| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2018/0186/Э |
| Дугаар | 192 |
| Огноо | 2018-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Удвал |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 192
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Б.Б-д холбогдох 1835003990230 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 10-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Увс аймгийн Тариалан сумын 4-р баг /одоогоор Улаангом сумын 3 дугаар багт түр оршин суудаг/-т оршин суух Б овогт Б.Б-д /РД:…./.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт хохирогч Б.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 17-06 тоотод байрлах Л.Уын гэрт хохирогч Б.Б-ыг зодсон болох нь хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 05-ны орой Э гэдэг айлын гэрт машины мотор боогоод сууж байтал танил Ш гэх эмэгтэй над руу утсаар яриад айлд архи ууж байна хүрээд ир гэж хэлэхээр нь би найз Г-ын хамт Улаангом сумын 9-р багт байдаг Уугаа буюу Уын гэрт очсон. Би очихдоо 1 шил архи авч очсон. Тэднийд У, түүний эхнэр Цээгий, Ш гурав байсан. Г бид хоёр очоод 1 шил архиа хувааж уугаад согтчихсон байсан. Нэг мэдэхэд У-ын гэрт унтаж байтал Ш-ы хамтран амьдрагч Б миний хөнжлийг татаад намайг Ш-тай нүцгэн хэвтэж байтал бид хоёрыг унтаж хэвтлээ гэж хардаад миний нүүр лүү гуталтай хөлөөрөө 3-4 удаа дэвсэж зодсон. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа. Б миний эмчилгээний зардалд 25000 төгрөг төлсөн. Одоо надад Б-гаас нэхэмжлэх хохирол төлбөр, гомдол санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6-р талд/,
гэрч Л.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “......2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр аавыгаа хот руу автобусанд суулгаж өгчихөөд 16 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт Ш манай эхнэртэй хамт 2 шил архи уугаад сууж байхаар нь би хамт уусан. Архи ууж байх хугацаанд Ш манай найз Б руу утсаар яриад дуудаад байсан. Б, Г хоёр нэг шил архи авч ирсэн. Бид нар архиа хувааж ууж байгаад согтоод унтцгаасан. Би өглөө сэрэхэд шөнө Ш-ы хамтран амьдрагч Б ирээд Б-ыг Ш-тай хардаад зодож гэмтээсэн гэж манай эхнэр надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р тал/,
гэрч Ц.Ш-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр У буюу У-ын гэрт очсон. Тэнд очоод цай хоол идчихээд би дэлгүүр ороод 2 шил 0.5 литрийн архи авч ирээд хувааж ууж байгаад Б гэх танил залуу руу утсаар ярьсан. Тэгтэл удалгүй Б, Г гээд хүнтэй хамт 1 шил 0.5 литрийн архи авч ирээд бид тав хувааж ууцгаасан. Тэгээд нилээд удаан суугаад унтахаар болоод галын дээд талаар газраар ор засаад Б бид хоёр хэвтэж байтал гэнэт миний хамтран амьдрагч Б орж ирээд Б бид хоёрын хөнжлийг татаад Б бид хоёрыг унтаж хэвтлээ гэж хардаад Б-ыг хэвтэж байтал нүүр лүү нь өшиглөөд дэвсээд байсан. Яг хэдэн удаа өшиглөж дэвссэнийг мэдэхгүй байна. Тэгээд би Б-г салгаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09-р тал/,
гэрч У.Ц мөрдөн байцаалтад өгсөн: “....орой 21 цагийн үед гэнэт хаалга татаад Ш эгчийн хамтран амьдрагч Б Ш эгчийн охинтой хамт орж ирээд шууд Ш, Б нарын хамт хэвтэж байсан газарт ирээд тэр хоёрын хөнжлийг нь татаж хаяад Бын нүүр тус газар луу өшиглөөд дэвсээд байсан. Яг хэдэн удаа зодож цохисныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/,
Шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 11 дүгээр сарын 05-ны орой 17 цаг өнгөрч байхад гадуур явж байгаад Улаангом сумын 3 дугаар багт байх хамтран амьдрагч Ший гэрт ороход Ший аав нь “Ш гараад явчихлаа, ирэхгүй байна, олж ирмээр байна. Хамт явъя” гэхээр нь Ш-ы аавыг гэрт үлдээгээд Ш-ы охин Б-ын хамт Ш-ыг хайхаар гарсан. Тэгээд гадуур хайж байгаад урд очдог байсан У-ын гэрт очиход гэр нь харанхуй байсан. У-ын гэрт ороод гэрлийг нь асаагаад хартал Ш Уын гэрийн баруун талд газраар Б гэх залуутай нэг хөнжилд хэвтэж байсан хөнжлийг нь татаад үзэхэд Ш, Б нар нүцгэн хэвтэж байсан. Тэгээд би Ш-ыг Бтой хардаж уурлаад “Та нар намайг доромжилж болохгүй” гэхэд Б босож ирээд “Би чамайг яаж доромжилсон юм бэ?” гэхээр нь би Бын нүүр лүү гараараа нэг удаа цохиод газар унахаар нь нүүр лүү нь гуталтай хөлөөрөө 2 удаа өшиглөсөн ” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Б-ыг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид тархи доргилт, хамар ясны хугарал, доод уруулын салстад язарсан шарх, 2 нүдний эргэн тойронд, 2нүдний салстад цус хуралт доод уруулд зулгалт гэмтэлүүд үүссэн нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 757 дугаартай дүгнэлт /хх-ийн 16-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Б нь “Б.Б-гаас нэхэмжлэх хохирол төлбөр, гомдол санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг өгснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчийн санал болгосон ялын хүрээнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ