| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0274/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/330 |
| Огноо | 2018-11-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/330
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,
Хохирогч О.Дэлгэрцэцэг,
Хохирогчийн өмгөөлөгч З.Ариунцэцэг,
Шүүгдэгч Н.Болд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Намсрайн Болд-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201622000294 тоот хэргийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Оросынхон овогт Намсрайн Болд-Эрдэнэ, 1958 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, улс төр судлаач, эдийн засагч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Эгийн голын сав газрын Зөвлөлд дэд дарга ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум 13 дугаар багийн 45-16 тоотод оршин суух, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 60, 80, 90 жилийн ойн медалиар шагнагдсан, урьд ял шийтгэлгүй, регистрийн ЕП58051013 дугаартай.
Шүүгдэгч Н.Болд-Эрдэнэ нь О.Дэлгэрцэцэгээс Төрийн банкнаас 50.000.000 төгрөгийн бизнесийн зээл авсан боловч ажил бүтэлгүйтээд зээлээ төлж чадахгүй болчихлоо би “Дээд өнгө” ХХК-аас 10.000.000 төгрөгний авлагатай тэрийгээ аваад буцаагаад төлчихнө мөн ажлаас үндэслэлгүй халагдсаны мөнгө 6.000.000 төгрөгийг шүүхээр гаргуулж авахаараа өгнө чи банкны зээл төлөөд өгөөч гэж гуйсан учир О.Дэлгэрцэцэг нь 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 18.620.000 төгрөгийг Н.Болд-Эрдэнийн Төрийн болон ХААН, ХАС банкны дансанд шилжүүлж өгсөн боловч одоог хүртэл уг мөнгийг эргүүлэн төлөөгүй залилсан гэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Болд-Эрдэнэ нь хохирогч О.Дэлгэрцэцэгээс 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 19.993.000 төгрөгийг дансаараа шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Н.Болд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Дэлгэрцэцэгээс яг хэдэн төгрөг, хэдний өдөр авсан гэдгээ нарийн сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ мөнгө авахын хувьд авсан. 2015 оны 7, 8 дугаар сарын үед авсан санагдана. Миний хувьд Дэлгэрцэцэгээс 2 удаа 5 сая төгрөг авсан гэдгээ санаж байгаа, бусдыг нь хэзээ яаж авсан гэдгээ мэдэхгүй байгаа. ...Би Дэлгэрцэцэгээс мөнгө авдаг шалтгаан нь талыг нь Төрийн банкнаас авсан зээлийн төлөлтөө хийх гэж авсан. Тэрнийгээ бол Төрийн банкинд яг л хийж байсан. ...Би Дэлгэрцэцэгт хандаж чи бид хоёрын үерхэл ингээд дуусч байгаа юм бол хэдэн төгрөг авах ёстойгоо надад бичээд өгчих гэсэн чинь надад хэлэлгүй хуулийн байгууллагад өгсөн байна. Дэлгэрцэцэг бид хоёр 2005 онд танилцаад 2006 оноос хойш дотно найз нөхдийн харьцаа холбоотой байсан. ...Дэлгэрцэцэг бид хоёр эр эмийн харьцаа холбоотой байсан. Би Улаанбаатар хотод очихдоо Дэлгэрцэцэгийн гэрт очдог байсан. Дэлгэрцэцэг нөхөргүй. Дэлгэрцэцэгтэй явдаг талаар эхнэртэй баригдаад тэгээд болъё гээд харьцаагаа таслах болсон. ...Энэ мөнгө надад олгогдоогүй. Дээрхи шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгоод анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Тэгэхэд анхан шатны шүүх дахин хэлэлцээд надад бага хэмжээний мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Яг хэдэн төгрөг олгох болсныг нь санахгүй байна. Тэгээд би “Хөвсгөл АЗЗА” компаниас 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг бил үү аваад салж байсан шиг санагдаж байна. Тухайн үед “Хөвсгөл АЗЗА” компаниас авсан мөнгөө зээ хүүгийнхээ хагалгаанд зориулсан. Миний зээ хүү нь тухай үед зүрхний хагалгаанд орж байсан юм. Зүрхний хагалгаанд орсон талаарх Солонгос хэлтэй баримтыг прокурорын шатанд гаргаж өгсөн. ...Би тухайн үед өөрөө ажлаасаа халагдаад ажилдаа эргэн томилуулахаар Улаанбаатар хотод шүүхэд гомдол гаргасан байсан. Буянхишигээс авсан мөнгийг өмгөөлөгчийн хөлс, ирж очих унааны зардал, хоол ундандаа зарцуулсан. Буянхишиг надад мөнгөө өгөхдөө миний Хаан банкны 5890917048 дугаарын данс руу 100.000-аас 500.000 төгрөгийн хооронд цувуулж хийж байсан. Мөнгө шилжүүлэхдээ хаа хамаагүй хүний данснаас шилжүүлдэг байсан. Яг бол өөрийнхөө данснаас над руу мөнгө шилжүүлж байгаагүй. Анх Дэлгэрцэцэг бид хоёр хоорондоо ярьж байгаад Хөвсгөл аймагт оёдлын үйлдвэр оруулж ирье гэж ярилцаад миний нэрээр Төрийн банкнаас 50.000.000 төгрөгийн зээл авсан. Дэлгэрцэцэг нь “Дээд өнгө” компаниас захиалгыг аваад Хөвсгөл аймаг руу над руу явуулаад би оёдлын цехээрээ оёулаад буцаагаад Дэлгэрцэцэг рүү явуулахад Дэлгэрцэцэг нь “Дээд өнгө” компанид буцааж тоо ширхгээр нь хүргэж өгөх ажлыг хариуцан хийх ёстой байсан боловч “Дээд өнгө” компани өөрсдөө дампуурсан учир бидний ажил бүтэлгүйтсэн. Оёдлын машин нэмж захиалсан урьдчилсан төлбөрөө ч авч чадаагүй байгаа” гэх мэдүүлэг,
Хохирогч О.Дэлгэрцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Болд-Эрдэнэ гэх хүнтэй найз нөхдийн холбоотой. Би Болд-Эрдэнийг таньдаг болоод 10 гаруй жил болж байна. Ингээд 2013 оны 06-р сарын 05-ны өдөр Болд-Эрдэнэ над руу залгаад би хүүхдийнхээ бизнесийг дэмжих зорилгоор “Төрийн банк”-аас 50.000.000 төгрөгийн зээл авсан чинь зээлээ төлж чадахгүй болохоор банкнаас гэрийг маань битүүмжлэх гээд байна чи надад мөнгө зээлээч гэхээр нь би Болд-Эрдэнэд итгээд 2013 оны 06-р сарын 05-ны өдөр Болд-Эрдэнийн данс руу Хас банкаар дамжуулан 500.000 төгрөг, түүний дараа 2013 оны 09-р сарын 24-ний өдөр Болд-Эрдэнэ данс руу 2.000.000 төгрөг, 2014 оны 03-р сарын 28-ны өдөр 1.300.000 төгрөг, 2014 оны 06-р сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 06-р сарын 29-ний өдөр 5.000.000 төгрөг, 2014 оын 07-р сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2014 оны 01-р сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2014 оны 09-р сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг, 2014 оны 10-р сарын 17-ны өдөр 100.000 төгрөг, 2014 оны 12-р сарын 06-ны өдөр 150.000 төгрөг, 2014 оны 12-р сарын 23-ны өдөр 273.000 төгрөг, 2015 оны 01-р сарын 31-ний өдөр 100.000 төгрөг, 2015 оны 04-р сарын 28-ны өдөр 1.400.000 төгрөг, 2015 оын 11-р сарын 03-ны өдөр 500.000 төгрөгийн банкны зээлийг нь төлж байсан. Энэ мөнгийг би Болд-Эрдэнийн ХААН, Хас, Төрийн банкны данс руу шилжүүлж байсан. Миний Болд-Эрдэнэд зээлүүлсэн мөнгө нийт 19.593.000 төгрөг болж байсан. Би мөнгөө авахын хувьд Болд-Эрдэнэтэй байнга л уулзаж ярилцаж байсан. Анх надаар банкны зээлээ төлүүлж эхлэхдээ Болд-Эрдэнэ нь “Дээд өнгө” ХХК-тай хамтран ажиллаж байгаа би энэ компаниас 10.000.000 төгрөгийн авлагатай, мөн ажилгүй байсан хугацааны цалин болох 10.000.000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Байгаль орчин аялал жуулчлалын газраас албадан гаргуулж өгнө. Дээрх мөнгийг аваад чиний мөнгийг буцааж өгнө гэсэн боловч одоо бараг 3 жил болж байхад нэг ч төгрөг өгөөгүй... Би Болд-Эрдэнэтэй хамтарч бизнес эрхэлж байгаагүй. Би Болд-Эрдэнийг Буянхишигт борц аваачиж өгөхөд нь хамт явсан нь үнэн. Буянхишиг гэх хүн Өмнөговь аймгийн Гашуун Сухайтын боомтын нүүрс гаргадаг байгууллагад жолооч нарын ахлагч ажилтай. Манай компани нь ажилчдын хүнсэнд борцыг өндөр үнээр авдаг. Нэг сарын дотор мөнгийг чинь найдвартай гаргаж өгнө найдвартай гэж Болд-Эрдэнэтэй ярилцаж тохиролцсон байсан. Тиймээ чиний мөнгөөр борц авсан, хамт аваачиж өгье гээд хамт аваачиж өгсөн. Ингээд Болд-Эрдэнэ бид хоёр Буянхишигээс мөнгөө авч чадаагүй байсан учир мөнгөө авах гэж дахин очиход Буянхишиг та хоёрын надад авчирч өгсөн борц чинь нойтон борц байсан учир өмхийрсөн. Гэхдээ Болд-Эрдэнэ би чамайг хохиролгүй болгож мөнгө төгрөгийг чинь өгнө гэж хэлж байсан. Гэхдээ энэ хоёр мөнгө авч өгөлцсөнийг нь би мэдэхгүй... Би “Дээд өнгө” ХХК-ний захирал Цэрэннадмид гэх хүнтэй уулзахын хувьд бол уулзаж байсан. Тухайн үед Цэрэннадмид захирал би Болд-Эрдэнэд 10.000.000 төгрөгний өглөгтэй түүнийгээ төлж барагдуулна гэж байсан. Мөн Цэрэннадмид гэх хүний төрсөн хоёр дүүтэй нь дээрх асуудлаар уулзаж байсан. Миний дансыг Цэрэннадмид гэх хүн өөрөө авч байсан. ...Болд-Эрдэнэ анх надтай танилцаж байхдаа эхлээд “Хөвсгөл АЗЗА” ХХК-ний захирал байсан дараа нь Хөвсгөл нуур, Эгийн гол сав газрын захиргааны дарга, одоогоор Хөвсгөл нуур Эг сав газрын ахлах мэргэжилтэнгээр ажиллаж байсан. Ингээд би төрийн өндөр албан тушаал хашдаг байсан учир ийм хүн арай ч намайг мэхлэхгүй байх гэж бодоод мөнгө зээлүүлж байсан. ...Би хамгийн сүүлд 2016 оны 02-р сарын 14-ний өдөр Болд-Эрдэнийн утас руу нь залгаж яриад чи надаас зээлсэн мөнгөө төлж барагдуулаач ээж маань хүнд өвчтэй мөнгө төгрөг хэрэгтэй байна гэсэн чинь Болд-Эрдэнэ би чамаас зээлсэн мөнгөө 2016 оны 06-р сарын 01-ний дотор төлж барагдуулна. Гэхдээ би чиний мөнгийг хоёр хувааж төлж барагдуулна гэсэн. ...Сүүлд Н.Болд-Эрдэнийн ХААН банкны 5000623284 дугаарын данс руу 400.000 төгрөгийг Хас банкаар дамжуулан шилжүүлсэн. Нийт 19.993.000 төгрөгийг нэхэмжилнэ. ...Өнгөлөн далдлалт хийж 1.055.000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 05-наас 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр өгсөн. Сүүлд хамтын амьдралтай байсан гээд зүйл яриад байгаа нь ойлгомжгүй. Би ганцаараа олсон мөнгөнийхөө төлөө зүтгэхээс өөр аргагүй. Ц.Буянхишиг, С.Цэрэннадмид гэдэг хүмүүст мөнгө зээлдүүлсэн нь өөрийнх нь асуудал” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Буянхишигийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2014 онд мөнгө зээлсэн санагдаж байна. Гэхдээ сар өдрийг нь сайн санахгүй байна. Миний хувьд Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомтонд том машин жолооддог юм. Ингээд байж байтал манай байгууллага ажилчдын хоолондоо борц авна гээд, зах зээлийн ханшнаас арай дээгүүр үнэ хэлж байсан. Тэгээд би Хөвсгөл аймагт ирээд өөрийн найз Болд-Эрдэнэд би Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомтонд хятад компанид том машин жолоодож байгаа манай байгууллага ажилчдын хоолондоо борц өндөр үнээр авна гэж байна лээ гэж хэлсэн чинь түүнийг Болд-Эрдэнэ хүлээж аваад надад нилээд олон сая төгрөг зээлдүүлье чи борц аваад хоёулаа ашгаа хувааж авъя гэхээр нь би Болд-Эрдэнэд нэг их олон сая төгрөгөөр яах юм бэ надад 3 сая төгрөг өгчих гээд би Болд-Эрдэнээс 3 сая төгрөг зээлж аваад гарын үсэг зурж өгөөд явуулсан. Ингээд 2-3 хоногийн дараа дахиад Болд-Эрдэнээс 1 сая төгрөг зээлж авсан. Энэ мөнгийг авахдаа гарын үсэг зураагүй. Би Болд-Эрдэнээс зээлсэн 4 сая төгрөгөө өөрийн хамаатны дүү Батцэнгэл болон түүний найз гэх нэрийг одоо сайн мэдэхгүй хоёр хүнд өгсөн. Тэр хоёр миний мөнгийг аваад борц хямдхан худалдаж авахаар Хөвсгөл аймгийн Арбулаг сум руу яваад 7 хоног холбоо барихгүй байж байгаад Мөрөн сумын Хөх толгойд газар өгч байхад нь би очсон чинь тэнд байсан. Тэгээд би тэр хоёр хүнээс та хоёр борц худалдаж авсан юм уу мөнгөө яасан бэ гэсэн чинь борц олдохгүй байна. Мөнгө чинь байгаа гэж байсан. Тэгээд би Болд-Эрдэнэ рүү залгаад нөгөө хоёр хүн чинь борц олдохгүй байна гээд ирчихсэн байна. Тэр хоёр хүнд байгаа мөнгөө аваад больдог юм билүү гэж утсаар яриад зогсож байсан чинь Батцэнгэлийн найз нь гэх залуу надад чиний борцыг Улаанбаатар хотоос хүнээс авахаар болсон өнөөдөр аваад явъя гэхээр нь за тэгвэл өнөөдөр амжихгүй маргааш болъё гээд бид нар маргааш нь Улаанбаатар хот руу Батцэнгэлийн найзынх нь машинаар явсан. Тэгээд Батцэнгэл түүний найз гэх залуу бид гурав Улаанбаатар хотын Баянхошуу гэх газарт нэг айлд очсон. Батцэнгэл болон түүний найз гэх залуу хоёр миний өгч явуулсан 4 сая төгрөгнөөс 2 сая долоон зуун мянган төгрөг үлдсэн байсан. Тэгээд байж байтал Батцэнгэл надад би энэ айлаас борц авна та явж бай бид нар араас чинь борц аваад очъё гэсэн. Тэгээд би ажилтай байсан дээр нь ажлаас дуудаад байхаар нь Батцэнгэлд итгээд Өмнөговь аймаг дахь ажлынхаа газар луу явсан. Тэгээд дараа нь сураг дуулахад Батцэнгэл түүний найз гэх залуу, Болд-Эрдэнэ түүний эхнэр нар уулзаж буудалд орж архи дарс уусан сураг байсан. Тэгээд намайг ажил руугаа явснаас хойш миний барагцаалж байгаагаар 3-4 хоногийн дараа Болд-Эрдэнэ эхнэр Дэлгэрцэцэгийнхээ хамт очоод Болд-Эрдэнэ би борц аваад ирлээ буулгаж ав гээд би Болд-Эрдэнийн авчирсан борцыг буулгаж авсан. Тухайн үед Болд-Эрдэнэ надад хэдэн төгрөгний борц авчирсан талаараа хэлээгүй. Харин миний борц худалдаж аваарай гэж мөнгө үлдээсэн хүн болох Батцэнгэл надруу залгаад би 7 сая төгрөгийн борц худалдаж аваад өгөөд явууллаа гэж хэлж байсан. Миний барагцаагаар 6-7 шуудай борц байсан. Борцыг намайг анх үзэж авахад борц зүгээр л байсан. Тэгээд би өөрийн хүлээж авсан борцоо Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаанхад гэх газарт өөрийн танил айлд аваачаад тэр айлын амбаарт нь хийгээд орхисон байсан. Би уул нь борцыг бага багаар нь зөөгөөд хятад улс руу гаргаж хэдэн төгрөгний ашиг олох гэж л байсан юм. Үүнийг юуг нуух юм бэ. Тэгээд байж байтал байрны муу ус гоожоод миний борц хадгалж байсан газар луу ус ороод борц нь нороод халуун газарт юу ч үгүй муудсан байсан. ...Би Болд-Эрдэнээс авсан мөнгөө бэлнээр авсан. Эхлээд 3 сая төгрөг аваад Болд-Эрдэнэ мөнгө авсан нь үнэн гэж гарын үсэг зурж өгсөн. Харин дараа нь 1 сая төгрөг гарын үсэг зурахгүй авсан. ...Би Болд-Эрдэнээс зээлсэн мөнгөнөөсөө мөнгө хэрэгтэй болчихоод байна гэхээр нь 100.000 төгрөг нэг удаа шилжүүлж байсан. Үүнээс өөрөөр шилжүүлээгүй байгаа. Миний хувьд бол Болд-Эрдэнээс авсан 4 сая төгрөгөө төлж барагдуулна. Харин ямар ч үндэслэлгүй нэхээд байгаа 3 сая төгрөгийг төлж барагдуулахгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-24-р хуудас/,
Гэрч С.Цэрэннадмидын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Миний хувьд Болд-Эрдэнэд 5 сая гаруй төгрөгийн өртэй байгаа. ...2013 онд Болд-Эрдэнэ манай компаниас тоног төхөөрөмж худалдаж авсан боловч нэг тоног төхөөрөмж ирээгүй бөгөөд тухайн тоног төхөөрөмжийн мөнгийг одоо хүртэл бүрэн гүйцэд өгөөгүй байгаа юм. Уг нь Болд-Эрдэнэ тоног төхөөрөмжөө авна гэж байсан боловч тухайн тоног төхөөрөмжийг нь БНХАУ-аас захиалаад ирээгүй болохоор 2014 оноос мөнгөө буцааж авъя гэх болсон юм. Болд-Эрдэнийн захиалсан тоног төхөөрөмж нь 7.000.000 төгрөгийн үнэтэй бөгөөд би үүнээс 1.600.000 төгрөгийг 2014 оны сүүлээр /өдрийг нь сайн санахгүй байна/ төлж барагдуулсан. Мөнгө төлсөн баримтууд нь байгаа ба шаардлагатай бол гаргаж өгч болно. ...Би Дэлгэрцэцэг гэдэг хүнийг огт танихгүй...“Анх 2013 онд Н.Болд-Эрдэнэ нь “оёдлын үйлдвэр байгуулах гэсэн юм, өөрөөс чинь заавар зөвлөгөө авъя” гэж Улаанбаатар хотод ирж уулзаж байсан. Тухайн үед би өөрийн мэдэх бүх зүйлээ хэлж ярьж тусалж байсан. Үүнээс хойш таних болсон гэхэд болно. ...Өөрийнх нь захиалснаар шулуун оёдлын машин 10 ширхэг, хэрээсний машин 2 ширхэг, индүү 8 ширхэг гэх тоног төхөөрөмж өгсөн. Гэхдээ зарим жижиг тоног төхөөрөмжийг санахгүй байна, ямар ч байсан нийт 18.900.000 орчим төгрөг болж байсан. Яагаад үлдсэн наймаа тасалдах болсон юм бэ гэхээр тоног төхөөрөмжийг япон улсаас оруулж ирэх байсан боловч тоног төхөөрөмж нийлүүлэх япон компани нь товлосон цагтаа тоног төхөөрөмж нийлүүлээгүй. Энэ үед Болд-Эрдэнийн охин нь нас барснаас үүдэж Болд-Эрдэнэ тоног төхөөрөмжийн мөнгөө буцааж авна гэсэн. Бидний зүгээс Болд-Эрдэнэд одоо 6.000.000 орчим төгрөг өгөх ёстой байгаа. Яг одоогийн байдлаар мөнгөний боломж байхгүй, өвчин зовлонтой байгаа болохоор өгч чадахгүй байна. ...Ямар ч байсан 4.000.000 орчим төгрөгийг банкаар шилжүүлж байсан. Болд-Эрдэнэ өөрөө баримт гаргаад өгчих байх. Учир нь дансаар явуулсан шүү дээ. Хамгийн сүүлд гэхэд 2017 оны 07 дугаар сарын эхээр 500.000 төгрөгрийг Болд-Эрдэнийн Хаан банкны дансанд хийж байсан. Ер нь 4.000.000 төгрөгийг бөөнөөр нь өгч чадаагүй бөгөөд доод тал нь 500.000 төгрөг, дээд тал нь 1.000.000 төгрөгийн хооронд 2-3 удаа шилжүүлж байсан. ...Болд-Эрдэнэ 2014 оны үед шиг санагдаж байна нэг эмэгтэйг манай үйлдвэр дээр дагуулан ирээд хэлэхдээ “та буцааж өгөх мөнгөө энэ хүнтэй уулзаж байгаад ч юм уу дансаар хийгээрэй, энэ манай дүү байгаа юм” гэж хэлж байсан. Гэхдээ би мөнгийг Дэлгэрцэцэгт шилжүүлээгүй, Болд-Эрдэнэд шилжүүлдэг байсан. Мөн би тухайн үед “Болд-Эрдэнэд 10.000.000 төгрөг өгөх ёстой гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 163-164,2-р хх-ийн 32-33-р хуудас/,
Хохирогч О.Дэлгэрцэцэцэгээс шүүгдэгч Н.Болд-Эрдэнийн Төрийн банкны болон ХААН, ХАС банкны дансанд, 2013 оны 06-р сарын 05-ны өдрийн 10:17 минутанд Хас банкны дансанд 500,000 төгрөг тушаасан орлогын баримт, 2013 оны 09-р сарын 24-ний өдөр Төрийн банкны 341100869708 дугаартай дансанд 2.000.000 төгрөг тушаасан орлогын баримт, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ХААН банкны 5000623284 данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн орлогын ордер, 2014 оны 06-р сарын 27-ны өдөр ХААН банкны 5890917048 дугаарын дансанд 5.000.000 төгрөг тушаасан орлогын баримт, 2014 оны 06-р сарын 29-ний өдөр ХААН банкны 5890917048 дугаарын дансанд 5.000.000 төгрөг тушаасан орлогын баримт, 2014 оны 06-р сарын 29-ний өдөр ХААН банкны 5890917048 дугаарын дансанд 1.300.000 төгрөг тушаасан орлогын баримт, 2014 оын 07-р сарын 30-ны өдөр Төрийн банкны 341100869708 дугаартай дансанд 1.000.000 төгрөг тушаасан орлогын баримт, 2014 оны 08-р сарын 29-ний өдөр Төрийн банкны 341100869708 дугаартай дансанд 270.000 төгрөг тушаасан орлогын баримт, 2014 оны 09-р сарын 27-ны өдөр ХААН банкны 5890917048 дугаарын дансанд 1.000.000 төгрөг тушаасан орлогын баримт, 2014 оны 12-р сарын 06-ны өдөр ХААН банкны 5890917048 дугаарын дансанд 150.000 төгрөг тушаасан орлогын баримт, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Шарав-Арилд Бадамрагчаа гэдэг хүнд 100.000 төгрөг шилжүүлсэн баримт, 2015 оны 01-р сарын 31-ний өдөр Төрийн банкны 341100869708 дугаартай дансанд 100.000 төгрөг тушаасан орлогын баримт, 2015 оын 03-р сарын 11-ний өдөр ХААН банкны автомат машинаар 500.000 төгрөг шилжүүлсэн баримт, 2015 оны 04-р сарын 28-ны өдөр Төрийн банкны 360000165935 дугаартай дансанд 1.400.000 төгрөг шилжүүлж өгсөн баримтын хуулбар /1-р хх-ийн 226-230 дугаар хуудас/, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хас банкнаас 400.000 төгрөгийг Н.Болд-Эрдэнийн ХААН банкны 5000623284 дугаарын данс руу картаар шилжүүлсэн орлогын ордерын хуулбар /2-р хх-ийн 162 дугаар хуудас/,
2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хохирогч О.Дэлгэрцэцэгээс Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-ийн 3 дугаар хуудас/,
Хохирогч Л.Дэлгэрцэцэгийн бусадтай ярьж байгаа ярианы бичлэг зэрэг болно.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Болд-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Баасанбаяр нараас шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруугүй гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлж, мэтгэлцэж байх боловч хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тухайн үед зээлсэн мөнгийг өгч авалцах талаар ярилцсан ярианы бичлэг, бусад баримтат мэдээллээр шүүгдэгч Н.Болд-Эрдэнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Н.Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, нэр хүнд, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Болд-Эрдэнэ нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 144 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Болд-Эрдэнийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хамаарч байх тул шүүгдэгч Н.Болд-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Дэлгэрцэцэг нь шүүгдэгч Н.Болд-Эрдэнээс нийт 19.993.000 төгрөгийн хохирол нэхэмжилснээс 18.720.000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг нотлох баримтаар тооцож, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Н.Болд-Эрдэнээс Мөнхбаярын Эрдэнэ-Очир гэгчид 273.000 төгрөг шилжүүлсэн баримт /1-р хх-ийн 229-р хуудас/ байх тул нотлох баримтаас хасч, хохирогч О.Дэлгэрцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт “Н.Болд-Эрдэнэ надад 2018 оны 07 дугаар сарын 05-наас 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр 1.055.000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг, шүүгдэгч Н.Болд-Эрдэнээс шүүх хуралдаанд нотлох баримтаар О.Дэлгэрцэцэгийн ХААН банкны 5026892744 дугаарын данс руу 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 55.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 300.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 300.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 150.000 төгрөг, нийт 805.000 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтуудыг гаргаж өгч байх тул шүүгдэгч Н.Болд-Эрдэнээс нийт 18.719.945 /арван найман сая долоон зуун арван есөн мянга есөн зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулж хохирогч Хатиган овогт Орсоогийн Дэлгэрцэцэг /ЖЭ70122108/-д олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 201622000294 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч О.Дэлгэрцэцэгийн бусадтай утсаар ярьж байгаа ярианы бичлэгийг хуулсан Си ди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Оросынхон овогт Намсрайн Болд-Эрдэнийг эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг хуурч, нэр хүнд, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.9-д зааснаар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Намсрайн Болд-Эрдэнэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Болд-Эрдэнээс 18.719.945 /арван найман сая долоон зуун арван есөн мянга есөн зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулж хохирогч Хатиган овогт Орсоогийн Дэлгэрцэцэг /ЖЭ70122108/-д олгосугай.
4. Эрүүгийн 201622000294 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си ди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Болд-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН