Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 518

 

 

 

 

                                      

 

 

                                          

 

                                     

                                                                                 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж овогт Б-ын Н-д холбогдох эрүүгийн 18100 2302 0615 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Д.Мөнхцэцэг, шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 21:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, “Шинэ өргөө” хорооллын 000-00 тоотод Г.О-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                       

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Н нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож, “өөрөө өөрийгөө өмгөөлнө” гэх хүсэлтээ тус шүүхэд бичгээр гаргасан тул түүний ”өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“....Миний хувьд прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Иймд өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан, энэ саналаа одоо дэмжиж байна. Прокуророос танилцуулсан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид төлөх хохирол төлбөр байхгүй. Хохирогч Г.О бид хоёр найз нөхдийн холбоотой.

2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр миний төрсөн өдөр байсан бөгөөд манай ээж маань өнгөрсөн өдөр таараад сэтгэл санаа муу байсан. Тэгэхэд манай найз намайг гэртээ урьж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтоод тасарсан байсан. Нэг сэртэл Г.О намайг боож байсан юм.

Би 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Г.О найзынхаа гэрт нь очоод “тэр өдөр яагаад намайг боосон тухай” асууж ойлголцох гэхэд намайг хэл амаар доромжлон, “нохой минь зайл” гэж гэрээсээ хөөсөн. Тэгээд бид хоёр маргалдаж, зодолдсон. О эхэлж намайг гараараа цохиж, хоолой боосон. Мөн намайг толгойгоороо мөргөж, 2 эрхий хуруугаараа миний завжнаас татсан. Би түүний  шанаа тус газар нь гараараа 3 удаа цохиж гэмтэл учруулсан. 2018 оны 08 дугаар сараас л Г.О ядаргаатай зан гаргаад, хамт байж байдаа намайг бусадтай харьцаж, юм ярихад “найзыгаа харамлаж байна” гээд дундуур орж эвгүй зан гаргаж эхэлсэн. Тухайн үед нь би эр хүний хувиар түүнтэй ярилцаж байсан. Уг нь бид  хоёр 2008 оноос бие биенээ мэддэг болж, найзалж нөхөрлөсөн хүмүүс. Хохирогч Г.О надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй. Би түүнээс уучлалт гуйж, бид хоёр эвлэрсэн. Би үйлдсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байна. Цаашид ийм асуудал гаргахгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18100 2302 0615 дугаартай хэргээс:

 

1.  Хохирогч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2018 оны 09 дүгээр сарын 30-ны орой 21:00 цагийн үед гэртээ байхад хаалга нүдэхээр нь онгойлгоход Н гэрт орж ирээд, хэл амаар доромжлоод “гараад ир, одоо зодолдъё” гээд гэрт зодолдох гээд байхаар нь би “хоёулаа гаръя” гээд хувцасаа өмсөөд гарах гэтэл үүдэнд надтай барилцаж авсан. Тэгэхэд нь би хөлөөрөө нэг удаа хавирч унагаагаад дээр нь гарч суугаад “Н хоёулаа болъё” гээд гараараа татаж босгож ирсэн. Н босож ирээд намайг гараараа нэг удаа цохиход би манараад газарт унасан. Н нь миний зүүн талын шанаа руу нэг удаа мөргөж, гараараа зүүн шанаа руу нэг удаа цохиход нь би манараад газар унахад толгой руу 5 удаа өшиглөсөн. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм. Н бид хоёрт маргалдах шалтгаан байхгүй. Н гэрт орж ирээд над руу дайраад байсан. Тухайн үед Н, бид хоёрын хэн хэн нь архи уугаагүй, эрүүл байсан.

Бидний дунд ямар нэг өр авлага, өш хонзон байхгүй. 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Н-ын төрсөн өдөр болох үед бид хамтдаа манай гэрт архи ууцгаасан. Н нь тухайн өдөр дүү гээд 3 залуу дуудсан ба тэр хүүхдүүд нь архи ууж байгаад явсан. Тэгээд үүрийн 04:00 цагийн үед бид хоёр хоорондоо маргалдаж заамдалцсан, юунаас болсон талаар би одоо санахгүй байна. Тэгээд л Н-д “найзууд хоорондоо маргалдах муухай, хоёулаа согтсон байна, чи такси бариад явчих” гэж хэлсэн. Тэрнээс өөрөөр ямар нэг маргалдсан зүйл болоогүй. Гэрт орж ирээд хүн зодчихоод зугтчихсанд нь гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Асуудлыг хурдан шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 08-09х/,

 

2. Гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би одоогоор найз О-ын гэрт нь амьдарч байгаа. Тухайн өдөр шөнө хэдэн цаг болж байсныг санахгүй байна хаалга нүдэхээр нь О хаалга онгойлгоход Н гаднаас орж ирээд О-ыг “гараад ир зодолдъё” гээд байсан. Тэгээд О, Н хоёр барьцалдаж авахаар нь би дундуур нь орж салгахад эргээд хоорондоо барьцалдаж аваад Н О-ыг доороо оруулж байгаад гараараа цохиод, дараа нь хөлөөрөө өшиглөөд гараад явсан.

2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Н-ын төрсөн өдөр болоод бид нар О-ын гэрт архи уусан. Тухайн үед тэр хоёр хоорондоо маргалдаад Н гэрээс нь гараад явсан. Тэрнээс болж хоорондоо маргалдсан байх. Би тэр үед нь салгасан ч эргээд хоорондоо барьцалдаад Н О-ыг унагааж дээр нь гараад гараараа толгой руу нь цохиод, хөлөөрөө толгой руу нь өшиглөөд гараад явсан. О-ын чихнийх нь ар хэсгээс цус гарч, нүд нь хавдаж хөхөрсөн байсан.

О нь Н-ыг цохиж зодсон зүйл байхгүй. Надаас өөр тэр хоёрыг маргалдаж зодолдож байхыг харсан хүн байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 11х/,

 

3. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 19-21х/,

 

4. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний:

1. Г.О-н биед тархи доргилт, зүүн чихэнд шарх, зүүн зовхи, чамархай, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язрал, зүүн нүдний салстад цус харвалт, үүдэн дээд 2 шүдний сулрал зэрэг шинэ гэмтлүүд тогтоогдлоо. Хүзүү, зүүн шуунд хуучин зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх шинэ гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хуучин гэмтэл нь 72 цагаас дээш хугацааны өмнө үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11869 дугаартай дүгнэлт /хэргийн 16х/,

 

5. Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 09 дүгээр сарын 30-ны орой би найз О-ын гэрт нь ярилцах гэж очсон юм. Тэгтэл намайг хэл амаар доромжлоод “нохой минь зайл” гэж хэлсэн. Тэгээд эхлээд миний цээж рүү гараараа түлхээд, нүүр рүү гараараа түлхээд, миний хоолойноос гараараа боохоор нь би толгойгоо сугалж аваад нүүр хэсэг рүү нь мөргөөд, гараараа нүүр рүү нь 3 удаа цохисон.

Би шүүх эмнэлгийн 11869 дугаартай дүгнэлттэй танилцсан, дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүд нь намайг О-ыг цохих үед учирсан, өөрийн үйлдэлдээ гэмшиж байна. Би найз нөхдийн хооронд болсон жижиг зүйл дээр үзүүлээд яахав гэж бодоод шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Би О-т цохиулсан асуудал дээр гомдол санал байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 24х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 22х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 23х/, Хан-Уул дүүргийн прокурорын газарт шүүгдэгч Б.Н-ын “өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 37х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг /хэргийн 37х/ прокурорт гаргаснаар 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаартай прокурорын тогтоолоор холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтож, прокуророос шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрснөөр /хэргийн 40х/ Прокуророос Б.Н-д холбогдох эрүүгийн 18100 2302 0615 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 21:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, “Шинэ өргөө” хорооллын 000 байрны 00 тоотод “нохой минь зайл гэж хэлж гэрээсээ хөөлөө” гэснээр шалтаглан Г.О-тай маргаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүнийг зодож биед нь “...тархи доргилт, зүүн чихэнд шарх, зүүн зовхи, чамархай, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язрал, зүүн нүдний салстад цус харвалт, үүдэн дээд 2 шүдний сулрал” бүхий  хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт шүүх хуралдаанд шинжлэн судалсан:  

- хохирогч Г.О-ын: “...2018 оны 09 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн үед гэртээ байхад хаалга нүдэхээр нь онгойлгоход Н гэрт орж ирээд, хэл амаар доромжлоод “гараад ир, одоо зодолдъё” гээд гэрт зодолдох гээд байхаар нь би “хоёулаа гаръя” гээд хувцасаа өмсөөд гарах гэтэл үүдэнд надтай барилцаж авахаар нь би хөлөөрөө нэг удаа хавирч унагаагаад дээр нь гарч суугаад “Н хоёулаа болъё” гээд гараараа татаж босгосон. Тэгтэл Н босож ирээд намайг гараараа нэг удаа цохиход нь би манараад газар унасан. Н нь миний зүүн талын шанаа руу нэг удаа мөргөж, гараараа зүүн шанаа руу нэг удаа цохиход нь би манараад газар унахад толгой руу 5 удаа өшиглөсөн. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Намайг газар унахад Н толгой руу өшиглөж байгаад гараад зугтаасан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ... Нэхэмжлэх зүйл байхгүй. Асуудлыг хурдан шийдвэрлэж өгнө үү.”  гэсэн мэдүүлэг /хэргийн 08-09х/,

- гэрч Д.Г-ын: “...Тухайн өдөр шөнө хэдэн цаг болж байсныг санахгүй байна хаалга нүдэхээр нь О хаалга онгойлгоход Н гаднаас орж ирээд О-ыг “гараад ир зодолдъё” гээд байсан. Тэгээд О, Н хоёр барьцалдаж авахаар нь би дундуур нь орж салгахад эргээд хоорондоо барьцалдаж аваад, Н О-ыг доороо оруулж байгаад гараараа цохиод, дараа нь хөлөөрөө өшиглөөд гараад явсан. ...О-ын чихнийх нь ард талын хэсгээс цус гарч, нүд нь хавдаж хөхөрсөн байсан. ...О нь Н-ыг цохиж зодсон зүйл байхгүй. Надаас өөр тэр хоёрыг маргалдаж зодолдож байхыг харсан хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 11х/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 19-21х/,

- Шүүх эмнэлгийн шинжээчийн:  “...Г.О-н биед тархи доргилт, зүүн чихэнд шарх, зүүн зовхи, чамархай, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язрал, зүүн нүдний салстад цус харвалт, үүдэн дээд 2 шүдний сулрал зэрэг шинэ гэмтлүүд тогтоогдлоо. Хүзүү, зүүн шуунд хуучин зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх шинэ гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хуучин гэмтэл нь 72 цагаас дээш хугацааны өмнө үүсгэгдсэн байх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн  11869 дугаартай дүгнэлт /хэргийн 16х/,

- шүүгдэгч Б.Н-ын: “...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 09 дүгээр сарын 30-ны орой би найз О-ын гэрт нь ярилцах гэж очсон юм. Тэгтэл намайг хэл амаар доромжлоод “нохой минь зайл” гэж хэлсэн. Тэгээд эхлээд миний цээж, нүүр лүү гараараа түлхээд, хоолойноос боохоор нь би толгойгоо сугалж аваад нүүр хэсэг рүү нь мөргөөд, гараараа нүүр рүү нь 3 удаа цохисон. Би шүүх эмнэлгийн 11869 дугаартай дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүд нь би О-ыг цохих үед учирсан. Би  өөрийн үйлдэлдээ гэмшиж байна. ...Миний хувьд О-т цохиулсан асуудал дээр гомдол санал байхгүй, нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч Г.О-ын биед учирсан “тархи доргилт, зүүн чихэнд шарх, зүүн зовхи, чамархай, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язрал, зүүн нүдний салстад цус харвалт, үүдэн дээд 2 шүдний сулрал” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Н түүнийг зүүн чих, зүүн чамархай, нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 21:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Шинэ өргөө” хорооллын 632 байрны 22 тоотод Б.Н нь хохирогч Г.О-ыг “нохой минь зайл гэж хэлж гэрээсээ хөөлөө” гэснээр шалтаглан Г.О-тай маргаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүнийг зодож биед нь “...тархи доргилт, зүүн чихэнд шарх, зүүн зовхи, чамархай, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язрал, зүүн нүдний салстад цус харвалт, үүдэн дээд 2 шүдний сулрал” бүхий  хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Б.Н-ын дээрх үйлдэлд Хан-Уул дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийн зүйлчлэлийг тогтоон ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий байна.

 

Иймд шүүгдэгч Б.Н-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

 

Шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан. 

 

Хэргийн хохирогч Г.О-ын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд  учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Хэргийн хохирогч Г.О нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгт болон тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ тус тус илэрхийлэн /хэргийн 53х/ гэм хорын хохирол, төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байна.

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч Б.Н-аас гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Н нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 24х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.  

 

Шүүх,  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзаж, эрүүгийн хариуцлагын гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээнийн буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.    

 

Энэ хэрэгт Б.Н нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Ж овогт Б-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Н нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Б.Н нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч Г.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД