| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0493/Э |
| Дугаар | 512 |
| Огноо | 2018-10-30 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос И овогт Б-ийн С-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18100 1683 0556 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Баярхүү, шүүгдэгч Б.С нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 18:00 цагийн орчимд үед 00-00 УНӨ улсын дугаартай, Тоёота чезар маркийн тээврийн хэрэгслээр таксинд явж байх үедээ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 50 дугаар дэлгүүрийн орчмоос иргэн О.Ц-ийг авч улмаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ШОМ” эмнэлгийн гадна хүргэж өгсөн ба О.Ц нь тухайн тээврийн хэрэгсэлд Самсунг эс 7 эджи загварын гар утсаа гээгдүүлснийг завшиж, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож, “өөрөө өөрийгөө өмгөөлнө” гэх хүсэлтээ тус шүүхэд бичгээр гаргасан тул түүний ”өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Тухайн үед надад эм тарианы мөнгөний хэрэгцээ гарсан тул би хохирогчийн орхисон гар утсыг нь 170.000 төгрөгөөр ломбарданд тавьж мөнгийг нь ашигласан. Хохирогчид хохиролд тооцон 450.000 төгрөг нөхөн төлөхөөр тохирч, уг мөнгийг төлж барагдуулан хохирогчтой эвлэрсэн. Тухайн хэрэг гаргах үед жолоодон явсан 00-00 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийнх юм. Би хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж, харамсаж байна. Цаашид ийм асуудал дахин гаргахгүй. Улсын яллагчийн гаргаж байгаа ял хариуцлагын талаарх саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18100 1683 0556 дугаартай хэргээс:
1. Хохирогч О.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би эхнэр Х.С-гийн хамт 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 18:00 цагийн үед 50 дугаар дэлгүүрийн урдаас таксинд сууж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “ШОМ” эмнэлэгийн гадна хүргүүлэхдээ таксинд Самсунг галакси Эс 7 эджи загварын хар саарал өнгөтэй гар утсаа гээгдүүлсэн. Миний сууж явсан автомашин нь Тоёота чезарь /105/ загварын цагаан өнгийн машин байсан. Би машины улсын дугаарыг нь мэдэхгүй байж байгаад “ШОМ” эмнэлгийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 00-00 УНӨ гэсэн улсын дугаартай автомашин байсан.
Уг машинд орхиж гээгдүүлсэн гар утсыг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн ах А-аас авсан. Одоо уг гар утсыг 800.000 төгрөгөөр үнэлж байна. Ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х/,
2. 2018 оны 07 сарын 03-ны өдрийн “ОМ” эмнэлгийн гадна талбайн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, уг хяналтын камерын бичлэг бүхий CD-г Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 13-14х, 15х/,
3. Хохирогч О.Ц-ийн самсунг галакси эс 7 эджи маркийн гар утсыг 800.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 26х/,
4. Шүүгдэгч Б.С-оос хохирлын мөнгө хураан авч, хохирогч О.Ц-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 42-43х/,
5. Хохирогч О.Ц-оос “хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид гаргах гомдол саналгүй” тухай бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 44х/,
6. Шүүгдэгч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ...амарч байгаа өдрөө өөрийн 00-00 УНӨ улсын дугаартай автомашинаар таксинд явж байсан санагдаж байна. Тухайн өдөр таксинд яваад Удирдлагын академийн хажуу талын эмнэлгийн хашаанд эрэгтэй, эмэгтэй хүн хүргэж өгсөн. Үүнээс хойш би 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хөдөө явж 23 хонож ирчихээд машинаа цэвэрлэхэд, машины хойд талын шалавчин доороос хар өнгийн самсунг галакси эс 7 эджи маркийн гар утас олсон. Тухайн үед гар утас нь унтарсан байсан. Би гар утсыг олоод 10 гаруй хоног өөртөө байлгасан. Тэгээд эзэн нь гарч ирэх байх гэж бодоод өөрийн симээ уг утсанд хийгээд, миний мэдээлэл очих байх гэж бодсон боловч ерөөсөө эзэн нь гарч ирээгүй. Ямар хүн хаашаа хүргүүлээд, гар утсаа хаясан болохыг санахгүй байсан.
Надад мөнгөний хэрэг гараад 2018 оны 08 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Хархорин худалдааны төвийн автобусны буудлын хажууд байрлах нэрийг нь мэдэхгүй ломбарданд самсунг галакси эс 7 эджи загварын гар утсыг 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьж, 170.000 төгрөг зээлж авсан. Гар утсыг ломбарданд тавьсан бичгийг нь хаячихсан, сунгуулж чадахгүй явсаар байгаад дараа нь очиход зарагдсан байсан.
Олдсон эд зүйлийг шууд цагдаад мэдэгдэж бүртгүүлэх ёстой байсныг би мэдээгүй, тэгээд эзэн нь гарч ирэхгүй байхаар нь эхнэр жирэмсэн, мөнгөний хэрэг гараад барьцаанд түр тавьсан байсан юм. Миний олсон гар утас нь дэлгэцэн дээрээ ягаан өнгийн зураастай, асаахаар унтраад байсан. Хуучин гар утас байсан. Би ойрын өдрүүдэд гар утас авч өгөн хохирлыг барагдуулна. Хийсэн хэргээсээ ичиж байна. Буруу зүйл хийснээ ойлгосон, дахин гэмт хэрэгт холбогдохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х, 24-25х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 31х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.С-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 18 цагийн үед өөрийн эзэмшлийн 00-00 УНӨ улсын дугаартай, цагаан өнгийн тоёота чезарь маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байхдаа Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 50 дугаар дэлгүүрийн орчмоос гар өргөн суусан иргэн О.Ц, түүний эхнэр Х.С нарт үйлчилгээ үзүүлэн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ШОМ” эмнэлгийн гадаа хүргүүлэх үедээ автомашинд орхиж буусан иргэн О.Ц-ийн Самсунг галакси эс 7 эджи маркийн гар утсыг авч, барьцаалан зээлдүүлэх газарт 170.000 төгрөгийн барьцаанд тавьж мөнгийг нь өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан үйл баримт шүүх хуралдаанд хэлэлцэгдэж, шинжлэн судалсан:
- хохирогч О.Ц-ийн: “...Би эхнэр Х.С-гийн хамт 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 18 цагийн үед 50 дугаар дэлгүүрийн урдаас таксинд сууж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “ШОМ” нэртэй эмнэлэгийн гадна хүргүүлэхдээ таксинд Самсунг галакси Эс 7 эджи загварын гар утсаа гээгдүүлсэн.
Миний сууж явсан автомашин нь Тоёота чезарь /105/ загварын цагаан өнгөтэй машин байсан ба ...“ШОМ” эмнэлгийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 00-00 УНӨ гэсэн улсын дугаартай байсан. ...Гар утсаа 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн ах А-аас авсан. Би гар утсаа 800.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х/,
- 2018 оны 07 сарын 03-ны өдрийн “ОМ” эмнэлгийн гадна талбайн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, уг хяналтын камерын бичлэг бүхий CD-г Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 13-14х, 15х/,
- хохирогч О.Ц-ийн самсунг галакси эс 7 эджи маркийн гар утсыг 800.000 төгрөгөөр үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ” тогтоосон баримт /хэргийн 26х/,
- шүүгдэгч Б.С-оос хохирлын мөнгө хураан авч, О.Ц-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 42-43х/,
- хохирогч О.Ц-оос “хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид гаргах гомдол саналгүй” тухай бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 44х/, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хэргийн шүүгдэгч Б.С нь өөрийн эзэмшлийн 00-00 УНӨ улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота чезарь маркийн автомашинд зорчиж явсан иргэн О.Ц түүний автомашинаас буух үед автомашины арын суудалд орхиж буусан 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг галакси эс 7 эджи маркийн гар утсыг өөрийнх биш бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж авч, улмаар барьцаалан зээлдүүлэх газарт 170.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, мөнгийг нь хувийн хэрэглээндээ захиран зарцуулсан үйлдэл нь “гээгдэл эд хөрөнгө нь бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө, ...завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэцүү байна” гэж хуульчилан тогтоож тодорхойлсон.
Хэргийн шүүгдэгч Б.С-ын автомашинд орхиж буусан хохирогч О.Ц-ийн эд хөрөнгө болох гар утсыг гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн үеийн байдлаар 800.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт хэргийн 26 дугаар талд авагдсан, уг үнэлгээний дүгнэлтэд үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосныг шүүх үндэслэл бүхий гэж дүгнэсэн ба энэ нь Эрүүгийн хуулиар тогтоосон бага хэмжээний хохирлоос дээш хэмжээнд хамаарч байна.
Түүнчлэн хэргийн шүүгдэгч Б.С нь гээгдэл эд хөрөнгө нь бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримтын талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгч Б.С-ыг “гээгдэл эд хөрөнгө нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ... эд хөрөнгөд шууд учирсан үр дагавар гэмт хэргийн хохиролд тооцох бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Шүүгдэгч Б.С-ын үйлдсэн гээгдэл эд хөрөнгө нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийн улмаас хохирогч О.Ц-ийн эд хөрөнгөд шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 800.000 төгрөг болох нь тогтоогдсон ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим болох 450.000 төгрөгийг шүүгдэгч нь хохирогчид нөхөн төлснөөр /хэргийн 42-43х/ хохирогч О.Ц-оос “хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид гаргах гомдол саналгүй” тухай хүсэлтийг хэрэгт бичгээр гаргаж, /хэргийн 44х/ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол бүрэн нөхөн төлөгдсөн хэмээн тодорхойлж илэрхийлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.9 заалт, 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт тус тус заасан “хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх, нэхэмжлэх хүсэлт гаргах, гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэснийг зөрчөөгүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хохирогч О.Ц нь хохирлоос үлдэх 350.000 /гурван тавин мянга/ төгрөгийг нэхэмжлэхээс татгалзан шүүгдэгчтэй эвлэрэн хэлэлцсэн гэж дүгнэхээр байна.
Иймд шүүх, гэмт хэргийн хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэн шүүгдэгч Б.С-оос гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Хэргийн 31 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад Б.С нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай тэмдэглэгдсэн нь түүнийг анх удаа хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.
Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсныг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож хураагдсан “ШОМ” эмнэлгийн гадна талын хяналтын камерын бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.Ц нь хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. И овогт Б-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.С нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, хохирлоос үлдэх хэсгийг нэхэмжлэхээс хохирогч О.Ц нь татгалзаж гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “ШОМ” эмнэлгийн гадна талын хяналтын камерын бичлэг бүхий сиди 1 ширхэгийг Эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт Б.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.С-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД