Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/00235

 

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/00235

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/02503 дугаар шийдвэртэй,

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б--т холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 475,210,884 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “А” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч Б--т Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ***** төвийн 2 дугаар корпус хаягт байрлах 2688 м.кв гадна талбай, 421 м.кв дотор талбай бүхий объектыг (барилгын бодит ашиглалтын талбай 640 м.кв) автовокзалын зориулалтаар ашиглуулахаар тохиролцож, барилга, зам талбайн засвар, тохижилтын ажлыг эхлүүлэн 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн.

1.2. Талууд туршилтын гэрээ байгуулж, Б- нь 3 сарын хугацаанд үнэ төлбөргүйгээр үйл ажиллагаа явуулж, 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр туршилт амжилттай дуусч, автовокзалын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан. Тус байгууллага Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвшөөрөл аваагүй байгаа гэдэг шалтгаанаар түрээсийн гэрээ байгуулах хугацаа болон төлбөрийг хойшлуулсаар 2019 онд түрээсийн төлбөр огт төлөөгүй.

1.3. Талууд Ажлын байрны түрээсийн гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 3 жилийн хугацаатай байгуулсан боловч Б- нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1/995 дугаар албан бичгээр 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөр гэрээг дуусгавар болгохыг мэдэгдэж гэрээг 19 сарын өмнө үндэслэлгүйгээр цуцалсан.

1.4. Нэхэмжлэгч компани хариуцагч байгууллагатай хамтын ажиллагаагаа тогтвортой удаан хугацаагаар явуулахын тулд тэдний тавьсан шаардлага бүрийг цаг тухайд нь зохих хөрөнгө зарцуулан биелүүлж байсан ба 640 м.кв дотор талбайгаа ашиглуулж байсан хэдий ч 421 м.кв болгон тооцож гэрээ хийсэн.

Мөн түрээсийн төлбөрийг бусад автобуудлуудын гэрээний үнээс 35-45 хувиар хямд бөгөөд ашиглалтын зардлыг багтаасан үнэ санал болгосон. Нэхэмжлэгч компани автобуудлын барилгын болон зам талбайн тохижилт, засварын ажилд 400 гаруй сая төгрөг зарцуулсан ба энэ зардлыг 4 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байж нөхөх, 5 дахь жилээс ашигтай ажиллах тооцоо төлөвлөгөөтэй байсан юм.

1.5. Б- нь гэрээг хугацаанаас нь өмнө үндэслэлгүйгээр цуцалснаас бид 175,769,000 төгрөгийн олох байсан орлогыг алдсан. Мөн тохижилтын ажлыг банкны зээлийн хөрөнгөөр хийсэн ба 40,419,528 төгрөгийн хүү төлсөн байна.

1.6. Б- нь манай объектод автовокзалын үйл ажиллагааг нийт 31 сар 20 хоног явуулснаас компани туршилтын гэрээгээр тохиролцсон 3 сарыг үнэгүйгээр, мөн ковидын үеийн санхүүгийн хүндрэлтэй байдлыг харгалзан үзэж 7 сар түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн.

Нэхэмжлэгчээс гэрээний үүргээ гүйцэт биелүүлэхийг удаа дараа шаардан албан бичиг хүргүүлж, хариуцагчийн төлөөлөлтэй биечлэн уулзаж байсан ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй. Түрээс чөлөөлөх тухай ярилцсан бол хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжтой байсан.

Иймд “А” ХХК хариуцагч Б--аас түрээсийн төлбөр, алданги 106,031,545 төгрөг, барилгын, засвар, тохижилтын 163,530,599 төгрөг, засварын ажлын зээлийн хүү 40,579,730 төгрөг, гэрээний хугацаанд олох байсан 19 сарын орлого 175,769,000 төгрөг, нийт 485,910,874 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. “А” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Б- нь “А” ХХК-ийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах ***** төвийг түрээсэлж, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах саналыг гаргаж байгаагүй.

Нэхэмжлэгч “А” ХХК нь анх 2018 оны 05 дугаар сарын 11-ний 72 дугаартай албан бичгээр төв болон говийн аймгуудын иргэдэд зориулсан улс болон хот хоорондын авто вокзал байгуулах боломжтой байгаа тул бидэнтэй хамтарч ажиллана уу гэж санал гаргасан. Мөн тус саналаа 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 122/18 дугаартай албан бичгээр Зам, тээврийн хөгжлийн яаманд гаргаснаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Автотээврийн үйлчилгээ, зорчигч тээврийн авто буудал, Ерөнхий шаардлага MNS6300:2011 стандартыг заавал мөрдөх стандарт тул ханган ажиллах талаар 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 07/4629 дугаар албан бичиг ирүүлсэн. Б--аас Зам, тээврийн хөгжлийн яамны албан бичгийн хүрээнд дээрх стандарт, шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох, цаашид иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой эсэхийг судлах зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ХАГ19/005 дугаар “Туршилтын гэрээ”-г хоёр талаас харилцан тохиролцож 3 сарын хугацаатай байгуулсан.

2.2. 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 190521/03 дугаартай албан бичгээр “А” ХХК-аас цаашид түрээсийн гэрээ байгуулах хүсэлтэй байгаа бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гэрээ хийх зөвшөөрөл, төсвийг батлуулах талаар хүсэлтийг үйлдвэрийн газарт ирүүлсэн. Тус үйлдвэрийн газраас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт “А” ХХК-ийн байр, талбайг түрээслэх талаар хүсэлтийг хүргүүлсэн боловч түрээсийн гэрээнд зөвшөөрөл өгөх боломжгүй, 2020 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган оруулах нь зүйтэй гэсэн.

2.3. Б--аас 2020 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд түрээсийн зардлыг тусгасны үндсэн дээр 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “А” ХХК-тай харилцан тохиролцож 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд гадна 2688 м.кв зогсоолын талбай, дотор 421 м.кв оффис болон үйлчилгээний талбайг сарын 9,251,000 төгрөгөөр тооцон түрээслэхээр харилцан тохиролцож гэрээг байгуулсан.

2.4. Монгол Улсын хэмжээнд 2020 оноос Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахал эрчимтэй гарч Монгол Улсын Засгийн газраас Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан үйлдвэрийн газар нь орлогын эх үүсвэргүй болсон. Мөн улс, хот хоорондын тээвэрлэлт 2021 он гарснаас хойш хагас жилийн хугацаанд 2 удаа тодорхойгүй хугацаагаар зогсолт хийсэн, орон нутгийн тээвэрлэлт хязгаартайгаар явж байгаа зэргээс шалтгаалан тээвэрлэлтийн орлого эрс буурч байгаагаас шалтгаалан түрээсийн төлбөр төлөх боломжгүй, гэрээг дуусгавар болгон цуцалж байгаа талаар мэдэгдлийг 30 хоногийн өмнө буюу 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “А” ХХК-д албан бичгээр мэдэгдсэн.

2.5. “А” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 21.08.31/01 дугаар албан бичгээр 2021 оны 09 дүгээр сарын 13-ны дотор талбайг суллан өгөх, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өөр үйл ажиллагаа явуулах дараагийн түрээслэгчийг олох талаар мэдэгдсэн байсан. Үйлдвэрийн газрын зүгээс заасан хугацаанд байр, талбайг чөлөөлж өгсөн бөгөөд ямар нэгэн хохирол учруулаагүй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б--аас 95,331,555 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, үлдсэн 379,879,329 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,587,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б--аас улсын тэмдэгтийн хураамжид 634,607 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Туршилтын гэрээний 4.2-т “Энэхүү гэрээг хэрэгжүүлэх хүрээнд компанийн зүгээс ноцтой зөрчил гаргаагүй, авто буудлын үйлчилгээ, үйл ажиллагааг хэвийн явуулж байгаа тохиолдолд Б- нь уг гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгахаар татгалзахгүй байна” гэж заасан бөгөөд түрээсийн гэрээ байгуулах хүртэлх хугацаанд туршилтын гэрээг цуцлах, дуусгавар болгох саналыг аль нэг тал гаргаагүй тул туршилтын гэрээ түрээсийн гэрээ байгуулах хүртэл хүчин төгөлдөр байсан.

Мөн дээрх туршилтын гэрээний хугацаанд “А” ХХК нь үйлдвэрийн газраас ашиглалтын зардал болон бусад зардлыг шаардаж байгаагүй. Учир нь, автобуудлын үйл ажиллагаа, иргэд, олон нийт, зорчигчдын урсгал, хөл хөдөлгөөнийг дагаж “*****” худалдааны төвийн орлого, үйлчилгээ сайжирч байсан нь 2020 оны 20.0206/01 дугаар албан бичигтээ “*****” худалдааны төв нь жишиг зах болон амжилттай ажиллаж байгааг дурдсан болно.

4.2. 2019 оны зорилтот түвшинд “А” ХХК-ийн байр, талбайг түрээслэх зардал багтаагүй, Төрийн өмчит бодлого зохицуулалтын газраас зөвшөөрөл өгөөгүй тул түрээсийн гэрээг тус онд байгуулах боломжгүй, харин 2020 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган оруулах нь зүйтэй гэж хариу ирүүлсний дагуу 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “А” ХХК-тай харилцан тохиролцож 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд тус компанийн өмчлөлийн зогсоолын талбай, оффис болон үйлчилгээний талбайг сарын 9,251,000 төгрөгөөр тооцон түрээслэхээр тохиролцож түрээсийн гэрээг байгуулсан. Түрээсийн гэрээг байгуулах хүртэлх хугацаанд “А” ХХК нь ашиглалтын зардал нэхэмжилсэн, туршилтын гэрээ цуцлах тухай хүсэлтийг ирүүлж байгаагүй. Гэвч шүүх гэрээ байгуулаагүйг анхааралгүй, түрээсийн гэрээ үргэлжилж байсан хугацаанд сүүлд байгуулсан гэрээний сарын үнийн дүнг хамааруулан тооцож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

4.3. Төрийн өмчийн хороонд бүртгэгдээгүй гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл бөгөөд мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэйг шүүх анхаараагүй байна.

Энэ нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасантай зөрчилдөж байгаа бөгөөд үйлдвэрийн газар нь бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж аваагүй харин гэрээний дагуу харилцан тохиролцож үйл ажиллагаа явуулж байсан.

4.4. Монгол Улсын хэмжээнд 2020 оноос Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахал эрчимтэй гарч Монгол Улсын Засгийн газраас Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан үйлдвэрийн газар нь орлогын эх үүсвэргүй болсон. Мөн улс, хот хоорондын тээвэрлэлт 2021 он гарснаас хойш хагас жилийн хугацаанд 2 удаа тодорхойгүй хугацаагаар зогсолт хийсэн, орон нутгийн тээвэрлэлт хязгаартайгаар явж байгаа зэргээс шалтгаалан тээвэрлэлтийн орлого эрс буурч байгаагаас шалтгаалан түрээсийн төлбөр төлөх боломжгүй нөхцөл байдал үүсэж байсан.

“А” ХХК-аас тус нөхцөл байдлыг харгалзан үзэж 2021 онд танай байгууллагын ажиллахгүй саруудад хөнгөлөлт үзүүлэх боломжтой талаар 2021 оны 21.02.10/02 дугаар албан бичигт, дээрх хөнгөлөлтүүдийн талаар 2021 оны 21.03.11/01 дугаар албан бичигт тус тус дурдсан байдаг. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй бөгөөд үйлдвэрийн газар нь компанийн албан бичгийн дагуу мөн давагдашгүй хүчин зүйлүүдээс шалтгаалан түрээсийн төлбөрийг хугацаа хоцроон төлсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагчаас 95,331,555 төгрөгийг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Энэ байрыг яаж засах, хаана нь ямар гэрэлтүүлэг хийх, үйлчилгээний талбай, бусад сервис нь хаана байрлах гэх зэргийг 2018 оноос эхэлж ярьж, засвар, үйлчилгээ хийж, 2019 онд бүх зүйл бэлэн болсон гэж үзээд 01 дүгээр сараас нь эхлээд автобуснуудаа явуулаад үзье гээд туршилтын гэрээ хийж, автобуснуудаа явуулсан.

5.2. Туршилтын гэрээнд Б- нь уг гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгахаар татгалзахгүй байна гэж заасан байдаг. Утгын хувьд энэ заалт бага зэрэг ойлгомжгүй боловч туршилтын хугацааг сунгах саналыг гэрээний талууд гаргаагүй, гэрээнд хугацаа автоматаар сунгагдана гэсэн нөхцөл огт байхгүй. 3 сарын хугацаанд хангалттай ашиг, орлого олох эсэхийг туршиж үзэх байсан учраас туршилтын хугацааг 3 сараар тогтоосон. Хангалттай ашиг, орлого олж байсан учраас цааш үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд яваад байсан гэж бид ойлгосон. Хугацаа сунгах болоход Б- “манай компани Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраасаа зөвшөөрөл авах ёстой” гэх асуудал яриад байсан. Зөвшөөрөл аваагүй бол яагаад үргэлжлүүлээд орлого олоод ажиллуулаад байсныг ойлгохгүй байна. Орлого олж байсан бөгөөд орлого нь ашигтай гарсан. Энэ талаар анхан шатны шүүхэд өгсөн тайлбартаа маргаагүй.

5.3. 2019 онд цар тахалтай холбогдуулаад хөл хорио огт тавигдаагүй. 2020 оноос эхлээд хөл хорио тавигдахад манай компани 7 сарын түрээснээс нь чөлөөлсөн. 2019 онд олсон орлогыг нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Орлогоо нотолсон, маргасан зүйл байдаггүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.

5.4. 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, мөн оны 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд мэдэгдэл явуулсан байдаг ба тухайн мэдэгдэлд “агааржуулагч чинь болохгүй байна”, “талбай чинь ийм байна” гэх зэрэг зүйлсийг бичсэн байдаг. Тухайн мэдэгдлүүдээрээ “төлбөрөө төлөх юм байна, гэрээгээ хийх юм байна” гэх бодлыг бидэнд төрүүлсэн. Олон зуун сая төгрөгөөр тохижуулсан талбайг бүтэн 1 жил ашиглаж, үйл ажиллагаа явуулж орлого олчхоод түрээсээ төлөхгүй байгаад гомдолтой байна. Төрийн өмчит байгууллага байнгын үйл ажиллагаа явуулна гэдэг утгаар нь хамтарч ажилласан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан учраас бид давж заалдах гомдол гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Б--т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 475,210,884 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. “А” ХХК болон Б--ын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ХАГ19/005 дугаар “Туршилтын гэрээ” байгуулагдсан, тус гэрээгээр Б- нь Өмнөговь, Дундговь, Төв аймгуудын чиглэлд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах, “А” ХХК нь өөрийн өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 648 м.кв талбай бүхий барилга байгууламжинд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх боломж нөхцөл бүхий стандартын шаардлага хангасан автозогсоол, байр талбай, өрөө тасалгаа, тавилга эд хогшлоор хангахаар харилцан тохиролцож, гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан байна. Талууд энэ үйл баримтад маргаагүй.

 

4. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр талуудын хооронд Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр түрээслүүлэгч нь 421 м.кв дотор талбай, 2688 м.кв гадна талбайг автобуудлын зориулалтаар 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл түрээслүүлэх, түрээслэгч нь түрээсийн сарын төлбөрийг 9,251,000 төгрөгөөр тооцож төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

5. Туршилтын гэрээний хугацаа дууссанаас хойш 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ажлын байрны түрээсийн гэрээ байгуулагдах хүртэл буюу 2020 оны 01 дүгээр сарыг дуустал хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийг ашиглаж, үйл ажиллагаа явуулж байсан үйл баримт талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон.

 

6. Зохигчийн хооронд дээрх хугацаанд түрээсийн гэрээ болон нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хариуцагч үнэ төлбөргүй ашиглах талаар хэлцэл хийгдээгүй тул анхан шатны шүүх хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж 83,259,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцсэн гэж дүгнэхээр байна.

Учир нь хариуцагч эд хөрөнгийг бодитоор ашигласан, нэхэмжлэгчээс удаа дараа хариуцагч талд албан бичиг илгээсэн ба уг албан бичгийн агуулгаас дүгнэвэл гэрээ хийх эрхийг авсан эсэхийг тодруулж байжээ. Үүнээс дүгнэвэл нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хариуцагч үнэ төлбөргүйгээр ашиглах эрхгүй болно.

Иймд хариуцагчаас бусдын эд хөрөнгийг ашигласан ашиглалтыг буцаах боломжгүй тохиолдолд нэхэмжлэгчийн буцаан шаардах эрхэд хариуцагчийн олсон орлого гэж тодорхойлж сарын түрээсийн төлбөр болох 9,251,000 төгрөгөөр тооцсоныг буруутгах боломжгүй. Хэрэгт өөрөөр тооцох баримт авагдаагүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

7. Талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан “Туршилтын гэрээ” гэж нэрлэсэн түрээсийн гэрээний 4.4-т алдангийн талаар тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргийн зөрчилтэй холбогдуулан алданги шаардах эрхтэй байна.

Түрээсийн гэрээ цуцлагдсан 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч нь 2020 оны 5, 6, 9, 10 дугаар сарууд, 2021 оны 4, 5, 6, 7, 8 дугаар саруудын сар бүрийн 15-ны өдрийн дотор түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчаас 12,072,555 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн, алдангийн тооцоолол зөв болжээ.

 

8. Монгол Улсын Засгийн газраас Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч талаас 2020 оны 2, 3, 4, 12 дугаар саруудад, мөн 2021 оны 1, 2 дугаар саруудын төлбөрийг 100 хувь, мөн оны 3, 4 дүгээр сарын төлбөрийг 50 хувь хөнгөлөх талаар мэдэгдэж, түрээсийн төлбөрөөс хэсэгчлэн чөлөөлсөн, хариуцагч нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/2377 дугаар албан бичгээр үйл ажиллагаа түр зогссон онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж 2020 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээн авч шийдвэрлэжээ.

Үүнээс өөрөөр орон нутгийн тээвэрлэлтийг хязгаарласан байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.  

 

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/02503 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 634,608 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЗОЛЗАЯА

                                           

         ШҮҮГЧИД                                             Т.БАДРАХ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА