Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 525

 

 

 

 

                                               

 

                                                

 

 

                                                                               

                                      

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Г-ийн Т-д холбогдох эрүүгийн 18100 1008 0362 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Соёлмаа, хохирогч Б.Б, шинжээч эмч М.Золжаргал, шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Хөрш заан хотхоны 000 дугаар байрны гадна “машинаа холдуул гэж дахин дахин ярьлаа” гэх шалтгаанаар иргэн Б.Б-тай маргалдаж, улмаар түүнийг зодож, цохин эрүүл мэндэд нь “баруун дээд 1-р шүдний хугарал, дээд зүүн 1-р шүдний сулрал, дээд баруун 2-р шүд, доод баруун 2-р шүдний эмтрэл, уруулд шарх, зүүн шуунд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн хохирогч Б.Б, шүүгдэгч Г.Т нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзан, хэн аль нь шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлтээ тус тус илэрхийлсэн тул нэр бүхий хохирогч, шүүгдэгч нарын ”өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаад оролцох эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.Т-аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   

“...Би “Хөрш заан” хотхоны 12 дугаар байранд амьдардаг юм. 2018 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 01 цагийн үед авто зогсоолын асуудлын улмаас маргаан болсон. Тухайн зогсоол нь 12 айлын эзэмшлийн талбай байгаа юм. Бие биеэндээ хүлээцтэй хүндэтгэлтэй хандаж чадаагүй, омогтой зан аашнаас болж үл ойлголцол болж хэрэгт холбогдсон. Тухайн өдөр би утсаа асаалттай орхиод гэртээ амарч байсан. Би хохирогчийн дуудлагыг аваад ярьсанаас болж өнөөдөр хэрэгт холбогдоод явж байна.

Миний хувьд цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагад гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчилтэй явагдсан. Миний гаргасан өргөдөл гомдлыг цагдаа, прокурорын зүгээс шалгаагүй. Гэмт хэрэг юунаас болж гарсан, маргах шалтгаан болсон автомашины зогсоолын эзэмшилийн талаар шалгаагүй, мөн хэргийн газарт ирсэн зарим хүмүүс, тухайлбал манай эхнэр болон найзаас гэрчийн мэдүүлэг аваагүй зэрэг зөрчилтэй байгаа.

Тухайн өдөр хэрэг гарсан цаг хугацаанд хохирогч Б, бид хоёроос өөр хүн байгаагүй, хэрэгт мэдүүлэг өгсөн хохирогчийн эхнэр хэрэг болох үед байгаагүй юм. Прокуророос надад гэмт хэрэг үйлдсэн гэж тулгасан. Би бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан эсэхээ мэдэхгүй байна. Тухайн өдөр архи, согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, эрүүл байсан. Хэрэг болоод хагас жил өнгөрсөн учир би болсон асуудлын заримыг санахгүй байна. Би хохирогчийг танихгүй. Бид хоёр нэг нэгнийгээ цохиж,  хохирогчийн шүд унасан гэж байгаа боловч би үүнийг хараагүй. Хэрэв энэ байдал тогтоогдвол би эмчилгээний гарсан бодит зардлыг нөхөн төлж барагдуулна. Сэтгэл санааны хохирол, өмгөөлөгчийн зардалд нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоогоор хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулаагүй. Хохирогч Б-тай өнөөдөр л уулзаж байна. Болсон явдал гэвэл би хохирогчийг олон удаа цохиж зодоогүй, бид маргалдах явцад хоёр бие биенээ заамдалцаж ноцолдох үед түүний шүд нь унасан байж магадгүй.

Тухайн үед хохирогч машин дотроос намайг тонгойсон байхад хүзүүнээс татаж  заамдсан. Тэгээд түүнийг машинаасаа гарч ирэх гэхэд нь би хойш нь түлхсэн. Хэрэг гарах орчин гэрэлтүүлэггүй байсан учир харанхуй байсан. Хэргийг шалгахдаа хэтэрхий нэг талыг барьж, тулгаж хандсан. Би хохирогчийн хохирлыг төлж барагдуулна. Гэхдээ улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2018 оны 04 дүгээр сарын 16-ны орой 20:00 цагийн үед машинаа зогсоол дээр тавиад гэртээ орсон. Манай эхнэр, хүүхэд маань гадагшаа явахаар виз мэдүүлэх гэж байсан учир би 23:00 цагийн үед машинаасаа эд зүйл авах гэж гарахад миний машиныг хаагаад машин тавьсан байсан. Тэгээд би машинд байсан дугаар руу залгаад “өглөө эрт гарна” гэдгээ хэлэхэд “би машинаа хөдөлгөнө” гэж хариу хэлсэн. Тэгээд гэртээ ортол манай эхнэр нийгмийн даатгалын лавлагаа Түц машнаас авах хэрэгтэй, өглөө эрт явах учир одоо гараад лавлагаа авах гээд буцаад гарах хэрэг шаардлага гарсан. Ингээд гарч зогсоолоос машинаа гаргах гэхэд багтахгүй байсан тул нөгөө дугаар луу дахин залгаад машины эзэнтэй ярьж “машинаа гаргах гэсэн боловч багтахгүй, машиныг чинь зурчих гээд байна” гэхэд урдаас “шөнө дунд амарч байхад дахин дахин залгалаа” гээд утсаар орилсон. Удалгүй нэг залуу гарч ирээд “хүн унтаж байхад дуудлаа” гэж уурлахаар нь би “энэ бол хотхоны нийтийн зогсоол” гээд бид хоёр маргалдсан. Тэгээд шүүгдэгч нь намайг машин дотор сууж байхад машины цонхоор хоёр удаа  гараараа цохисон. Би машин дотор сууж байсан болохоор хөдлөх боломж байгаагүй, тухайн үед машины цонх онгорхой байсан юм.  

Би эмчилгээний зардал болон өмгөөлөгчийн ажлын хөлс гэж нийт 8.000.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс бодит бус зардлыг хасаж тооцвол 6.000.000 төгрөг нэхэмжлэх тооцоо гарч байна. Эмчилгээ хийлгэсэн хохирол төлбөртэй холбоотой баримтуудыг хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн. Бодит бус зардал гэдэгт өмгөөлөгчийн зардал, сэтгэл санааны хохирол зэргийг оруулан тооцсон байгаа. Өмгөөлөгчтэй 2.000.000 төгрөгөөр гэрээ хийсэн. Түүнээс 1.000.000 төгрөгийг урьдчилгааг бэлнээр төлчихсөн байгаа. Одоогийн байдлаар би имплант шүд хийлгээгүй байгаа. Төлбөрөө төлөөд захиалгаа өгчихсөн. Би бодит бус зардал буюу сэтгэл санааны хохиролд 2.000.000 төгрөг, эмчилгээний зардалд 4.000.000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. Хугарсан шүдээ авхуулаад оронд нь имплант шүд хийлгэнэ. Мөн шүдний эмч суларсан шүдэнд суулгац хийх боломжгүй гээд имплант шүд хийлгэх болсон. Шүүгдэгч нь хүний биед хохирол учруулаад, уучлалт гуйгаагүй. Надаас уучлалт гуйсан бол байдал ийм дээрээ хүрэхгүй байсан байх. Миний шүүгдэгчийн зүгээс эмчилгээний гарсан зардал, үүн дээр өмгөөлөгчид төлсөн 1.000.000 төгрөгийг нэмээд, одоогийн байдлаар надаас гарсан байгаа бодит зардал 5.000.000 төгрөгийг төлье гэсэн санал гаргаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Иймээс энэ хэмжээнд хохирлын асуудал дээр эвлэрч үлдэх хэсгийг нэхэмжлэхээс татгалзаж байна.” гэсэн мэдүүлэг,

 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч М.Золжаргалын өгсөн:

“...2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Н.Б-ыг өөрийн биеэр үзсэн. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэг, компьютер томогрофын зураг, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шүдний эмчийн үзлэг, мэдрэлийн эмчийн үзлэг зэргийг үндэслэн дүгнэлтээ гаргасан.

Н.Б-ын биед учирсан шүдний гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр учрах боломжтой. Нэг удаагийн үйлчлэл гэдэг нь нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлийг хэлж байна. Шүдний уналтын цаг хугацааг тодорхой тогтоох боломжгүй, хэдэн цаг, хэдэн минутанд шүд унасан бэ гэдгийг тогтоох боломжгүй, харин тухайн гэмтэл нь шинэ, эсхүл хуучин гэмтэл эсэхийг тогтоож болно.

Хохирогчийн биед учирсан шүдний гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл байсан бөгөөд хөнгөн гэмтэлд тооцогдоно. Шүдний хугарал, сугарал, эмтрэл гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, 4 долоо хоногийн хугацаанд эдгэрэх боломжтой учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1 шүдний хугарал гэмтэл нь дангаараа хөдөлмөрийн чадварыг тогтонгид 5 хувиар алдагдуулдаг.

Шүдний хугарал гэдэг нь шүдийг авахаас өөр аргагүй байдалд хүргэдэг. Шүдний сулрал нь эмчилгээний үр дүнгээс хамаарч эдгэрнэ. Эмтэрсэн шүдийг орчин үеийн эмчилгээнд нөхөн сэргээх боломжтой. Шүдний хугарал, сугарал, эмтрэл гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүд юм.

Харин уруулын шарх, зөөлөн эдийн няцрал зэрэг нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хутга мэс, ир үзүүртэй зүйлээс бусад бүх хүчний үйлчлэлийг мохоо зүйлийн үйлчлэлд хамааруулдаг. Дүгнэлтэд заасан хохирогч Б-ын биед учирсан гэмтлүүд нь гараар цохиход учрах боломжтой. Мөн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлүүд.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18100 1008 0362 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2018 оны 4 дүгээр сарын 16-ны орой Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөрш заан хотхон дахь гэртээ ирсэн. Өөрийн 00-00 УНЧ улсын дугаартай, хар хөх өнгийн Тоёота Марк Икс загварын машинаа хотхоныхоо 000 байрны урд талын нийтийн эзэмшлийн авто зогсоол дээр байршуулаад гэртээ орсон. Шөнө 23:00 цаг өнгөрч байхад дэлгүүр ороод буцахдаа машинаасаа юм авах гэж очтол миний машины урд талыг хагас хаасан байдалтай, 00-00 УБҮ улсын дугаартай, хар өнгийн Мерседес Бенз маркийн автомашин зогссон байсан.

Маргааш өглөө нь эрт ажилтай байсан болохоор тухайн машины урд цонхонд байрлуулсан 00000000 дугаарын утас руу залгахад, нэг эрэгтэй хүн утсаа авсан. Би тэр хүнд “өөрөө миний машиныг хаагаад тавьчихсан байна, би өглөө эрт 06:00 цагт вокзал орох ажилтай, машинаа урагшлуулаад тавьчих уу” гэж хэлтэл тэр хүн “би орондоо орчихсон байна, өглөө гарахдаа залгаарай” гэж хэлэхээр нь би гэр рүүгээ орсон.

Тэгээд гэртээ ортол эхнэр Б нь  “маргааш өглөө виз мэдүүлэхэд нийгмийн даатгалын лавлагаа хэрэгтэй юм байна, хоёулаа гарч ТҮЦ машинаас лавлагаа авъя” гэж хэлэхэд нь би буцаж гарахдаа “унтаж байгаа хүнийг босгоод яахав” гэж бодоод, жоохон зайгаар нь машинаа гаргах гэж 10 орчим минут маневарласан боловч машинаа гаргаж чадаагүй.

Ингээд би 00 цаг 16 минутанд 00-00 УБҮ улсын дугаартай, хар өнгийн Мерседес Бенз маркийн машины жолооч руу яриад “яаралтай гарах ажилтай болчихлоо, үлдсэн зайгаар нь багтаад гарчих гэсэн боловч машиныг чинь зурчих гээд байна” гэж хэлтэл нөгөө залуу “албатай юм шиг, хүний зогсоол дээр машинаа тавьчихаад шөнөөр залгалаа” гэж уурлаад утсаа салгасан. Түүнээс хойш удалгүй 40 орчим насны, 180 орчим сантиметр өндөртэй, махлаг залуу 000 байрны баруун талаас гарч ирж байгаа харагдсан. Тэр залуу миний машины урдуур явахаар нь нөгөө машины жолооч юм байна, машинаа холдуулах нь дээ гэж бодож байтал миний машины жолооч тал буюу баруун урд талд хүрээд ирсэн.

Тэгэхээр нь би түүнийг яасан юм бол гэж бодоод цонхоо нээтэл, тэр залуу “чи аль байрных юм бэ” гэж ууртайгаар асуухаар нь би түүнд “000 байрных, яасан бэ” гэхэд нөгөө залуу дахиад л “албатай юм шиг хүний зогсоол дээр машинаа тавьчихаад шөнө дуудаад байх юм” гэж уурлахаар нь би “энэ чиний зогсоол юм уу, чинийх гэж бичсэн юм хаана байна, энэ чинь нийтийн эзэмшлийн талбай” гэж хэлсэн.

Тэгтэл нөгөө залуу “чи ямар овоо пизда вэ” гэж хэлснээ гараараа баруун шанаа орчимд маш хүчтэй цохисон. Тухайн үед миний нүд харанхуйлаад зүүн суудлаа налаад уначихсан, юу болоод байгааг сайн ойлгоогүй. Хэсэг байж байгаад сэхээ аваад бостол нөгөө залуу дахин баруун шанаа, хацар, эрүү, уруул орчимд гараараа 7 удаа цохиход нь миний ухаан балартсан.

Тэр үед миний гар утас руу эхнэр Б залгахаар нь чанга яригч дээр нь тавиад “дүүг хурдан дуудаарай” гэж хэлээд удаагүй байтал тэр залуугийн эхнэр, охин бололтой танихгүй хоёр эмэгтэй ирсэн. Намайг зодсон эрэгтэй “шүүх цагдаагаараа яваад үзээрэй, юу олж долоохыг чинь харъя, чи буруу хүнтэйгээ орооцолдсон” гэж хэлж байхад нь манай хадам дүү Э миний машин дээр ирээд, жолооч талын хаалгыг нээхэд би машинаасаа буусан. Эхнэр Б, хадам ээж Б нар ирчихсэн байсан тул би тэдэнд “энэ залуу намайг цохиод шүд хугалчихлаа” гэж хэлтэл, намайг зодсон залуугийн охин бололтой 20 гаруй насны эмэгтэй “наадах чинь угаасаа шүдгүй байсан” гэсэн зүйл яриад байсан. Би “ийм хүмүүстэй яриад байх зүйлгүй” гэж хэлчихээд харуулын байр руу очиж, хяналтын камерыг шүүж байхад цагдаа нар ирсэн. Цагдаа нар намайг зодсон залууг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Намайг зодсон залууг Т гэдэг юм байна.

Би Т-ыг урьд нь огт таньдаггүй байсан. Т нь намайг “миний зогсоол дээр машинаа байрлуулчихаад, унтаж байхад машинаа холдуул гэж байн байн ярьлаа” гэсэн шалтгааны улмаас зодсон. Т нь “чи ямар овоо пизда вэ” гэж хэлснээ гараараа баруун шанаа, хацар, эрүү, уруул орчимд гараараа 7 удаа цохиж, зодсоны улмаас ...миний баруун дээд талын 1, 3 дугаар шүд хугарч, баруун дээд 2 дугаар шүд, баруун доод талын шүд эмтэрч, зүүн дээд талын үүдэн 1 дүгээр шүд хөдөлгөөн орсон, баруун хацар, шанаа хавдаж хөхрөөд, уруул хавдаж, дотроо язарсан.

Т-д цохиулж байхдаа өөрийгөө хамгаалах гээд зүүн гараа өргөтөл тэрээр гар руу цохисон. Үүний улмаас миний зүүн шуу хөхөрсөн. Үүнээс өөр ил харагдах гэмтэл шарх учраагүй. Т намайг зодож байхыг харсан хүн байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Би тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Ийм хэрцгий балмад хүнд зодуулж, эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсондоо гомдолтой байна. Түүнээс эмчилгээний зардал болон бусад зардлаа нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 9-10х/,

 

2. Гэрч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Б-тай 2008 оноос хойш хамтран амьдарч байгаа, гэр бүлийн баталгаагүй. Бид хоёр дундаасаа нэг ой 6 сартай Ц нэртэй охинтой. Би 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Герман улсын элчин сайдын яаманд виз мэдүүлэх ёстой байсан. Визний материалаа бүрдүүлэхэд нийгмийн даатгалын лавлагаа дутуу байхаар нь шөнө ТҮЦ машинаас лавлагаа авах гэж ээж Б, нөхөр Б, охин Ц нарын хамтаар гарсан. Б урд машины зогсоолоос “машинаа аваад ирье” гэж яваад алга болчихоор нь түүний гар утас руу залгахад “байна уу” гэж чанга орилсноо утсаа салгачихсан. Тэгээд дахин гар утас руу нь залгахад “Э-г дуудаарай” гэж хэлээд гар утсаа салгасан.

Би Б-ын машинаа байрлуулсан хотхоны урд талын зогсоол руу гүйж очтол Б-ын машины урд талын 2 цонх нээлттэй, өөрөө машиндаа сууж байсан. Манай машины баруун урд хаалганы хажууд 40 орчим насны эрэгтэй, эхнэр, охин хоёр нь бололтой, эмэгтэй хүний хамт зогсож байсан.

Тэдгээр хүмүүс Б-тай маргалдаад байх шиг байсан. Би Б-д “яаралтай ажилтай байхад наад хүмүүсээ орхиоч, явъя” гэхэд Б надад “наад залуу чинь намайг зодчихлоо, миний шүд уначихлаа” гэж хэлэхээр нь Б руу хартал хамарнаас нь цус гарсан, баруун дээд талын 2 шүд хугарсан, 1 шүд нь эмтэрсэн харагдсан.

Би 40 орчим насны залуу болон эхнэр, охин нь бололтой хоёр эмэгтэйгээс “зүгээр байгаа хүнийг яагаад зодож байгаа юм бэ” гэж асуухад 40 орчим насны залуу нь Б-тай “энэ чиний зогсоол юм уу” гээд Б-ыг цохих гээд гараа далайгаад байсан. Тэр үед эхнэр нь тэр залууг хориглоод байсан. Ингээд удалгүй байхад манай ээж, охин 2 бидэн дээр ирсэн. Хотхоны харуул 30 орчим насны залуу бидэн дээр ирснээ “би цагдаад дуудлага өгсөн шүү” гэж хэлэхээр нь би охиноо дагуулаад гэр лүүгээ орсон.

Сүүлд Б-аас сонсоход “Т гэдэг хүн машинаа Б-ын машиныг хааж байрлуулсан байсан, Б Т-ыг дуудалгүй өөрийнхөө машиныг гаргах гэж оролдсон боловч машин нь багтахгүй байхаар нь Т руу яриад “машинаа холдуулаад өгөөч, миний машиныг хааж тавьсан байна.” гэж хэлэхэд Т гарч ирсэнээ Б-ыг “хүний зогсоол дээр машинаа тавьчихаад харанхуй шөнөөр над руу залгаж амгалан тайван байдал алдагдууллаа.” гэж уурлаад зодсон” гэж хэлсэн.

Т нь Б-ыг зодсоны улмаас түүний 2 шүд хугарч, 1 шүд эмтэрч, баруун шанаа, зүүн шуу нь хөхөрсөн. Тухайн үед Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Т-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Тэр үед Т нь орилж хашгираад байсан болохоор би согтуу байсан байж магадгүй гэж бодсон. Зодоон болох үед би байгаагүй болохоор уг асуудлыг харсан хүн байгаа эсэхийг би мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х/,

 

3. Гэрч О.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Б-ын хадам ээж нь байгаа юм. 2018 оны 04 дүгээр сарын 17-ны шөнө 00 цаг өнгөрч байхад охин Б, хүргэн Б, зээ охин Ц нарын хамтаар ТҮЦ машинаас лавлагаа авахаар гэрээсээ гарсан. Б урд зогсоол дээр тавьсан машинаа аваад ирье гэж хэлчихээд ирэхгүй нилээн удаад байхаар нь охин Б Б-ын гар утас руу залгаж ярьснаа, Б надад “Б хүнд зодуулчихсан юм шиг байна, охин та 2 гэр лүүгээ орж бай” гэж хэлээд урагшаа гүйчихсэн.

Би Б, Б хоёрыг хүлээж зогсож байгаад ер нь юу болсонг очиж үзье гэж бодоод хотхоны урд талын машины зогсоол дээр ирэхэд Б, Б 2 машиныхаа хажууд зогсож байсан. Тэдний хажууд 40 гаруй насны, махлагдуу, 180 орчим сантиметр өндөртэй эрэгтэй, эхнэр, охин нь бололтой хоёр эмэгтэйн хамтаар зогсож байсан. Тэр хүмүүс манай хоёр хүүхэдтэй маргалдсан байдалтай зогсож байсан.

Б-ын амнаас нь цус гараад баруун шанаа орчим нь хавдчихсан байсан. Би Б-аас юу болсон талаар асуухад “энэ хүн миний машиныг өөрийнхөө машинаар хаагаад тавьсан байна, би өөрийн машинаа зогсоолоос гаргах гэж оролдсон боловч багтахгүй болохоор нь энэ хүнийг машинаа холдуулаад өгөөч гэж дуудахад энэ эрэгтэй гарч ирээд намайг зодчихлоо.” гэж хэлсэн.

Би тухайн үед Б-ыг зодсон гэх залууд “чи манай хүүхдийг бодвол нас тогтсон хүн байна, машинаа 20-30 сантиметр холдуулахын төлөө яагаад нэгнийгээ зодож байгаа юм бэ, учраа олж чадахгүй бол шийддэг газраар нь яв” гэж хэлсэн.

Удалгүй цагдаа нар ирээд Б болон түүнийг зодсон 40 гаруй насны залууг аваад явсан. Б согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Б-ыг зодсон 40 гаруй насны залуу ч гэсэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Б-ын баруун дээд 2 шүд хугарсан, 1 шүд нь хөдөлсөн, баруун шанаа нь хавдаж, хөхөрсөн харагдсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х/,

 

4. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шинжилгээний 5127 тоот дүгнэлтэд:

1. Б.Б-н биед баруун дээд 1-р шүдний хугарал, дээд зүүн 1-р шүдний сулрал, дээд баруун 2-р шүд, доод баруун 2-р шүдний эмтрэл, уруулд шарх, зүүн шуунд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Б.Б-н нэг шүдний хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хэргийн 16х/,

 

5. Хохирогч Б.Б-аас хэрэгт гаргаж өгсөн эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой зардлын баримтууд, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, иргэний эрүүл мэндийн дэвтэр /хэргийн 27-30х, шүүхэд хэрэг хянагдах явцад гаргасан/,

 

6. Шүүгдэгч Г.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...2018 оны 04 дүгээр сарын 17-ны шөнө 01 цагийн үед намайг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөрш заан хотхоны 000 байрны 0 тоот дахь гэртээ унтаж байхад 99-тэй дугаараас нэг эрэгтэй хүн залгаснаа “хөөе машин гаргах гэсэн юм” гэж хэлэхээр нь би тэр эрэгтэйд “би унтаж амарч байна, өглөө эрт би машинаа холдуулаад өгье” гэж хэлсэн. Тэгтэл тэр эрэгтэй “пизда минь машинаа холдуулаад өг гэж хэлээд байхад машинаа холдуулахгүй бол машиныг чинь мөргөөд зураад гараад явчихна шүү” гэж хэлэхээр нь би тэр залууд “чи манай байрны эзэмшил талбай дээр машинаа зогсоочихоод харанхуй шөнө хүн рүү утсаар яриад дарамтлаад байдаг ямар учиртай юм бэ, чи аль байрны хүн бэ” гэж хэлтэл тэр залуу “миний аль байр хаана байх нь чамд ямар хамаатай юм бэ, чиний эзэмшил талбай гэж юу байдаг юм бэ, пизда минь, машинаа холдуулахгүй бол машиныг чинь мөргөөд гарлаа” гээд байсан.

Тэгэхээр нь гэрээсээ байрны урд талын автомашины зогсоол руу гартал миний 00-00 УБҮ улсын дугаартай, хар өнгийн, Мерседес Бенз С-550 маркийн машины урд талын хойд талд байрлуулсан байсан. Хөх өнгийн Япон улсад үйлдвэрлэсэн суудлын машины жолооч нь согтуу байдалтай, гар утсаараа оролдоод хөгжим өө чанга дээр нь тавьчихсан, машиндаа жолооны хүрднийхээ хойно сууж байхаар нь би тэр залуу руу очоод “харанхуй шөнө чи юу гээд хүн дарамтлаад байгаа юм бэ, энэ чинь манай байрны эзэмшлийн зогсоол, би чамайг хараа ч үгүй юм байна” гэтэл нөгөө залуу машиныхаа хаалгаар миний гэдэс рүү цохиж, дараа нь гараараа цохиж, машинаасаа бууж ирснээ цохих гэж над руу гараа далайхаар нь би хоёр гарных нь шуунаас нь барьж аваад, буцаагаад машин руу нь түлхсэн. Тэр залуугийн хувьд тэрээр надаас уучлалт гуйгаад л гараад явчих асуудал байсан.

Тэр залуу согтуу байсан болохоор согтуу байгаагийн гай байсан. Энэ асуудал болсоны дараа тэр согтуу залуугийн ээж, аав, эхнэр, дүү гэх 5-6 хүн гарч ирснээ хадам аав нь гэх нэг эрэгтэй хэл амаар доромжлоод байсан. Хэн нэг нь намайг өшиглөөд байсан. Харанхуй байсан болохоор хэн намайг өшиглөсөн болохыг би мэдэхгүй байна. Миний хувьд тэр залууг зодож цохисон асуудал байхгүй. Энэ хүний гомдлыг шалгаж байж яагаад миний гомдлыг шалгахгүй байгаа юм бэ, би сэтгэл санаа, цаг хугацаагаараа хохирч байна. Энэ асуудлаас болж би ажил төрлөө алдаж байна. Цагдаагийн байгууллагын ажилтан нь манай гэрт ирж үг хэл үйлдлээрээ дарамтлаад байна. Анх гомдол гаргаж байхад мэдүүлэг авсан байцаагч залуу надад шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол хийж өгсөн боловч би асуудал тодорхой юм чинь гээд шүүх эмнэлэгт үзүүлээгүй.

Би маргааш нь ажилтай байсан. Би танай цагдаагийн байгууллагад болон өргөдөл гомдол гаргаад байгаа залууд гомдолтой байна. Миний ар нуруунд 100 айлын ар гэрийн амьдрал шийдэгдэж явдаг. Би өөрийн ажлаа хэвийн хиймээр байна. Тухайн үед тэр залуу согтуу байсан. Хүний байрны эзэмшлийн зогсоол дээр машинаа тавьчихаад харанхуй шөнөөр хүн дарамтлаад байсан. Энэ асуудлаа хурдан нэг тийш нь шийдээд өгөөч, би хөдөө орон нутагт ажилтай байдаг хүн. ...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллагдагчаар татагдаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тэр нөхөр урьд нь зодоон хийчихээд, шүд нь уначихсан ч байсан юм уу би мэдэхгүй. Хүнийг шөнө унтаж амарч байхад гар утсаараа яриад хэл амаар доромжлоод байгаа үйлдэл нь хууль зөрчиж байна. Б нь манай байрны эзэмшил талбай дээр зөвшөөрөлгүй машинаа авч ирж тавьчихаад, зогсоолын эзнийг нь харанхуй шөнөөр утасдаж хэл амаар доромжлоод, гараад ирэхээр хүн цохиж нудраад байж болохгүй биз дээ. Хууль иргэн болгонд л адил тэгш үйлчлэх ёстой...” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-14х, 36-37х, 62-63х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 56х/, УБЕГ-ын Улсын бүртгэлийн хэлтэсийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 70х/, Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 71х/, Т.С-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 72-73х/, Г.Т-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 74х/, Гэрлэлтийн гэрчилгээ /хэргийн 75х/, Бакалаврын дипломын хуулбар /хэргийн 76-78х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн,   прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Т-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөрш заан” хотхоны 000 дугаар байрны гаднах автомашины зогсоол дээр “шөнийн цагаар машинаа холдуул гэж дахин дахин ярьж дарамталлаа” гэх шалтгаанаар хохирогч Б.Б-тай маргаж, улмаар түүнийг цохиж зодон, биед нь “...баруун дээд 1-р шүдний хугарал, дээд зүүн 1-р шүдний сулрал, дээд баруун 2-р шүд, доод баруун 2-р шүдний эмтрэл, уруулд шарх, зүүн шуунд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан:   

- Шүүх эмнэлгийн шинжээчийн: “Б.Б-н биед баруун дээд 1-р шүдний хугарал, дээд зүүн 1-р шүдний сулрал, дээд баруун 2-р шүд, доод баруун 2-р шүдний эмтрэл, уруулд шарх, зүүн шуунд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Б.Б-н нэг шүдний хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн Хүний биед хийсэн шинжилгээний 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шинжилгээний 5127 дугаартай дүгнэлт /хэргийн 16х/,

- шинжээч эмч М.Золжаргалын: “...2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Н.Б-ыг өөрийн биеэр үзсэн. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэг, компьютер томогрофын зураг, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шүдний эмчийн үзлэг, мэдрэлийн эмчийн үзлэг зэргийг үндэслэн дүгнэлтээ гаргасан. Н.Б-ын биед учирсан шүдний гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр учрах боломжтой. Нэг удаагийн үйлчлэл гэдэг нь нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлийг хэлж байна. Шүдний уналтын цаг хугацааг тодорхой тогтоох боломжгүй, хэдэн цаг, хэдэн минутанд шүд унасан бэ гэдгийг тогтоох боломжгүй, харин тухайн гэмтэл нь шинэ, эсхүл хуучин гэмтэл эсэхийг тогтоож болно.

Хохирогчийн биед учирсан шүдний гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл байсан бөгөөд хөнгөн гэмтэлд тооцогдоно. Шүдний хугарал, сугарал, эмтрэл гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, 4 долоо хоногийн хугацаанд эдгэрэх боломжтой учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний хугарал гэмтэл нь дангаараа хөдөлмөрийн чадварыг тогтонгид 5 хувиар алдагдуулдаг. Шүдний хугарал гэдэг нь шүдийг авахаас өөр аргагүй байдалд хүргэдэг. Шүдний сулрал нь эмчилгээний үр дүнгээс хамаарч эдгэрнэ. Эмтэрсэн шүдийг орчин үеийн эмчилгээнд нөхөн сэргээх боломжтой.

Шүдний хугарал, сугарал, эмтрэл гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүд юм. Харин уруулын шарх, зөөлөн эдийн няцрал зэрэг нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хутга мэс, ир үзүүртэй зүйлээс бусад бүх хүчний үйлчлэлийг мохоо зүйлийн үйлчлэлд хамааруулдаг. Дүгнэлтэд заасан хохирогч Б-ын биед учирсан гэмтлүүд нь гараар цохиход учрах боломжтой. Мөн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлүүд.” гэсэн мэдүүлэг,

- хохирогч Б.Б-ын: “...2018 оны 4 дүгээр сарын 16-ны  ...шөнө 23:00 цаг өнгөрч байхад дэлгүүр ороод буцахдаа машинаасаа юм авах гэж очтол миний машины урд талыг хагас хаасан байдалтай, 00-00 УБҮ улсын дугаартай, хар өнгийн Мерседес Бенз маркийн автомашин зогссон байсан.

Маргааш өглөө нь эрт ажилтай байсан болохоор тухайн машины урд цонхонд байрлуулсан 00000000 дугаарын утас руу залгахад, нэг эрэгтэй хүн утсаа авсан. Би тэр хүнд “өөрөө миний машиныг хаагаад тавьчихсан байна, би өглөө эрт 06:00 цагт вокзал орох ажилтай, машинаа урагшлуулаад тавьчих уу” гэж хэлтэл тэр хүн “би орондоо орчихсон байна, өглөө гарахдаа залгаарай” гэж хэлэхээр нь би гэр рүүгээ орсон.

Тэгээд гэртээ ортол эхнэр Б нь  “маргааш өглөө виз мэдүүлэхэд нийгмийн даатгалын лавлагаа хэрэгтэй юм байна, хоёулаа гарч ТҮЦ машинаас лавлагаа авъя” гэж хэлэхэд нь би буцаж гарахдаа “унтаж байгаа хүнийг босгоод яахав” гэж бодоод, жоохон зайгаар нь машинаа гаргах гэж 10 орчим минут маневр хийсэн боловч машинаа гаргаж чадаагүй.

Ингээд би 00:16 цагийн үед 00-00 УБҮ улсын дугаартай, хар өнгийн Мерседес Бенз маркийн машины жолооч руу дахин яриад “яаралтай гарах ажилтай болчихлоо, үлдсэн зайгаар нь багтаад гарчих гэсэн боловч машиныг чинь зурчих гээд байна” гэж хэлтэл нөгөө залуу “албатай юм шиг, хүний зогсоол дээр машинаа тавьчихаад шөнөөр залгалаа” гэж уурлаад утсаа салгасан. Түүнээс хойш удалгүй 40 орчим насны, 180 орчим сантиметр өндөртэй, махлаг залуу 106 В байрны баруун талаас гарч ирж байгаа харагдсан. Тэр залуу миний машины урдуур явахаар нь нөгөө машины жолооч юм байна, машинаа холдуулах нь дээ гэж бодож байтал миний машины жолооч тал буюу баруун урд талд хүрээд ирсэн.

Тэгэхээр нь би түүнийг “яасан юм бол” гэж бодоод цонхоо нээтэл, тэр залуу “чи аль байрных юм бэ” гэж ууртайгаар асуухаар нь би түүнд “000 байрных, яасан бэ” гэхэд нөгөө залуу дахиад л “албатай юм шиг хүний зогсоол дээр машинаа тавьчихаад шөнө дуудаад байх юм” гэж уурлахаар нь би “энэ чиний зогсоол юм уу, чинийх гэж бичсэн юм хаана байна, энэ чинь нийтийн эзэмшлийн талбай” гэж хэлсэн.

Тэгтэл нөгөө залуу “чи ямар овоо пизда вэ” гэж хэлснээ гараараа баруун шанаа орчимд маш хүчтэй цохисон. Тухайн үед миний нүд харанхуйлаад зүүн суудлаа налаад уначихсан, юу болоод байгааг сайн ойлгоогүй. Хэсэг байж байгаад сэхээ аваад бостол нөгөө залуу дахин баруун шанаа, хацар, эрүү, уруул орчимд гараараа 7 удаа цохиход нь миний ухаан балартсан. ...Эхнэр Б, хадам ээж Б нар ирчихсэн байсан тул би тэдэнд “энэ залуу намайг цохиод шүд хугалчихлаа” гэж хэлтэл, намайг зодсон залуугийн охин бололтой 20 гаруй насны эмэгтэй “наадах чинь угаасаа шүдгүй байсан” гэсэн зүйл яриад байсан. Би “ийм хүмүүстэй яриад байх зүйлгүй” гэж хэлчихээд харуулын байр руу очиж, хяналтын камерыг шүүж байхад цагдаа нар ирсэн. Цагдаа нар намайг зодсон залууг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Намайг зодсон залууг Т гэдэг юм байна.

...Т нь намайг “миний зогсоол дээр машинаа байрлуулчихаад, унтаж байхад машинаа холдуул гэж байн байн ярьлаа” гэсэн шалтгааны улмаас зодсон. Т нь “чи ямар овоо пизда вэ” гэж хэлснээ гараараа баруун шанаа, хацар, эрүү, уруул орчимд гараараа 7 удаа цохиж, зодсоны улмаас ...миний баруун дээд талын 1, 3 дугаар шүд хугарч, баруун дээд 2 дугаар шүд, баруун доод талын шүд эмтэрч, зүүн дээд талын үүдэн 1 дүгээр шүд хөдөлгөөн орсон, баруун хацар, шанаа хавдаж хөхрөөд, уруул хавдаж, дотроо язарсан. Т-д цохиулж байхдаа өөрийгөө хамгаалах гээд зүүн гараа өргөтөл тэрээр гар руу цохисон. Үүний улмаас миний зүүн шуу хөхөрсөн. Үүнээс өөр ил харагдах гэмтэл шарх учраагүй. Т намайг зодож байхыг харсан хүн байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Би тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Ийм хэрцгий балмад хүнд зодуулж, эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсондоо гомдолтой байна. Түүнээс эмчилгээний зардал болон бусад зардлаа нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 9-10х/,

- гэрч Ц.Б-гийн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Герман улсын элчин сайдын яаманд виз мэдүүлэх ёстой байсан. Визний материалаа бүрдүүлэхэд нийгмийн даатгалын лавлагаа дутуу байхаар нь шөнө ТҮЦ машинаас лавлагаа авах гэж ээж Б, нөхөр Б, охин Ц нарын хамтаар гарсан. Б урд машины зогсоолоос “машинаа аваад ирье” гэж яваад алга болчихоор нь түүний гар утас руу залгахад “байна уу” гэж чанга орилсноо утсаа салгачихсан. Тэгээд дахин гар утас руу нь залгахад “Э-г дуудаарай” гэж хэлээд гар утсаа салгасан.

Би Б-ын машинаа байрлуулсан хотхоны урд талын зогсоол руу гүйж очтол Б-ын машины урд талын 2 цонх нээлттэй, өөрөө машиндаа сууж байсан. Манай машины баруун урд хаалганы хажууд 40 орчим насны эрэгтэй, эхнэр, охин хоёр нь бололтой, эмэгтэй хүний хамт зогсож байсан, ...тэдгээр хүмүүс Б-тай маргалдаад байх шиг байсан. Би Б-д “яаралтай ажилтай байхад наад хүмүүсээ орхиоч, явъя” гэхэд Б надад “наад залуу чинь намайг зодчихлоо, миний шүд уначихлаа” гэж хэлэхээр нь Б руу хартал хамарнаас нь цус гарсан, баруун дээд талын 2 шүд хугарсан, 1 шүд нь эмтэрсэн харагдсан. Би 40 орчим насны залуу болон эхнэр, охин нь бололтой хоёр эмэгтэйгээс “зүгээр байгаа хүнийг яагаад зодож байгаа юм бэ” гэж асуухад 40 орчим насны залуу нь “энэ чиний зогсоол юм уу” гээд Б-ыг цохих гээд гараа далайгаад байсан. Тэр үед эхнэр нь тэр залууг хориглоод байсан. ...Хотхоны харуул 30 орчим насны залуу бидэн дээр ирснээ “би цагдаад дуудлага өгсөн шүү” гэж хэлэхээр нь би охиноо дагуулаад гэр лүүгээ орсон. ...Зодоон болох үед би байгаагүй болохоор уг асуудлыг харсан хүн байгаа эсэхийг би мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х/,

- гэрч О.Б-гийн: “...2018 оны 04 дүгээр сарын 17-ны шөнө 00 цаг өнгөрч байхад охин Б, хүргэн Б, зээ охин Ц нарын хамтаар ТҮЦ машинаас лавлагаа авахаар гэрээсээ гарсан. Б урд зогсоол дээр тавьсан машинаа аваад ирье гэж хэлчихээд ирэхгүй нилээн удаад байхаар нь охин Б Б-ын гар утас руу залгаж ярьснаа, Б надад “Б хүнд зодуулчихсан юм шиг байна, охин та 2 гэр лүүгээ орж бай” гэж хэлээд урагшаа гүйчихсэн.

Би ...хотхоны урд талын машины зогсоол дээр ирэхэд Б, Б хоёр машиныхаа хажууд зогсож байсан. Тэдний хажууд 40 гаруй насны, махлагдуу, 180 орчим сантиметр өндөртэй эрэгтэй, эхнэр, охин нь бололтой хоёр эмэгтэйн хамтаар зогсож байсан. Тэр хүмүүс манай хоёр хүүхэдтэй маргалдсан байдалтай зогсож байсан.

Б-ын амнаас нь цус гараад баруун шанаа орчим нь хавдчихсан байсан. Би Б-аас юу болсон талаар асуухад “энэ хүн миний машиныг өөрийнхөө машинаар хаагаад тавьсан байна, би өөрийн машинаа зогсоолоос гаргах гэж оролдсон боловч багтахгүй болохоор нь энэ хүнийг машинаа холдуулаад өгөөч гэж дуудахад энэ эрэгтэй гарч ирээд намайг зодчихлоо” гэж хэлсэн. Би тухайн үед Б-ы зодсон гэх залууд “чи манай хүүхдийг бодвол нас тогтсон хүн байна, машинаа 20-30 сантиметр холдуулахын төлөө яагаад нэгнийгээ зодож байгаа юм бэ, учраа олж чадахгүй бол шийддэг газраар нь яв” гэж хэлсэн. ...Б, ...Б-ыг зодсон 40 гаруй насны залуу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Б-ын баруун дээд 2 шүд хугарсан, 1 шүд нь хөдөлсөн, баруун шанаа нь хавдаж, хөхөрсөн харагдсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х/,

- хохирогч Б.Б-аас хэрэгт гаргаж өгсөн эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой зардлын баримтууд, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, иргэний эрүүл мэндийн дэвтэр /хэргийн 27-30х, шүүхэд хэрэг хянагдах явцад гаргасан/,

- шүүгдэгч Г.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 04 дүгээр сарын 17-ны шөнө 01 цагийн үед намайг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөрш заан хотхоны 000 байрны 0 тоот дахь гэртээ унтаж байхад 99-тэй дугаараас нэг эрэгтэй хүн залгаснаа “хөөе машин гаргах гэсэн юм” гэж хэлэхээр нь би тэр эрэгтэйд “би унтаж амарч байна, өглөө эрт би машинаа холдуулаад өгье” гэж хэлсэн. Тэгтэл тэр эрэгтэй “пизда минь машинаа холдуулаад өг гэж хэлээд байхад машинаа холдуулахгүй бол машиныг чинь мөргөөд зураад гараад явчихна шүү” гэж хэлэхээр нь би тэр залууд “чи манай байрны эзэмшил талбай дээр машинаа зогсоочихоод харанхуй шөнө хүн рүү утсаар яриад дарамтлаад байдаг ямар учиртай юм бэ, чи аль байрны хүн бэ” гэж хэлтэл тэр залуу “миний аль байр хаана байх нь чамд ямар хамаатай юм бэ, чиний эзэмшил талбай гэж юу байдаг юм бэ, пизда минь, машинаа холдуулахгүй бол машиныг чинь мөргөөд гарлаа” гээд байсан.

Тэгэхээр нь гэрээсээ байрны урд талын автомашины зогсоол руу гартал миний 00-00 УБҮ улсын дугаартай, хар өнгийн, Мерседес Бенз С-550 маркийн машины урд талын хойд талд байрлуулсан байсан. ...Би тэр залуу руу очоод “харанхуй шөнө чи юу гээд хүн дарамтлаад байгаа юм бэ, энэ чинь манай байрны эзэмшлийн зогсоол, би чамайг хараа ч үгүй юм байна” гэтэл нөгөө залуу машиныхаа хаалгаар миний гэдэс рүү цохиж, дараа нь гараараа цохиж, машинаасаа бууж ирснээ цохих гэж над руу гараа далайхаар нь би хоёр гарных нь шуунаас нь барьж аваад, буцаагаад машин руу нь түлхсэн. Тэр залуугийн хувьд надаас уучлалт гуйгаад л гараад явчих асуудал байсан...

... Тухайн хэрэг гарсан цаг хугацаанд хохирогч Б, бид хоёроос өөр хүн байгаагүй. ...Прокуророос надад гэмт хэрэг үйлдсэн гэж тулгасан. Би бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан эсэхээ мэдэхгүй байна. Тухайн өдөр архи, согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй эрүүл байсан. Хэрэг болоод хагас жил өнгөрсөн учир би болсон асуудлын заримыг санахгүй байна. Миний хувьд хохирогчийг огт танихгүй. Бид хоёр нэг нэгнийгээ цохиж,  хохирогчийн шүд унасан гэж байгаа боловч үүнийг нь би хараагүй. Болсон явдал гэвэл би хохирогчийг олон удаа цохиж зодоогүй, бид маргалдах явцад хоёр бие биенээ заамдалцаж ноцолдох үед түүний шүд нь унасан байж магадгүй. Тухайн үед хохирогч машин дотроос намайг тонгойсон байхад хүзүүнээс татаж  заамдсан.

Тэгээд түүнийг машинаасаа гарч ирэх гэхэд нь би хойш нь түлхсэн. Хэрэг гарах орчин гэрэлтүүлэггүй байсан учир харанхуй байсан. Хэрэв энэ байдал тогтоогдвол би гарсан бодит зардлыг нөхөн төлж барагдуулна. Сэтгэл санааны хохирол, өмгөөлөгчийн зардалд нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоогоор хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулаагүй. Би хохирогчийн хохирлыг төлж барагдуулна. Хэргийг шалгахдаа хэтэрхий нэг талыг барьж, тулгаж хандсан прокурор, мөрдөгчид гомдолтой байна. Тухайн өдөр би утсаа асаалттай орхиод гэртээ амарч байсан. Би хохирогчийн дуудлагыг аваад ярьсанаас болж өнөөдөр хэрэгт холбогдоод явж байна.

...Бие биеэндээ хүлээцтэй хүндэтгэлтэй хандаж чадаагүй, омогтой зан аашнаас болж үл ойлголцол болж хэрэгт холбогдсон. Хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.  

 

Хохирогч Б.Б-ын биед учирсан “баруун дээд 1-р шүдний хугарал, дээд зүүн 1-р шүдний сулрал, дээд баруун 2-р шүд, доод баруун 2-р шүдний эмтрэл, уруулд шарх, зүүн шуунд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.Т түүний нүүрэн тус газар гараараа цохисноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Т нь хохирогч Б.Б-ыг гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад хэргийн шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг асууж мэдүүлэг авахдаа болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг гүйцэтгэх явцад тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эрүүдэн шүүсэн, бусад хэлбэрээр хүнлэг бус хэрцгий хандаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч талуудын эрхийг зөрчсөн, хязгаарласан талаар үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй, хэргийн хохирогч, шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээ эдэлж, хэрэгжүүлсэн баримттай /хэргийн 24-26х, 86х/ зэргээс  “...эрүүгийн хэргийг шалгахдаа хэт нэг талыг барьсан, прокурор хэрэг тулгасан, тэгш эрхийн зарчим алдагдсан” хэмээн мэтгэлцэж маргасан шүүгдэгчийн гомдлыг хүлээн авч хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн зүйлчлэл зөв байх тул Г.Т-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,

- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Тухайн хэргийн хувьд хохирогч Б.Б-ын биед учирсан “баруун дээд 1-р шүдний хугарал, дээд зүүн 1-р шүдний сулрал, дээд баруун 2-р шүд, доод баруун 2-р шүдний эмтрэл, уруулд шарх, зүүн шуунд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь гэмт хэргийн улмаас ...шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд, уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, нөхөн сэргээх, шинжилгээ оношилгоо хийлгэхэд гарсан болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу тухайн гэмт хэргийн уршигт тус тус тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.  

 

Хэргийн хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон  шүдний эмчийн үзлэг, эмчилгээний зардалд 3.060.000 төгрөг, тархины КТГ-ын үзлэг оношилгоо хийлгэсний зардал 869.740 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний зардалд 2.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 2.000.000 төгрөг, унаа тээврийн зардал 95.000 төгрөг, нийт 8.024.740 төгрөг гаргуулах гомдлын шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах баримт нотолгоог хэрэгт хавсарган өгсөн ба шүүх хуралдааны шатанд сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 2.000.000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлөх 1.000.000  төгрөгийг тус тус нэхэмжлэхээс татгалзан, баримт бүхий бодит гарсан эмчилгээ, үйлчилгээний зардал 4.024.740 төгрөг, өмгөөлөгчид урьдчилан төлсөн 1.000.000 төгрөг, бүгд 5.024.740 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Г.Т нь хүлээн зөвшөөрч, нөхөн төлөхөө илэрхийлэн тэдгээр нь хэлэлцэн тохиролцож буй нь /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ хуулиар хамгаалагдсан бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул шүүгдэгч Г.Т-аас гэм хорын хохиролд 5.024.740 /таван сая хорин дөрвөн мянга долоон зуун дөч/ төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д олгон, нэхэмжлэлээс үлдэх шаардлагыг хангахгүй орхиж  шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Шүүгдэгч Г.Т нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 56х/ тогтоогдсон ба энэ нь түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болох юм.

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.  

 

Энэ хэрэгт Г.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Х овогт Г-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Т-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Г.Т-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 5.024.740 /таван сая хорин дөрвөн мянга долоон зуун дөч/ төгрөг гаргуулж, хохирогч Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хөрш заан хотхоны 000 байрны 000 тоотод оршин суух хаягтай , А овогт Б-гийн Б-д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хангахгүй орхисугай.

 

5. Энэ хэрэгт Г.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Г.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БАЗАРХАНД