Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/00076

 

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/00076

 

 

А-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2022/02444 дугаар шийдвэртэй,

 

А-ы нэхэмжлэлтэй,

Б-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29,055,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Үүрийнтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр, хариуцагч Б- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Өвөр гүнтэд байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт 8х8 харьцаатай байшинг хариуцагч түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барьж өгөхөөр талууд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Захиалагч талаас байшингийн суурь, дүнзэн торх, паркетан шал, сантехникийн эд анги гэсэн материалыг өөрийн зардлаас гаргаж, бусад бүх материалыг гүйцэтгэгч тал хариуцан ажлын хөлсөндөө оруулан тооцож гаргахаар тохиролцсон /гарааш, цонх, гадна террас/.

1.2. Ажлын хөлс 45,000,000 төгрөг бөгөөд гэрээ байгуулсан өдөр 15,000,000 төгрөг, гадна фасадын ажил хийж дууссан үед 15,000,000 төгрөг, түлхүүр гардуулах үед үлдэгдэл 15,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэхээр болсон. Нэхэмжлэгч тал урьдчилгаа төлбөрийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр, хариуцагчийн гуйлтаар дунд шатны хөлсийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гүйцэтгэгчийн Хаан банкны дансанд тус тус шилжүүлсэн.

1.3. Байшинг барьж хүлээлгэн өгөх ажлыг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 20 хоногт багтаан гүйцэтгэхээр хугацааг тохиролцсон. Гэвч хариуцагч гэрээгээр тохиролцсон хугацаандаа ажлыг дуусгаагүй бөгөөд мөн оны 07 дугаар сарын 09-ний өдөр “4 хоног амраад ирье” гээд ажлаа хаяад явсан. Хэлсэн хоногтоо амжиж ирээгүй бөгөөд 9 хоногийн дараа ирээд "танайхыг барихаас өмнө нэг байшин дутуу барьсан юм. Түүнийгээ дуусгах шаардлагатай байна" гээд ахин 12 хоног нийт 21 хоног алга болж ирсний дараа “одоо надад мөнгө байхгүй,  ажлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон” гэж хэлсэн.

1.4. Нэхэмжлэгч нь зун дуусахаас өмнө байшингийн дотор заслаа өөрөө мөнгө гарган хийе гээд 15,000,000 төгрөгөөр дотор заслын материал худалдан авч өгч, 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зөвхөн дотор заслыг хагас дутуу дуусгасан.

Хариуцагч мөн оны 07 дугаар сарын 30-ны өдөр ирэхдээ “би мөнгөгүй болсон, үлдэгдэл хөлсөө өгөх юм бол гараашаас бусдыг нь хийгээд өгье" гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс үүнийг ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд анх тохиролцохдоо гарааш, террас зэрэг барилгыг бүрэн дуусгаж, түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэй гэрээ байгуулсан.

1.5. Барилга барих болсон зорилго нь гэр бүлээ хөл хорио тогтоосон энэ үед агаар салхинд гаргах, газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байхад аюулгүй байлгах, өвлийн утаанаас зугтаах зорилготой байсан боловч өнөөдрийг хүртэл байшиндаа амьдарч чадахгүй болж, хүний өмч хөрөнгөөр тоглож хариуцлагагүй хандаж байгаад үнэхээр гомдолтой байна.

Хариуцагчийг 12,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэж өгсөн гэж үзэж байгаа бөгөөд урьдчилгаанд өгсөн 30,000,000 төгрөгөөс илүү төлсөн 18,000,000 төгрөг, 33,000,000 төгрөгийн гүйцэтгээгүй үүргээс тооцсон алданги 67 (09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл) хоногийн 11,055,000 төгрөг, нийт 29,055,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр А- нь Гачуурт дахь 6х6 хэмжээтэй байшинг хийж байх үед ирж танилцан, тухайн ажил таалагдсан тул Өвөргүнт дэх 8х8 хэмжээтэй 2010 онд баригдсан хуучин дүнзэн торхыг болон хуучин дээврийн төмрийг хуулж, шинэ төмрийг хуучин А нуруун дээр солих, гадна болон дотор засал, нэмэлтээр гарааш хийж байшин болгох захиалгыг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээж авч, уг ажлыг 45,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

2.2. Тухайн үед барилгын материалын үнэ хэрхэн нэмэгдэж, өөрчлөгдөхийг мэдээгүй тул өмнөх оныг мөн үетэй харьцуулан тооцсон. Гэтэл тэр үеэр цаг үеийн нөхцөл байдал хүндэрч, “Ковид-19” цар тахлын улмаас барилгын материалын үнэ огцом буюу өмнөх онтой харьцуулахад 1-3 дахин өсөж, давагдашгүй хүчин зүйл болсон. Жишээ нь: 1 боодол дулаалгын хөөсний үнэ 30,000 төгрөгөөс 12 дахин буюу 350,000 төгрөг болж, хамгийн их хэрэглэгддэг банз модон материал 1 м.куб нь 200,000 төгрөөс 750,000 төгрөг болж тус тус өссөн болно. Уг нөхцөл байдлыг ойлгуулах зорилгоор захиалагч А- болон түүний эхнэрийн хамт 100 айл барилгын материалын төвөөр барилгын материал авахаар хамт явсан боловч зарим барилгын материал тасарсан, олдохгүй, үнийн хөөрөгдөлд орсон байсныг тэр 2 өөрсдөө харж, мэдэрсэн болно. Барилгын материалын үнийн огцом өсөлтийн хажуугаар, захиалагчийн хүсэлтийг хүндэтгэн гэрээнд тусгагдаагүй болон анх ярьж тохиролцсоноос өөр ажлууд хийж өгсөн боловч энэ хүн ийнхүү сэтгэл ханамжгүй байгаагийн дээр хийлгэсэн ажилдаа өгсөн төлбөр болох 30,000,000 төгрөгөөс 29,000,000 төгрөгийг буцаан нэхэмжилсэнд гомдолтой байна.

Нэгэнт хийгдсэн гэрээ тул захиалагчийг ах хүнийх нь хувьд хүндэтгэн өгсөн төлбөр болох 30,000,000 төгрөгөөс гадна өөрийн цаг зав хөдөлмөрийг огт тооцолгүйгээр өөрөөс 5,0-6,0 сая орчим төгрөгийг гарган гарааш болон террас оролгүйгээр үндсэн байшинг бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн болно.

2.3. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу дээврийн ажлын зардал 8,066,100 төгрөг, шал болон гадаад фасадны ажлын зардал 8,882,300 төгрөг, цонх, дулаалгын материал, мансардны давхар гаргах, дам нуруу суулгах, хашлага төмөрний ажлын зардал 11,117,600 төгрөг, бусад зардал 1,770,000 төгрөг, захиалагчаас авсан материалын дагуу доторлогооны 330 м.кв рейк, 3 ширхэг цонх, гадна хаалга, дотор 2 ширхэг хаалга, 4 ширхэг квадрат төмөр, 10 ширхэг шүршдэг будаг, 85 м.кв паркетан шал, 4 м.кв плита, 1 шуудай цемент, 3 шуудай хайрга, 2 ширхэг плитаны цавуу, шалны дулаалга зулхай 2 боодол гэх зэрэг материалын ажлыг хийж гарсан зардал 3,360,000 төгрөг болсон.

а. Хуучин дээврийг хуулж зөвхөн төмрийг солих байсан боловч хэт удаан ашиглагдаагүй “А” нуруу болон дээврийн хэсэг нь ашиглах боломжгүй болсон байсан тул хариуцагч өөрийн санаачилгаар шинээр “А” нуруу болон дам нурууг сольж дулаалан, бүтэн дээврийн ажил хийсэн. Захиалагч талын гэрээгээр хуучин “А” нуруу болон дээврийн банзыг ашиглах байсан боловч банз, дам нуруу, “А” нурууны мод чанарын шаардлага хангахгүй хатаж гулзайсан, хугарсан, нимгэн гэх мэт олон шалтгаанаар өөрөөс дээрх бүх банз мод, ажилчдын цалингийн зардлыг гарган бүгдийг шинээр хийсэн. Үүн дээр нэмэгдээд захиалагч тал цахилгаан эх үүсвэрээр хангах гэрээтэй байсан боловч дээврийн ажлын үеэр цахилгаанаар хангаагүй тул 10 хоногийн хугацаанд цахилгаан үүсгүүр ашиглан бензин, маслоны зардлыг өөрөөс гарган хийсэн.

б. Шалны хуучин дам нуруун дээр шууд банзаар шаллах тохиролцоотой байсан боловч хуучин дам нуруу нь 15-20 см-ын алдаатай хазайж хийгдсэн байсан тул бүгдийг тасдаж шинээр суулган хийсэн. Үүний улмаас байшингийн суурь суусан, хана нь нийтээрээ 15-20 см хазайсан байсан тул карказны мод угсрахад хүндрэлтэй байсан.

2.4.Захиалагчаас авсан 30,150,000 төгрөгийг зарцуулж дууссаны дараа нэгэнт хийсэн гэрээ тул захиалагчийг хүндэтгэн өөр бусад ажлаас олсон орлогоос илүүчлэн, ажилчдын цалингийн зардлыг төлж тухайн байшинг хүлээлгэн өгсөн. Гарааш болон террасыг хийх боломжгүй төсөв байсан тул хийж өгч чадаагүй болно. Хариуцагч өөрийн зориулсан цаг хугацаа хөдөлмөрийн хөлсийг энэ тооцоололд огт оруулж тооцоолоогүй ба энэхүү бодит хийгдсэн ажлыг тоймлон тухайн үед гарсан зарим жижиг зардлуудыг оруулахгүйгээр нийт өртөг нь 33,137,000 төгрөг болсон бөгөөд хариуцагчаас нэмж гаргасан зардлын дүн нь хамгийн багадаа 6,0-7,0 сая төгрөг болсон.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 355.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б-гээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29,055,000 төгрөг гаргуулахыг хүссэн А-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад хариуцагч нь гэрээгээр тохиролцоогүй илүү ажил хийсэн гэх баримт хэрэгт байхгүй, мөн хийж гүйцэтгэсэн бүхий л ажилд нь тохирох хөлсийг төлсөн, шинжээчийн дүгнэлтэд ажлын задаргаа тооцогдсон талаар дурдсан атал шүүхээс хариуцагчийн ажил гүйцэтгэх хугацаанд “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр барилгын материалын үнэ огцом өсч, зарим материалын олдоц хомсдсон, гэрээнд тусгагдаагүй олон ажил хийж гүйцэтгэсэн гэх тайлбарыг нэхэмжлэгч тал няцаагаагүй гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.

Б- нь өөрийн хийсэн бүхий л ажлын талаарх баримтаа шүүхэд гаргаж өгсөн гэх бөгөөд хариуцагчийн тайлбар нь хэт өөрийгөө зөвтгөсөн, бодит байдлыг гуйвуулсан байгаа талаар шүүх хуралдаанд удаа дараа дурдсан атал шүүх нэхэмжлэгчийг энэ талаар маргаагүй гэж дүгнэсэн.

4.2. Мөн талуудын хооронд гэрээ байгуулагдах үед цар тахлын үйл явц хэдийн эхэлсэн боловч хор хөнөөлийн хэмжээ багасаж, Улсын онцгой комиссоос дэглэмийг бууруулсан байсан ба тухай үед хариуцагч нь өөрийн эрсдлийг тооцоолон харилцан тохиролцох, үнийн дүн болоод ажиллах нөхцөлдөө дүгнэлт хийх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандсан нь илэрхий байна. Хэрэв хариуцагч нь “Ковид-19” цар тахлын нөлөөллөөр барилгын материалын үнэ огцом өсч, зарим материалын олдоц хомсдсоноос тооцоолоогүй нөхцөл байдал үүссэн бол энэ талаарх баримтаа нэхэмжлэгчид бичгээр хүргүүлж, хүсэлт гаргах хангалттай боломжит хугацаа байсан боловч эрхээ бодитоор хэрэгжүүлээгүй. Тухайн үед нэхэмжлэгчид энэ талаарх хүсэлтээ амаар болон утсаар мэдэгдэж байсан гэж тайлбарлах боловч үүнийгээ баримтаар нотлоогүй байна.

Хариуцагч нь Ковид-19 цар тахлын улмаас гэрээний үүргээ биелүүлэхэд хүндрэлтэй болсон тохиолдолд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлын гэрчилгээг авах ёстой байсан. Мөн талуудын хооронд гэрээ байгуулагдсанаас хойш эрх бүхий байгууллагаас хөл хорио тогтоосон байхад шүүхээс гэнэтийн болон давагдашгүй хүчний нөлөөллийн улмаас хугацаа хэтрүүлсэн, энэ нь нийтэд илэрхий үйл баримт тул дахин нотлохгүй гэж хуулийг буруу тайлбарлан, он цагийн дарааллыг харгалзан үзэлгүйгээр зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч нь хугацаа хэтрүүлэх болсон шалтгаан нь ажил гүйцэтгэх явцдаа өмнөх ажлаа дутуу гүйцэтгэсэн тул дуусгах шаардлагатай байна гээд 21 хоног ажлаа орхиж явсан. Гэрээний үүргээ тохиролцсон хугацаанд зохих ёсоор гүйцэтгээгүй, мөн нэхэмжлэгчийн зүгээс ажлаа дуусгахыг удаа дараа шаардсан боловч хүлээж аваагүй байна. Нэхэмжлэгчээс зун дуусахаас өмнө байшингийн дотор заслыг өөрөө мөнгө гарган хийе гээд 15,000,000 төгрөгөөр дотор заслын материал худалдан авч өгч зөвхөн дотор заслын ажлыг 2021 оны 09 дүгээр 11-ний өдөр хагас дутуу хүлээн авсан. Шүүх хуралдааны явцад хариуцагч нь энэ талаар маргаагүй бөгөөд хийж гүйцэтгэсэн бүхий л ажлаа өөрийн зардлаар цалингүй хийсэн гэх тайлбар нь бүрэн үгүйсгэгдэж байна.

4.3. Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээгээр тохиролцсон ажлаа бүрэн дуусгаагүй тул сүүлийн төлбөр болох 15,000,000 төрөгрийг шилжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу харилцан тохиролцсон төлбөрийг хийж гүйцэтгэсэн ажлын хэр хэмжээнд нь тохируулан төлсөн атал шүүхээс хариуцагч үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь нэхэмжлэгч тал ажлын хөлсийг бүрэн шилжүүлээгүйн улмаас гэрээний хугацаанд бүрэн биелүүлэх боломжгүй болсон тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэжээ. Хариуцагч нь гэрээний үүргээ гэрээ байгуулсанаас 3 сарын дараа хагас дутуу нэхэмжлэгчээс зардлаа гаргуулж, гүйцэтгэсэн атал шүүхээс хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай, нэхэмжлэгч хөлсийг бүрэн төлөөгүй гэх мэт үндэслэлээр хариуцагчийн нөхцөл байдлыг зөвтгөсөн нь шүүх хэт нэг талыг барьсан, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Хариу тайлбартаа бүх зардлаа тусгасан бөгөөд үнэлгээний компанийн гаргасан үнэлгээг өөрийнхтэйгөө харьцуулахад бусад зардал, материалыг оруулаагүй байсан. Миний бие нэхэмжлэгчээс 30,150,000 төгрөг авснаас 33,600,000 төгрөгийн илүү давсан ажил хийж гүйцэтгэсэн.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29,055,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.1. А- болон Б- нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр захиалагч нь ажлын хөлс 45,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх, гүйцэтгэгч нь 8х8 харьцаатай байшин барих ажлыг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дуусгаж, хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар  анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

3.2. Захиалагч нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэрээний урьдчилгаанд 15,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 7,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

4. Ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болохоор талууд тохиролцсон боловч 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл байшингийн барилгын ажил үргэлжилсэн байна.

 

4.1. Гэрээгээр тохиролцсон ажил нь 8*8 харьцаатай байшин барих ба шинжээч “Дамно” ХХК-ийн дүгнэлтээр ажил гүйцэтгэгч нь а/ хуучин дээврийн төмрийг хуулж, шинэ “декра” төмөр дээвэр хийсэн, ингэхдээ шувуун нурууны муудсан модон хийцлэлүүдийг хэсэгчлэн сольсон, б/ дүнзэн байшинд хаалга, цонхны нүх гарган хаалга, цонх суулгасан,   в/ гадна талд модон рам зангидаж, дулаалгын мөнгөлөг цаасаар дулаалан сайдинг хавтан өнгөлгөө хийсэн, г/ дотор талд өрөөний хуваалт хийж хамар хана босгосон, мансардны давхар гаргасан, д/ дотор талын хана, таазыг хөөсөнцөр хавтан болон шахдаг хөөсөөр дулаалан, модон рекээр өнгөлсөн, е/ мансард руу гарах шат хийж, мансардын давхрын төмөр хаалт хийсэн, ж/ байшингийн шаланд паркет шахсан, з/ модон хаалга суурилуулсан гэж тодорхойлж нийт амины орон сууцанд хийгдсэн барилгын ажлын гүйцэтгэл нь барилгын төсвийн нийт зардлын дүнгээр 32,707,395 төгрөгийн үнэлгээтэй гэж тодорхойлсон байна.

 

4.2. Зохигчийн тайлбар болон шинжээчийн дүгнэлтээс үзвэл хариуцагч нь гэрээгээр тохиролцсон гарааш, террасыг хийж гүйцэтгээгүй боловч нэхэмжлэгчээс шилжүүлсэн 30,000,000 төгрөгийн хэмжээнд ажлыг хийж гүйцэтгэсэн буюу дутуу ажил хийсэн, захиалагч ажлын хөлс илүү төлсөн гэж үзэхээргүй байна.

 

5.1. Талууд Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт зааснаар төсөв зохиогоогүй боловч барилгын материалын үнэ нэмэгдсэнээр гэрээгээр тохиролцсон хэмжээгээр ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон гэх хариуцагчийн тайлбар илүү үндэслэлтэй болох нь  шинжээчийн дээрх дүгнэлтээр тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтэд барилгын төсвийн нийт зардлын дүнг 32,707,395 төгрөг гэж тодорхойлсон ба үүнд гарааш болон террасын төсөв ороогүй болно.  

 

5.2. Хариуцагчийн “...барилгын материалын үнэ нэмэгдсэнийг нэхэмжлэгч А- болон түүний эхнэрийнх нь хамтаар 100 айл барилгын материалын төвөөр барилгын материал авахаар явсан боловч зарим барилгын материал тасарсан, олдохгүй, үнийн хөөрөгдөлд орсон байсныг ах, эгч хоёр өөрсдөө харж, мэдэрсэн болно...” гэсэн тайлбарыг нэхэмжлэгч тал эсэргүүцсэн тайлбар, нотлох баримт гаргаагүй тул хүлээн зөвшөөрсөнд тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт нийцнэ.

 

5.3 Иймд хариуцагч Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хүнд нөхцөл байдлыг гэрчилгээ авах байсан, аваагүй байхад цар тахлын нөхцөл байдлыг нийтэд илэрхий үйл баримт гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

5.4. Ажил гүйцэтгэгч ажил гүйцэтгэх боломжгүй болсон нь барилгын материалын үнэ өссөнтэй холбоотой тул тэрээр Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн үүргийн гүйцэтгэлийн зөрчилтэй холбоотойгоор гэрээг цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

6. Гэрээний талууд цаашид гэрээг үргэлжүүлэх сонирхолгүй байх тул хоёр тал тохиролцож гэрээг цуцалсан гэж дүгнэнэ. Дээр 4.2-т дүгнэснээр гэрээ цуцалснаар гэрээний үүргийг харилцан тооцоход хэн алиндаа буцаан шилжүүлэх зүйлгүй байна.

Иймд гэрээ цуцалсантай холбоотойгоор илүү төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхгүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаас 18,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох юм.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй” буюу гэрээний эсрэг талын үүргийн зөрчилтэй холбоогүйгээр нөгөө тал гэрээг цуцлах зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн нь буруу байна. Түүнээс гадна нэхэмжлэгч хохирол шаардаагүй байхад Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт заасныг дүгнэсэн нь алдаатай болжээ. Эдгээр нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

 

7. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч нь ажлын хөлсийг буцаан төлөх үүрэггүй тул алдангийн шаардлагыг Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасан салгаж үл болох хязгаарлагдмал эрхийн хувьд шаардах эрхгүй гэж дүгнэх юм.  

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2022/02444 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Н.БАТЗОРИГ

                                           

         ШҮҮГЧИД                                             Т.БАДРАХ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА