| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2022/00941/И |
| Дугаар | 210/МА2023/00202 |
| Огноо | 2023-01-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2023/00202
| 2023 оны 01 сарын 20 өдөр | Дугаар 210/МА2023/00202 |
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б- даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Б- нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/04199 дугаар шийдвэртэй,
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Б-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хэлцэл дуусгавар болгох тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Б- илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. “А” ХХК нь 2016 оноос барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2018 оноос эхлэн газар тариалангийн үйл ажиллагааг Увс аймгийн Баруунтуруун суманд эрхлэн явуулж байна.
Газар тариалангийн ажил хөдөө орон нутагт эрхлэх болсонтой холбогдуулан Улаанбаатар хот дахь гүйцэтгэл нь дуусаагүй байсан ажлыг тухайн үед ажиллаж байсан иргэн Б-д түр хариуцуулан үлдээсэн.
1.2. Улмаар 2018 онд “В” ХХК-тай байгуулсан гэрээний 4.1, 4.2, 4.3-д зааснаар Бумбатын аманд байрлах Бумбат вилла хотхонд *** м.кв талбайтай амины орон сууцыг ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөлсөнд авахаар болсон.
Уг амины орон сууцыг иргэн Г-тэй тохиролцон түүний өмчлөлийн 97,0 сая төгрөгөөр үнэлэгдэх 60,89 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 80,0 сая төгрөгөөр үнэлэгдэх автомашин, бэлнээр 6,0 сая төгрөгөөр солихоор хийсэн “Төлбөр төлсөн тухай хэлцэл”-ийг Б- нь “А” ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан.
Б- нь 2020 оноос “А” ХХК-д ажиллахаа больж, төлбөр тооцооны асуудал үүсэж, 2021 онд тухайн маргаан Баянгол дүүргийн шүүх дээр шийдэгдсэн. Энэ нь газар тариаланд оруулсан хөрөнгө оруулалтаа буцааж авах эсэхтэй холбоотой асуудлыг шийдсэн. Түүнээс Бумбат вилла хотхоны суурийг барих ажилтай холбоотой маргаан огт үүсээгүй, эвлэрлийн гэрээ, тохиролцоо байгуулагдаагүй.
2021 оны 4 дүгээр улиралд Бумбат вилла хотхон ашиглалтад орсноор бид иргэн Г-тэй хийсэн “Төлбөр төлсөн тухай хэлцэл”-ийг хууль ёсны болгохоор холбогдтол 2021 оны 11 дүгэр сарын 23-ны өдөр ирэн Б- өөрийгөө “А” ХХК-ийн захирал хэмээн нэрийдэж, манай компанийн нэрийг барьж иргэн Г-тэй “Хэлцэл дуусгавар болгох” тухай тамга тэмдэггүй бичгийг үйлдэн гарын үсгээ зурж бараа солилцоонд ирэх байсан Баянзүрх дүүргийн 14 хороонд байрлах ** дугаар байр, ** тоот 2 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан байна.
Иймд “А” ХХК-ийг Баянзүрх дүүргийн 14 хороонд байрлах ** дугаар байр, ** тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.
“Хэлцэл дуусгавар болгох тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлээс татгалзаж байна.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
2.1. “А” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч Е- бид хоёр багын найзууд. Бид 2017 оноос хойш ашиг олох зорилгоор олон бизнес хамтарч хийсэн. Е- 2018 оны сүүлээр барилгын суурийн ажлаа хаяж явах, 2020 оны эхээр газар тариалангийн бизнесээсээ намайг хөөж гаргасан.
Бид хоёр “В” ХХК-тай байгуулсан “Барилгын суурь цутгалтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу барилгын суурийн ажил, газар тариалангийн бизнес тус тус хамтарч хийсэн гэдэг нь үнэн.
Тус хоёр ажлыг хийхдээ “А” ХХК-ийн нэр дээр бүх гэрээ, хэлцлийг хийдэг байсан учир нь “А” ХХК-д миний оруулсан хөрөнгө оруулалттай дүйцэхүйц хувьцааг шилжүүлж өгөхөөр харилцан тохироотой байсанд юм.
Газар тариалангийн бизнесийн хүрээнд оруулсан хөрөнгө оруулалтын асуудлыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3392 дугаар захирамжаар эвлэрлийг батлуулж шийдвэрлүүлсэн.
2.2. Е- бид хоёрын хамтарч хийж гүйцэтгэсэн суурийн ажлын гүйцэтгэлд 2 байшин ногдохоор байсан ба 3 дахь байшин буюу Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Бумбатын аманд байрлах, Бумбат вилла хотхоны 10 тоот хаягтай *** м.кв талбай бүхий амины орон сууцны гэрээ буюу “Амины орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулан ажлаа эхлэх үед Е- суурийн ажлаа хаяад явсан.
Миний бие “В” ХХК-тай байгуулсан зарим гэрээнүүдийн хүрээнд тооцоо нийлж акт үйлдэн тохиролцсон тохиролцооны хүрээнд буюу Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Бумбатын аманд байрлах, Бумбат вилла хотхоны ** тоот хаягтай *** м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгч болсон.
2.3. Уг амины орон сууцыг иргэн Г-тэй арилжаалах хэлцэл хийж Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо ** дугаар байрны ** тоот хаягтай орон сууц, автомашин, бэлэн мөнгөөр солилцсон. 80,0 сая төгрөгийн үнэ бүхий Рав 4 автомашин, бэлэн 6,0 сая төгрөг нийт 88,0 сая төгрөгийн хөрөнгө нь “А” ХХК-д хөрөнгө оруулалт хэлбэрээр үлдсэн.
“А” ХХК нь уг ** тоот орон сууцны өмчлөгч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б-д холбогдох, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Хэлцэл дуусгавар болгох тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-д холбогдуулан гаргасан, улсын бүртгэлийн Ү-2204024679 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 хороо, ** байр ** тоот хаягт байрлах 60,98 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч “А” ХХК мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлээгүй байна.
4.1. “А” ХХК нь “В” ХХК-тай 2016 оноос “Суурийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, улмаар ажлын хөлсөндөө Бумбатын аманд байрлах Бумбат вилла хотхонд *** м.кв талбайтай амины орон сууцыг авахаар тохиролцож, үүнийг үндэслэн Г-тэй тохирч, уг амины орон сууцыг худалдахаар болсон юм.
Тус *** м.кв талбайтай амины орон сууцыг Г- нь худалдаж авахдаа төлбөрт нь өөрийн өмчлөлийн 97,0 сая төгрөгөөр үнэлэгдэх, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод орших 60,89 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 80,0 сая төгрөгөөр үнэлэгдэх автомашин, бэлнээр 6,0 сая төгрөгийг манай компанид шилжүүлэн төлөхөөр арилжааны гэрээ байгуулсан.
Энэ гэрээний үр дүнд 80,0 сая төгрөгөөр үнэлэгдэх автомашин болон 6,0 сая төгрөг, нийт 86,0 сая төгрөгийн эд хөрөнгийг Г- нь манай компанид шилжүүлсэн боловч энэ хооронд Б- нь итгэл эвдэж, Г-ийг хууран мэхэлж, манай компанийн өмч болох 2 өрөө орон сууцыг өөртөө хууль бусаар шилжүүлэн авсан үйл баримтыг нотлох баримт хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх бүрэн дүүрэн үнэлж, дүгнээгүй.
4.2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016, 2017, 2018 онуудад “В” ХХК болон “А” ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдан барилгын суурийн ажил гүйцэтгэгдэж, түүний хөлсөнд 3 ширхэг амины орон сууц хүлээн авахаар тохирсон гэдэг нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрчийн мэдүүлгээр нотлогдсоор байхад уг хэргийг бүхэлд нь хянаж үзэлгүйгээр, тухайн хэргээс зохигчдын хооронд байгуулсан гэрээ тохиролцоог татаж, хэрэг шийдвэрлэхдээ үндэслэх ёстой байсан боловч шүүх энэхүү нөхцөл байдлыг тодруулж үзэлгүйгээр тэдгээрт хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр асуудлыг зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэсэн.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
4.3. Мөн анхан шатны шүүх уг иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Г-ийг татаж оролцуулсан гэх боловч бичгээр тайлбар өгснөөс өөрөөр Г- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүх хуралдаанд оролцоогүй, талуудын мэтгэлцэх боломж нөхцөлийг бүрдүүлээгүй, Г-ээс зайлшгүй асууж тодруулах зүйлүүд байсан боловч шүүх үүнд хайхрамжгүй хандсан. Энэ нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Анхан шатны шүүх хэргийг зөвхөн хариуцагчийн талд шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Нэхэмжлэгчийн маргаж буй 2016 оны суурийн ажлын гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл, гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Нэхэмжлэгч талын анхан шатны шүүхэд гаргасан нотлох баримт, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Б-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, ** дугаар байр, ** тоот, *** м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “Хэлцэл дуусгавар болгох тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хэлцэл дуусгавар болгох тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлээс татгалзаж, шүүх татгалзлыг баталсан байна.
3. “А” ХХК болон “В” ХХК-ийн хооронд 2016 онд барилгын суурийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр захиалагч буюу “В” ХХК нь ажлын хөлсөнд 3 амины орон сууцыг ажил гүйцэтгэгч “А” ХХК-д өгөхөөр харилцан тохиролцож, ажил гүйцэтгэгч 2 амины орон сууцыг ажлын хөлсөнд авсан талаар маргаагүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
4. “А” ХХК болон “В” ХХК-ийн хооронд 2016 онд барилгын суурийн ажил гүйцэтгэх гэрээгээр 3 дахь амины орон сууцыг хөлсөнд тооцохоор тохиролцсон ажлыг ажил гүйцэтгэгч “А” ХХК хийж гүйцэтгэсэн байдал баримтаар тогтоогдохгүй байна.
Харин “В” ХХК болон иргэн Б- нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр барилгын суурийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээний зүйл нь “А” ХХК-ийн 2016 онд “В” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хийж гүйцэтгээгүй ажил болохыг энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон “В” ХХК-ийн захирал ажилтай Б.Ганбаярын “2016 онд манай компани 42 ажлын амины орон сууцны төсөл бэлдсэн. Энэ ажилд суурийн?ажил хийж гүйцэтгэх компани сонгон шалгаруулалт хийгээд “А” ХХК-ийн Е-, Б- гэх хоёр залуу орж ирсэн, 2017 оны хавар суурийн ажил эхлээд “А” ХХК 42 айлын амины орон сууцны суурийг өөрсдөөсөө материалаа гаргаж хийгээд манайхаас 3 хаус хүлээж авах гэрээтэй ажлаа эхлүүлсэн. Тэдний зүгээс 2017 онд ажил нь нилээн шуурхай яваад 28, 29 хаусны суурийг хийсэн даруйд нь манайхаас төлбөр тооцоог нь хийгээд 2 амины орон сууц зарж борлуулах эрхийг нь өгөөд өөрсдөө зараад цааш явсан байх. Тэгж байгаад ажил цалгардаж хүн хүчгүй болсон. Е- нь газар тариалангийн ажил хийнэ гээд 2, 3 сар үзэгдээд алга болсон. Түүнээс хойш ганц хотод байгаа нь Б- болж таарсан. Тэгээд 2018 онд Б-тай холбогдоод ажлаа дуусгаж чадах юм уу, чадахгүй бол дараагийн компанийг оруулмаар байна гэхэд Б- чадлаар хийж үзье гээд хамаатан саднаа оруулаад жаахан хүн хүч муутайгаар ажиллаж байгаад 11 суурь ашиглалтад оруулаад нийтдээ 38 суурь хүлээлгэж өгөөд ажлаа 2019 онд дууссан байх. ... Б-тай тусдаа байгуулсан гэрээ” гэсэн мэдүүлэг, “В” ХХК болон Б- нарын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримт, гуравдагч этгээд Г-ийн шүүхэд гаргасан “2018 оноос хойш Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бумбатын аманд байрлах 43 айлын Бумбат вилла хотхоны ** тоот хаягтай *** м.кв талбай бүхий амины орон сууцыг ашиглалтад орох хүртэл маш олон удаа “В” ХХК болон Б-тай ярилцаж, уулзаж, амины орон сууцаа баригдаж байх явцад эргэж тойрч байсан. Энэ хугацаанд нэг ч удаа “А” ХХК болон тус компанийн захирал А.Е-тай холбогдож, уулзаж байгаагүй” гэх тайлбарыг зохигчдын гаргасан тайлбартай харьцуулан анхан шатны шүүх зөв тогтоосон гэж дүгнэх нь зүйтэй байна.
5. Ажил гүйцэтгэгч Б- нь гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэсэн, захиалагч “В” ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлс болох Бумбат вилла хотхоны *** м.кв талбай бүхий амины орон сууцыг гуравдагч этгээд Г-т шилжүүлэх замаар хүлээн авсныг буруутгах үндэслэлгүй. Б-г уг амины орон сууцны өмчлөх эрхийг “В” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр олж авсан гэж дүгнэнэ.
6. Улмаар Г- *** м.кв талбай бүхий амины орон сууцыг Б-тай байгуулсан арилжааны гэрээний үндсэн дээр өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах 60,98 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, автомашин болон 6,0 сая төгрөгөөр сольж авсан тул Б- уг ** тоот орон сууцны өмчлөгч болжээ.
7. Дээр дурдсан үндэслэлээр “А” ХХК-ийг маргаан бүхий ** тоот орон сууцны өмчлөгч гэх байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Иймээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна.
Г-ээс арилжааны гэрээний дагуу Б-д төлсөн 80,0 сая төгрөгөөр үнэлэгдэх автомашин болон 6,0 сая төгрөг нэхэмжлэгч “А” ХХК-д шилжүүлсэн байдал нь нэхэмжлэгчийг маргаан бүхий ** тоот орон сууцны өмчлөгч болохыг шууд нотлохгүй байна.
8. Гуравдагч этгээд Г-ийг шүүх хуралдаанд оролцуулах талаар нэхэмжлэгч талаас шүүхэд хүсэлт гаргаж байгаагүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/04199 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 1** дугаар зүйлийн 1**.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Б-
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.Б-