Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 00335

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Заяа,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд холбогдох эрүүгийн 1838007190358 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд зохион байгуулагдсан улсын баяр наадмын үеэр их насны морин уралдаанд 13 настай Э.Дг хамгаалалтын хувцас хэрэглэлгүйгээр морь унуулж Монгол улсын Засгийн газраас баталсан 2005 оны 119 дүгээр “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм” -ийн 2.5.3, 3.1.1, 3.1.3, 3.1.4 дэх заалтуудыг зөрчиж хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд зохион байгуулагдсан улсын баяр наадмын үеэр их насны морин уралдаанд 13 настай Э.Дг хамгаалалтын хувцас хэрэглэлгүйгээр морь унуулж Монгол улсын Засгийн газраас баталсан 2005 оны 119 дүгээр “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм” -ийн 2.5.3, 3.1.1, 3.1.3, 3.1.4 дэх заалтуудыг зөрчиж хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 2 их насны морио уяхад нэгийг нь хүүхэд олдохгүй болоод Зоригоо гээд хүнтэй уулзаад хамт явсан хүүхдийг нь миний морийг унаад өгөхгүй юм болов уу гэж асуухад Зоригоо нь тэр хүүхэд рүү чи унаж чадах юмуу гэхэд чадна гээд мордсон. Морьд гарааруу 200-300 метр газар явсан байсан. Араас нь шогшиж очоод нийлж байгаа харагдсан. Тэгээд гараанаас гараад явж байхад хөндлөнгөөс морь орж ирээд зог тусахад унасан гэж хүмүүс яриад байсан. Тэгээд намайг морины бариан дээр явж байтал Э.Д эмнэлгийн машинд суугаад ирэхээр нь очиж уулзсан...эмч гар нь хугарсан байна, аймаг руу явж зураг хөргийг нь авхуул гэж байсан...Хамгаалалтгүй морь унуулсан нь миний буруу...” гэх мэдүүлэг,

       Насанд хүрээгүй хохирогч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ах Зоригоогийн хамт сумын баяр үзэхээр явж байхад хурдан морины уяаны ойролцоо байхад нэг хүн хүрч ирээд ахын машинд сууж байхад надруу ирээд морь унаад өгөөч гэж гуйгаад байсан. Тэгээд Зоригоо ах “Чи хүний хүүхэд унагаж гэмтээчихэв” гэхэд тэр хүн “Энэ морь чинь яваад сурчихсан. Морь чамайг аваад ороод ирнэ” гээд байсан. Тэгээд намайг мордуулахад морьд нь гарааны зурхайруу нилээд явсан байсан. Намайг араас нь давхичих гээд байсан. Хамгаалах хувцас өмсүүлээгүй. Миний гутлыг тайлаад аваад үлдсэн. Ц.Б гэдэг хүний морь улаан морь байсан. Тэгээд гараанаас гараад нилээд явж байтал морь бүдрээд давхраараа унахад би зүүн гараараа газар тулаад унасан. Тэгээд эмнэлгийн машин хүрч ирж аваад бариач руу яваад Зоригоо ахтай уулзсан. Зүүн гар маш өвдөж байсан, толгой нүүр зулгарч хавдсан байсан...тэгээд үзүүлэхэд зүүн гарын шуу хугарсан байсан...” гэх мэдүүлэг, /ХХ-ийн 13-14 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй хохирогчийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Э.Дгийн ээжийн хувьд хууль ёсны төлөөлөгчөөр хэрэгт оролцож байна. 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнтэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй. Ц.Б эхлээд явахад 40л бензин, 200.000 төгрөг, дараа нь миний дансруу 300.000 төгрөг хийсэн...Өмнө авсан тэр нөхөн төлбөрийн мөнгө бол одоо нэхэмжилж байгаа 1.500.000 төгрөгт хамаарахгүй. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.З-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төмөрбулаг сумын улсын баяр үзээд явж байхад манай сумын иргэн Ц.Б гэх хүн морины уяан дээр байхад хүүхдээ өгөөч морь унуулья, миний морь номхон морь гээд манай дүүгийн хүүхэд болох Энхцэцэгийн Э.Дг аваад явсан...барианд байж байхад Э.Дгийн унаж явсан улаан морь хүүхэдгүй хөндлөн гараад давхиж байхаар нь уначхаж гэж бодоод явж байхад хүмүүс эмнэлгийн тэрэг авсан байх гэхээр нь эмнэлгийн тэрэг дээр очиход Дугарцанцангийн гар нь хугарсан байдалтай, нүүр ам нь битүү шалбарч хавдсан байсан...хамгаалах хувцас юу ч өмсөөгүй, морьд гарааны зурхай руу морины комисс шалгаад явсан байхад араас нь мордуулаад шогшуулаад явуулсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр хурдан морио үсэргэнэ гээд хоёр хүүхдээ аваад явсан. Тэгээд удалгүй 30 гаран минутын дараа нөхөр маань гэрийнхээ гадаа ирээд ёолоод байхаар нь мотоциклиосоо унаж дээ гэж бодоод гарах гэтэл урдаас ороод ирсэн. Тэгтэл хамраас нь цус гарсан, хамар нь халцарсан харагдаж байсан. Яасан гэхэд намайг Оюунбат цохичихлоо гэсэн. Морьтой хоёр хүүхэд үргээгээд унагаачих гээд байхаар нь зайлаач гэсэн чинь зодчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-25 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 471 тоот

1.2 Э.Дбиед зүүн шуу болон богтос ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

3.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгджээ..

4. Э.Дбиед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

      5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 26 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838007190358 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ц.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 38 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь хохирогч Э.Дд 500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болохыг дурдлаа.

Насанд хүрээгүй хохирогч Э.Д, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нар нь шүүгдэгчээс эмчилгээний зардал 1.500.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.Бээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1838007190358 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Ц.БХүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч               Ц.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1838007190358 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Насанд хүрээгүй хохирогч Э.Д, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нар  нь эмчилгээний зардал 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.Бээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.      

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР