Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 498

 

 

 

                                         

 

 

                                                           

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн М-т холбогдох эрүүгийн 17100 0993 0198 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ш.Алтанцэцэг, хохирогч Д.Б, түүний  өмгөөлөгч О.Д, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарыг оролцуулан, нарын бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” хотхоны 41Б байрны доорхи автозогсоолд иргэн Д.Б-г цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 10 цагийн орчим миний бие гэрээсээ ганцаараа гараад авто зогсоолоос өөрийн автомашиныг авахаар явж байтал манай компани хариуцаж байгаа “И” хотхоны дулаан дамжуулах төв узелийн өрөөний хаалгыг “Б” компанийн 8 орчим ажилчид эвдэн зогсож байсан. Тэгэхээр нь би тэдгээр хүмүүс дээр очоод юу болоод байгаа талаар асууж, би зүй ёсны шаардлага тавьсан. Тухайн үед би хаалга эвдэлж байсан хүнийг “боль” гэж хэлээд түлхсэн. Тэгтэл тэнд байсан хүмүүс тал талаас над руу дайраад, нийлээд намайг газарт унагааж бүгд цохиж зодсон. “Б” компанийн ажилчид намайг зодож байгаад болих үед би босоод зогстол нэг ажилтан нь миний нүүрний ам орчим газар гараараа цохисон бөгөөд дахин цохих гэхэд нь би өөрийгөө хамгаалж, гараараа савсан. Энэ үед хохирогч гэх Б гарт цохиулсан байх. Тухайн үед миний доод уруулын дотор, гадна язарч сэтэрсэн, цус гарсан, толгой, цээж, гуя, нуруун тус газруудад няцралт, хөхрөлт байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Миний уруул сэтэрсэн байсан.

Д.Б гэдэг хүн намайг цохих гээд байхаар нь би өөрийгөө хамгаалж, түүнийг гараараа цохисон. Энэ үед хохирогчид шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтэл учирсан байх. Намайг цохисон “Б” компанийн ажилчин нь энэ хохирогч Б юм билээ. Шинжээчийн дүгнэлтээр миний биед гэмтэл учирсан боловч энэ нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн байна.

“М-И” ХХК нь И хотхоныхоо узелийг “Б” ХХК-д давхар шилжүүлснээс энэ маргаантай асуудал үүссэн. Тухайн болсон хэрэг явдлын талаар миний бие өөрийн гар утсаар бичлэг хийгээд CD-нд буулгаж, мөн намайг “Б” компанийн ажилтанууд цохиж зодсон талаарх фото зургийн хамт хэрэгт гаргаж өгсөн боловч сиди хугарсан байсан.

Тухайн үед би аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд хохирогч Б-гийн биед хөнгөн гэмтэл учруулсан байдлаа хүлээн зөвшөөрч байна. Харин санаатайгаар түүнийг зодож  биед нь гэмтэл учруулаагүй. Тиймээс хохирогчийн эмчилгээний баримттай бодит гарсан зардлыг нөхөн төлөхөд татгалзахгүй. Харин өмгөөлөгчийн зардал, сэтгэл санааны хохиролд  нэхэмжилж байгаа мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Би өөрөө зүй ёсны шаардлага тавьсныхаа төлөө зодуулсан учир аргагүй хамгаалалт хийсэн. Аргагүй хамгаалалт хийж хохирогчийг цохисон учир би өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна. Хохирогчийн биед би гэмтэл учруулсан, гэхдээ би аргагүй хамгаалалт хийсэн. Тухайн үед гадны хүмүүс байгаагүй ба зөвхөн “Б” ХХК-ийн ажилчид болон манай байгууллагын хүмүүс граж дотор байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газарт байгаагүй хүмүүс гэрчээр мэдүүлэг өгсөн байсан. Намайг очиход бүгдээрээ хаалга эвдээд дууссан байсан, гэхдээ дотогшоо орж амжаагүй байсан. Сууц өмчлөгчдийн холбооны хүмүүс зодооны дараа орж ирсэн гэж гэрч нар мэдүүлсэн байдаг. Зодоон болох үед Сууц өмчлөгчдийн холбооноос хүмүүс байгаагүй. Хэн намайг алгадсанг би сайн санахгүй байна. Бүгдээрээ бужигнаж байхад хохирогч намайг цохих гээд далайхаар нь би гараараа толгой руу нь цохисон. Би 7-8 хүнд цохиулаад зогсохгүй шүү дээ. Би эд зүйлээ хамгаалах гэж очоод өөрийгөө хамгаалсан, өөрөө удирдах албан тушаалын хүн байж доод түвшний ажилчдаараа хууль бус зүйл хийлгэхгүй. Тухайн үед эвдсэн хаалгаа нэхэмжлээгүй. Хаалга эвдсэнээс болж маргаан гарсан.

Миний хувьд ч энэ асуудлаас болж сэтгэл санааны хохирол амсаж байгааг хэлэх нь зүйтэй. Тухайн үед “Б” ХХК-ийн ажилчдын хууль бус үйлдлийг зогсоож өгнө үү гэж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан, намайг зодож цохисон асуудал дээр гомдоогүй. Учир нь би тэдгээр хүмүүс удирдлагын өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэж байгаа гэдгийг ойлгосон. Надад бусдад өс санаж гомдсон асуудал байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

2.  Хохирогч Д.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай компанийн удирдлагаас засварчин Б, Ш, Э, инженер Б бид нарыг “И хотхоны узелийг хүлээн ав” гэсэн үүрэг өгсөн. Үүний дагуу бид өглөө 10-11 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И" хотхон дээр ирээд дулааны узель байрладаг 41Б байрны грааж руу ороход узелийн өрөөний хаалга цоожтой байсан.

Тэгээд узелийн хаалганы цоожийг Б ах нээх гэж оролдож байхад нь бид хажууд нь хараад зогсож байсан. Тэгтэл гаднаас “Б” ХХК-ийн захирал М гэх махлаг биетэй залуу орж ирээд, “та нар муу сайн юмнууд юу хийгээд байгаа юм, та нарыг ална аа” гээд орилж орж ирээд, Б ахыг хэвлийн цээж орчимд нь нэг удаа өшиглөөд хаалганаас холдуулсан. Тэгэхээр нь би М-ыг болиулах гэж хойноос нь тэвэрч аваад Б ахаас холдуулсан.

Тухайн үед манай байгууллагаас 5 хүн, “И” хотхоны Сууц өмчлөгчдийн холбооноос 2 хүн байсан. Тэгээд бүгдээрээ узель рүү орох гэхэд “түлхүүр нь олдохгүй байгаа, та нар эвдээд орчихгүй юу” гэсэн болохоор цоожийг эвдэх гээд оролдож байсан. Тэр үед Б.М гэдэг хүн ирээд “та нар муу сайн юмнууд наанаасаа холд” гээд орилоод Б ахыг өшиглөсөн. Тэгэхэд нь би “та яагаад байгаа юм бэ, болиоч” гэхэд “та нар муу сайн хужаанууд” гээд над руу дайрсан. Би өөрөөсөө Б.М-ыг түлхэж холдуулаад зогсож байхад хажуугаар зөрөөд өнгөрөх гэж байгаа юм шиг ирээд гэнэт намайг цохисон.

Би шүүгдэгчийг Б ахаас салгаад, зогсож байхад М намайг цохисон. Би Б.М-ыг урьд өмнө нь таньдаггүй байсан, түүнийг тухайн өдөр анх удаа харсан. Би ажил үүргээ гүйцэтгэж яваад энэ хүнд зодуулсандаа гомдолтой байна. Нэг жилийн хугацаанд хуулийн байгууллагад дуудагдаж, эрүүл мэндээрээ хохирсон тул сэтгэл санааны хохирол, мөн өмгөөлөгчийн зардал, эмчилгээний зардал  зэргийг нэхэмжилж байна. 7-8 хүн нийлж шүүгдэгч Б.М-ыг зодсон асуудал болоогүй. Шүүгдэгч гэнэт орилоод орж ирсэнээ наанаасаа холд гээд шууд Б ахыг өшиглөсөн. Би М-ыг цохиогүй. М над руу дайрч ирээд миний зүүн талаас миний зүүн нүдний орчимд гараараа нэг удаа хүчтэй цохисон. Би тухайн өдөр М-тай хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Би тэр хүнийг урьд нь огт харж байгаагүй ба бидний дунд өр авлага, өш хонзон байхгүй.

Тэр үед нь би шүдээ чанга зуугаад, зүүн доод талын хоёр шүд дотор талдаа бага зэрэг эмтэрсэн. Тэгтэл миний зүүн нүд тэр дороо хавдаад хөхөрчихсөн. Тэгэхээр нь би М-тай маргалдаад түүнтэй заамдалдаж автал Э ах бид хоёрыг салгасан. Тэгтэл М намайг цохисоныхоо дараа манай ажилчид руу “хужаатай нийлсэн юмнууд” гэж орилж хашгираад дайраад байхаар нь би граажнаас гараад явсан. Намайг гарч байх үед урдаас манай компаний захирал Д, ерөнхий инженер Б нар ирсэн. Ингээд би граажнаас гарангуутаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа нар ч удалгүй ирээд М-ыг аваад явсан.

Миний хувьд удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэж байсан. Узелийн хаалганд “Б” гэж бичсэн байсан. Б.М-ын биед хэн гэмтэл учруулсан талаар би сайн мэдэхгүй байна. Б.М орж ирээд бухимдлаа гаргасан. Намайг цохиход нь хүмүүс барьж авсан, өөрөөр түүнийг цохиж зодсон асуудал үүсгээгүй.

Миний нүд болон шүд гэмтээд эмчилгээ хийлгэсэн. Томографийн зураг авахуулсан. Хэрэг гараад 1 жил болж байна. Шүүгдэгч надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Би гомдолтой байна. Би томографийн зураг авахуулсан 120.000 төгрөг, нүдний үзлэгийн 20.000 төгрөг, шүдний эмчилгээний 135.000 төгрөг, шүүх эмнэлгийн үзлэгийн 8.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, сэтгэл санааны хохирлын 2 500.000 төгрөг, нийт 4.283.000 төгрөгийг шүүгдэгч Б.М-аас нэхэмжилж байна. Одоо миний бие, эрүүл мэндийн байдал хэвийн байгаа, ажлаа хийж байгаа.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 17100 0993 0198 дугаартай хэргээс:               

 

1. Хохирогч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би “Б” ХХК-д сантехникийн засварчин ажилтай. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” хотхоны авто грааж дотор байрлах дулааны узелийг дарга Дын тушаалаар хүлээн авахаар ирсэн. Тэгтэл уг узелийн хаалга цоожтой байхаар нь хамт явсан Б цоожийг нь эвдлэх гээд байж байтал хажуунаас үл таних эрэгтэй ирснээ бид нараас “хөөе та хоёр юу хийж байгаа юм” гэж асуугаад Б-ыг хөлөөрөө түүний цээж орчим газарт нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би түүнийг хойноос нь тэвэрч аваад Б ахаас холдуулаад болиулсан. Тэгсэн нөгөө эрэгтэй над руу уурлаж дайраад “чи муу яаж байгаа юм“ гээд намайг зодох гээд байхаар нь би түүнээс холдоод зайтай зогсож байтал тэр эрэгтэй хүн над дээр ирээд миний зүүн нүд орчим газарт гараараа нэг удаа цохисон. Намайг цохисон хүнийг би танихгүй. Сүүлд цагдаагийн байгууллагад ирээд “Б” ХХК-ийн захирал М гэж мэдсэн.

...Тухайн үед компанийн удирдлагаас засварчин Б, Ш, Э, инженер Б бид нарыг “И” хотхоны узелийг хүлээж ав гэж үүрэг өгсөн байсан. М нь намайг цохисныхаа дараа манай компанийн ажилчид руу хараад “муу хужаатай нийлсэн юмнууд” гээд орилж, хашгираад байсан. 

М намайг зүүн нүд орчимд гараараа нэг удаа хүчтэй цохих үед би шүдээ чанга зуугаад зүүн доод талын хоёр шүд дотор талдаа бага зэрэг эмтэрсэн. Зүүн нүд хавдаад хөхөрчихсөн.

...Энэ болсон асуудлыг Э, Ш, Б, Б, мөн “М-И” ХХК-ийн хоёр ажилтан харсан. Тухайн үед тэнд согтууруулах ундаа хэрэглэсэн хүн байгаагүй. М-т зодуулсандаа гомдолтой байна. Шүүх эмнэлэгт 8000 төгрөг, Натур эмнэлэгт 120.000 төгрөгөөр толгойн томографикийн зураг авхуулсан, ТЭУ эмнэлэгт 20.000 төгрөгөөр нүдээ үзүүлсэн. Сайхан дент эмнэлэгт шүдээ 70.000 төгрөгөөр янзлуулсан, эмийн сангаас  20.000 төгрөгөөр эм, тос авч  хэрэглэсэн. Нийт 218.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Би сарын 700.000  төгрөгийн үндсэн цалинтай, 7 хоног өвчтэй байсан хугацааны цалин болох 560.000 төгрөг нэхэмжилнэ. Ингээд нийт 778.000 төгрөгийг М-аас нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-18х/,

 

2. Гэрч З.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би “Б” ХХК-ийн инженерээр ажилладаг юм. 2017 оны 10 дугаар сараас эхлээд “М И” ХХК нь өөрсдийн барьсан “И” хотхоны ус, дулаан дамжуулах узелийн тоног төхөөрөмжийн ашиглалтыг “Б” ХХК-иас манай компанид шилжүүлэхээр болсон. Тэгтэл “Б” ХХК нь “И” хотхоны дулааны узелийн хаалгыг цоожилчихоод, манай компанид хүлээлгэж өгөхгүй байсан. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “М И” ХХК-ийн удирдлагаас “И хотхоны оршин суугчид дулаан доголдоод байна гэж гомдол гаргаад байна, та нар ирж дулааны узелээ хүлээн авч, ажлаа хий” гэж хэлсэн. Ингээд тухайн өглөө 10 цагийн үед манай компаний засварчин Б, Б, Э, Ш, Н бид нар “И” хотхоны дулааны узелийг хүлээн авахаар тус хотхоны 41б байрны граажид очсон. Бид узелийг хүлээн авахын тулд “И” СӨХ-ийн дарга, удирдах зөвлөлийн гишүүн, “М И” ХХК-ийн инженер М, Ц нарыг байлцуулсан. Ингээд дулааны узелийн цоожтой хаалгыг манай ажилтан Б нээх гээд оролдож байхад гаднаас харааны нүдний шилтэй, 30 гаран насны, 175 орчим сантиметр өндөртэй, махлаг залуу “пизда нарыг алнаа” гээд орилж орж ирснээ Б-ыг өшиглөж унагаад, цохитол хажууд нь ойрхон зогсч байсан Б нөгөө махлаг залуугийн хойноос нь тэвэрч аваад хойш нь татаад, Баас холдуулсан. Тэр залуугийн нэрийг М гэдэг, тэрээр “Б” ХХК-ийн захирал гэдгийг сүүлд мэдсэн. Ингээд Б М-ыг тэврэхээ болиод тавьтал М хойшоо эргэж хараад Б-г гараараа нүүр рүү нь нилээн олон удаа цохисон. Тэр үед би тэдэн дээр очиж М-ыг Б-гээс салгасан. М намайг арай ч зодоогүй, гэхдээ “пизда, та нарыг ална” гээд хараагаад салаавч гаргаад орилж хашгираад байсан. Үүнээс хойш нэг их удалгүй цагдаа нар ирсэн. Тухайн үед Б-г хартал түүний зүүн нүд нь хөхөрч хавдаад, амнаас нь цус гарсан харагдаж байсан.

Тухайн өдөр би цэнхэр өнгийн кепкэн малгайтай, юүдэндээ үстэй, цэнхэр өнгийн куртик өмссөн байсан. Харин Б нь ОВЕҮ гэсэн бичиглэл бүхий дээд талаараа хар, доод хэсгээрээ цагаан өнгийн, ноосон малгайтай, хойд талдаа “Б” ХХК гэсэн бичиглэл бүхий цэнхэр өнгийн куртиктэй, Э нь ажлын цэнхэр өнгийн куртиктэй, урд талдаа цагаан өнгийн бичиглэлтэй, хөх өнгийн ноосон малгай өмссөн, Б хөх өнгийн ажлын куртик өмссөн байсан. ОВЕҮ гэсэн бичиглэл бүхий дээд талаараа хар, доод хэсгээрээ цагаан өнгийн ноосон малгай өмссөн, 50 гаран насны эрэгтэй гэж Б-ыг, босоо захтай, хар өнгийн куртик өмссөн 40 орчим насны эрэгтэй гэж “И” СӨХ-ийн даргыг, 20-25 орчим насны шар царайтай залуу гэж “И” СӨХ-ийн ажилтанг, урд талдаа цагаан өнгийн бичиглэлтэй, хөх өнгийн ноосон малгай өмссөн, 40 гаран насны, бор царайтай, махлагдуу эрэгтэй гэж Э-г, цэнхэр өнгийн кэпкэн малгай, цэнхэр өнгийн куртик өмссөн эрэгтэй гэж намайг хэлж байх шиг байна. Тухайн үед бид М-ыг нийлж байгаад зодож, цохисон зүйл байхгүй. Энэ асуудал болсноос хэд хоногийн дараа М мөн л дулааны узелийн асуудлаас болж бидэнтэй маргалдсан. Тэр үед манай компаний инженер Б нь М-тай “манай компаний ажилтныг зодлоо” гэж маргалдаж байсан. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай инженер Б нь “И” хотхон дээр ирээгүй. Энэ өдөр манай компаниас надтай нийлээд 6 хүн “И” хотхонд очсон, үүнээс би л ганцаараа энгийн хувцастай байсан ба үлдсэн 5 хүн нь цэнхэр өнгийн ажлын хувцас өмссөн байсан. Тэр өдөр М-ын биед илтэд анзаарагдахаар гэмтэл шарх учраагүй байсан. Надад өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 35-36х/,

 

3. Гэрч Э.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2017 оны 04 дүгээр сараас эхлэн “Б” ХХК-д сантекникийн засварчин гагнуурчинаар ажиллаж байгаа юм. 2017 оны 10 дугаар сараас манай компани нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” хотхоны дулааны узелийг хариуцан ажиллахаар болсон. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “И” хотхоны оршин суугчдаас халаалт доголдож байна гэсэн гомдол ирсэн. Тэгээд засварчин Б, Б, Н, инженер Б нарын хамтаар “И” хотхоны дулааны узелд очтол хаалга нь цоожтой байсан. Тэгэхээр нь узелийн хаалгыг нээх гээд байж байхад М гэх (нэрийг нь сүүлд мэдсэн) нүдний шилтэй, махлаг эрэгтэй бидэн рүү ирснээ ”наадуулаа зайлуулаач, алнаа та нарыг наадуулаа зайлуул” гэж орилж байснаа Б-ын цээж рүү 1 удаа өшиглөөд, гараараа 1 удаа цохисон. Тухайн үед Б хаалга онгойлгох гээд доошоо болоод явган суусан байсан. Тэгэхээр нь Б М-ыг Б-аас салгаж холдуултал М нь “наадуулаа зайлуул, холдуул, та нарыг узель руу оруулахгүй” гэж байснаа Б-гийн зүүн нүд орчимд нь 2-3 удаа гараа атгаж байгаад цохитол Б-гийн амнаас цус гараад, зүүн нүд нь тэр дороо хөхөрч хавдсан. Б-гийн хувьд тэрээр М-ын цохиж зодсон зүйл байхгүй. Б нь М-т “та яагаад настай хүнийг өшиглөж байгаа юм бэ” гэж хэлээд, М-ын гарнаас бариад Б-аас холдуулсан. Дээрх асуудал болсоны дараа манай инженер Б, М-тай “манай ажилтныг яагаад зодож байгаа юм бэ” гээд маргалдаж байхад гаднаас цагдаа нар ирсэн. Хэн цагдаад дуудлага өгсөн болохыг би мэдэхгүй байна.

М-ыг би болон манай компаний ажилчид шалан дээр унагааж, өшиглөж зодсон асуудал болоогүй. Б нь М-ыг заамдаж, хоолойг нь боосон асуудал байхгүй. М нь Б-г зодож байхыг Б, Н, Э, Б болон “И” СӨХ-ийн ажилтан харсан. Нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг /хэргийн 29-31х/,

 

4. Гэрч П.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:

“...Би 2017 оны 09 дүгээр сарын сүүлээс эхлэн “Б” ХХК-д байцаагчаар ажиллаж байна. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө А-ын хамтаар өөрийн компаний хариуцан ажилладаг дулааны узелүүдээ шалгасан. Ингээд өглөө 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” хотхоны 41б байрны грашид байрлах дулааны узелийг шалгах гээд ортол “Б” гэсэн цэнхэр өнгийн куртик өмссөн хүмүүс М захирлыг тойроод зогсчихсон байсан. Тухайн үед “Б” ХХК-ийн хүмүүс манай дулааны узелийн хаалганы бариул, цоожны голыг эвдчихсэн гээд М захирал тэдгээр хүмүүстэй “та нар манай юмыг эвдлээ, та нарт хүний юм эвдэх эрх байхгүй” гээд маргалдаж байсан. Тэгтэл М захирлыг тойрч зогссож байсан хүмүүс бужигналдаад явчихсан ба М захирал нь 35 орчим насны, 170 орчим сантиметр өндөртэй, цэнхэр өнгийн ажлын куртиктэй залуутай заамдалцсан байсан. Тэр үед манай дулааны инженер Э гаднаас орж ирээд М захирлыг заамдалцсан байсан залуугаас салгаад байж байхад гаднаас “Б” ХХК-ний захирлууд гаднаас орж ирсэн. “Б” ХХК-ийн захирлууд манай компаний захирал М-тай дулааны узелийг манай өмч, танай өмч гэж маргалдаж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. Дараа нь харахад М захирлын эрүүний баруун хэсэгт бага зэрэг шалбарсан байсан. Тухайн үед ийм л асуудал болсон.

М захирлын эрүүний баруун хэсэгт бага зэрэг шалбарсан байсан. Уг шалбархайг М захирлын биед хэн учруулсан болохыг би мэдэхгүй байна. М тухайн өдөр хэн нэгэн хүний биед хохирол учруулсан зүйл байгаа эсэхийг мэдэхгүй. М захирал болон “Б” ХХК-ийн ажилчид хоорондоо “дулааны узелийг манай, танай өмч” гээд маргалдаж байгаад, хоорондоо ноцолдоод бужигналдаад явчихсан. Тэр үед яг ямар асуудал болсоныг тодорхой сайн харж чадаагүй. М нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Б” ХХК-ийн ажилтан Б-гийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар мэдэхгүй, тэрийг сайн мэдэхгүй байна. Намайг тус хотхоны граш руу орсоноос хойш тийм асуудал болоогүй. Харин “Б” ХХК-ийн ажилчид М захирлыг тойроод зогсчихсон, захирал тэдэнтэй маргалдаж байсан. “Б” ХХК-ийн ерөнхий инженер гэх хүн М захиралтай маргалдаж байгаад, М захирлыг заамдаж, хоолойг нь боосон. Энэ үед би М захирлын гар утсан дээр бичлэг хийсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26х/,

 

5. Гэрч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би “М И” ХХК-д сантехникийн инженерээр ажилладаг юм. Манай компани нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” хотхоныг барьж, ашиглалтанд оруулсан юм. Тус хотхоны сантехникийн тоног төхөөрөмжийн ашиглалтыг манай компани нь “Б” ХХК-тай гэрээ байгуулан хариуцуулж байгаад, 2017 оны 10 дугаар сарын үеэс “Б” ХХК-д хариуцуулахаар болсон юм. Ингээд “Б” ХХК нь “И” хотхоны дулааны узелийг авах гээд удаа дараа “Б” ХХК-д албан бичиг хүргүүлсэн боловч “Б” ХХК нь “М И” ХХК нь манай компанитай өр төлбөрийн асуудалтай гээд дулааны узелийг хүлээлгэн өгдөггүй байсан. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Б” ХХК-ийн 10 орчим хүн ажилчид “И” хотхоны дулааны узелийг хүлээн авахаар ирээд “И” хотхоны 41б байрны доор байрлах граш руу орж дулааны узелийн хаалганы цоожийг эвдэж нээх гэж байтал “Б” ХХК-ийн захирал М “та нар яагаад байнаа” гэсээр орж ирсэн. Ингээд л “Б” ХХК болон “Б” ХХКийн ажилчдын хооронд маргаан болоод, тэд дулааны узелийн өрөөний үүдэн дээр бужигналдаад, ноцолдоод эхэлсэн. Ингээд энэ бужигнаан дундаас М-ын нүдний шил нь хагарчихсан, уруулын доод хэсэг нь бага зэрэг цус болчихсон, “Б” ХХК-ийн ажилтан Б /сүүлд нэрийг нь мэддэг болсон/ аль нэг нүдээ дарчихаад сууж байснаа босч ирэхээр нь хартал гараараа дарсан байсан нүд нь хөхөрсөн байсан. Ингээд би дээшээ хяналтын камерийн өрөө рүү орчихоод буцаад граш руу ороод иртэл цагдаа нар ирсэн байсан. Тухайн үед хэн цагдаад дуудлага өгсөн болохыг би мэдэхгүй байна.

М нь мэдүүлэхдээ “манай компаний өмчлөлийн “И” хотхоны дулааны узелийн гадна талын бор өнгийн бүргэд хаалгыг хойд талдаа “Б” ХХК гэсэн бичиглэл бүхий цайвар цэнхэр өнгийн куртик өмссөн, 7-8 хүн эвдэж байсан. Тэд нар “бид юмаа авч байна” гэж тал талаас над руу дайраад... тал талаас өшиглөж цохисон” гэж мэдүүлсэн байна. Тийм зүйл болсон эсэхийг би мэдэхгүй байна. Ямар ч гэсэн бөөн бужигнаан болоод байсан. М, Б нарын эрүүл мэндэд хэн, юугаар, хохирол учруулсанг мэдэхгүй. Намайг грашид байхад М-ыг хэн нэгэн хүн цохиж зодсон асуудал болоогүй. Би тухайн өдөр хар өнгийн юүдэнтэй, хагас урттай куртиктэй байсан. Тухайн асуудал болоход манай компаниас ерөнхий нягтлан бодогч С /00000000/ бид хоёр л байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн  мэдүүлэг /хэргийн 32-33х/,

 

6. Гэрч Ц.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би “Б” ХХК-д 2017 оны 09 дүгээр сараас эхлэн дулааны инженерээр ажиллаж байна. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 10 цагийн үед диспетчер А, О нарын хамтаар өөрийн компаний хариуцдаг дулааны узелүүдыг шалган явж байгаад, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “И” хотхоны 41б байрны граажид байрлах дулааны узелийг шалгах гээд би машинтайгаа грааж руу ортол манай компаний захирал М-ыг “Б” бичиглэлтэй, цэнхэр өнгийн куртик өмссөн 6-7 эрэгтэй хүн тойроод зогсчихсон, узелийн хаалга эвдэллээ гээд хоорондоо маргалдаж байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад, захиралтай маргалдаад түүн рүү дайрч давшлаад байсан хүмүүс рүү очоод “хүний олон хүнээ барихгүй шүү” гэж хэлсэн. Тэдгээр хүмүүс М-ын хувцаснаас нь зуурчихсан, “Б” ХХК-ийн захирал гэх харааны нүдний шилтэй эмэгтэй М-ын гар, нуруу орчим руу 2-3 удаа гараараа цохиж байсан.

Тэр эмэгтэй М-ын аль гар руу нь цохисон болохыг мэдэхгүй байна. Ингээд бужигналдаад байхаар нь би дундуур нь ороод М-ыг тэр хүмүүсээс салгаж холдуулсан шиг санагдаж байна. Энэ асуудал болсоноос хойш нилээн хугацаа өнгөрсөн болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Одоо миний тод санаж байгаагаар “Б” ХХК-ийн инженер махлагдуу, 170 орчим сантиметр өндөртэй эрэгтэй М-тай маргалдаад, түүнийг заамдаж аваад, гараа далайж байсан. Ингээд удалгүй цагдаа нар ирээд М захирлыг “Б” ХХК-ийн инженер махлагдуу залуугийн хамтаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү авч явсан.

“Б” ХХК-ийн инженер махлагдуу залуу М-ыг заамдаад, гараа далайгаад уруул руу нь цохичих шиг болсон. Тухайн үед М захирал намайг цохичихлоо шүү дээ гэж хэлж байсан. Гэрч М нь Б миний эрүү орчимд гараараа нэг удаа цохисон гэж мэдүүлсэн. Энэ талаар би мэдэхгүй байна. “Б” ХХК-ийн инженер махлагдуу залуу М-ын эрүү рүү цохиж гэмтээсэн. Намайг тус байрны граажид орж ирснээс хойш М нь хэн нэгэн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан асуудал болоогүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 37х/,

 

7. Гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн “Б” ХХК-д диспетчерээр ажилладаг юм. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө би ажлаасаа буугаад байцаагч О, дулааны инженер Э нарын хамтаар дулааны узелүүдээ шалгасан. Ингээд өглөө 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “И” хотхоны 41б байрны грааж дахь дулааны узелийг шалгах гээд инженер Э-гийн хамт түүний машинаар байцаагч О бид нар очиход дулааны узелийн үүдэнд “Б” гэсэн нэртэй цэнхэр өнгийн куртик өмссөн олон хүмүүс М захирлыг тойроод зогсчихсон, захирал биеэ хамгаалсан байдалтай хагас тонгойсон байдалтай зогсож байсан. Тэр үед “Б” гэсэн нэртэй цэнхэр өнгийн куртиктэй хүн гараа далайгаад М захирлын нуруу нь нэг удаа цохисон. Энэ байдлыг харсан Э инженер машинаасаа буугаад “хүний олон хүнээ барьдаггүй юм шүү” гэж хэлээд тэдгээр хүмүүсийг М захирлаас холдуулахад нь О бид хоёр машинаас буугаад захирал руу очтол түүний харааны нүдний шил нь алга болоод, уруулын доод хэсэгт шалбараад цус гарч байсан. О бид хоёр М захирлын нүдний шилийг газраас олж өгсөн. Тэгээд М захирал машиндаа суугаад явах гэтэл “Б” ХХК-ийн хүмүүс түүнийг машинд нь суулгахгүй, “чи байж бай, цагдаа дуудсан” гэж хэлээд явуулахгүй байсан. Гэтэл гаднаас “Б” ХХК-ийн захирал гэх эмэгтэй бор царайтай, 165 орчим сантиметр өндөртэй, махлагдуу ахын хамтаар граажид орж ирсэн ба тэр ах нь М захиралтай маргалдаад, захирал руу дайраад, заамдаад байсан. Энэ үйл явдлыг О нь М-ын гар утсанд бичиж авсан. Ингээд удаагүй байхад цагдаа нар ирээд М захирлыг аваад явсан.

Тухайн өдөр “Б” ХХК-ийн хүмүүс ямар шалтгааны улмаас М-тай маргалдах болсон тухай мэдэхгүй байна. Цэнхэр өнгийн ажлын куртиктэй хүн М захирлын нуруу орчимд гараараа нэг удаа цохиж байсан. Би тэр хүнийг одоо харвал танихгүй. Хэд орчим насны, ямар зүс царайтай хүн байсныг хэлж мэдэхгүй байна. Мөн сүүлд орж ирсэн бор царайтай, махлагдуу ах М захирлыг заамдаж байсан. Үүнээс өөрөөр М захирлыг зодож цохисон хүн байхгүй. Намайг “И” хотхоны 41б байрны граажид очсоноос хойш М захирал хэн нэг хүнийг зодож, цохисон асуудал гаргаагүй. “Б” ХХК-ийн ажилтнуудаас тухайн үед эрүүл мэндээрээ хохирсон хүн байсан эсэхийг анзаарч хараагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 40х/,

 

8. Гэрч Ц.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би “Б” ХХК-ийн засварчинаар ажилладаг юм. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед манай компаний засварчин Ш, Б, Б, Н, инженер Б нарын хамтаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” хотхоны дулааны узелийг хүлээн авахаар 41б байрны граажид очсон. Ингээд бид узелийг хүлээн авахдаа “И” СӨХ-ийн ажилтнууд, “М И” ХХК-ийн ажилтнуудыг байлцуулсан. Бид дулааны узелийг хүлээн авах гэтэл хаалга нь цоожтой байхаар нь Б цоожийг нээх гээд доошоо тонгойгоод ноцолдож байхад харааны нүдний шилтэй, махлагдуу, 30 гаруй насны залуу “пизда наахуунуудаа юу хийгээд байгаа юм бэ, та нарыг ална” гээд орилж хашгирч ирсэнээ, Б-ын баруун хавирга орчимд нэг удаа өшиглөхөд, тэрээр шалан дээр унасан. Тэгэхээр нь Б бид нар тэр залууг Б-аас холдуулсан. Тэр залууг “Б” ХХК-ийн захирал М гэдгийг сүүлд мэдсэн. Тэгтэл М нь Б-гийн хажуугаар зөрч өнгөрөх гэж байхдаа түүний нүүр, зүүн нүд орчимд нь гараараа 1-2 удаа цохисон. Тухайн үед Б-гийн ам хамарнаас нь цус гарсан эсэхийг би сайн санахгүй байна. Ямар ч гэсэн зүүн нүд нь тэр доороо хавдаад хөхөрчихсөн. Ингээд инженер Б бид хоёр М-ыг Б-гээс холдуулаад, удаагүй байхад гаднаас цагдаа нар ирсэн.

Тухайн өдөр М-ыг цохиж зодсон асуудал байхгүй. Тухайн үед Б ах ОВЕҮ гэсэн бичиглэл бүхий дээд талаараа хар, доод хэсгээрээ цагийн өнгийн, ноосон малгай өмссөн, би урд талдаа цагаан өнгийн бичиглэлтэй, хөх өнгийн ноосон малгай өмссөн байсан. Б инженерээс бусад нь бүгд ажлын цэнхэр өнгийн куртик өмссөн байсан. Манай компаний ажилчид нийлж М-ыг зодож цохисон асуудал байхгүй. Энэ хүн худлаа ярьж байна. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр М-ын биед ил харагдах гэмтэл шарх учирсан талаар анзаараагүй. Бид М-ыг цохиж зодсон зүйл байхгүй. Харин М нь Б, Б нарыг зодсон. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39х/,

 

9. ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14483 тоот дүгнэлтэд:

1. Д.Б-гийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод 2-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 43х/

 

10. ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14481 тоот дүгнэлтэд:

1. Б.М-ын биед эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 45х/,

 

11. Шүүгдэгч Д.Б-гийн цалин орлого дутуу авсан талаарх ажил олгогчийн тодорхойлолт болон бусад хохирлын баримтууд /хэргийн 60-66х, 96-98х, 65х/ 

 

12. Д.Б-гээс өөрийн ажил олгогч “Б” ХХК-д бичгээр гаргасан өргөдөл /хэргийн 99х/,

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М-ын яллагдагчаар өгсөн:

“...Би яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Миний хувьд яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад эрх үүргээс асууж тодруулах зүйл байхгүй, би “Б” ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажилладаг юм. Манай компани нь орон сууц, нийтийн аж ахуйн ашиглалт, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. 2015 оны 05 дугаар сараас эхлэн манай компани нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” хотхоны дулааны узелийг, тус барилгыг барьж ашиглалтанд оруулсан “М И” ХХК-иас “Шугам хоолой хүлээн авах гэрээ”-гээр хүлээн авсан. Ингээд ажлаа хэвийн гүйцэтгэж явтал ...2016 оноос эхлээд манай компанитай ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-тай “И” хотхоны дулааны узел дээр маргаан гарч эхэлсэн. Маргаан гарах болсон шалтгаан нь “М И” ХХК нь манай компанитай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй, манай байгууллагад ус, дулааны төлбөрөө төлөхгүй, их хэмжээний өртэй болсон. Ийм байтал “И” хотхоны узелийг “Б” ХХК-д хууль бусаар давхар шилжүүлсэн байсан тул уг маргаантай асуудлыг шийдүүлэхээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус тус нэхэмжлэл гаргасан юм.

Дээрх асуудал эцэслэн шийдэгдээгүй байхад буюу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 10 цагийн үед би гэрээсээ гараад машинаа авахаар грааж руу ортол манай компаний өмчлөлийн “И” хотхоны дулааны узелийн гадна талын бор өнгийн бүргэд хаалгыг хойд талдаа “Б” ХХК гэсэн бичиглэл бүхий цайвар цэнхэр өнгийн куртка өмссөн, 7-8 хүн эвдэлж байсан. Тэгэхээр нь би тэдгээр хүмүүс дээр очоод “юу болоод байгаа юм бэ, та нар ингэж болж байгаа юм уу” гэж хэлтэл тэд нар “бид юмаа авч байна” гэж тал талаас над руу дайраад, ОВЕҮ гэсэн бичиглэл бүхий дээд талаараа хар, доод хэсгээрээ цагаан өнгийн, ноосон малгай өмссөн, 50 гаран насны эрэгтэй, босоо захтай, хар өнгийн куртик өмссөн 40 орчим насны эрэгтэй, урд талдаа цагаан өнгийн бичиглэлтэй, хөх өнгийн ноосон малгай өмссөн, 40 гаран насны, бор царайтай, махлагдуу эрэгтэй, цэнхэр өнгийн кепкэн малгай, цэнхэр өнгийн куртик өмссөн эрэгтэй, 20-25 орчим насны шар царайтай залуу, мөн Б нар нь намайг газарт унагаад, тал талаас өшиглөж цохисон.

Тэгэхээр нь би арай гэж шалан дээрээс босоод иртэл Б миний эрүү орчимд гараараа нэг удаа цохихоор нь би өөрийгөө хамгаалаад хоёр гараа савсан. Тэр үед Б-г цохисон юм байлгүй. Тухайн үед Б миний урд талд зогсож байсан юм. Тухайн үед тэд нар шуугилдаад л байсан ба “Б” ХХК-ний ерөнхий инженер гэх, дунд хэсгээрээ саарал өнгийн хөндлөн оруулгатай, цагаан өнгийн ноосон малгайтай, гадна талаараа улаан, хөх өнгө алагласан куртка өмссөн 45-50 орчим насны эрэгтэй намайг “ална, чи манай хүмүүсийг зодсон” гэж надтай маргалдаж байгаад, намайг заамдаж, хоолой бооход хажууд байсан хүмүүс нь салгасан.

Тухайн үед манай ажилтан болох А /утасны дугаарыг нь мэдэхгүй байна/, О /00000000/ нар орж ирсэн. Болсон үйл явдлыг гар утсан дээрээ видео бичлэг хийж авсан. Т-өд удалгүй цагдаа нар ороод ирсэн, хэн цагдаад дуудлага өгснийг би мэдэхгүй.

Б-гийн эрүүл мэндэд хэн, юугаар, хэрхэн хохирол учруулсныг би мэдэхгүй. Би Б-г зодож цохисон зүйл байхгүй. Б миний эрүү орчимд гараараа нэг удаа цохихоор нь би өөрийгөө хамгаалаад хоёр гараа савсан. Тэр үед Б-г цохисон юм байлгүй. Харин “Б” ХХК-ний хүмүүс л нийлж байгаад намайг зодсон. Тэдгээр хүмүүст зодуулсаны улмаас миний доод уруул дотор хэсэгтээ язарсан, мөн толгой, нуруу, хөл хэд хоног өвдөж чилээрхсэн. Үүнээс өөр гэмтэл шарх учраагүй.

Хохирогч Д.Б-гийн мэдүүлэгт “2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 10 цагийн үед...хаалга цоожтой байхаар нь хамт явсан Б цоожийг эвдлэх гээд сууж байхад хажуунаас “Б” ХХК-ний захирал М гэдэг хүн гарч ирээд Б-ын цээж рүү өшиглөөд зодох гээд дайрахаар нь болиулахад над руу дайрахаар нь холдоод цаана очоод зогсож байхад гэнэт миний нүд рүү гараараа нэг удаа цохисон..., над руу дахиж дайраад миний уруул руу дахиад цохисон гэж мэдүүлсэн байна. Ерөөсөө тийм зүйл болоогүй, би дулааны узелийн хаалга руу бүрэн очиж амжаагүй байхад тэд нар намайг барьж аваад зодсон.

Би хүн цохиж зодоод байхаар завдал ч болоогүй. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Б болон түүнтэй хамт явсан хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 90-91х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 52х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.М-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв. 

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” хотхоны 41б байрны граажид  “Б” ХХК ашиглалтыг нь хариуцдаг гэх дулааны узелийн хаалганы цоожийг “Б” ХХК-ийн ажилчид эвдэж байсан” гэх асуудлаар маргаан үүсгэн, маргааны явцад хаалганы цоожийг эвдэж байсан гэх “Б” ХХК-ийн ажилтан н.Б-ыг  хаалганаас холдуулахаар түүний цээж рүү түлхэж өшиглөхөд нь хохирогч Д.Б араас нь барьж салгах явцад түүний зүүн нүдэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод 2-р шүдний эмтрэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан:  

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Д.Б-гийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод 2-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний  14483 дугаартай дүгнэлт,

- хохирогч Д.Б-гийн: “...Би “Б” ХХК-д сантехникийн засварчин ажилтай. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” хотхоны авто грааж дотор байрлах дулааны узелийг дарга Д-ын тушаалаар хүлээн авахаар ирсэн. Тэгтэл уг узелийн хаалга цоожтой байхаар нь хамт явсан Б цоожийг нь эвдлэх гээд байж байтал хажуунаас үл таних эрэгтэй ирснээ бид нараас “хөөе та хоёр юу хийж байгаа юм” гэж асуугаад Б-ыг хөлөөрөө түүний цээж орчим газарт нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би түүнийг хойноос нь тэвэрч аваад Б ахаас холдуулаад болиулсан. Тэгсэн нөгөө эрэгтэй над руу уурлаж дайраад “чи муу яаж байгаа юм“ гээд намайг зодох гээд байхаар нь би түүнээс холдоод зайтай зогсож байтал тэр эрэгтэй хүн над дээр ирээд миний зүүн нүд орчим газарт гараараа нэг удаа цохисон. Намайг цохисон хүнийг би танихгүй. Сүүлд цагдаагийн байгууллагад ирээд “Б” ХХК-ийн захирал М гэж мэдсэн. ...Тухайн үед компанийн удирдлагаас засварчин Б, Ш, Э, инженер Б бид нарыг “И” хотхоны узелийг хүлээж ав гэж үүрэг өгсөн байсан. М нь намайг цохисныхаа дараа манай компанийн ажилчид руу хараад “муу хужаатай нийлсэн юмнууд” гээд орилж, хашгираад байсан.  М миний зүүн нүд орчимд гараараа нэг удаа хүчтэй цохих үед би шүдээ чанга зуугаад зүүн доод талын хоёр шүд дотор талдаа бага зэрэг эмтэрсэн. Зүүн нүд хавдаад хөхөрчихсөн.

...Энэ болсон асуудлыг Э, Ш, Б, Б, мөн “М-И” ХХК-ийн хоёр ажилтан харсан. Тухайн үед тэнд байсан хүмүүсээс согтууруулах ундаа хэрэглэсэн хүн байгаагүй. М-т зодуулсандаа гомдолтой байна. Миний нүд болон шүд гэмтээд эмчилгээ хийлгэсэн. Томографийн зураг авахуулсан. Хэрэг гараад 1 жил болж байна. Шүүгдэгч надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Би гомдолтой байна. Би томографийн зураг авахуулсан 120.000 төгрөг, нүдний үзлэгийн 20.000 төгрөг, шүдний эмчилгээний 135.000 төгрөг, шүүх эмнэлгийн үзлэгийн 8.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, сэтгэл санааны хохиролын 2 500.000 төгрөг, нийт 4.283.000 төгрөгийг шүүгдэгч Б.М-аас нэхэмжилж байна.”  гэсэн мэдүүлэг,

- гэрч З.Б-ын: “...Би “Б” ХХК-ийн инженерээр ажилладаг юм. 2017 оны 10 дугаар сараас эхлээд “М И” ХХК нь өөрсдийн барьсан “И” хотхоны ус, дулаан дамжуулах узелийн тоног төхөөрөмжийн ашиглалтыг “Б” ХХК-иас манай компанид шилжүүлэхээр болсон. Тэгтэл “Б” ХХК нь “И” хотхоны дулааны узелийн хаалгыг цоожилчихоод, манай компанид хүлээлгэж өгөхгүй байсан. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “М И” ХХК-ийн удирдлагаас “И хотхоны оршин суугчид дулаан доголдоод байна гэж гомдол гаргаад байна, та нар ирж дулааны узелээ хүлээн авч, ажлаа хий” гэж хэлсэн. Ингээд тухайн өглөө 10:00 цагийн үед манай компаний засварчин Б, Б, Э, Ш, Н бид нар “И” хотхоны дулааны узелийг хүлээн авахаар тус хотхоны 41б байрны гражид очсон. Бид узелийг хүлээн авахын тулд “И” СӨХ-ийн дарга, удирдах зөвлөлийн гишүүн, “М И” ХХК-ийн инженер М, Ц нарыг байлцуулсан. Ингээд дулааны узелийн цоожтой хаалгыг манай ажилтан Б нээх гээд оролдож байхад гаднаас харааны нүдний шилтэй, 30 гаран насны, 175 орчим сантиметр өндөртэй, махлаг залуу “пизда нарыг ална аа” гээд орилж орж ирснээ Быг өшиглөж унагаад цохиход хажууд нь ойрхон зогсч байсан Б нөгөө махлаг залуугийн хойноос нь тэвэрч аваад хойш нь татаад, Б-аас холдуулсан. Тэр залуугийн нэрийг М гэдэг, тэрээр “Б” ХХК-ийн захирал гэдгийг сүүлд мэдсэн.

Ингээд Б М-ыг тэврэхээ болиод тавьтал М хойшоо эргэж хараад Б-г гараараа нүүр рүү нь нилээн олон удаа цохисон. Тэр үед би тэдэн дээр очиж М-ыг Б-гээс салгасан. М намайг арай ч зодоогүй, гэхдээ “пизда, та нарыг ална” гээд хараагаад салаавч гаргаад орилж хашгираад байсан. Үүнээс хойш нэг их удалгүй цагдаа нар ирсэн. Тухайн үед Б-г хартал түүний зүүн нүд нь хөхөрч хавдаад, амнаас нь цус гарсан харагдаж байсан.

...Энэ өдөр манай компаниас надтай нийлээд 6 хүн “И” хотхонд очсон, үүнээс би л ганцаараа энгийн хувцастай байсан ба үлдсэн 5 хүн нь цэнхэр өнгийн ажлын хувцас өмссөн байсан. Тэр өдөр М-ын биед илтэд анзаарагдахаар гэмтэл шарх учраагүй байсан. Надад өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

- гэрч Э.Ш-гийн: “...2017 оны 10 дугаар сараас манай компани нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” хотхоны дулааны узелийг хариуцан ажиллахаар болсон. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “И” хотхоны оршин суугчдаас “халаалт доголдож байна” гэсэн гомдол ирсэн. Тэгээд засварчин Б, Б, Н, инженер Б нарын хамтаар “И” хотхоны дулааны узелд очтол хаалга нь цоожтой байсан. Тэгэхээр нь узелийн хаалгыг нээх гээд байж байхад М гэх (нэрийг нь сүүлд мэдсэн) нүдний шилтэй, махлаг эрэгтэй бидэн рүү ирснээ “наадуулаа зайлуулаач, ална аа, та нарыг наадуулаа зайлуул” гэж орилж байснаа Бын цээж рүү 1 удаа өшиглөөд, гараараа 1 удаа цохисон. Тухайн үед Б хаалга онгойлгох гээд доошоо болоод явган суусан байсан. Тэгэхээр нь Б М-ыг Б-аас салгаж холдуултал М нь “наадуулаа зайлуул, холдуул, та нарыг узель руу оруулахгүй” гэж байснаа Б-гийн зүүн нүд орчимд нь 2-3 удаа гараа атгаж байгаад цохитол Б-гийн амнаас цус гараад, зүүн нүд нь тэр дороо хөхөрч хавдсан. Бгийн хувьд тэрээр М-ыг цохиж зодсон зүйл байхгүй. Б нь М-т “та яагаад настай хүнийг өшиглөж байгаа юм бэ” гэж хэлээд, М-ын гарнаас бариад Б-аас холдуулсан. Дээрх асуудал болсоны дараа манай инженер Б, М-тай “манай ажилтныг яагаад зодож байгаа юм бэ” гээд маргалдаж байхад гаднаас цагдаа нар ирсэн. Хэн цагдаад дуудлага өгсөн болохыг би мэдэхгүй байна.

М-ыг би болон манай компаний ажилчид шалан дээр унагааж, өшиглөж зодсон асуудал болоогүй. Б нь М-ыг заамдаж, хоолойг нь боосон асуудал байхгүй. М нь Б-г зодож байхыг Б, Н, Э, Бболон “И” СӨХ-ийн ажилтан харсан. Нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

- гэрч П.О-ийн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын сүүлээс эхлэн “Б” ХХК-д байцаагчаар ажиллаж байна. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө А-ын хамтаар өөрийн компаний хариуцан ажилладаг дулааны узелүүдээ шалгасан. Ингээд өглөө 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” хотхоны 41б байрны грашид байрлах дулааны узелийг шалгах гээд ортол “Б” гэсэн цэнхэр өнгийн куртик өмссөн хүмүүс М захирлыг тойроод зогсчихсон байсан. Тухайн үед “Б” ХХК-ийн хүмүүс манай дулааны узелийн хаалганы бариул, цоожны голыг эвдчихсэн гээд М захирал тэдгээр хүмүүстэй “та нар манай юмыг эвдлээ, та нарт хүний юм эвдэх эрх байхгүй” гээд маргалдаж байсан. Тэгтэл М захирлыг тойрч зогссон байсан хүмүүс бужигналдаад явчихсан ба М захирал нь 35 орчим насны, 170 орчим сантиметр өндөртэй, цэнхэр өнгийн ажлын куртиктэй залуутай заамдалцсан байсан. Тэр үед манай дулааны инженер Э гаднаас орж ирээд М захирлыг заамдалцсан байсан залуугаас салгаад байж байхад гаднаас “Б” ХХК-ний захирлууд гаднаас орж ирсэн. “Б” ХХК-ийн захирлууд манай компаний захирал Мтай дулааны узелийг манай өмч, танай өмч гэж маргалдаж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. Дараа нь харахад М захирлын эрүүний баруун хэсэгт бага зэрэг шалбарсан байсан.

Уг шалбархайг М захирлын биед хэн учруулсан болохыг би мэдэхгүй байна. М тухайн өдөр хэн нэгэн хүний биед хохирол учруулсан зүйл байгаа эсэхийг мэдэхгүй. М захирал болон “Б” ХХК-ийн ажилчид хоорондоо “дулааны узелийг манай, танай өмч” гээд маргалдаж байгаад, хоорондоо ноцолдоод бужигналдаад явчихсан. Тэр үед яг ямар асуудал болсоныг тодорхой сайн харж чадаагүй. М нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Б” ХХК-ийн ажилтан Б-гийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар мэдэхгүй, тэрийг сайн мэдэхгүй байна. Намайг тус хотхоны грааж руу орсоноос хойш тийм асуудал болоогүй. Харин “Б” ХХК-ийн ажилчид М захирлыг тойроод зогсчихсон, захирал тэдэнтэй маргалдаж байсан. “Б” ХХК-ийн ерөнхий инженер гэх хүн М захиралтай маргалдаж байгаад, М захирлыг заамдаж, хоолойг нь боосон. Энэ үед би М захирлын гар утсан дээр бичлэг хийсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

- гэрч Н.М-ын: “...Би “М И” ХХК-д сантехникийн инженерээр ажилладаг юм. Манай компани нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” хотхоныг барьж, ашиглалтанд оруулсан юм. Тус хотхоны сантехникийн тоног төхөөрөмжийн ашиглалтыг манай компани нь “Б” ХХК-тай гэрээ байгуулан хариуцуулж байгаад, 2017 оны 10 дугаар сарын үеэс “Б” ХХК-д хариуцуулахаар болсон юм. Ингээд “Б” ХХК нь “И” хотхоны дулааны узелийг авах гээд удаа дараа “Б” ХХК-д албан бичиг хүргүүлсэн боловч “Б” ХХК нь “М И” ХХК нь манай компанитай өр төлбөрийн асуудалтай гээд дулааны узелийг хүлээлгэн өгдөггүй байсан. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Б” ХХК-ийн 10 орчим хүн ажилчид “И” хотхоны дулааны узелийг хүлээн авахаар ирээд “И” хотхоны 41б байрны доор байрлах грааж руу орж дулааны узелийн хаалганы цоожийг эвдэж нээх гэж байтал “Б” ХХК-ийн захирал М “та нар яагаад байна” гэсээр орж ирсэн. Ингээд л “Б” ХХК болон “Б” ХХК-ийн ажилчдын хооронд маргаан болоод, тэд дулааны узелийн өрөөний үүдэн дээр бужигналдаад, ноцолдоод эхэлсэн.

Ингээд энэ бужигнаан дундаас М-ын нүдний шил нь хагарчихсан, уруулын доод хэсэг нь бага зэрэг цус болчихсон, “Б” ХХК-ийн ажилтан Б /сүүлд нэрийг нь мэддэг болсон/ аль нэг нүдээ дарчихаад сууж байснаа босч ирэхээр нь хартал гараараа дарсан байсан нүд нь хөхөрсөн байсан. Ингээд би дээшээ хяналтын камерийн өрөө рүү орчихоод буцаад грааж руу ороод иртэл цагдаа нар ирсэн байсан. Тухайн үед хэн цагдаад дуудлага өгсөн болохыг би мэдэхгүй байна.

М нь мэдүүлэхдээ “манай компаний өмчлөлийн “И” хотхоны дулааны узелийн гадна талын бор өнгийн бүргэд хаалгыг хойд талдаа “Б” ХХК гэсэн бичиглэл бүхий цайвар цэнхэр өнгийн куртик өмссөн, 7-8 хүн эвдэж байсан. Тэд нар “бид юмаа авч байна” гэж тал талаас над руу дайраад... тал талаас өшиглөж цохисон” гэж мэдүүлсэн байна. Тийм зүйл болсон эсэхийг би мэдэхгүй байна. Ямар ч гэсэн бөөн бужигнаан болоод байсан. М, Б нарын эрүүл мэндэд хэн, юугаар, хохирол учруулсныг  мэдэхгүй. Намайг гарааш байхад М-ыг хэн нэгэн хүн цохиж зодсон асуудал болоогүй. Би тухайн өдөр хар өнгийн юүдэнтэй, хагас урттай куртиктэй байсан. Тухайн асуудал болоход манай компаниас ерөнхий нягтлан бодогч С /00000000/ бид хоёр л байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн  мэдүүлэг,

- гэрч Ц.Э-гийн: “...Би “Б” ХХК-д 2017 оны 09 дүгээр сараас эхлэн дулааны инженерээр ажиллаж байна. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 10:00 цагийн үед диспетчер А, О нарын хамтаар өөрийн компаний хариуцдаг дулааны узелүүдыг шалгаж явж байгаад, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “И” хотхоны 41б байрны гараашид байрлах дулааны узелийг шалгах гээд би машинтайгаа граш руу ортол манай компаний захирал М-ыг “Б” бичиглэлтэй, цэнхэр өнгийн куртик өмссөн 6-7 эрэгтэй хүн тойроод зогсчихсон, узелийн хаалга эвдэллээ гээд хоорондоо маргалдаж байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад, захиралтай маргалдаад, түүн рүү дайрч давшлаад байсан хүмүүс рүү очоод “хүний олон хүнээ барихгүй шүү” гэж хэлсэн. Тэдгээр хүмүүс М-ын хувцаснаас нь зуурчихсан, “Б” ХХК-ийн захирал гэх харааны нүдний шилтэй эмэгтэй М-ын гар, нуруу орчим руу 2-3 удаа гараараа цохиж байсан.

Тэр эмэгтэй М-ын аль гар руу нь цохисон болохыг мэдэхгүй байна. Ингээд бужигналдаад байхаар нь би дундуур нь ороод М-ыг тэр хүмүүсээс салгаж холдуулсан шиг санагдаж байна. Энэ асуудал болсоноос хойш нилээн хугацаа өнгөрсөн болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Одоо миний тод санаж байгаагаар “Б” ХХК-ийн инженер махлагдуу, 170 орчим сантиметр өндөртэй эрэгтэй М-тай маргалдаад, түүнийг заамдаж аваад, гараа далайж байсан. Ингээд удалгүй цагдаа нар ирээд М захирлыг “Б” ХХК-ийн инженер махлагдуу залуугийн хамтаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү авч явсан.

“Б” ХХК-ийн инженер махлагдуу залуу М-ыг заамдаад, гараа далайгаад уруул руу нь цохичих шиг болсон. Тухайн үед М захирал “намайг цохичихлоо шүү дээ” гэж хэлж байсан. М нь Б миний эрүү орчимд гараараа нэг удаа цохисон гэж мэдүүлсэн. Энэ талаар би мэдэхгүй байна. “Б” ХХК-ийн инженер махлагдуу залуу М-ын эрүү рүү цохиж гэмтээсэн. Намайг тус байрны граажид орж ирснээс хойш М нь хэн нэгэн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан асуудал болоогүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

- гэрч Х.А-ын: “...Би 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн “Б” ХХК-д диспетчерээр ажилладаг юм. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө ажлаасаа буугаад байцаагч О, дулааны инженер Э нарын хамтаар дулааны узелүүдээ шалгасан. Ингээд өглөө 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, И хотхоны 41б байрны граш дах дулааны узелийг шалгах гээд инженер Э-гийн хамт түүний машинаар байцаагч О бид нар очиход, дулааны узелийн үүдэнд “Б” гэсэн нэртэй цэнхэр өнгийн куртик өмссөн олон хүмүүс М захирлыг тойроод зогсчихсон, захирал биеэ хамгаалсан хагас тонгойсон байдалтай зогсож байсан. Тэр үед “Б” гэсэн нэртэй цэнхэр өнгийн куртиктэй хүн гараа далайгаад М захирлын нуруу руу нь нэг удаа цохисон. Энэ байдлыг харсан Э инженер машинаасаа буугаад “хүний олон хүнээ барьдаггүй юм шүү” гэж хэлээд тэдгээр хүмүүсийг М захирлаас холдуулахад О бид хоёр машинаас буугаад захирал руу очтол түүний харааны нүдний шил нь алга болоод, уруулын доод хэсэгт шалбараад цус гарч байсан. О бид хоёр М захирлын нүдний шилийг газраас олж өгсөн.

Тэгээд М захирал машиндаа суугаад явах гэтэл “Б” ХХК-ийн хүмүүс түүнийг машинд нь суулгахгүй, “чи байж бай, цагдаа дуудсан” гэж хэлээд явуулахгүй байсан. Гэтэл гаднаас “Б” ХХК-ийн захирал гэх эмэгтэй бор царайтай, 165 орчим сантиметр өндөртэй, махлагдуу ахын хамтаар граажид орж ирсэн ба тэр ах нь М захиралтай маргалдаад, захирал руу дайраад, заамдаад байсан. Энэ үйл явдлыг О нь М-ын гар утсанд бичиж авсан. Ингээд удаагүй байхад цагдаа нар ирээд М захирлыг аваад явсан.

Тухайн өдөр “Б” ХХК-ийн хүмүүс ямар шалтгааны улмаас М-тай маргалдах болсон тухай мэдэхгүй байна. Цэнхэр өнгийн ажлын куртиктэй хүн М захирлын нуруу орчимд гараараа нэг удаа цохиж байсан. Би тэр хүнийг одоо харвал танихгүй. Хэд орчим насны, ямар зүс, царайтай хүн байсныг хэлж мэдэхгүй байна. Мөн сүүлд орж ирсэн бор царайтай, махлагдуу ах М захирлыг заамдаж байсан. Үүнээс өөрөөр М захирлыг зодож цохисон хүн байхгүй. Намайг “И” хотхоны 41б байрны граажид очсоноос хойш М захирал хэн нэг хүнийг зодож, цохисон асуудал гаргаагүй. “Б” ХХК-ийн ажилтнуудаас тухайн үед эрүүл мэндээрээ хохирсон хүн байсан эсэхийг анзаарч хараагүй.” гэсэн мэдүүлэг,

- гэрч Ц.Э-гийн: “...Би “Б” ХХК-ийн засварчинаар ажилладаг юм. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед манай компаний засварчин Ш, Б, Б, Н, инженер Б нарын хамтаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” хотхоны дулааны узелийг хүлээн авахаар 41б байрны граажид очсон. Ингээд бид узелийг хүлээн авахдаа “И” СӨХ-ийн ажилтнууд, “М И” ХХК-ийн ажилтнуудыг байлцуулсан. Бид дулааны узелийг хүлээн авах гэтэл хаалга нь цоожтой байхаар нь Б цоожийг нээх гээд доошоо тонгойгоод ноцолдож байхад харааны нүдний шилтэй, махлагдуу, 30 гаран насны залуу “пизда наахуунуудаа юу хийгээд байгаа юм бэ, та нарыг ална” гээд орилж хашгирч ирсэнээ, Б-ын баруун хавирга орчимд нэг удаа өшиглөхөд, тэрээр шалан дээр унасан. Тэгэхээр нь Б бид нар тэр залууг Б-аас холдуулсан. Тэр залууг “Б” ХХК-ийн захирал М гэдгийг сүүлд мэдсэн.

Тэгтэл М нь Б-гийн хажуугаар зөрж өнгөрөхдөө түүний нүүр, зүүн нүд орчимд нь гараараа 1-2 удаа цохисон. Тухайн үед Б-гийн ам хамарнаас нь цус гарсан эсэхийг би сайн санахгүй байна. Ямар ч гэсэн зүүн нүд нь тэр доороо хавдаад хөхөрчихсөн. Ингээд инженер Б бид хоёр М-ыг Б-гээс холдуулаад, удаагүй байхад гаднаас цагдаа нар ирсэн. Тухайн өдөр М-ыг цохиж зодсон асуудал байхгүй. Тухайн үед Б ах ОВЕҮ гэсэн бичиглэл бүхий дээд талаараа хар, доод хэсгээрээ цагийн өнгийн, ноосон малгай өмссөн, би урд талдаа цагаан өнгийн бичиглэлтэй, хөх өнгийн ноосон малгай өмссөн байсан. Б инженерээс бусад нь бүгд ажлын цэнхэр өнгийн куртик өмссөн байсан. Манай компаний ажилчид нийлж М-ыг зодож цохисон асуудал байхгүй. Энэ хүн худлаа ярьж байна. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр М-ын биед ил харагдах гэмтэл шарх учирсан талаар анзаараагүй. Бид М-ыг цохиж зодсон зүйл байхгүй. Харин М нь Б, Б нарыг зодсон. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Б.М-ын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн: “...Яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг юм. “Б компани нь орон сууц, нийтийн аж ахуйн ашиглалт, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2015 оны 05 дугаар сараас эхлэн манай компани нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” хотхоны дулааны узелийг тус барилгыг барьж ашиглалтанд оруулсан “М И” ХХК-иас “Шугам хоолой хүлээн авах гэрээ”-гээр хүлээн авсан. Ингээд ажлаа хэвийн гүйцэтгэж явтал ...2016 оноос эхлээд манай компанитай ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-тай “И” хотхоны дулааны узел дээр маргаан гарч эхэлсэн. Маргаан гарах болсон шалтгаан нь “М И” ХХК нь манай компанитай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй, манай байгууллагад ус, дулааны төлбөрөө төлөхгүй, их хэмжээний өртэй болсон. Ийм байтал “И” хотхоны узелийг “Б” ХХК-д хууль бусаар давхар шилжүүлсэн байсан тул уг маргаантай асуудлыг шийдүүлэхээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус тус нэхэмжлэл гаргасан юм.

Дээрх асуудал эцэслэн шийдэгдээгүй байхад буюу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 10:00 цагийн үед би гэрээсээ гараад машинаа авахаар гарааж руу ортол манай компаний өмчлөлийн “И” хотхоны дулааны узелийн гадна талын бор өнгийн бүргэд хаалгыг хойд талдаа “Б” ХХК гэсэн бичиглэл бүхий цайвар цэнхэр өнгийн куртка өмссөн, 7-8 хүн эвдэлж байсан. Тэгэхээр нь би тэдгээр хүмүүс дээр очоод “юу болоод байгаа юм бэ, та нар ингэж болж байгаа юм уу” гэж хэлтэл тэд нар “бид юмаа авч байна” гэж тал талаас над руу дайраад, ОВЕҮ гэсэн бичиглэл бүхий дээд талаараа хар, доод хэсгээрээ цагаан өнгийн, ноосон малгай өмссөн, 50 гаран насны эрэгтэй, босоо захтай, хар өнгийн куртик өмссөн 40 орчим насны эрэгтэй, урд талдаа цагаан өнгийн бичиглэлтэй, хөх өнгийн ноосон малгай өмссөн, 40 гаран насны, бор царайтай, махлагдуу эрэгтэй, цэнхэр өнгийн кепкэн малгай, цэнхэр өнгийн куртик өмссөн эрэгтэй, 20-25 орчим насны шар царайтай залуу, мөн Б нар нь намайг газарт унагаад, тал талаас өшиглөж цохисон.

Тэгэхээр нь би арай гэж шалан дээрээс босоод иртэл Б миний эрүү орчимд гараараа нэг удаа цохихоор нь би өөрийгөө хамгаалаад хоёр гараа савсан. Тэр үед Б-г цохисон юм байлгүй. Тухайн үед Б миний урд талд зогсож байсан юм. Тухайн үед тэд нар шуугилдаад л байсан ба “Б” ХХК-ний ерөнхий инженер гэх, дунд хэсгээрээ саарал өнгийн хөндлөн оруулгатай, цагаан өнгийн ноосон малгайтай, гадна талаараа улаан, хөх өнгө алагласан куртка өмссөн 45-50 орчим насны эрэгтэй “намайг ална, чи манай хүмүүсийг зодсон” гэж надтай маргалдаж байгаад, намайг заамдаж, хоолой бооход хажууд байсан хүмүүс нь салгасан. Тухайн үед манай ажилтан болох А /утасны дугаарыг нь мэдэхгүй байна/, О /00000000/ нар орж ирсэн. Болсон үйл явдлыг гар утас дээрээ видео бичлэг хийж авсан. Төд удалгүй цагдаа нар ороод ирсэн, хэн цагдаад дуудлага өгснийг би мэдэхгүй.

Б-гийн эрүүл мэндэд хэн, юугаар, хэрхэн хохирол учруулсныг би мэдэхгүй. Би Б-г зодож цохисон зүйл байхгүй. Б миний эрүү орчимд гараараа нэг удаа цохихоор нь би өөрийгөө хамгаалаад хоёр гараа савсан. Тэр үед Б-г цохисон юм байлгүй. Харин Б ХХК-ний хүмүүс л нийлж байгаад намайг зодсон. Тэдгээр хүмүүст зодуулсаны улмаас миний доод уруул дотор хэсэгтээ язарсан, мөн толгой, нуруу, хөл хэд хоног өвдөж чилээрхсэн. Үүнээс өөр гэмтэл шарх учраагүй. Хохирогч Д.Б-гийн мэдүүлэгт “2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 10 цагийн үед...хаалга цоожтой байхаар нь хамт явсан Б цоожийг эвдлэх гээд сууж байхад хажуунаас “Б” ХХК-ний захирал М гэдэг хүн гарч ирээд Б-ын цээж рүү өшиглөөд зодох гээд дайрахаар нь болиулахад над руу дайрахаар нь холдоод цаана очоод зогсож байхад гэнэт миний нүд рүү гараараа нэг удаа цохисон..., над руу дахиж дайраад миний уруул руу дахиад цохисон гэж мэдүүлсэн байна. Ерөөсөө тийм зүйл болоогүй, би дулааны узелийн хаалга руу бүрэн очиж амжаагүй байхад тэд нар намайг барьж аваад зодсон. Би хүн цохиж зодоод байхаар завдал ч болоогүй. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Б болон түүнтэй хамт явсан хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Тухайн өдөр би манай байгууллагын узелийн хаалгыг “Б” ХХК-ийн ажилчид эвдээд орох гэж байхаар нь би зүй ёсны шаардлага тавьсан. ...Д.Б гэдэг хүн намайг цохих гэж байхаар нь би өөрийгөө хамгаалж, эргүүлэн гараараа цохиод биед нь гэмтэл учруулсан. Тухайн үед гадны хүмүүс байгаагүй ба зөвхөн “Б” ХХК-ийн ажилчид болон манай байгууллагын хүмүүс зодолдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газарт байгаагүй хүмүүс гэрчээр мэдүүлэг өгсөн байсан. 

“Б” ХХК-аас мэдүүлэг өгсөн хүмүүс хэргийн газарт байгаагүй. Би өөрөө зодуулсан. Аргагүй хамгаалалт хийж хохирогчийг цохисон учир би өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна. Хохирогчийн биед би гэмтэл учруулсан, гэхдээ би аргагүй хамгаалалт хийсэн. Миний уруул сэтэрч, толгой тархи гэмтсэн байсан. Би Д.Б-гийн нүдэн тус газар нь цохисон. Шүдэнд учирсан гэмтлийг мэдэхгүй.

Миний уруул сэтэрсэн байсан. Мөн толгой, цээж, гуя, нуруун тус газруудад няцралт, хөхрөлт байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Би хохирогчийн эмчилгээтэй холбоотой хохирлыг төлж барагдуулна. Би сэтгэл санааны болон өмгөөлөгчийн зардлыг төлж барагдуулахаас татгалзаж байна.

Тухайн өдөр 7-8 хүн байсан. Би тэр үед бичлэг хийж явсан ба ямар нэгэн хараалын үг хэлээгүй. Мөн Б гэдэг хүнийг өшиглөсөн зүйл байхгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар бичлэгийг сидинд буулгаж өгсөн боловч сиди нь хугарсан. Тэр сидинд би үүднээс гараад узелийн хаалга хүртэлх үйл явдлыг буулгасан. Намайг тал талаас барьж авсан нь бичлэгт байдаг. Би ална хядна гэсэн зүйл байдаггүй ба зүй ёсны шаардлага тавьсан. Тухайн узелийн хаалганд манай компанийн хаяг наасан байсан.

Миний биед “Б” ХХК-ийн 8 хүн намайг зодсон. Энэ талаар би тухайн үед цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахдаа дутуу гаргасан байсан. Би бичлэг хийж очиход хамгийн өндөр нь миний утсыг авч шидсэн. Тал талаас над руу дайрсан болохоор би толгойгоо хамгаалаад газар суусан. Намайг очиход бүгдээрээ хаалга эвдээд дууссан байсан, гэхдээ дотогшоо орж амжаагүй байсан. Сууц өмчлөгчдийн холбооны хүмүүс зодооны дараа орж ирсэн гэж гэрч нар мэдүүлсэн байдаг. Зодоон болох үед Сууц өмчлөгчдийн холбооноос хүмүүс байгаагүй. Хэн намайг алгадсаныг би сайн санахгүй байна. Бүгдээрээ бужигнаж байхад хохирогч намайг цохих гээд далайхаар нь би гараараа толгой руу цохисон. 7-8 хүнд би цохиулаад зогсохгүй шүү дээ. Би эд зүйлээ хамгаалах гэж очоод өөрийгөө хамгаалсан.

Би өөрөө удирдах албан тушаалын хүн. Доод түвшний ажилчдыг хууль бус зүйл хийлгэхгүй. Тухайн үед эвдсэн хаалгаа нэхэмжлээгүй. Хаалга эвдсэнээс болж маргаан гарсан.

Хэргийн газарт байсан хүмүүс бүлэглэж намайг зодсон байхад яагаад гэрчийн мэдүүлэг авч байгаа тал дээр би гайхаж байна. Мөн зодоон дуусаагүй байхад манай байгууллагын 3 хүн орж ирсэн юм. Мөрдөгч, прокурор тэдгээрээс мэдүүлэг тайлбар аваагүй. Зөвхөн хохирогч гэлтгүй би ч гэсэн сэтгэл санааны хохирол амсаж байгааг хэлэх нь зүйтэй. Тухайн үед “Б” ХХК-ийн ажилчдын хууль бус үйлдлийг зогсоож өгнө үү гэж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан, намайг зодож цохисон асуудал дээр гомдоогүй. Учир нь би тэдгээр хүмүүс удирдлагын өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэж байгаа гэдгийг ойлгосон. Би ямар нэгэн өс санаж гомдоогүй.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч Д.Б-гийн биед учирсан “зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод 2-р шүдний эмтрэл” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.М түүнийг нүүрэн тус газар гараараа цохисноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Хэргийн шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч нараас нь “...хэрэг гарсан тухайн өдөр “Б” ХХК-ийн 7-8 ажилчид манай “Б” ХХК-ийн хариуцдаг “И” хотхоны дулаан дамжуулах төв узелийн өрөөний хаалгыг эвдэж узелийн өрөө рүү нэвтрэн орох гэж байхад нь зүй ёсны шаардлага тавьж таслан зогсоох гэхэд тэдгээр хүмүүс тал талаас дайрч газарт унаган цохиж зодсон, хохирогч гэх Б нь миний нүүрний ам орчим газарт гараараа цохисон, дахин цохих гэж дайрахад нь би өөрийгөө хамгаалж гараараа савах үед ...хохирогчид гэмтэл учирсан байх, тухайн үед миний бие аргагүй хамгаалалт хийсэн, миний доод уруулын дотор, гадна язарч сэтэрсэн, цус гарсан, толгой, цээж, гуя, нуруун тус газруудад няцралт, хөхрөлт үүссэн байсан. Би өөрөө зүй ёсны шаардлага тавьсныхаа төлөө зодуулсан учир аргагүй хамгаалалт хийсэн. Аргагүй хамгаалалт хийж хохирогчийг цохисон учир би өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна...” хэмээн мэдүүлж, довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү гэж мэтгэлцэж буйг хүлээн авах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “...өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг аргаггүй хамгаалалт гэж үзэж гэмт хэрэгт тооцохгүй байхаар, ...аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ...” гэж заасан ба тухайн тохиолдолд хэргийн хохирогч Д.Б-гийн зүгээс шүүгдэгч Б.М-ын амь нас, эрүүл мэнд, халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг чиглэсэн идэвхитэй үйлдлээр халдсан болон халдлага хийх нь илт тодорхой байсан гэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээр дурьдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэрэгт асуугдсан гэрчүүдийн мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдоогүйгээс гадна шүүгдэгч нь “Б” ХХК-ийн ажилтан н.Б-ыг узелийн хаалганаас холдуулахаар түүний цээж рүү түлхэж өшиглөхөд нь хохирогч Д.Б араас нь барьж /тэвэрч/ салгасан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол, эрхэд халдсан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.

 

Иймд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэв.   

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.М нь хохирогч Д.Б-г гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон тул шүүгдэгч Б.М-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.       

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,

- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. 

 

Хэргийн хохирогч Д.Б-гийн биед “зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод 2-р шүдний эмтрэл” гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч нь толгойн компьютер томографт харуулсан, ШШҮХ-д гэмтлийн зэрэг тогтоолгохоор үзүүлсэн, нүдний үзлэг, шүдний эмчилгээ зэрэг эмчилгээ үйлчилгээ хийлгэн 283.000 төгрөгийн зардал гаргасан нь хохирогчоос хэрэгт гаргаж өгсөн эмнэлгийн бэлэн мөнгөний орлогын баримтуудаар /хэргийн 61-64х, 97х/  нотлогдсон тул шүүгдэгч Б.М-аас гэм хорын хохиролд 283.000 /хоёр зуун наян  гурван мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Д.Б-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй. 

 

Харин хохирогчийн нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирлын 2.500.000 төгрөг, өмгөөлөгчийн зардлын 1.500.000 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэв. Учир нь:

 

 Хохирогч нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дурын үндсэн дээр сонгон авч, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй, нөгөө талаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэснээс өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал, мөн тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд /5.3 дугаар зүйл/ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй нөхцөл шаардлагад хамаарахгүй учир өмгөөллийн зардалд нэхэмжилж буй 1.500.000 төгрөгийн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн сэтгэл санааны хохирол гэх шаардлагын тухайд хохирогч энэ талаар үндэслэл бүхий баримт нотолгоог шүүхэд гаргаагүй, бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах талаарх Иргэний хуулийн 505 дугаар зүйлд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, нөхөн төлбөрт “сэтгэл санааны хохирол” хамаарах талаар зохицуулсан заалтгүй учир сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилсэн 2.500.000 төгрөгийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.  

 

Шүүгдэгч Б.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 52х/ байгаа нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарна.     

 Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага нь гарцаагүй байх, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчим, зорилтод тус тус нийцүүлэн, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 800 /найман зуу/ нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.     

 

Энэ хэрэгт Б.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэснийг тус тус дурьдаж, хэргийн хамт ирсэн сиди 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-ыг 800 /найман зуу/ нэгж буюу 800.000 /найман зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.     

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.М-аас гэм хорын хохиролд 283.000 /хоёр зуун наян гурван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Б-ийн 00-0-00 тоотод оршин суух хаягтай, Б овогт Д-ын Б-д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол болон өмгөөллийн үйлчилгээний хөлсөд нэхэмжилсэн 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт дагалдаж ирсэн сиди 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Б.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

            

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БАЗАРХАНД