Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/340

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Заяа,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,

Шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Од холбогдох эрүүгийн 1838005490397 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ж.О нь 2018 оны 07 дугаар сард 13-ны өдөр Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргил бөөний худалдааны төвийн гаднаас иргэн О.Эцүнхтэй эд зүйлсийг хууль бусаар хулгайлан 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.О нь 2018 оны 07 дугаар сард Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргил бөөний худалдааны төвийн гаднаас иргэн О.Эцүнхтэй эд зүйлсийг хууль бусаар авч 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Оийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...би цүнхийг нь аваад эргэж хараад гүйж явтал Наагий миний араас ирж байсан. Наагий намайг цүнх авсныг мэдээгүй. Би дэлгүүрийн үүдэнд юмаа үлдээсэн байна гэж хэлээд буцаж очиж цүнхийг аваад ирсэн. Намайг цүнх авсан гэдгийг хамт явсан хүмүүс мэдээгүй. Сүүлд цагдаа сэргийлэх болоод Хөвсгөл явах боллоо гэхэд нөхөр маань мэдсэн. Би Хөвсгөлийн Цагдаагаас ярихаар нь цүнхтэй эд зүйлсийг нь бүрэн бүтнээр нь өгч явуулсан... Бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүйгээр авахыг хулгай гэмт хэрэг гэдгийг ойлгож авсан...би бусдын эд хөрөнгийг авсандаа гэмшиж бна...гэх мэдүүлэг,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоол,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол /ХХ-ийн 10 дугаар хуудас/,

2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 12 дугаар хуудас/,

Хохирогч О.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “...Оргил худалдааны төвөөс авсан хүнсний бараагаа машин руугаа зөөчихөөд охиноосоо цүнхээ асуутал нэг эгч аваад явсан гэсэн. Би тэр дор нь нөхөртэйгээ ойр хавиар хайж гүйгээд олоогүй. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандаж камер шүүтэл хар хувцастай хүүхэн залуу хоёр миний цүнхийг бариад гарч байсан...Миний өөрийн эзэмшлийн К-4 маркийн гар утас, манай нөхрийн Ж-7 гар утас, миний түрүүвч байсан бөгөөд түрүүвчин дотор бид хоёрын бичиг баримтууд, бэлэн 300,000 төгрөг байсан...Би өөрийнхөө алдсан эд зүйлсийг Цагдаагийн байгууллагаас бүрэн бүтэн хүлээн авлаа баяртай байна. Одоо надад гомдол санал гэх зүйл алга...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-20 дугаар хуудас/,

Гэрч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 07 сарын 12 билүү 13-ны өдөр ... Мөрөнд орж ирээд Оргил гэдэг дэлгүүрийн гадаа зогсож хүнсээ аваад хөдөлсөн. Хөдлөөд явж байтал Ж.О зогсож байгаарай, юм аваад ирье гээд машинаас буугаад гүйсэн. Тэгтэл Ж.Оийн нөхөр нь надад хандаад наадахыгаа чирээд ч болтугай аваад ир гэхээр нь би Ж.Оийн араас гараад явсан чиглэлд нь явж байтал Ж.О өөдөөс нэг цүнх барьсан ирж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 68-70 дугаар хуудас/,

Гэрч О.Э 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би гэр бүлийн хамт далай явах гээд Оргил бөөний төв орсон юм. Тэгээд машинаа нэхий дэлгүүрийн үүдэнд тавьчихаад бөөний төв орж юм авчихаад машиндаа юмаа  ачихдаа өөрийн гар цүнхээ хүүхдэдээ бариулсан байсан. Тэгээд хүүхдээсээ цүнхээ яасан талаар асуухад нэг аниа ирээд аваад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь хойноос нь тал тал тийшээ гүйгээд олоогүй юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/,

 Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 29 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838005490397 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ж.О нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 45 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 5, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, эх П.Батгэрэл нь группт байдаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1838005490397 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдэн ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Охулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ж.Оийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ж.Од хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Эрүүгийн 1838005490397 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.

      6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.      

      7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Од урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.ХҮРЭЛБААТАР