| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1595 |
| Огноо | 2018-11-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 1595
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч Б.Чимгээ,
Хохирогч Г.Баатархүү,
Шинжээч эмч С.Чулуунсүх,
Шүүгдэгч Т.Х , түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Х д холбогдох эрүүгийн 1806 05353 1289 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1994 оны 3 дугаар сарын 27-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруугийн 10 дугаар байрны 65 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 536 дугаар байрны 302 тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Т.Х .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.Х нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн баруун зам дээр 97-18 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 86-30 УБЕ дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Г.Баатархүүтэй хэрүүл маргаан үүсгэн машины цонхоор нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Х мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Баатархүү мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр би “Баянмонгол” хорооллоос гараад гэрлэн дохионд бөглөрөөд зогсож байтал хажуу талаас машин шүргэхээ шахаад Т.Х машинтайгаа гараад явсан. Тэгэхээр нь би “чи машин шүргэлээ ш дээ” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гээд намайг Т.Х хэл амаар доромжилсэн. Тэгээд бөглөрөөнд машиндаа сууж байтал Т.Х ирээд шууд цохисон. Тэгэхэд уруул язраад 3 оёо тавиулсан, хамарны дээд талын мөгөөрс 2 хугаралтай гэж гарсан. Тэр өдрөө Гэмтлийн эмнэлгээс шөнийн 4 цагт би Шүүх эмнэлэг дээр очсон. Одоо хамар байнга битүүрч би юм дусааж явна. Би хагалгааны мөнгө 1.400.000 төгрөг нэхэмжилнэ. Энэ мөнгөө авбал гомдол санал байхгүй. Хагалгаанд орж байж л баримтаа ав гэсэн. Надад одоо бэлэн мөнгө байхгүй байна. Сая 205.000 төгрөг дансаар авсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч С.Чулуунсүх мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр би хохирогч Г.Баатархүүг үзэж биечлэн үзлэг хийсэн. Үзлэгт дээд уруулын зүүн хэсэгт хөндлөн байрлалтай дотор хэсэг орсон 3х0.5 см 4ш мэс заслын оёдолтой язарсан шархтай, хавдсан 22 дугаар шүд бага зэрэг урагш хойш ганхсан, хамрын зүүн хажуу хэсэг хавдсан байсан. Тухайн үед надад ирж үзүүлэхдээ Гэмтэл согог судлалын төвийн эмчид үзүүлсэн бичиг байсан. Тэр бичигт тархи доргилт, дээд уруулын язарсан шарх зөөлөн эдийн бяцрал гэсэн оноштой байсан. Мөн 6 сарын 18-ны өдрийн толгойн томограф шинжилгээ хийлгэсэн байсан. Шинжилгээний хариуд хамар ясны зүүн хажуу хана цөмөрсөн хугаралтай, хамрын таславч урд хэсгээр баруун тийш мурийлттай, зүүн дээд хэсэгт байрлах 22 дугаар шүдний ёзоор бага зэрэг суларсан байсан. Тэгээд надад үзүүлээд дараа нь “ЭМЖЖ” эмнэлэгт үзүүлсэн бичгээ авчирч үзүүлсэн. Тэр бичигт хамар ясны шинэ хугаралтай, таславч нь мурийлттай гэсэн байсан. Дээрхи бичиг баримтуудыг нэгтгээд миний бие Г.Баатархүүгийн биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, 22 дугаар шүдний ёзоор сулрал, ганхалт, буйланд цус хуралт, дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж үзсэн. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хохирогчид учирсан хамар ясны далд хугарал, таславч мурийлт нь шинэ гэмтэл бөгөөд энэ гэмтэл нь орсон ороогүй бусад гэмтэл болох тархи доргилт, 22 дугаар шүдний ёзоор сулрал, ганхалт, буйланд цус хуралт, дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Баатархүүгийн өгсөн мэдүүлэг /хх-12-13/, гэрч Ө.Анужингийн өгсөн мэдүүлэг /хх-19/, гэрч Х.Баасансүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Чулуунсүхийн 7688 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-23/, шинжээч С.Чулуунсүхийн өгсөн мэдүүлэг /хх-93-95/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгийн тэмдэглэл /хх-33/, хохирол нэхэмжилсэн баримт /хх-30-34/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /хх-36-37/, шүүгдэгч Т.Х гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-38-39/, шүүгдэгч Т.Х гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-42/, шинээр хохиролд 205.000 төгрөгийг төлсөн баримт 1 хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Х нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн баруун зам дээр 97-18 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 86-30 УБЕ дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Г.Баатархүүтэй хэрүүл маргаан үүсгэн машины цонхоор нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Баатархүүгийн өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн баруун зам дээр 86-30 УБЕ дугаартай Тоёота калдина маркийн машинтайгаа явж байтал 97-18 УНЧ улсын дугаартай Алтиза маркийн машинтай энэ Т.Х гэх залуу уулзвар дээр шахаж орж ирээд” яаж яваад байгаа пизда вэ” гээд хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгээд “зогсож бай” гэхээр нь урдуур нь ороод түгжрэлд зогсоход Т.Х гэх залуу бууж ирээд машины цонхоор цохих гээд дайрахаар нь “цохичих харъя” гэсэн. Тэгтэл миний зүүн талаас хацар, хамар, уруул руу гараараа нэг удаа хүчтэй цохисон. Би суудлын бүсээ тайлах гээд машиндаа сууж байсан. Миний хамар, уруулаас зэрэг цус гарахад би алчуураар дараад суусан. Манай эхнэр Х.Баасансүрэн машинаас буугаад Хүслэн гэх залууг цааш нь татаад аваад явсан. “Чи яаж байгаа юм” гээд машинаасаа буугаад очиход намайг дахиж цохих гээд дайраад байсан. Манай эхнэр Х.Баасансүрэн салгаад байсан. Т.Х гийн машин дотор эхнэр нь хүүхэдтэйгээ сууж байсан. Би цагдаа дуудаад удалгүй ирсэн.” /хх-12-13/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Х.Баасансүрэнгийн өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн баруун зам дээр 86-30 УБЕ дугаартай Тоёота калдина маркийн машинтайгаа нөхөр Г.Баатархүүгийн хамт явж байтал 97-18 УНЧ улсын дугаартай Алтиза маркийн машинтай энэ Т.Х гэх залуу уулзвар дээр шахаж орж ирээд хэл амаар доромжлоод орилоод байхаар нь манай нөхөр “чи шүргэлээ ш дээ” гэсэн. Тэгээд урд нь гараад түгжрэлд ороод зогстол Т.Х гэх залуу бууж ирээд машины цонхоор нөхөр Г.Баатархүүг заамдаад авсан. Г.Баатархүү “чи ямар омголон юм бэ” гэхэд “буугаад ир пизда минь” гээд нүүрэн тус газар нь хүчтэй цохисон. Г.Баатархүүгийн хамар амнаас нь цус гараад дарчихсан бууж ирсэн. Тэгээд Т.Х г “машин руугаа яв” гэхэд явахгүй байсан. “Цагдаа дуудлаа” гэхэд “цагдаагаа дууд” гээд орилоод байсан. Т.Х гийн эхнэр, хүүхэд нь машин дотор сууж байхаар нь “нөхрөө аваач” гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирсэн.” /хх-16/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ө.Анужингийн өгсөн: “...2018 оны 6 сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн баруун зам дээр 97-18 УНЧ улсын дугаартай Алтиза маркийн машинтай нөхөр Т.Х , 3 настай хүүхдийн хамт явж байтал 86-30 УБЕ дугаартай Тоёота калдина маркийн машинтай энэ Г.Баатархүү гэж хүн шахаж орж ирээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Т.Х машинаасаа буугаад Г.Баатархүүтэй маргалдсан. Манай хүүхэд арын суудлынхаа бэхэлгээг тайлаад урагшаа орох гээд байсан. Хүүхдээ авах гээд хүүхэдтэй зууралдаж байхад Г.Баатархүү, Т.Х нар хоорондоо маргалдаад байсан. Юу гэж маргалдсаныг нь мэдэхгүй. Эхнэр гэх хүн бууж ирээд намайг “бууж ирээч” гээд байсан. Би хүүхэдтэй байсан учир машинаасаа буугаагүй. Цагдаа дуудсан гээд зогсож байхад удалгүй цагдаа ирсэн.” /хх-19/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6
дугаар сарын 19-ний өдрийн 7688 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Г.Баатархүүгийн биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, 22 дугаар шүдний ёзоор сулрал. ганхалт, буйланд цус хуралт, дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал. хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-23/ гэх дүгнэлт,
Мөрдөн байцаалтад шинжээч С.Чулуунсүхийн өгсөн: “...Г.Баатархүүгийн биед учирсан гэмтлийг үзлэгээс болон 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн гэмтлийн эмнэлгийн үзлэгт уруулын язарсан шарх, мөн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “ЭМЖЖ” эмнэлгийн үзлэгийг үндэслэн 7668 дугаартай дүгнэлтийг гаргасан..... Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ” /хх-93-95/ гэх мэдүүлэг,
Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-30-34/,
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгийн тэмдэглэл /хх-33/,
Шүүгдэгч Т.Х гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг лавлагаа /хх-42/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Т.Х нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн баруун зам дээр 97-18 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад 86-30 УБЕ дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Г.Баатархүүтэй хэрүүл маргаан үүсгэн машины цонхоор нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Т.Х гийн эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Х нь хохирогч Г.Баатархүүд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн 205.000 төгрөгийг төлсөн ба үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Г.Баатархүү нь эмчилгээний төлбөртэй холбоотой нийт 1.400.000 төгрөг нэхэмжилсэнийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Х г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Т.Х д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Т.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.Х нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Хохирогч Г.Баатархүү нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.Х д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Х д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС