Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 480

 

Н.Жөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг /цахимаар/, хохирогчийн өмгөөлөгч Б.Батмөнх, иргэний хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаар магадлалтай, Н.Жөд холбогдох 2028000210010 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч М.Эын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Олхоног овогт Нын Ж нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Жийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Жөд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийг 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Н.Ж, иргэний хариуцагч Г.Б нараас тус бүр 149.53750 төгрөгийг гаргуулан нийт 299.075 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Н.Жд олгох, иргэний хариуцагч “Чинхуа-МАК-Нарийн сухайт" ХХК-иас нийт 6.655.389 төгрөгийг гаргуулан хохирогч М.Эад 2.272.314 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Жд 299.075 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Бт 4.084.000 төгрөг тус тус олгохоор тогтоож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч М.Эын нэхэмжлэлээс 545.600 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 11.090.400 төгрөгийн нэхэмжлэлийг, Д.С нэхэмжлэлээс 901.850 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч М.Э хэлэлцэхгүй орхисон эм, эмчилгээний төлбөр 545.600 төгрөг болон өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг цаашид эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Н.Ж, Г.Б, “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-иас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хохирогч М.Эад 2.834.367 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч Г.Б нь шүүгдэгч Н.Жөөс 4.084.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц “шийтгэх тогтоолын “Чинхуа-МАК- Нарийн сухайт” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1,” гэсний дараа “512 дугаар зүйлийн 512.1, 512.4, Авто замын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэг” гэж нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Text Box: Хяналтын шатны шүүхэд хохирогч М.Э гаргасан гомдолдоо: “...Шүүгдэгч Н.Ж 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Г.Бын эзэмшлийн 44-33 УНҮ улсын дугаартай “Бенз” маркийн автомашиныг жолоодон явахдаа тус зам тээврийн ослын гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний улмаас иргэн М.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн Н.Жд эд хөрөнгийн хохирол учирсан. Тус автомашин нь зорчигч тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэл тул тус автомашиныг ашиглах явцад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдэгдсэн бол түүний улмаас учирсан гэм хорыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн иргэн Г.Б хариуцах үүрэгтэй нь хавтаст хэргийн 126 дугаар талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчилсэн хуулбараар тогтоогдож байна.

Иргэн Г.Быг тус эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-т зааснаар иргэний хариуцагчаар тогтоож оролцуулсан. Тус эрүүгийн хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн 41 дугаартай шийтгэх тогтоолоор гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 болон ЭХХШТХ-ийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж, иргэний хариуцагч Г.Б, "ЧИНХУА-МАК-НАРИЙН СУХАЙТ" ХХК нар хариуцан арилгах үүрэгтэйг тогтоосон бөгөөд ЭХХШТХ-ийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т заасны дагуу хохирлын 50 хувийг “ЧИНХУА-МАК-НАРИЙН СУХАЙТ”-иас, үлдэх 50 хувийг шүүгдэгч Н.Ж болон иргэний хариуцагч Г.Б нараас адил тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэсэн...

Шүүгдэгч Н.Ж 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Г.Бын эзэмшлийн 44-33 УНҮ улсын дугаартай “Бенз” маркийн автомашиныг жолоодон явахдаа тус зам тээврийн ослын гэмт хэргийг үйлдэж, иргэн М.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн Н.Жд эд хөрөнгийн хохирол учруулсан тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу иргэний хариуцагч иргэн Г.Баас гэм хорын хохирлыг бүхэлд нь хариуцан арилгах үндэслэлтэй бөгөөд ийнхүү хариуцан арилгахыг иргэний хариуцагчаас шаардах эрх хохирогч, иргэний нэхэмжлэгчид үүссэн.

Гэтэл хохирогч, иргэний нэхэмжлэгчийн санал, хүсэл зоригийг харгалзан үзэлгүйгээр гэм хорын хохирлыг гаргуулах тухай хохирогч, иргэний нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлаж, эрүүгийн 202800021 дугаартай хэргийн гэм хорын хохирлыг шүүгдэгч Н Ж болон иргэний хариуцагч Г.Б нараас хуваан гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зуйлийн 499.1-т заасныг зөрчих тул хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын эрх зүйн байдалд дордуулж нөлөөлөхүйц байна. Учир нь тус эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар эрүүгийн хэргийн улмаас эрүүл мэнд болон эд хөрөнгөд шууд учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхээс гадна дараах хохирлыг арилгуулахаар шаардах хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрхэд шууд нөлөөлнө. Үүнд:

1.Тус эрүүгийн хэргийг шийдвэрлэсний дараа гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгах зорилгоор цаашид буюу ирээдүйд хийх эмчилгээний зардал болон эд хөрөнгөд учирсан шууд бус хохирлыг арилгуулах тухай хохирогчийн шаардлагыг хэн хариуцаж, хэнээс гаргуулахыг шийдвэрлэхэд буюу шаардсан хохирлоо цаг алдалгүй арилгуулах бодит боломжид,

2.Тус эрүүгийн хэргийн улмаас учирсан шууд бус эд хөрөнгийн хохирлыг арилгуулах тухайн иргэний нэхэмжлэгчийн шаардлагыг хэн хариуцаж, хэнээс гаргуулахыг шийдвэрлэхэд буюу шаардсан хохирлоо цаг алдалгүй арилгуулах бодит боломжид.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоол болон Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, эрүүгийн 202800021 дугаартай хэргээс учирсан гэм хорын хохирлыг иргэний хариуцагч иргэн Г.Баас бүхэлд нь гаргуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Батмөнх хэлсэн саналдаа: “Хохирогчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг иргэний хариуцагч, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэх гаргуулахаар шийдвэрлэсэн гэж ойлгосон. Гэхдээ хэрхэн гаргуулахыг тодорхой заагаагүй байгаа нь гэмт хэргийн улмаас ирээдүйд гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэхэд саад учруулж болзошгүй байна. Гэм хорын хохирлыг шүүгдэгч, иргэний хариуцагч хуваан хариуцах байдлаар шийдвэрлэсэн нь хохирогчийн эрхийг хязгаарласан байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд иргэний хариуцагч Г.Б хэлсэн саналдаа: “Хохирогчийн гаргасан гомдлыг эсэрүүцэж байна. Би тэдэнд тус болох үүднээс машинаа өгч явуулсан хүн” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг хэлсэн саналдаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлийг тодорхой заасан бөгөөд хохирогчийн гаргасан гомдолд хуульд заасан үндэслэл огт дурдагдаагүй байгаа тул мөн хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү. Хэрэгт авагдсан 71 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК болон миний үйлчлүүлэгч гомдол гаргаагүй учир хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болно. Дээрх дүгнэлтэд үндэслэн учирсан хохирлыг “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК болон миний үйлчлүүлэгч Н.Ж нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Н.Жийн төлвөл зохих төлбөрийн 50 хувийг иргэний хариуцагч Г.Б хариуцахаар шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээх үндэслэлтэй” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Ж нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хохирогч М.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүх Иргэний хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс болон иргэний хариуцагч Г.Б, “Чинхуа Мак Нарийн Сухайт” ХХК-иас хувь тэнцүүлэн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. Анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч М.Эын гаргасан гомдлыг үндэслэн Н.Жөд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Н.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сум Шивээхүрэн хилийн боомтоос 15 километрт байх засмал зам дээр иргэн Г.Бын эзэмшлийн 44-33 УНҮ улсын дугаартай Mersedec Benz ML-350 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн М.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Жийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Жөд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хохирогч М.Эад учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй”, мөн Автотээврийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “...Авто зам замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцлийг хангаагүйгээс иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсныг хууль, хяналтын байгууллага тогтоосон бол тухайн авто зам хариуцагч болон эзэмшигч уг хохирлыг хариуцан төлнө” гэж заасныг тус тус баримтлан нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг шүүгдэгч Н.Ж, иргэний хариуцагч Г.Б, иргэний  хариуцагч “Чинхуа Мак-Нарийн сухайт” ХХК-иас тус тус хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэж, хохирогч М.Э нь зам тээврийн ослын улмаас өөрт учирсан бусад хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Н.Ж, иргэний хариуцагч Г.Б, “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-иас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Иймд хохирогч М.Эын “...Гэм хорын хохирлыг иргэний хариуцагч Г.Баас бүхэлд нь гаргуулж өгнө үү” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогч М.Эын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                               ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                             Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН