Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00203

 

2023 01 20 210/МА2023/00203

 

“Банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/03102 дугаар шийдвэртэй,

 

“Банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

А-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 22,884,329 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхболд,       Г.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б- нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Банк” ХХК-тай ЗГ1705103281 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 4,000,000 төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай авсан.

1.2. Б- нь 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Банк” ХХК-тай ЗГ1705103281 А тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн хэмжээг 1,200,000 төгрөгөөр нэмэгдүүлж, жилийн хүүг 24.0 хувь болгон, хугацааг 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл сунгасан.

1.3. Б- нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Банк” ХХК-тай ЗГ1705103281 В тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн хэмжээг 5,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн жилийн хүүг 22.8 хувь болгож, хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгасан.

1.4. Б-, А- нар нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Банк” ХХК-тай 1705103281 б тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн хэмжээг 20,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн хугацааг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан.

1.5. Зээлдэгч Б- нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нас барсан. Зээлдэгч А- нь ЗГ170503281 тоот зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 374 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 17,525,936 төгрөг, хүүгийн төлбөрт 5,296,905 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 61,488 төгрөг, нийт 22,884,329 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 

2.1. Нэхэмжлэгч талаас үндсэн зээлдэгч болох Б-тай байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ1705103281 тоот зээлийн гэрээгээр 4,000,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ1705103281А тоот зээлийн нэмэлт гэрээгээр зээлийн хэмжээг 1,200,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ1705103281В тоот нэмэлт гэрээгээр зээлийн хэмжээг 5,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн гэрээний хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгасан.

2.2. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ЗГ1705103281 б тоот зээлийн нэмэлт гэрээг байгуулж, зээлийн хэмжээг 20,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэн, хугацааг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгажээ. Хариуцагч А- нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ1705103281 б тоот зээлийн нэмэлт гэрээ байгуулахад хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцон гарын үсэг зурсан бөгөөд нэхэмжлэгч талаас өмнө нь олгосон зээлүүдэд үндсэн зээлдэгч Б- нь өөрийн цалин, орлогыг барьцаалан 3 удаагийн давтамжтай зээл авсан байдаг.

2.3. Хариуцагч А- нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ1705103281-6 тоот нэмэлт гэрээнд зөвхөн хамтран зээлдэгчээр орон гарын үсэг зурсан бөгөөд нэхэмжлэгч “Банк” ХХК-ийн зээлийн үйл ажиллагаандаа мөрддөг зээл олгох журамд заагдсан зээлдэгчид тавигдах шаардлага /орлогын/ зээл төлөх боломжийг харгалзан үзээгүй, түүний дагуу хариуцагч А- нь зээлийн төлбөр төлөх талаар ямар ч орлогын баримт тухайн зээлд гарган өгөөгүй байдаг. Нэхэмжлэгч тал зээл олгохдоо зөвхөн үндсэн зээлдэгч Б-ын өр, орлогын харьцааг харгалзан түүний цалинг барьцаалсан байдаг.

2.4. Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасан хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

2.5. Мөн нэхэмжлэгч тал буюу арилжааны банкны үйл ажиллагаа явуулдаг “Банк” ХХК нь зээлдэгч нас барсан банкны эрсдлийн сангаас хаах, цаашлаад зээлийн хүүг эрсдлийн үйл ажиллагааны журмынхаа дагуу дотооддоо зогсоох, зээлийн эрсдлийн даатгал хийлгэсэн эсэх, хэрэв даатгалын гэрээтэй бол даатгалаас гэнэтийн ослын нөхөн төлбөр шаардах боломжтой зэрэг үйл баримт харагдаж байна.

Иймд дээрх 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ1705103281 б тоот нэмэлт зээлийн гэрээний хамтран зээлдэгч гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А-д холбогдох үндсэн зээл 17,525,936 төгрөг, зээлийн хүү 5,296,905 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,488 төгрөг, нийт 22,884,329 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Банк” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,372 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнд А- нь ямар эрх, үүрэгтэй оролцох нь тодорхойгүй, ойлгомжгүй, мөн гэрээний оролцогч биш байх тул А-аас гаргуулах боломжгүй, нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрийн үндэслэлийг хэргийн бодит байдалд нийцээгүй буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлэлт дүгнэлтийг хийгээгүй гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.2. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг байгуулахдаа тэгш эрхийн үндсэн дээр байгуулагдсан, гэрээг хууран мэхлэх, хүч хэрэглэх болон өөр бусад аргаар нэг талын давуу эрхийн үндсэн дээр байгуулагдаагүй ба банк гэрээний дагуу зээлийн төлбөрийг зээлдэгчийн дансанд шилжүүлэх үүргээ биелүүлсэн нь дансны хуулгаар нотлогдоно.

4.3. 1705103281 б тоот гэрээний 1.1-т “Б-, А- (цаашид “Зээлдэгч” гэх) нар (хамтад нь “Талууд” гэх) гэж үндсэн болон хамтран зээлдэгчийг тусгасан тул гэрээнд заасан эрх, үүргээс хариуцагч А- нь чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд гэрээний бүх заалт зээлдэгч нарт адил хамааралтай юм.

4.4. Хариуцагч А- нь зээлийн гэрээ байгуулах өдрийн байдлаар Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэх боломжтой иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байсан. Нөгөөтэйгүүр банк зээлийн гэрээнд огт хамааралгүй хүнийг хамтран зээлдэгч болгодоггүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсгийг үндэслэн хамтран хариуцахаар хамтран зээлдэгч нь гарын үсэг зурдаг. Зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчтэй адил үүрэг гүйцэтгэж эрсдлийг хамтран хариуцахаар хамтран зээлдэгчийг банк авдаг. 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч тул нэхэмжлэгч нь түүнээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

4.5. Мөн зээлдэгч нас барснаар тухайн этгээдийн хувьд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноос бус хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “Банк” ХХК нь хариуцагч А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,884,329 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. “Банк” ХХК болон Б- нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ1705103281 дугаартай зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулагдаж, уг гэрээгээр 4,000,000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 18 хугацаатай зээлсэн,

2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ЗГ1705103281А дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн хэмжээг 1,200,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн жилийн хүүг 24 хувь, зээлийн хугацааг 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр болгож сунгасан,

2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ1705103281В дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн хэмжээг 5,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн жилийн хүүг 22.8 хувь, зээлийн хугацааг 24 сар болгож, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан,

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ЗГ1705103281б дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн хэмжээг 20,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн жилийн хүүг 22.8 хувь, зээлийн хугацааг 60 сар болгож, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгахдаа зээлдэгчээр А- нэмж орсон байна.

Тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

4. Зээлдэгч Б- 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нас баржээ.

 

5. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ1705103281б дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахдаа зээлдэгч талд А- нэмэгдсэн тул түүнийг энэ зээлийн гэрээний зээлдэгч тал гэж дүгнэх тул тэрээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар  зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болно.

Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгч нь зээлдэгч А-аас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгэх үүргийг үндсэн зээл 16,674,063 төгрөг, хүүд 12,485,995 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 933 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд зээлдэгч уг тооцооллын талаар маргаагүй.

 

7. “Банк” ХХК нь А-д зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг хэсэгчлэн төлөх үүргийн хугацаа хэтэрсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар мэдэгдсэн гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй тул зээлдүүлэгч нь гэрээг цуцлахдаа Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар урьдчилан сануулсан байна.

 

8. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 17,525,935 төгрөг, зээлийн хүү 5,296,905 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,488 төгрөг, нийт 22,884,329 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Банк” ХХК-д олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/03102 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч А-аас 22,884,329 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Банк” ХХК-д олгосугай.”гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч “Банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,372 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А-аас 272,372 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Банк” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,372 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЗОЛЗАЯА

                                           

         ШҮҮГЧИД                                             Т.БАДРАХ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА