Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2018/0510/З/Н |
Дугаар | 221/МА2019/0059 |
Огноо | 2019-01-31 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2019/0059
2019 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 221/МА2019/0059 | Улаанбаатар хот |
|
|
|
“М п” ХХК, “Б д” НҮТББ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч “Б д” НҮТББ-ын тэргүүн Р.Э, “М п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч Боловсролын хүрээлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/728 дугаар шийдвэртэй, М п” ХХК, “Б д” НҮТББ-ын нэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайд, Боловсролын хүрээлэнд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч “Б д” ТББ-ын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0728 дугаар шийдвэрээр: Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.7-д тус тус баримтлан нэхэмжлэгч “М п” ХХК-ийн Боловсролын хүрээлэнгээс 2018 оны 3 дугаар сарын 20-ний өдөр зарласан дунд, ахлах ангийн сурах бичиг зохиох сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, 2018 оны 3 дугаар сарын 20-ний өдөр зарласан сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд дахин зарлахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон Боловсролын хүрээлэнд даалгах, нэхэмжлэгч “Б д” НҮТББ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/120 болон 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А/263 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2018 оны 3 дугаар сарын 20-ний өдөр зарласан сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд дахин зарлахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон Боловсролын хүрээлэнд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Б д” НҮТББ давж заалдах гомдолдоо: “ ... Манай “Б д” ТББ-ын нэхэмжлэл нь Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон Боловсролын хүрээлэнд холбогдох захиргааны хэрэгт 2018-2019 оны хичээлийн шинэ жилд сургалтанд ашиглагдах сурах бичгийн эх зохиох сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг бүрэн нийтлээгүй, сонгон шалгаруулалтыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явуулаагүй, эх зохиох багийг хууль бусаар санал нэрийн дор сонгон шалгаруулалт явуулж төрийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан тул холбогдох захиргааны актуудыг хүчингүйд тооцож, хуулийн хүрээнд буюу тендерийн хуулийн дагуу зохион байгуулах тухай нэхэмжлэлийн агуулгатай байсан.
Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийн баримт, бичгүүд шүүх хуралдааны явцад тодорхой болж, хариуцагч талууд тайлбар өгч чадахгүй зөвшөөрсөн ч тохиолдол гарсан байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо. Шүүхээс давагдашгүй хүчин зүйл хэмээн түтгэлзүүлсэн захирамжийг хүчингүй болгосон ч одоог хүртэл сурагчдын гарт сурах бичиг очоогүй дөнгөж хэвлэлтэд байна. Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2009 онд баталсан 131 дүгээр тушаалын хавсралт болох “Сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам”-ын 2.1 болон 2.2-т уг зохацуулалтыг Сурах бичиг зохиох багийг боловсролын эрдэм шинжилгээ, зүйн байгууллагын саналыг үндэслэн яамнаас томилно” гэж заасан ч сонгон шалгаруулалтыг явуулж төрийн хөрөнгөөр захиран зарцуулалт хийгдсэн байдаг. Иймд анхан шатны шүүхээс хэргийн мөн чанарын ойлгоогүй, хэрэгт авагдсан нотлох баримт үнэлэлгүй шийдвэр гаргалаа. Иймд 128/ШШ2018/0728 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нийтийн эрх ашгийг төлөөлж шүүхэд гомдол гаргаж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “М п” ХХК нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан “Б д” ТББ-ын давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зарим баримтыг буруу үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч “Б д” ТББ-н давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/120 дугаар тушаалаар шинээр зохион хэвлэн нийтлүүлж, ерөнхий боловсролын сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд сургалтад ашиглах сурах бичгийн жагсаалтыг баталж, сурах бичиг тус бүрийг зохиох багийг холбогдох хууль тогтоомжийн дагуу 2018 оны 3 сард багтаан шалгаруулж гэрээ байгуулах, сурах бичиг зохиох мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж явцад нь хяналт тавьж ажиллахыг тус яамны харьяа “Боловсролын хүрээлэн”-д үүрэг болгожээ.
Хариуцагч нь дээрх тушаалыг Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7-д заасан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь цэцэрлэг, бүх шатны сургууль, боловсролын эрдэм шинжилгээ, мэргэжил, арга зүйн байгууллагыг зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгээр хангах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах бүрэн эрхийн хүрээнд гаргасан байна.
Уг тушаалын улмаас хүүхдийн чанартай сурах бичгээр хангагдах эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй гэж үзэхээргүй байх тул ТББ-ын нэхэмжлэлийн уг тушаалд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж, гомдлын энэ хэсгийг хангахгүй орхилоо.
Харин хэрэгт авагдсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/213 дугаар тушаалаар 2018 онд шинээр зохиох сурах бичгүүдийн хэвлэлийн эхийг бэлтгэж, хэвлэн нийлүүлэхэд 1,419,9.0 сая төгрөгийн төсөвт өртөг зарцуулагдахаар төлөвлөгдсөн[1], дээрх шалгаруулалтаар шалгарсан зохиогчийн багтай байгуулсан сурах бичиг зохиох гэрээ зэрэг баримтуудаас үзвэл дээрх хуульд заасан ном сурах бичгээр хангах үйл ажиллагаа бүхэлдээ төсвийн хөрөнгөөр санхүүждэг, сурах бичгийн эх зохиох багийг шалгаруулах ажиллагаа нь уг ажиллагааны нэг хэсэг байна.
Иймд сурах бичиг зохиох багийг шалгаруулж, гэрээ байгуулах ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу явуулах үйл ажиллагаанд хамаарна гэж үзэхээр байна.
Гэтэл хариуцагч Боловсролын хүрээлэн нь А/120 дугаар тушаалын дагуу сурах бичгийн эх зохиох багийг шалгаруулах ажиллагааг /процессыг/ ямар нэгэн хууль, журмын дагуу явуулаагүй ажээ.
Хариуцагч нар нь “... Сайдын 2009 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан “Сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам”-ын 2.2, 2.3-д заасны дагуу сурах бичгийн эх зохиох багийг бүрдүүлж, санал болгох ажиллагааг явуулж ирсэн” гэх боловч уг заалтаар “Сурах бичгийн эх зохиох багийг ... Хүрээлэнгийн саналыг үндэслэн яам томилно”, 22.3 Зохиогчийн баг нь MNS5418:2008 “Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих шаардлага” стандартыг хангасан байна” гэж заасан нь шалгаруулалтыг хэрхэн нийтэд мэдээлэх, ямар төсөв хөрөнгөөр сурах бичиг зохиох, сурах бичиг зохиох багт ямар шаардлага тавигдах, хэн, хэрхэн үнэлэх, маргаан гарвал хэрхэн шийдвэрлэх гэх мэт шалгаруулалтын талаарх асуудлыг зохицуулаагүй байна.
Мөн дээрх стандарт нь сурах бичигт тавигдах шаардлагын талаарх стандарт бөгөөд зохиогчийн багийг шалгаруулах үйл ажиллагааг зохицуулаагүй байна.
Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нь “Боловсролын хүрээлэн”-ийн сурах бичгийн эх зохиох багийг шалгаруулсан үйл ажиллагаа нь хуулийн дагуу явагдаагүй байхад 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/263 дугаар тушаалаар шалгаруулсан багуудыг томилж, томилогдсон багтай гэрээ байгуулж ажиллахыг мөн “Боловсролын хүрээлэн”-д даалгасан нь хууль бус шийдвэр болжээ.
Нэхэмжлэгч ТББ нь нэхэмжлэл болон гомдлын үндэслэлээ “...... хамгийн сайн сурах бичиг шалгардаг байх ёстой. Сайн гэгддэг хүмүүс зохиогчийн багт орсон нь сайн сурах бичиг гаргана гэсэн үг биш. Сурагчид чанартай сурах бичгээр хангагдах ёстой. Тодорхой хууль, журамгүй үйл ажиллагаа явагдсанаас хүүхдүүдийн чанартай сурах бичгээр хангагдах эрх нь зөрчигдөнө” гэж тайлбарладаг бөгөөд уг тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Иймд дээрх үйл ажиллагаа хэрэгжээд дууссан хэдий ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу хариуцагч “Боловсролын хүрээлэн”гийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зарлан явуулсан сурах бичгийн зохиогчийн баг шалгаруулсан үйл ажиллагаа болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/263 дугаар тушаалыг тус тус хууль бус байсан болохыг тогтоох нь ниитийн эрх, ашиг сонирхол дахин зөрчигдөхөөс хамгаална гэж үзлээ.
Харин шалгаруулалт дахин явуулахыг даалгах шаардлагын тухайд нэгэнт хэрэгжээд сурах бичиг зохиох гэрээ байгуулаад үйл ажиллагаа нь явагдаж байх тул сурах бичгээр хангагдах сурагчдын буюу нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх тул хангах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0728 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг баримтлан “Б д” нийгэмд үйлчилдэг ТББ-ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Боловсролын хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зарлан явуулсан сурах бичгийн зохиогчийн баг шалгаруулсан үйл ажиллагаа болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/263 дугаар тушаалыг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, тус ТББ-ын нэхэмжлэлийн үлдэх хэсэг, “М п” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-д зааснаар “М п” ХХК-иас урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хэвээр үлдээж, “Б д” ТББ-ын урьдчилан илүү төлсөн /чөлөөлөгддөг/ 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-д зааснаар “Б д” ТББ-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн /чөлөөлөгддөг/ 70200 төгрөгийг улсын орлогоос гаргаж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.Мөнхжаргал
[1] Хэргийн...