аваад Монгол улс даа ирэх гэж байгаа талаараа хэлсэн. Би Гадаад харилцааны яамаар дамжуулаад өөрийн иргэний үнэмлэхийг хуулбарлан Бельги улсад суух Элчин сайдын яам руу факсаар явуулсан. Миний бичиг баримтын хуулбарыг хүлээж авлаа гэж над руу холбогдсон. Би яах аргагүй бие нь өвдөөд байна гэхээр нь өөрийн бичиг баримт болох иргэний үнэмлэхний хуулбараа өгсөн.

Миний бичиг баримтыг ашиглаж буцах үнэмлэх гаргуулан авах гэж байгаагаа надад хэлсэн. Бусдад өөрийн бичиг баримтаа өгч ашиглуулж болохгүй гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ бие нь өвдөөд байна гэхээр нь яах аргагүй өөрийн бичиг баримтны хуулбарыг явуулж ашиглуулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 52-53х/,

- гэрч Р.У-гийн: “...З.Э нь миний ээж байгаа юм. ...Манай ээж 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Буянт-Ухаа агаарын замын боомтоор Бельги улс руу явж байсан. Ээж маань Бельги улсад очиж ажил хөдөлмөр эрхлэх зорилготой явж байсан. Манай ээж Солонгос улсын визинд ороод виз нь гараагүй, тэгээд Бельги улсын виз нь бүтэж 30 хоногийн аялалын виз гарч байсан. Бельги улсад очоод ажиллаж, амьдарч байгаад үе мөч, нойр булчирхай нь өвдөөд биеийн байдлаасаа болж Монгол улсад ирэхээр болсон. 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Монгол улсад ирсэн. Манай ээж Бельги улсад ажиллаж амьдарч байхдаа байнга холбоотой байсан.

Бельги улсад хууль бусаар ажиллаж амьдарч байгааг нь би мэдэж байсан. Монгол улсад ирэхдээ хүний бичиг баримт ашиглаж ирэх талаараа надад хэлээгүй. Монголд буцаж ирнэ гэж хэлсэн. Би З.Э гэдэг хүнийг танина. Манай ээжийн төрсөн дүү байгаа юм. З.Э нь манай ээжид өөрийн бичиг баримтаа ашиглуулж байгаа талаараа надад хэлээгүй. Манай ээж одоо Монгол улсдаа тогтвор суурьшилтай ажиллаж амьдарна гэж байсан. Өөр нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 54-55х/ болон шүүгдэгч З.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч З.Э нь Монгол улсаас Бельгийн Вант улсад суугаа Элчин сайдын яамнаас өөрийн төрсөн дүү З.Э-гийн мэдээлэл бүхий, өөрийн зурагтай Т0026670 дугаартай буцах үнэмлэх гаргуулан авч, тус үнэмлэхийг ашиглан, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Буянт-Ухаа боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий байна.  

 

Учир нь: Монгол улсын Хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ” гэж заасан ба улсын хил нь халдашгүй дархан байх бөгөөд Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн үйлдлийг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилан тогтоосон. 

 

Шүүгдэгч З.Э нь Монгол улсаас Бельгийн Вант улсад суугаа Элчин сайдын яамнаас өөрийн төрсөн дүү З.Э-гийн мэдээлэл бүхий, өөрийн зурагтай Т0000000 дугаартай буцах үнэмлэх гаргуулан авч, тус үнэмлэхийг ашиглан, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Буянт-Ухаа боомтоор Монгол улсын хилийг нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол улсын Хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Монгол улсын Хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Энэ хэргийн шүүгдэгч З.Э нь Монгол улсад нэвтрэх эрхийн баримт  бичиггүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч З.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МНБГ-ын ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 90х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.

 

Шүүх, шүүгдэгч З.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариулагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт З.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Т0000000 дугаартай буцах үнэмлэх 1 ширхэгийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр “Улсын бүртгэлийн Ерөнхий газар”-т шилжүүлж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                          

 

                                                                   ТОГТООХ нь:

 

1. Х овогт З-гийн Э-г Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын Хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. З.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгж буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар З.Э нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Т0000000 дугаартай буцах үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр “Улсын бүртгэлийн Ерөнхий газар”-т шилжүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт З.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан З.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БАЗАРХАНД