Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 501

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                      

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

 улсын яллагч Ш.Алтанцэцэг,

 шүүгдэгч С.А,

 нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт С-ийн А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810 0203 70586 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

Шүүгдэгч С.А нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапид харш” хотхоны 5 дугаар байрны гадаа хүргүүлж буусан иргэн Б.А-д өөрийн 00-00 УНМ улсын дугаартай приус маркийн машинаар такси үйлчилгээнд явж байхдаа автомашины суудал дээр мартаж буусан I phone 7 плас маркийн гар утсыг авч завшсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

      

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн ”өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1.  Шүүгдэгч С.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйл алга байна. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргахгүй. Өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлтээ дэмжиж байгаа. Прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд одоо ажлаа хийж байгаа, сарын 650.000 төгрөгийн цалин орлоготой.

Хэрэг гарсан өдөр жолоодож явсан 00-00 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байдаг. Тухайн өдөр хүн гар өргөхөөр нь авч суулгаад Хурд хорооллын гадаа очиж таксины мөнгөө авах гэтэл хохирогч бүхэл мөнгөтэй байсан учир би дэлгүүр ороод задлуулчих гэж хэлсэн. Тэгээд хороолол дотор зогсож байтал зам нь нэг урсгалтай учир араас олон машин сигналдаад байхаар нь би зогсож байсан газраасаа хөдлөөд явсан. Тухайн үед үйлчлүүлэгч машины арын суудал дээр гар утсаа орхиод буусан байсан. Би хохирогчийн гар утсыг унтраасан нь үнэн. Хохирогч надад гар утсаа барьцаанд үлдээсэн зүйл байхгүй. Би хохирогчид гар утсыг сайн дураараа буцааж өгсөн. Би ийм хэрэгт холбогдсондоо маш их ичиж, гэмшиж байна. Цаашид дахин ийм үйлдэл гаргахгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1810 0203 70586 дугаартай хэргээс:

 

   1. Хохирогч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 19:00 цагийн үед Олимп хотхоны замын урд талаас гар өргөж, хар өнгийн приус 20 маркийн автомашинд сууж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 5 дугаар байрны гадна очиход 2000 төгрөгний тооцоо гарсан. Би 10.000 төгрөг өгтөл “мөнгө задлахгүй” гэхээр нь “дэлгүүр орж мөнгөө задлуулаад өгье” гэж хэлээд буусан. Тэр үед би машиных нь сандал дээр өөрийн I phone 7 плас маркийн гар утсаа орхиж буусан. Тэгээд мөнгөө задлуулчихаад 3 орчим минутын дараа дэлгүүрээс гараад иртэл нөгөө такси байхгүй байсан. Тэгээд өөрийн гар утас руугаа залгахад унтраалттай байсан. Тэр хавиар таксигаа маш их хайсан боловч тэр такси байгаагүй. Миний орж мөнгө задлуулсан дэлгүүрийн камерийг шүүж үзэхэд миний буусан таксиний улсын дугаар нь 00-00 УНМ, хар өнгийн приус 20 маркийн автомашин байсан.

Миний гар утас шаргал өнгийн I phone 7 плас маркийн утас бөгөөд 2017 онд манай нөхөр 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр Теди 1 төвөөс худалдан авсан. Миний утасны I mei код нь 359219072955316. Таксины жолооч нь 30 гаруй насны бор залуу байсан. Би дахин харвал танина. Би гар утсаа бүрэн бүтнээр нь авсан. Одоо гомдол санал байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12х, 13-14х/,

           

2. Хөрөнгө, Даатгалын хохирлын үнэлгээний “АБ” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ХУД-001 тоот дүгнэлтэд: “...Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн /гар утасны/ 2018 оны 10 дугаар сарын байдлаарх зах зээлийн үнэ цэнийг 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тогтоов.” гэсэн дүгнэлт /хэргийн 25х/,

 

3. Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хохирогч Б.А-гаас бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 32х/,

 

4. Шүүгдэгч С.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

 “...2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 19 цагийн үед өөрийн эзэмшлийн 00-00 УНМ улсын дугаартай автомашинаар таксинд явж байгаад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Home plaza-2 төвийн урд нэг эмэгтэй гар өргөж байхаар нь аваад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхоны дотор очиход таксины мөнгө 2.000 төгрөг гарсан. Тэгтэл тэр эмэгтэй 10.000 төгрөг өгөхөд нь би хариулж чадахгүй байсан учир задалж чадаагүй. Тэгээд тэр эмэгтэй дэлгүүр орж мөнгө задлуулахаар буусан. Тухайн үед би замын хажууд зогссон байсан учир араас машинууд  гарах гээд би зам чөлөөлж, машинтай зогсох боломжтой газар олоод 2 орчим минут нөгөө эмэгтэйг хүлээсэн.

Би дүрмийн бус газар зогссон байсан учир хөдлөөд явсан. Тэгээд баруун зүгт яваад 15-20 минут явсны дараа би арагшаа харсан чинь арын суудал дээр гар утас байсан. Тэгээд гар утсыг авахад тухайн гар утас унтарсан байсан. Тэгээд шууд гэр рүүгээ явсан. Тэр эмэгтэй байран дунд буусан учир хаашаа явсаныг мэдэхгүй, гар утсыг нь аваад явсан. Маргааш өглөө ажил дээрээ ирээд байж байтал 09:00 цагийн үед  цагдаагаас залгаад “гар утсаа мартсан байна, утсыг нь авчирч өг” гэж хэлсэн.

Би тэр даруй гар утсыг нь аваачиж өгсөн. Гар утас нь шаргал өнгийн I phone 7 плас маркийнх байсан. Би анх тэр газраас хөдлөхдөө гар утсыг хараагүй. Тухайн үед миний машинд суусан эмэгтэй 1.000 төгрөг өгсөн. Дахиад 1.000 төгрөг өгөх ёстой байсан ч би болъё гэж бодоод хөдлөөд явсан. Тэгсэн миний машины арын суудал дээр гар утас байхаар нь авсан. Би урьд гэрчээр мэдүүлэг өгөхдөө би гар утсыг унтраасан гэж мэдүүлэг өгсөн. Хэргийг хурдан шийдэх байх гэж бодоод тэгэж мэдүүлэг өгсөн. Хийсэн хэргээсээ ичиж байна. Буруу үйлдэл хийснээ ойлгосон дахин гэмт хэрэгт холбогдохгүй, гар утсыг нь буцаан өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 29х/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ажлын үнэмлэх /хэргийн 27-28х, 30-31х, 36х/, гэрч Б.Э-ын мэдүүлэг /19-20х/, Хан-Уул дүүргийн прокурорын газарт шүүгдэгч С.А-ын “...өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 37х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлтээ бичгээр гаргасныг /хэргийн 37х/ прокурорын 2018 оны 10  дугаар сарын 17-ны өдрийн 78 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэн, улмаар прокуророос шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж /хэргийн 38х/ эрүүгийн 1810 0203 70586 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.  

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.А-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч С.А нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн 00-00 УНМ улсын дугаартай хар өнгийн приус маркийн автомашинд гар өргөн суусан иргэн Б.А-д такси үйлчилгээ үзүүлэн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапид харш” хотхоны 5 дугаар байрны гадаа хүргүүлэхэд нь автомашины арын суудал дээр мартаж буусан түүний I phone 7 плас маркийн гар утсыг авч завшсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:

 - хохирогч Б.А-гийн: “...2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед Олимп хотхоны замын урд талаас гар өргөж хар өнгийн приус 20 маркийн автомашинд сууж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 5 дугаар байрны гадна очиход 2000 төгрөгний тооцоо гарсан. Би 10.000 төгрөг өгтөл жолооч нь “мөнгө задлахгүй” гэхээр нь “дэлгүүр орж мөнгөө задлуулаад өгье” гэж хэлээд буусан. Тэр үед би машиных нь арын сандал дээр өөрийн I phone 7 плас маркийн гар утсаа орхиж буусан. Тэгээд мөнгөө задлуулчихаад 3 орчим минутын дараа дэлгүүрээс гараад очтол нөгөө такси байхгүй байсан, ...гар утас руугаа залгахад унтраалттай байсан. Тэр хавиар таксигаа маш их хайсан боловч тэр такси байгаагүй. Миний орж мөнгө задлуулсан дэлгүүрийн камерийг шүүж үзэхэд миний буусан таксиний улсын дугаар нь 00-00 УНМ, хар өнгийн приус 20 маркийн автомашин байсан. Миний гар утас шаргал өнгийн I phone 7 плас маркийн утас байсан. 2017 онд манай нөхөр 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр Теди 1 төвөөс авч байсан. Миний утасны I mei 359219072955316. Таксины жолооч 30 гаруй насны бор залуу байсан. Би дахин харвал танина. Би гар утсаа бүрэн бүтнээр нь авсан. Одоо гомдол санал байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12х, 13-14х/,

- Хөрөнгө, Даатгалын хохирлын үнэлгээний “АБ” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ХУД-001 тоот “...Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн /гар утасны/ 2018 оны 10 дугаар сарын байдлаарх зах зээлийн үнэ цэнийг 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тогтоов.” гэсэн дүгнэлт /хэргийн 25х/,

-шүүгдэгч С.А-ын: “...2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 19:00 цагийн үед өөрийн эзэмшлийн 00-00 УНМ улсын дугаартай автомашинаар таксинд явж байгаад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Home plaza-2 төвийн урд нэг эмэгтэй гар өргөж байхаар нь аваад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхоны дотор очиход таксины мөнгө 2000 төгрөг гарсан. Тэгтэл тэр эмэгтэй 10.000 төгрөг өгөхөд нь би хариулж чадахгүй байсан учир задалж чадаагүй. Тэгээд тэр эмэгтэй дэлгүүр орж мөнгө задлуулахаар буусан. ...Тэгээд баруун зүгт яваад 15-20 минут явсны дараа би арагшаа харсан чинь арын суудал дээр гар утас байсан. Тэгээд гар утсыг авахад тухайн гар утас унтарсан байсан. ...Тэр эмэгтэй байран дунд буусан учир хаашаа явсныг мэдэхгүй, гар утсыг нь гэр рүүгээ аваад явсан. Маргааш өглөө ажил дээрээ ирээд 09:00 цаг өнгөрч байхад цагдаагаас залгаад “гар утсаа мартсан байна, утсыг нь авчирч өг” гэж хэлсэн. Би гар утсыг нь аваачиж өгсөн. Гар утас нь шаргал өнгийн I phone 7 плас маркийнх байсан. ...Хийсэн хэргээсээ ичиж байна. Буруу үйлдэл хийснээ ойлгосон дахин гэмт хэрэгт холбогдохгүй, гар утсыг нь буцааж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Шүүгдэгч С.А нь өөрийн эзэмшлийн 00-00 УНМ улсын дугаартай, хар өнгийн приус маркийн автомашинд зорчиж явсан иргэн Б.А түүний автомашинаас буух үед автомашины арын суудалд орхиж буусан, 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий I phone 7 плас маркийн гар утсыг өөрийнх нь биш, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж авсан гэмт үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.  

 

Шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Прокуророос “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн үндэслэл бүхий байна.

 

Иймд шүүгдэгч С.А-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.       

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ... эд хөрөнгөд шууд учирсан үр дагавар гэмт хэргийн хохиролд тооцох бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх,  гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.  

 

Хохирогч Б.А нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.” бөгөөд  тэрээр мөрдөн байцаалтын шатанд: “...Би гар утсаа бүрэн бүтнээр нь авсан. Одоо гомдол санал байхгүй.” хэмээн мэдүүлж /хэргийн 11-12х, 13-14х/, тус шүүхэд утсаар мэдэгдэхдээ: “...миний бие шүүгдэгч С.А-д одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралд оролцохгүй.” гэдгээ тус тус илэрхийлсэн тул гэмт хэргийн  хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэн шүүгдэгч С.А-оос гаргуулах төлбөргүй гэж үзнэ.        

 

Шүүгдэгч С.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 29х/ зэрэг тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг биет байдлаар нөхөн төлж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан гэж үзэх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.  

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналыг харгалзан С.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.    

 

Энэ хэрэгт С.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, мөн хохирогч Б.А нь хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Б овогт С-ийн А-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгний хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  С.А-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт С.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, мөн хохирогч Б.А нь хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан С.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БАЗАРХАНД