Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00088

 

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00088

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/02936 дугаар шийдвэртэй,

 

А-ын нэхэмжлэлтэй,

Б-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А- нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 87,720,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг Б-д худалдан борлуулсан. Улмаар Б- нь худалдаж авсан дизель түлшний үнэ болох 87,720,000 төгрөгийг өгөхгүй байсан тул 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Тус гэрээнд2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дотор Б- нь дизель түлш худалдаж авсан төлбөрөө бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн.

1.2. Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулснаас хойш Б- нь 83,720,000 төгрөгийн төлбөрийг барагдуулж, үлдэх 4,000,000 төгрөгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байна.

Иймд дизель түлш худалдан борлуулсны үлдэгдэл төлбөр болох 4,000,000 төгрөгийг Б-гээс гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. А-аас 49,050 литр түлш авсан. Анх дизель түлш авахад мөнгө хүрэхгүй байсан учраас 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч А-ын данс руу 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн.

2.2. 49,050 литр түлшийг нэг бүрийн үнэ 1,790 төгрөг байхаар тооцож “Г” ХХК-аас авч 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 27,720,000 төгрөгийг шилжүүлсэн. 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 9 тонн түлш буюу 16,740,000 төгрөгийн дизель түлшээр төлбөрийг төлсөн. 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч А-ын ээж н.Д- руу 1,400,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Нийт 88,860,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-гээс 1,720,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,280,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-гээс 42,470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч А-аас Б- нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 87,720,000 төгрөг бүхий дизель түлшийг худалдан авч, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 27,000,000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 16,740,000 төгрөгийн дизель түлш, А-ын **** УАК машины автоцистернд түлшээр нь ачуулсан, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1,400,000 төгрөгийг А-ын ээж Х.Д- данс руу шилжүүлсэн, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөгийг тус тус төлж, баримтаар нотолсон.

4.2. Нэхэмжлэгчийн ээж Х.Д- нь хамт ирж дарамтлан элдвээр хэлж, доромжлон өдөр, шөнөгүй утсаар залгаж 1,400,000 төгрөгийг авсан атлаа шүүхэд Х.Д- гэх хүн надад хамаагүй, миний данс руу шилжүүлээгүй, өөр хүний данс руу шилжүүлсэн гэсэн тул Х.Д-г гэрчээр асуулгах, ямар учир шалтгаанаар өөрийнхөө данс руу мөнгө шилжүүлж аваад одоо хүртэл охин А-т өгөхгүй байгааг тодруулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

5. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүхэд тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. А-, Б- нар хэлэлцэн тохиролцож дизель түлш худалдах, худалдан авах гэрээг амаар хийж, худалдагч 49050 литр түлшийг нийлүүлэх, худалдан авагч нь 87,8720,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн, зочигч энэ талаар маргаагүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

4.1. Худалдан авагч гэрээний төлбөрт 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг, 7,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, нийт 67,000,000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй.

 

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар зохигч өөрийн шаардлага, татгалзлаа баримтаар нотлоогүй байх тул хариуцагч 2021 оны 05 дугаар 17-ны өдөр 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, нэхэмжлэгч нь түлшээр 16,000,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

4.3. Хариуцагчийн “нэхэмжлэгчийн ээж Х.Д-гийн данс руу 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1,400,000 төгрөгийг шилжүүлсэн” гэх тайлбарыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2 дахь хэсэгт тус тус зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчид бус хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Иймд хариуцагч нь гэрээний үүрэгт 87,720,000 төгрөг төлөхөөс 86,000,000 /3,000,000+20,000,000+7,000,000+20,000,000+16,000,000/ төгрөгийг төлсөн, 1,720,000 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас уг мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

4.4 Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч асуулгах хүсэлт гаргаагүй байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/02936 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН

                                           

         ШҮҮГЧИД                                             Т.БАДРАХ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА