| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 126/2018/0007/З |
| Дугаар | 221/МА2019/0060 |
| Огноо | 2019-01-31 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2019/0060
| 2019 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 221/МА2019/0060 | Улаанбаатар хот |
|
|
|
|
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Л.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарын оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр шийдвэртэй, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.П-ын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр: “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 29 дүгээр зүйлийн 29.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 55 дугаар зүйлийн 55.3.2-д -т заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Санал уламжлах тухай 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Бүрэнтогтох сумын Засаг даргад холбогдох Ашигт малтмалын МҮ-020941 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу явуулж буй Б ХХК-ний үйл ажиллагааг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн албан бичиг /захиргааны акт/-г илт хууль бус болохыг тогтоолгох, Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-т заасан тодорхойлолтыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгохыг сумын Засаг даргад даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.П давж заалдах гомдолдоо: “ ... Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар болон хариуцагчийн тайлбарыг няцаан мэтгэлцсэн талуудын мэтгэлцээн, шинжлэн судлагдсан нотлох баримтуудын талаар, мөн асуулт хариултын үе шатанд тодорхой болсон асуудлуудын талаар бодит үнэлэлт дүгнэлт өгөөгүй бөгөөд зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан дээд шатны шүүхийн магадлалд хэт хөтлөгдөн захиргааны байгууллага, албан тушаалтны илт хууль бус шийдвэр, үйл ажиллагааг зөвтгөсөн байдлаар дүгнэж, нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, үндэслэл, нотлох баримтуудад бүрэн дүүрэн тал бүрээс нь дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
...Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б” ХХК нь өөрийн санаачлагаар, өөрийн зардлаар хуулиар хулээсэн үүргийн дагуу 2011 онд хайгуулын талбайдаа соёлын өвийн талаар судалгаа хийлгэж, 2017 онд хайгуулын талбайгаа улсад буцаан өгсөн үйл баримтыг мушгин гуйвуулж хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байсан мэтээр, нэхэмжлэгчийг байгаль орчны талаар хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн гэх тухай нэг ч баримт хэрэгт авагдаагүй байхад зөрчил гаргаж байсан мэтээр,
"Б” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах зорилгоор захиргааны актуудыг гаргасан гэж шүүх хуралдаанд хариуцагч нар тайлбарласаар байхад иргэдийн хурлын тогтоол, засаг даргын албан бичиг нь нэхэмжлэгчид шууд үр дагавар үүсгээгүй /нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй/ мэт агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дахь заалтуудад нийцэхгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарна уу.
...Тухайн хуралд буюу 2018 оны 06 сарын 08 өдрийн сумын иргэдийн хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Б ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах асуудлыг уламжлах тухай асуудал ороогүй, ийм асуудлыг хуралдаанаар хэлэлцээгүй бөгөөд энэ тухай хэрэгт авагдсан иргэдийн хурлын зар, хэлэлцэх асуудлыг баталсан хурлын тэргүүлэгчдийн тогтоол, бусад баримтуудаар хангалттай тогтоогддог. Иргэдийн хурлын 13 дугаартай тогтоолд дурдсан асуудлууд үндэслэлгүй болох нь тухайн асуудлаар Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ гишүүнд Ашигт малтмал газрын тосны газраас хүргүүлсэн албан бичгүүдэд болон бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.
... “Б” ХХК нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт орших Төмөртэйн аманд ашигт малтмал ашиглах МУ-020941 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигчийн хувьд үйл ажиллагаа явуулахдаа хуулийн хүрээнд явуулж, ямар нэгэн зөрчил гаргаагүй бөгөөд Ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын болон байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага, бусад хууль хяналтын байгууллагуудаас манай тусгай зөвшөөрлийг цуцалсан, эсхүл үйл ажиллагааг зогсоосон шийдвэр гараагүй, ийм баримт хэрэгт авагдаагүй. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг дарга нь эрх бүхий байгууллагаас манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан, үйл ажиллагааг зогсоосон шийдвэр гараагүй байхад манай үйл ажиллагааг зогсоохыг хууль бусаар шаардаж улмаар 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 01/194 тоотоор мэдэгдэл ирүүлэн манай үйл ажиллагааг зогсоосон. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа сумын иргэдийн хурлын 13 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажилласан гэх боловч уг тогтоолд “Б” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг Засаг даргад үүрэг болгосон нэг ч үг үсэг байдаггүй. Энэ талаар хэрэг шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлах, асуулт хариултын үе шатанд тогтоогдсон.
Бүрэнтогтох сумын Засаг даргын дээрх үйл ажиллагааг манай компанийн тусгай зөвшөөрлийн дагуу явуулж буй ажиллагааг зогсоохыг үүрэг болгосон, манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр хязгаарласан буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан "...хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх заалтад хамаарах илт хууль бус захиргааны акт /үйл ажиллагаа/ гэж үзэж байгаа юм.
... “Б” ХХК нь ашигт малтмал ашиглах МУ-020941 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигчийн хувьд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Төмөртийн ам нэртэй газар орших МУ-020941 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсэг /булш, хиргисүүр бүхий хэсэг/-ийг буцааж өгөх хүсэлтийг хуульд заасан журмын дагуу сумын Засаг даргад 2018 оны 8 дугаар сарын 13 өдөр 18/102 дугаартай, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 18/135 дугаартай албан тоотоор дахин хүргүүлсэн боловч Бүрэнтогтох сумын Засаг дарга нь Иргэдийн хурлын 13 дугаартай “Санал уламжлах тухай” шийдвэрийг биелүүлж байгаа гэх нэрийдлээр 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 01/276 дугаартай албан тоотоор “... хүсэлтийг хүлээн авах боломжгүй.” гэсэн хариу бидэнд ирүүлсэн. “Б” ХХК нь байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлсээр ирсэн бөгөөд аливаа зөрчил гаргаагүй атал сумын Засаг даргын тодорхойлолт гаргаж өгөхөөс татгалзсан шийдвэр нь хууль бус байсан. Үүний улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6. 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүргэсэн нь шүүх хуралдааны явцад хариуцагчийн тайлбар болон асуулт хариултын үе шатанд тогтоогдсон. Иймд дээрх үндэслэл тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх зарим баримтыг буруу үнэлж, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “Б” ХХК-ийг лиценз анх авахдаа Хурлаас санал аваагүй, ойн сан бүхий газартай давхцуулсан, палентологи, архиеологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр хайгуулын ажиллагаа явуулсан, уг талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон гэж үзэж, хайгуулын болон ашиглалтын лицензийг цуцлуулах саналыг дэмжихээр шийдвэрлэж, уг тогтоолыг хууль тогтоомжид заасны дагуу холбогдох газар,байгууллага, албан тушаалтанд хүргүүлж биелэлтийг хангаж ажиллахыг Сумын Засаг даргад үүрэг болгожээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд соёлын өв байгаа болох нь тогтоогдож байх бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тусгай зөвшөөрөл цуцлах асуудлыг шийдвэрлээгүй, харин Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д заасан соёлын дурсгалт газрыг хамгаалах чиглэлээр санал гаргах бүрэн эрхийн хүрээнд тусгай зөвшөөрөл цуцлуулах талаарх саналыг эрх бүхий газраар шийдвэрлүүлэхийг дэмжсэн агуулгатай тогтоол гаргасан байна.
Иймд энэхүү тогтоол нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг шууд зөрчөөгүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Харин Бүрэнтогтох сумын Засаг дарга нь уг тогтоолыг эрх бүхий этгээдэд хүргүүлж, зохих ёсоор шийдвэрлүүлээгүй атлаа тусгай зөвшөөрөл цуцлагдаагүй байхад нэхэмжлэгчийн үйл ажиллагааг зогсоосон албан бичгийг хүргүүлсэн нь хууль бус болжээ.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 401.1, 401.2-т зааснаар соёлын өвийг хамгаалах хуулийг биелүүлэх хүрээнд олборлолт явуулахаас өмнө өөрсдийн хүсэлтээр тусгай зөвшөөрлийн талбайд соёлын өв байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгон дүгнэлт гаргуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Тэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан эрхийн хүрээнд соёлын өв байгаа талбайг буцаан өгөх хүсэлт гаргахаар өргөдөлд хавсаргах шаардлагатай мөн зүйлийн 55.3.2-т заасан байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлсэн талаарх тодорхойлолтыг хүссэн боловч сумын Засаг дарга өгөөгүй байна.
Хариуцагч сумын Засаг дарга нь тодорхойлолт өгөөгүй үндэслэлээ “тусгай зөвшөөрлийг нийтэд нь цуцлуулах ИНХ болон ИТХ-ын шийдвэртэй, талбайг хэсэгчлэн хүлээн авах боломжгүй ...” гэж тайлбарлажээ.
Сумын Засаг дарга нь хэрэв тусгай зөвшөөрөл эзэмшигч урьд нь тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг явуулж байхдаа байгаль орчныг хамгаалах үрргээ биелүүлж байсан бол Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-т заасан “байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлж байсан талаарх тодорхойлолт”-ыг гаргаж өгөх үүрэгтэй байх бөгөөд уг тодорхойлолтыг гаргаж өгснөөр соёлын өв байгаа газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч байгаа, эсхүл дээрх сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үгүйсгэж байгаа явдал биш юм.
Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг биелүүлэхийг хүсч байх бөгөөд сумын Засаг дарга нь ИТХ-ын тогтоолыг, нэхэмжлэгч нь талбай буцаан өгөх хүсэлтээ Ашигт малтмалын газарт тус тус хүргүүлснээр тусгай зөвшөөрлийг цуцлах эсэх, талбайг буцаан авах эсэх нь шийдвэрлэгдэхээр байна.
Гэтэл анхан шатны шүүх “... нэгэнт соёлын өв байгаа нь тогтоогдсон”, Засаг дарга ИТХ-ын тогтоолыг биелүүлэх үүрэг хүлээсэн, шүүхээр маргаан хянагдаж байгаа учраас сумын Засаг даргын нэхэмжлэгчийн үйл ажиллагааг зогсоосон албан бичиг болон тодорхойлолт гаргаж өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
Хуульд заагаагүй үндэслэлээр тодорхойлолт гаргаж өгөөгүй Сумын Засаг даргын эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайг буцаан өгөх өргөдөл гаргах эрхийг зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчид тухайн тодорхойлолтыг гаргаж өгөхийг сумын Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 55 дугаар зүйлийн 55.3.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д заасныг баримтлан “Б”ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын ашигт малтмалын МҮ-020941 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу явуулж байгаа үйл ажиллагааг зогсоосон 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлж байсан талаарх тодорхойлолтыг зохих журмын дагуу “Б” ХХК-д гаргаж өгөхийг тус сумын Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргаас 35100 төгрөгийг гаргуулж, “Б” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ