| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0342/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/338 |
| Огноо | 2018-11-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сэндсэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2018/ШЦТ/338
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Заяа,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч Г.Ш нарг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Шид холбогдох эрүүгийн 1838008570416 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.Ш нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр болон 10-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг ... тоотод хамтран амьдрагч Б.Отэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Ш нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр болон 10-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг ... тоотод хамтран амьдрагч Б.Отэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Шийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Эхнэр Б.Отэйгээ хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдсан. Маргалдах үедээ түүний хөл, гарлуу 4-5 цохисон. Намайг цохих үед эхнэр маань газарт унасан. Би унасан байх үед нь хөлрүү нь 1-2 удаа өшиглөсөн. Тэгээд би эхнэрийгээ зодохоо болиход эхнэр маань шууд гараад зугатаасан. Тэр үед би араас нь гарч барьж аваад түүнийг гэрлүүгээ оръё гэхэд орохгүй гэж байсан. Би тухайн үед энхэрийгээ гэрлүүгээ оруулах гэж хэсэг маргалдсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Омөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай нөхөр бид хоёр зах руу явж хонь аваад хөлийг нь боох уяа хайж байтал машины арын тавиур дээр миний оймс байсныг хараад энэ юун оймс вэ гэхээр нь би зааланд тоглоод сольсон оймс байна гэж хэлсэн. Тэгээд дуугүй явж гэртээ ирчихээд түлээ оруулаад өг гэхэд түлээ авч орж ирж шидчихээд үгийн зөрүүгүй намайг цохиж унагаад хаана оймсоо тайлж янхандсан гээд нүүр нүдгүй өшиглөөд байсан. 20 минут орчим тасралтгүй зодоод уурлаад надтай дуугараагүй хоносон. Тэгээд маргааш орой нь 20 цагийн орчим согтуу ирж чи өнөөдөр бас янхандсан уу гээд сандал дээрээс боож унагаад дээр гарч суугаад толгой руу цохиод, нүүр нүдгүй алгадаад байсан...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-19 дүгээр хуудас/,
Гэрч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...охин Б.О маань гаднаас уйлсаар таксины мөнгө асуусаар орж ирсэн. Тэгэхээр нь би яасан юу болов гэж асуухад Г.Ш намайг зодчихлоо гэж байсан. Тухайн үед охины маань хувцас хунар, царай зүс нэлэнхүйдээ шороо тоос болсон байдалтай байсан. Тэгэхэд охин маань хоёр хүүхдээ Г.Штой орхичихсон, очиж авъя гэхээр нь нөхөр Баасанжав бид хоёр хамт дагаад явсан. Охин маань манайд байхдаа цагдаагийн газарт дуудлага өгч тэмдэглүүлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-28 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 559 дугаартай дүгнэлтэд:
1.2 Б.Обиед зүүн мөрний үеийн зөөлөн эдийн гэмтэл болон баруун, зүүн бугалга, эрүү, баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ.
4. Б.Обиед учирсан гэмтэл нь нийлбэр дүнгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 31 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838008570416 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Г.Ш нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 50 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Ш нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч Б.О нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1838008570416 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Шхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Ш нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838008570416 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Шид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР