| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0489/Э |
| Дугаар | 507 |
| Огноо | 2018-10-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 507
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч овогт Ц-ийн А-т холбогдох эрүүгийн 1810 0034 90603 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Д.Мөнхцэцэг, шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ц.А нь дүүг нь багшийн ажилд оруулж өгнө гэж хуурч, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Б.М-аас 500.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 100.000 төгрөг, нийт 600.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн ”өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ц.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Миний бие холбогдсон хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлсэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байгаа. Хохирогч Б.М-аас авсан мөнгийг буцаан төлж, хохирлыг бүрэн барагдуулсан. Би бага ангийн багш мэргэжилтэй, хувиараа хүүхдүүдэд хичээл, давтлага орж, сардаа 500.000-600.000 төгрөгийн тогтмол орлоготой. Би өөрөө багш, сурган хүмүүжүүлэгч хүн байж буруу зүйл хийсэндээ маш их ичиж, гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1810 0034 90603 дугаартай хэргээс:
1. Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Тайна 0-000 тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 2018 оны 08 дугаар сарын дундуур байсан санагдаж байна, манай 10 жилийн ангийн хүүхэд нас бараад, бид ангиараа цуглаж буяны ажилд оролцож явахдаа Ц-ийн А-тэй нэг ангид хамт сурч байсан гэдгээ мэдсэн.
Тухайн үед ангийн найз Д-тэй “...манай дүүгийн охин манайд байгаа, Ховдын Багшийн сургууль төгссөн, ажилд оруулмаар байна” гэж ярьж байхад А бидний яриан дундуур орж, “...Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэст таньдаг хүн байгаа” гээд, ...миний утасны дугаарыг аваад салцгаасан. Хэд хоногийн дараа А 00000000 гэсэн дугаараас над руу өөрөө залгаад “...нөгөө хүүхдийг чинь ажилд оруулахаар ярьчихлаа, нийт 1.000.000 төгрөг хэрэгтэй болох нь” гэж хэлсэн. Би охины ээжтэй нь яриад, энэ тухай хэлтэл “тийм их мөнгө бэлнээр байхгүй, талыг нь одоо өгөөд талыг нь малаар сольж болдоггүй юм байхдаа” гэж хэлснийг ...А-тэй ярьж хэлтэл “болно, талыг нь одоо өгчих” гээд дансны дугаараа над руу мессежээр явуулсан.
Тэгээд 500.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны 0000000000 дугаарын данс руу шилжүүлсэн. А нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дахиж утсаар яриад “Багшлах эрхийн үнэмлэх гаргуулах хэрэгтэй юм байна, тэр нь 200.000 төгрөг байдаг” гээд дахиад надаас мөнгө нэхсэн. Надад 200.000 төгрөг байхгүй байсан учраас 100.000 төгрөг өгөхөөр болсон. Тэгээд 100.000 төгрөгийг өмнөх мөнгө явуулсан дансанд хийсэн.
Тэгээд чимээгүй болчихоор нь залгаад асуухад “Баянгол дүүргийн сургуульд оруулахаар ярьсан тэнд очоод уулз” гэж хэлсэн. Хэнтэй уулз гэснийг нь одоо сайн санахгүй байна. Очоод уулзтал “багшлах эрхийн үнэмлэхгүй бол ажилд авахгүй” гэсэн. Дахиад ярьтал “сургалтанд суулгах хэрэгтэй байна, тэнд очоод суучих” гэсэн. Тэнд нь очтол тийм сургалт болоогүй гэсэн. Тэгээд “нөгөө хүнээсээ мөнгөө авъя” гэж бодоод залгасан чинь “за өгнөө” гэж хэлснээс хойш ...дүүгийн маань охин залгахад утсаа авахгүй, эсхүл ...“өгнө, дансаа явуулчих” гэсээр утсаа авахаа больсон. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр над руу “мөнгө хийгээд хэлнэ, надад итгээд байж бай” гэсэн мессеж явуулсан боловч ...холбоо бариагүй. Тухайн үед Ц.А-т шилжүүлсэн 600.000 төгрөг нь миний өөрийн мөнгө байсан. Би ганц сургууль төгссөн дүүгээ мэргэжлээр нь ажилд оруулъя гэж бодсон юм.
...Би А-ээс 600.000 төгрөгөө 2 хуваагаад авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Надад шүүх хуралдаанд оролцох шаардлага байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 07х, 92х/,
2. Гэрч Э.И-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Миний бие 2017 оны 06 дугаар сард Ховд Их сургуулийн Байгалийн шинжлэл, технологийн сургуулийг багш, математикийн мэргэжлээр төгсөж байсан. Сургууль төгссөнөөс хойш ажилд орж чадаагүй. 2017 оны 08 дугаар сарын дундуур манай нагац ах М над руу яриад, “хотод нэг хүн сургуульд ажилд оруулаад өгье гэж байна, эхний ээлжинд 500.000 төгрөг өг гээд байна, ах нь өгчихье” гээд М ах эхний удаа өөрөөсөө мөнгө гаргаж өгсөн. Тэгээд “намайг ойрын хугацаанд Улаанбаатар хотод ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би удалгүй Улаанбаатар хотод М ахын гэрт нь ирсэн. Намайг М ах, нэг эмэгтэйтэй буюу 00000000 дугаартай утасны эзэмшигчтэй холбогдуулсан. Яг хэдэн сарын хэдний өдөр энэ эгчтэй холбогдсон талаар мэдэхгүй байна. М ах, бид 2 тухайн эмэгтэйгийн ажил дээр нь буюу 100 айлын Жоби барилгын материалын төвийн ард талын 52 дугаар байрны 1 давхарт нь Сургалтын төв гээд бичсэн байсан газарт очиж уулзсан. Тухайн үед уулзахад миний дипломыг эх хувиар нь авч үлдээд, дуудсан үед ирээрэй гэсэн.
Намайг маргааш өдөр нь дуудаад би тухайн эгчээс очиж дипломаа авсан. Ингээд тэр эгч намайг оч гэсэн газар буюу дуудсан газар очоорой гэдэг байсан. Би тэр газруудад очдог байсан. Тэр эгч анх танилцахдаа өөрийгөө А гэж танилцуулж байсан. Би 25 дугаар эмийн сангийн тэнд байдаг Баянгол дүүргийн 00 дүгээр сургуульд ах М-ын хамт очиж байсан. Тухайн үед М ах бид 2 захиралтай нь орж уулзахад нэг хүн явуулсан талаар хэлэхэд “багшлах эрхийн үнэмлэхгүй бол ажилд авах боломжгүй” талаар хэлж байсан.
2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн ОУ цогцолбор сургууль дээр намайг ганцаараа яваад очоорой гэсэн. Тухайн үед уг сургууль дээр очиход математикийн багш нарын сургалт семинар болж байсан. ...А гэх эгч намайг нэг хүний нэр хэлээд, тэр хүний оронд ирсэн юм гэж хэлээрэй гэсэн. Тэгээд би өөрийнхөө гар утсан дээр тухайн семинарт сууж байсан талаарх зурагнуудаа авч хадгалсан байгаа. Уг сургууль дээр А гэх эгч “сургалт болж байгаа намайг очоодох” гэж хэлсний дагуу очиж сургалтанд суусан.
...Тухайн үед Ц.А-т шилжүүлсэн 600.000 төгрөг нь манай ах М-ын мөнгө байгаа юм. А гэх хүнд манай ах М мөнгө өгсөн. Надаас ямар нэгэн мөнгө төгрөг гарсан асуудал байхгүй. Би ажилд ороогүй байгаа. Манай ах М-аас авсан 500.000 төгрөгийг буцаан өгөөгүй гэсэн. Анх бол 1.000.000 төгрөг өгчих гэж манай ах М-т хэлсэн байсан. Тэгээд манай ах М болохоор ажилд орсныхоо дараа тал мөнгийг нь өгнө гээд эхний удаа 500.000 төгрөг өгсөн гэсэн. Миний ярьсан зүйл үнэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 08-09х/,
3. Гэрч Т.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“Би Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, 00-00 тоотод нөхөр, зээ охиныхоо хамт амьдардаг. 2017 оны 08 дугаар сарын 16-ны орчим санагдаж байна, манай 10 жилийн ангийн хүүхдүүдийн уулзалт болж “буяны ажилд зориулж мөнгө хураалгаж” уулзалдсан. Тухайн үед манай бага ангийн найз М “өөрийн дүүгийн охиныг ажилд оруулмаар хүн байна уу” гэх зэргээр ярилцаж байсан. Тухайн үед А, М бид хоёрыг юм ярьж байхад “надад таньдаг хүн байгаа” гээд Мын утасны дугаарыг авсан. Үүнээс хойш болсон асуудлын талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11х/,
4. Шүүгдэгч Ж.А-ийн Хаан банк дахь 0000000000 тоот дансанд 2017 оны 08 сарын 17-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 08 сарын 22-ны өдөр 100.000 төгрөгийг хохирогч Б.М-ын Хаан банк дахь 000000000 тоот данснаас тус тус шилжүүлсэн талаарх мэдээлэл бүхий депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 53-54х/,
5. Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 00 дүгээр сургуулийн сонгон шалгаруулалтын комиссын бүртгэлд Э-ын И бүртгэгдээгүй, шалгалтад ороогүй болохыг тодорхойлсон баримт /хэргийн 42х/,
6. Шүүгдэгч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 0 дугаар гудамжинд байрлах нийтийн байрны 4 тоотод одоогоор ганцаараа амьдарч байна.
2017 оны 08 дугаар сарын 10-ны орчим санагдаж байна, манай Завхан аймгийн Нөмрөг сумын 10-н жилийн бага ангийн 10 орчим хүүхдүүд уулзсан бөгөөд манай ангийн нэг хүүхэд тухайн үед нас барсан байсан. Тухайн үед уулзаж байхдаа Д бид нар юм яриад зогсож байхад М надаас “чи багш юм чинь чамд таньдаг хүн байвал манай нэг дүүг сургуульд оруулаад өгөөч, одоо сургуулиа төгсөж байгаа юм” гэж хэлээд тухайн үед миний барьж байсан 00000000 дугаарыг аваад явсан.
Тэгээд би хүмүүсээс асууж сураглаж байгаад 2 хоногийн дараа М руу залгаад “одоо сургуулиуд багшаа авч эхэлж байгаа юм байна, миний данс руу 500.000 төгрөг шилжүүлчих” гэж хэлсэн. Анх ярилцахдаа “1.000.000 төгрөг юм байна, урьдчилгаа 500.000 төгрөг хэрэгтэй байна, ажилд орсныхоо дараа үлдэгдэл мөнгөө өгчих” гэж хэлсэн нь үнэн. Намайг ингэж хэлснээс хойш 3 хоногийн дараа М миний данс руу өөрийнхөө данснаас 500.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд дүүгийнх нь хүүхэд болох эмэгтэй надтай 3-4 удаа ирж уулзаж байсан.
Би эхлээд “5 дугаар сургууль руу оч, тэнд сонгон шалгаруулт болж байгаа, тэнд очоод уулз” гэж хэлсэн. Тухайн үед би дам дамаар хүнтэй ярьж байсан болохоор “яг хэнтэй очиж уулзаарай” гэж хэлсэн талаар одоо мэдэхгүй байна. Дараа нь бас Баянгол дүүргийн ОУ сургууль дээр “багш нарын семинар болж байгаа тэнд очоод семинарт суучих” гэж хэлээд явуулсан. Би тухайн үед дүүг нь “сургуульд оруулъя” гэж бодсон ч “багшлах эрхийн үнэмлэхгүй юм байна” гээд сургуулиуд авахгүй байсан. Удалгүй М нь “сургуульд оруулахаа больсон мөнгө төгрөгөө авъя” гэсэн. Тухайн үед би мөнгийг нь хувийн хэрэгцээндээ буюу байрны түрээсийн мөнгөндөө зарцуулчихсан байсан болохоор шууд өгч чадаагүй. Мөнгийг нь өгөх гэсээр байтал М Цагдаагийн байгууллагад хандсан байсан.
Би М-аас авсан 600.000 төгрөгөө 2 хувааж төлсөн. Эхний удаад 300.000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сард М-ын данс руу, ...дараагийн 300.000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сард тус тус нөхөр Б-ын дансаар дамжуулан төлж барагдуулсан. Одоо М бид хоёрын дунд ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй болсон. ...Би уг хэргийг ганцаараа үйлдсэн. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 84-86х/ болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 21х/, гэрч Ж.Б-ын мэдүүлэг /хэргийн 93-94х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн болно.
Түүнчлэн хэргийн шүүгдэгч Ц.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг /хэргийн 103х/ прокурорт гаргаснаар 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 104 дугаартай прокурорын тогтоолоор хүсэлтийг хүлээн авч хангасан, прокуророос шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрснөөр /хэргийн 105х/ эрүүгийн 18100 0349 0603 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтыг зөрчөөгүй байна.
Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.А-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.А нь “үеэл дүү Э.И-ыг сургуульд багшийн ажилд оруулж өгнө” гэж хохирогч Б.М-аас 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 100.000 төгрөг, нийт 600.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь 0000000000 тоот дансаар тус тус шилжүүлэн авч өөрийн хувийн хэрэглээнд буюу байрны түрээсийн төлбөрөө төлж захиран зарцуулж ашигласан болох нь:
- хохирогч Б.М-ын: “...2018 оны 08 дугаар сарын дундуур байсан санагдаж байна манай 10 жилийн ангийн хүүхэд нас бараад ангиараа цуглаж буяны ажилд оролцож яваад Ц-ийн А гэх хүнтэй нэг ангид хамт сурч байсан гэдгээ мэдсэн. Тухайн айлаас гараад автобусны буудал дээр байхдаа Д гэдэг найздаа “манай дүүгийн охин манайд байгаа тэр хүүхэд Ховдын багшийн сургууль төгссөн тэрнийг ажилд оруулмаар байна” гэж хэлтэл А ...бид хоёрын яриан дундуур орж ирээд “надад Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэст таньдаг хүн байгаа” гээд ...миний утасны дугаарыг аваад салцгаасан. Хэд хоногийн дараа А 00000000 гэсэн дугаараас өөрөө над руу залгаад “нөгөө хүүхдийг чинь ажилд оруулахаар ярьчихлаа, нийт 1 сая төгрөг хэрэгтэй болох нь” гэж хэлсэн. Би охины ээжтэй нь яриад хэлтэл тийм их мөнгө бэлнээр байхгүй, талыг нь одоо өгөөд талыг нь малаар сольж болдоггүй юм байхдаа гэсэн. Би А-тэй ярьж хэлтэл “болно, талыг нь одоо өгчих” гээд дансны дугаараа над руу мессежээр явуулсан. Тэгээд 500.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны 0000000000 дугаарын данс руу явуулсан. А нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дахиж утсаар яриад “Багшлах эрхийн үнэмлэх гаргуулах хэрэгтэй юм байна, тэр нь 200.000 төгрөг байдаг” гээд дахиад надаас мөнгө нэхсэн. Надад 200.000 төгрөг байхгүй байсан учраас 100.000 төгрөг өгөхөөр болж 100.000 төгрөгийг өмнөх мөнгө явуулсан дансанд хийсэн. Тэгээд чимээгүй болчихоор нь залгаад асуухад Баянгол дүүргийн сургуульд оруулахаар ярьсан тэнд очоод уулз гэж хэлсэн. Хэнтэй уулз гэснийг нь одоо сайн санахгүй байна. Очоод уулзтал багшлах эрхийн үнэмлэхгүй бол ажилд авахгүй гэсэн. Дахиад ярьтал “сургалтанд суулгах хэрэгтэй байна, тэнд очоод суучих” гэсэн. Тэнд нь очтол тийм сургалт болоогүй гэсэн. Тэгээд болиод нөгөө хүнээсээ мөнгөө авъя гэж бодоод залгасан чинь “за өгнөө” гэж хэлсэн. Тэрнээс хойш дүүгийн маань охин залгаад мөнгөө авъя гэхэд утсаа авахгүй байсан. Би залгаад хэлсэн чинь “өгнө, дансаа явуулчих” гэсэн. Тэрнээс хойш залгаад байхад утсаа авахаа больсон. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр над руу “хийгээд хэлнэ, надад итгээд байж бай” гэсэн мессеж явуулсан. Түүнээс хойш холбоо бариагүй. Тухайн үед Ц.А-т шилжүүлсэн 600.000 төгрөг нь миний өөрийн мөнгө байсан. Би ганц сургууль төгссөн дүүгээ мэргэжлээр нь ажилд оруулъя гэж бодсон. Одоо надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би А-ээс 600.000 төгрөгөө 2 хуваагаад авсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 07х, 92х/,
- гэрч Э.И-ын: “...Миний бие 2017 оны 06 дугаар сард Ховд Их сургуулийн Байгалийн шинжлэл, технологийн сургуулийг багш, математикийн мэргэжлээр төгсөж байсан. Сургууль төгссөнөөс хойш ажилд орж чадаагүй. 2017 оны 08 дугаар сарын дундуур манай нагац ах М над руу яриад “хотод нэг хүн сургуульд ажилд оруулаад өгье гэж байна, эхний ээлжинд 500.000 төгрөг өг гээд байна, ах нь өгчихье” гээд М ах эхний удаа өөрөөсөө мөнгө гаргаж өгсөн. Намайг ойрын хугацаанд Улаанбаатар хотод ирэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Би удалгүй Улаанбаатар хотод М ахын гэрт нь ирсэн. Намайг М ах нэг эмэгтэйтэй буюу 00000000 дугаарын утасны эзэмшигчтэй холбогдуулсан. Яг хэдэн сарын хэдний өдөр энэ эгчтэй холбогдсон талаар мэдэхгүй байна. М ах бид 2 тухайн эмэгтэйгийн ажил дээр нь буюу 100 айлын Жоби барилгын материалын төвийн ард талын 52 дугаар байрны 1 давхарт нь сургалтын төв гээд бичсэн байсан газар очиж уулзсан. Тухайн үед уулзахад миний дипломыг эх хувиар нь авч үлдээд дуудсан үед ирээрэй гэсэн. Намайг маргааш өдөр нь дуудаад би тухайн эгчээс очиж дипломаа авсан. Ингээд тэр эгч намайг оч гэсэн газар буюу дуудсан газар очоорой гэдэг байсан. Би тэр газруудад очдог байсан. Тэр эгч анх танилцахдаа өөрийгөө А гэж танилцуулж байсан. Би 25 дугаар эмийн сангийн тэнд байдаг Баянгол дүүргийн 00 дүгээр сургуульд ах М-ын хамт очиж байсан. Тухайн үед М ах бид 2 захиралтай нь орж уулзахад нэг хүн явуулсан талаар хэлэхэд багшлах эрхийн үнэмлэхгүй бол ажилд авах боломжгүй талаар хэлж байсан. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн ОУ цогцолбор сургууль дээр намайг ганцаараа яваад очоорой гэсэн. Тухайн үед уг сургууль дээр очиход математикийн багш нарын сургалт семинар болж байсан. Тухайн үед А гэх эгч намайг нэг хүний нэр хэлээд тэр хүний оронд ирсэн юм гэж хэлээрэй гэсэн. Тэгээд би өөрийнхөө гар утсан дээр тухайн семинарт сууж байсан талаарх зурагнуудаа авч хадгалсан байгаа. Уг сургууль дээр А гэх эгч сургалт болж байгаа намайг очоодох гэж хэлсний дагуу очиж сургалтанд суусан. ...Тухайн үед Ц.А-т шилжүүлсэн 600.000 төгрөг нь манай ах М-ын мөнгө байгаа юм. А гэх хүнд манай ах М мөнгө өгсөн. Надаас ямар нэгэн мөнгө төгрөг гарсан асуудал байхгүй. Би ажилд ороогүй байгаа. Манай ах М-аас авсан 500.000 төгрөгийг буцаан өгөөгүй гэсэн. Анх бол 1.000.000 төгрөг өгчих гэж манай ах М-т хэлсэн байсан. Тэгээд манай ах М болохоор ажилд орсныхоо дараа тал мөнгийг нь өгнө гээд эхний удаа 500.000 төгрөг өгсөн. Миний ярьсан зүйл үнэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 08-09х/,
- гэрч Т.Д-гийн: “Би Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 58-10а тоотод нөхөр, зээ охиныхоо хамт амьдардаг. 2017 оны 08 дугаар сарын 16-ны орчим санагдаж байна, манай 10 жилийн ангийн хүүхдүүдийн уулзалт болж буяны ажилд зориулж мөнгө хураалгаж уулзалдсан. Тухайн үед манай бага ангийн найз М “өөрийн дүүгийн охиныг ажилд оруулмаар байна” гэх зэргээр ярилцаж байсан. Тухайн үед А, М бид хоёрыг юм ярьж байхад “надад таньдаг хүн байгаа” гээд М-ын утасны дугаарыг авсан. Үүнээс хойш болсон асуудлын талаар мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11х/,
- шүүгдэгч Ж.А-ийн Хаан банк дахь 0000000000 тоот дансанд 2017 оны 08 сарын 17-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 08 сарын 22-ны өдөр 100.000 төгрөгийг хохирогч Б.М-ын Хаан банк дахь 000000000 тоот данснаас тус тус шилжүүлсэн талаарх мэдээлэл бүхий депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 53-54х/,
- Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 00 дүгээр сургуулийн сонгон шалгаруулалтын комиссын бүртгэлд Э-ын И бүртгэгдээгүй, шалгалтад ороогүй болохыг тодорхойлсон баримт /хэргийн 42х/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, эрх мэдэл бүхий ажил, албан тушаал эрхэлдэггүй атлаа хохирогч Б.М-ын үеэл дүү Э.И-г “сургуульд багшийн ажилд оруулж өгнө” гэж 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 100.000 төгрөг, нийт 600.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь дансаар шилжүүлэн авч, хувьдаа ашиглаж захиран зарцуулсан үйлдэл нь “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ц.А-ийг хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу 600.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч ашиглан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Шүүгдэгч Ц.А-ийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлж арилгасан нь:
- хохирогч Б.М-ын: “...Одоо надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би Аээс 600.000 төгрөгийг 2 хуваагаад авсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 92х/ баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Хэргийн 21 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” гэж тэмдэглэгдсэн нь түүнийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Ц.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хэргийн шүүгдэгч Ц.А нь Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоолоор 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд 01 /нэг/ хоног баривчлагдсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу эдлэх ялд нь оруулан тооцож, “...баривчлагдсан нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр дүйцүүлж /1х15.000=15.000/ арван таван нэгж буюу 15.000 төгрөгийг хасч тооцон биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.М нь хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ч овогт Ц-ийн А-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу 600.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.А-ийг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.А-ийн баривчлагдсан 01 /нэг/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй дүйцүүлж арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгийг эдлэх ялд нь оруулан тооцож, Ц.А-ийн биечлэн эдлэх ялыг бүгд 485 тооцох нэгж буюу 485.000 /дөрвөн зуун наян таван мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 000 дугаар зүйлийн 000.1 дэх хэсэгт зааснаар Ц.А нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын нөхөн төлбөрт хохирогч Б.М-д 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тэмдэглэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт Ц.А-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ц.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД