| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2018/0071/Э |
| Дугаар | 79 |
| Огноо | 2018-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 79
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгч: Я.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Я-ийн Ж холбогдох 1835001020086 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, яс үндэс-баяд, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг 5-3 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй Б овогт Я-ийн Ж. РД:ЖИ.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Я.Ж нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг хохирогч Н.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Я.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Я.Ж нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг хохирогч Н.С-г зодсон болох нь хохирогч Н.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би гэртээ ирээд байж байтал 17 цагийн үед манай хашааны гадна Я.Ж ирээд “Танай гэр лүү орно” гэхээр нь би “Чамайг гэр лүүгээ оруулахгүй” гэж хэлсэн тэгээд Я.Ж бид хоёр маргалдаад би Я.Ж руу цас авч шидчихээд хашаан дотор зогсож байтал хашааны гадна талаас Я.Ж цементэн зуурмагтай хад чулуу авч над руу шидэж миний толгойг цохиж оройн хэсэгт хагалсан юм. Миний толгойноос цус гарсан. Миний хажууд миний төрсөн ах М, түүний охин М.Б нар харж байсан. Тэгээд би цагдаа дуудаад, цагдаа ирээгүй байхад Я.Ж явчихсан. Я.Ж нь манай хашаа руу орж ирээгүй юм. Би эмнэлэг дээр очиж толгойндоо 4 оёдол тавиулсан юм. Я.Ж-аас эмчилгээ хийлгэсэн зардалаа гаргуулж авмаар байна. Я.Жаргал намайг зүгээр байтал зодсонд гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р талд/,
гэрч М.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн:“...авга эгч Н.С нь манай гэрт орж ирсэн тэр үед утас нь дугараад байхаар нь Н.С эгч утсаа аваад ярихад цаанаас нь нэг эмэгтэй хүн ууртай “Чи хаана байна. Би танай гэр лүү очиж байна. Чамайг үсдэж хэвтүүлнэ” гэж ярьж байсан. Тэгээд удалгүй 20 орчим минутын дараа манай хашааны гадна танихгүй эмэгтэй хүн ирээд манай эгч Н.С-тэй хэрэлдэж маргалдсан. Манай эгч рүү тэр эмэгтэй “Чи яахаараа манай нөхрийн ажил дээр очиж уулзсан юм бэ? Чамаас болж би нөхрөөсөө салахдаа тулаад байна” гэж хэлж байсан. Тэгээд уг хоёр хүн хоорондоо нэг нэгэн рүүгээ цас авч шидсэн. Түүний дараа уг танихгүй эмэгтэй хашааны гадна талаас гартаа чулуу авч хашаа давуулан шидэж манай авга эгч Н.С-гийн толгойн тус газарт уг чулуу нь онож цохиж толгойноос нь их хэмжээний цус гарсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,
гэрч Н.М-ын мөрдөн байцаалтад өгсөн:“...2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ажлаа тараад гэртээ ирсэн байхад 17 цагийн үед манай хашааны хаалган дээр манай төрсөн дүү Н.С нь хашааныхаа хаалга цоожлоод авчихсан хашааны дотно талд манай хашааны хаалганы гадна талд хоёр эмэгтэй хэрэлдэж байсан. Манай дүү Н.С-г тэр танихгүй эмэгтэй “Чи миний нөхөр лүү утсаар ярилаа” гэж хэрэлдэж байгаад миний дүү Н.С цас атгаж авч тэр эмэгтэй рүү шидсэн. Уг эмэгтэй манай хашааны гадна талд байсан манай хашааны хаалга даруулдаг чулууг авч манай хашааг давуулж шидээд миний дүү Н.С-гийн толгойн тус газарт цохиж толгойг нь хага цохисон юм. Дүү Н.С-гийн толгойноос тухайн үед цус их гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,
шүүгдэгч Я.Ж-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Н.С над руу цас авч үидэхээр нь би бас цас авч шидчихээд хашааны гадна байсан нэг ширхэг чулууг аваад хашаа давуулаад Н.С байсан газар луу баримжаагаар шидсэн юм. Тэгтэл уг чулуу Н.С-ийн толгой орчим газарт цохиж хагалсан байсан юм. Н.С-гийн толгойноос цус гарч байгааг би харсан юм. Би Н.С-г чулуугаар цохиж гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Я.Ж нь хохирогч Н.С-г зодсоны улмаас хохирогчийн бие махбодид Зүүн чихний дээд хэсгийн хуйханд 3.5 см хэмжээтэй язарсан гэмтэл үүссэн байна. Энэ гэмтэл нь гадны мохоо хүчний 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 205 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Я.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Н.С нь “Я.Ж нь миний эмчилгээний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Я.Ж-д гомдолгүй” гэж тодорхойлолт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.
2. Шүүгдэгч Я.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Я.Ж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчийн санал болгосон хүрээнд торгох оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Я.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгөтэй, 13х8.5 см хэмжээтэй чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Я-гийн Ж-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ж-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Я.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 13х8.5 см хэмжээтэй, саарал өнгийн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Я.Ж-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ