| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0505/Э |
| Дугаар | 529 |
| Огноо | 2018-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 529
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт А-ын Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18100 0963 0309 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ш.Алтанцэцэг, шүүгдэгч А.Б нарыг оролцуулан, тус шүүхийн нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч А.Б нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден вилл” хотхоны зүүн талын гэр хороолол дунд иргэн Ш.Х-тай таксины мөнгө төлөхөөс болж маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь 1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн ”өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүгдэгч А.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно. Би бичиг, үсэг мэднэ, бүрэн дунд боловсролтой. Тухайн үед түргэн ааш гаргаж хүний биед хохирол учруулсан нь миний буруу, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Би тэр өдөр пабаас гарахдаа тооцоо хийгээд илүү бэлэн мөнгө байгаа гэж бодсон боловч мөнгөгүй болсон байсан. Тухайн өдөр таксины мөнгө 4.000 төгрөг гарсан. Тэр өдөр би их хэмжээний согтолттой байсан. Манай эхнэр одоо Бүгд Найрамдах Солонгос Улсад байгаа. Манай хүүхэд 8 настай. Намайг цагдан хоригдож байх хугацаанд хүүхэд маань манай хадам аавынд байсан. Би сарын 2.000.000 төгрөгийн цалинтай. Хохирогчийг танихгүй, хохирогчийн биед би мөргөж гэмтэл учруулсан. Би хохирогчид нийт 520.000 төгрөг эмчилгээний зардалд төлж барагдуулсан. Би нийт 34 хоног цагдан хоригдсон. Дахин ийм асуудал гаргахгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18100 0963 0309 дугаартай хэргээс:
“...2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагийн үед Улсын төв номын сангийн баруун талд урд чигт гар өргөсөн залууг авахад “Зайсан орно” гэсэн. Би тэр залууг машиндаа суулгаад Зайсангийн овооны зүүн талын “Голден вилл” хотхоны хажуу талын гэр хороололд очсон. Нөгөө залууд 4.000 төгрөг гарсан гэсэн чинь “мөнгө байхгүй ороод хүнээс аваад өгье” гэхээр нь юм хэлээгүй. Тэгээд нөгөө залуу айл руу орсон боловч тэр айлд нь хүн байгаагүй. Тэр залуу хажуу талын дэлгүүрт ороод гар утсаа тавьж мөнгө зээлэх гэхэд дэлгүүрийн худалдагч “үгүй” гэсэн. Тэгээд тэр залуу урагшаа яваад нэг айлд очсон боловч бас хүн байхгүй байсан. Тэгээд буцаж цаг алдаад яваад байхаар нь би нөгөө залуугийн араас нь ороод “мөнгөө хурдан олж өг” гэсэн чинь “миний дугаарыг аваад, дараа мөнгөө ирээд авчих” гэсэн. Тэгэхээр нь “боломжгүй” гэж хэлсэн чинь тэр залуу “мөнгийг чинь өгөхгүй” гээд миний нүүр рүү мөргөсөн.
Би тэр залуугийн цамцны захнаас нь бариад доошоо дараад унагаасан. Тэгтэл тэр залуу чамд өргөдөл бичиж өгнө гээд байсан. Би тэр залуугийн дээрээс дарахад намайг ална гэж хашгичаад байсан. Тэгээд би тэр залууг дээшээ өндийгөөд ирэхээр нь тавиад зугтаасан чинь тэр залуу араас хүрз барьж гарч ирээд машины урд талын салхины шилийг хүрзээр цохиж хагалаад, миний араас хөөхөд нь зугтаасан. Зугатааж явахад нөгөө залуу миний араас чулуу шидээд баруун мөрний баруун ар талд цохисон. Тэгээд нөгөө залуу цаашаа зугтаагаад явсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн.
Миний хувьд тэр хүнийг танихгүй, анх удаа харсан. ...Би тэр залууг цохиогүй. Тэр залуу миний мөр рүү чулуу шидэж, нүүр рүү нэг удаа мөргөсөн. Мөн тэр залуу согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Миний доод үүдэн шүд хөдөлсөн. Өөр гэмтэл байхгүй. Би гомдолтой байна, машины шилний үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээгээр 270.000 төгрөг гэж гарсан. Үнэлгээг үнэн зөв гэж бодож байна. Машины шилний үнийг төлүүлмээр байна. Мөн эмчилгээний зардалаа гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 06-07х, 24-25х, 49-51х/,
2. Хөрөнгө, Даатгалын хохирлын үнэлгээний “АБ” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1321 тоот дүгнэлтэд:
“Toyota Pruis 20 маркийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг 270.000 /хоёр зуун далан мянга/ төгрөгөөр тогтоов.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 12х/,
3. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 4225 дугаартай:
4. Шүүгдэгч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 07 цагийн үед ажлаа тараад 11 цагийн үед ажлынхаа 4 хүнтэй хамт Шангрила зочид буудлын баруун талд нь байрлах “Жой” гэдэг пабад орж пиво уусан. Би 500 граммын 4 ширхэг пиво уугаад 13-14 цагийн үед пабаас ганцаараа гараад пабынхаа хойд талаас нь такси барих гээд зогсож байхад хар өнгийн приус 20 маркийн машин зогсохоор нь орж суусан. Зайсангийн “Голден вилл” хотхоны зүүн талд байрлах гэр хороололд очоод таксины мөнгө 4000 төгрөг гарсан гэж таксины жолооч хэлэхээр нь би бэлэн 1000 төгрөг өгөөд найзынх руугаа ороод үлдсэн 3000 төгрөгөө аваад ирье гэж хэлээд найзынх руугаа орсон чинь хүн байгаагүй. Би найзынхаа гэрээс гарахад хашаан дотор таксины жолооч зогсож байхаар нь манай найзынд хүн байхгүй байна гэж хэлсэн. Таксины жолоочид би “миний дугаарыг тэмдэглээд авчих, өөрийнхөө дугаарыг надад өгчих би араас чинь 3000 төгрөгийг чинь нэгжээр явуулъя” гэсэн чинь таксины жолооч “үгүй ээ тэгэх боломжгүй” гэхээр нь би “за тэгвэл би өөрийнхөө утсыг дэлгүүрт тавиад 3000 төгрөгийг нь аваад өгье” гэж хэлсэн чинь таксины жолооч “чи надад утсаа өгөөд явуулчих 3000 төгрөгөө өгөөд утсаа аваарай” гэж хэлэхээр нь би “юу гэж тийм юм байдаг юм тэгэх боломжгүй” гэж хэлсэн. Тэгээд таксины жолооч “мөнгө төгрөгөө өгөхгүй юм бол яах гэж такси барьдаг юм” гэж хэлээд, бид хоёр хоорондоо маргалдаад, бид хоёр харилцан зодолдсон. Би таксины жолоочийн бие рүү хэд хэдэн удаа цохисон. Бид хоёр ноцолдож байгаад таксины жолооч намайг газарт унагааж миний дээрээс толгой руу хэд хэдэн удаа цохиж байхад хажуу талын байрны эгч О хашаан дотор орж ирээд “наадах чинь хэн гэдэг хүүхэд вэ толгойг нь дээшлүүлээдэх” гэсэн чинь таксины жолооч миний ард дагзны үснээс зулгааж байгаад миний толгойг дээшлүүлэхэд О эгч “миний таньдаг хүүхэд байна, одоо больцгоо” гэж хэлээд салгасан. Би газраас босож ирээд найзынхаа хашаанд байсан хүрзийг аваад хашааны гадаа байгаа таксины жолоочийн машин дээр нь очоод машиных нь урд талын шилийг нэг удаа цохиж хагалахад хажуу байрны О эгч гарч ирж намайг болиулсан.
Миний толгойн хоёр хэсэг бага зэрэг шалбарсан байсан. Мөр, нуруу хөхөрсөн байсан. Эрүүлжүүлэхэд саатуулагдсаны дараа би баривчилгаанд явсан болохоор шүүх эмнэлэгт үзүүлж амжаагүй. Таксины жолоочид машиных нь цонхны шилийг солиулах 280.000 төгрөг өгсөн. Би шүдийг нь янзлуулахад “200.000 төгрөг өгье” гэсэн чинь таксины жолооч “би дор хаяж 250.000 төгрөг авъя” гэж хэлээд бид хоёр шүдний эмчилгээнийн төлбөр дээр тохиролцож чадаагүй салсан юм. Би таксины жолоочийн бие рүү нь хэд хэдэн удаа цохисон. Үүний улмаас доод шүдэнд нь хөдөлгөөн орсон байсан. Өөр гэмтэл учруулаагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 37-39х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 32х/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Б-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч А.Б нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед Шангрилла зочид буудлын орчимоос Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Голден вилл” хотхоны зүүн талын гэр хороололд хүргүүлэхээр 00-00 УНӨ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн автомашинаар үйлчлүүлэн, таксины төлбөр төлөх асуудлаас болж 00-00 УНӨ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн автомашины жолооч Ш.Х-тай маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн 00-00 УНӨ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн автомашины урд салхины шил, баруун урд шилний хажуу баганыг хүрзээр цохин хагалж эд хөрөнгөд 270.000 төгрөгийн хохирол, уг маргааны явцад Ш.Х-ыг нүүрэн тус газарт нь мөргөснөөс эрүүл мэндэд нь “1 шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн:
- Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4225 дугаартай: “...Ш.Х-ын биед 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ, уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 28х/,
- хохирогч Ш.Х-ын: “...2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагийн үед Улсын төв номын сангийн баруун талд урд чигт гар өргөсөн залууг авахад “Зайсан орно” гэсэн. Би тэр залууг машиндаа суулгаад Зайсангийн овооны зүүн талын “Голден вилл” хотхоны хажуу талын гэр хороололд очсон. Нөгөө залууд 4.000 төгрөг гарсан гэсэн чинь “мөнгө байхгүй ороод хүнээс аваад өгье” гэхээр нь юм хэлээгүй. Тэгээд нөгөө залуу айл руу орсон боловч тэр айлд хүн байгаагүй. Тэр залуу хажуу талын дэлгүүрт ороод гар утсаа тавьж мөнгө зээлэх гэхэд дэлгүүрийн худалдагч “үгүй” гэсэн. Тэр залуу урагшаа яваад нэг айлд очсон боловч хүн байхгүй байсан ба буцаж ...ирээд цаг алдаад яваад байхаар нь нөгөө залуугийн араас нь ороод “мөнгө хурдан олж өг” гэсэн чинь “миний дугаарыг аваад, дараа мөнгөө ирээд авчих” гэхэд ...“боломжгүй” гэж хэлтэл тэр залуу “мөнгийг чинь өгөхгүй” гээд миний нүүр рүү мөргөсөн. ...Тэр залуу араас хүрз барьж гарч ирээд машины урд талын салхины шилийг хүрзээр цохиж хагалаад, миний араас хөөхөд нь зугтаахад ...нөгөө залуу араас чулуу шидээд баруун мөрний баруун ар талд цохисон.
...Би тэр хүнийг танихгүй, анх удаа харсан. Таксины тооцоог өгөхгүй удаад байхаар нь би “мөнгөө авъя” гэсэн чинь тэр залуу “өгөхгүй” гээд намайг мөргөхөөр нь би доош нь дарахад миний араас хөөж, хүрзээр машины шилийг хагалсан. Би тэр залууг цохиогүй. Тэр залуу миний мөр рүү чулуу шидэж, нүүр рүү нэг удаа мөргөсөн. Мөн тэр залуу согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Миний доод үүдэн шүд хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 06-07х, 24-25х, 49-51х/,
- хохирогч Ш.Х-ын эзэмшлийн 00-00 УНӨ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн автомашины урд талын салхины шил, баруун урд шилний хажуу баганыг нийт 270.000 /хоёр зуун далан мянга/ төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө, Даатгалын хохирлын “АБ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хэргийн 12х/ болон шүүгдэгч А.Б-оос яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь 00-00 УНӨ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн автомашинаар такси үйлчилгээ үзүүлсэн хохирогч Ш.Х “мөнгөгүй байж яах гэж такси барьдаг юм” гэж хэллээ гэсэн тодорхой шалтгааны улмаас түүний автомашины салхины шилийг хүрзээр цохин хагалж, эд хөрөнгөд нь 270.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй /уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь бага хэмжээнээс дээш буюу 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш байх хуулийн зохицуулалттай/ байх тул шүүгдэгчийн тухайн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хуулийн үндэслэлгүй юм.
Харин хохирогч Ш.Х-ыг мөргөж эрүүл мэндэд нь “1 шүдний сулрал” бүхий хөнгөн гэмтэл нь учруулсан гэмт үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Б нь хохирогч Ш.Х-ыг толгойгоороо нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокуророос А.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн талаар нотглогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн хэргийн шүүгдэгч А.Б нь хохирогч Ш.Х-тай “мөнгөө өгөхгүй бол яах гэж такси барьдаг юм” гэж хэллээ гэснээс маргалдаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн түүний нүүрэн тус газарт мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,
- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.
Шүүгдэгч нь хохирогч Ш.Х-ын 00-00 УНӨ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн автомашины урд талын салхины шил, баруун урд шилний хажуу баганыг 270.000 төгрөгөөр үнэлж тогтоосон үнээр тооцож 270.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд, мөн эрүүл мэндэд нь учирсан хохирлын нөхөн төлбөрт эмчилгээний зардалд тооцон 250.000 төгрөгийг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх явцад тус тус хохирогчид төлж барагдуулсан нь хохирогч Ш.Х-ын тус шүүхэд бичгээр гаргасан: “автомашины салхины шилний мөнгө 270.000 төгрөг, эмчилгээний зардал 250.000 төгрөг, нийт 520.000 төгрөг авсан. Одоо Б-оос нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй болно.” гэсэн хүсэлт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хэргийн 108-109х, 112х/ зэргээр тогтоогдсон тул шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж дүгнэх үндэслэлтэй.
Шүүгдэгч А.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 32х/ тогтоогдсон ба энэ нь түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
Шүүгдэгч А.Б нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс сэжигтнээр баривчлагдаж, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхэд хэргийг хянан хэлэлцсэн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд яллагдагч, шүүгдэгчээр тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж /хэргийн 83-86х/ нийт 34 /гучин дөрөв/ хоног цагдан хоригдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч А.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч А.Б нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал болон улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд шүүгдэгч А.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 450 /дөрвөн тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу шүүгдэгч А.Б-ийн яллагдагч, шүүгдэгчээр цагдан хоригдсон 34 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (34 /хоног/ х 15 нэгж буюу /15.000/ = 510 нэгж буюу /510.000 төгрөгөөр/) тооцоход 510 нэгж буюу 510.000 төгрөгөөр торгох ялтай дүйцэж байна.
Иймд шүүгдэгч А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлсэнд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй.
Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ш.Х нь хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт А-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-ийг 450 /дөрвөн тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан А.Б-ийн цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй дүйцүүлж /34 хоног х 15 т.н = 510 т.н буюу 510.000 төгрөг/ эдлэх ялын хэмжээнд оруулан тооцож, шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг А.Б нь биелүүлсэнд тооцсугай.
4. Энэ хэрэгт А.Б-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ш.Х нь хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан А.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД