Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 7

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

                                                                    

 

 

 

 

 

 

 

           А.Батбаярт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч Р.Энх-Оюун,

Шүүгдэгч А.Батбаяр, түүний өмгөөлөгч Г.Намуун,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч С.Батжаргал, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 178 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Р.Энх-Оюуны бичсэн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлээр А.Батбаярт холбогдох эрүүгийн 201625031474 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Жагдбаатар овогт Адъяагийн Батбаяр, 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Цэргийн их сургууль гудамжны 1-40 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЙЗ92031711/,   

          А.Батбаяр нь 2016 оны 7 дугаар сарын 10-ны орой 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өнжүүл” нийтийн караокед үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Э.Энхтөгөлдөрийн толгойд пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэн цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: А.Батбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагааны эхэнд авсан хохирогч, гэрч, сэжигтэн нарын мэдүүлэгт А.Батбаяр нь “Өнжүүл” нийтийн караокед 7 шил “Сэнгүр” пиво уусны дараа бусдын хоорондоо ярьсан яриан дундуур орж “чи яасан том дуутай, хараал хэлдэг залуу вэ” гэж үл ялих зүйлээр шалтаглан пивоны шилээр хохирогчийн толгой тус газарт цохиж гэмтэл учруулснаас гадна хэд хэдэн шил түүн рүү шидсэн болох нь тогтоогдсон байна. Энэ мэдүүлгүүдэд шүүгдэгч А.Батбаяр нь гэрч Ю.Умдайрийг танихгүй, зодоон түүнээс болоогүй талаар мэдүүлж байжээ.

Гэвч мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах үед яллагдагч А.Батбаярын өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу гэрч О.Хаджанцан, Ю.Умдайрий нарыг дахин байцаахад “А.Батбаяр Ю.Умдайрий нар урьд нэгнийгээ танихаар барахгүй, хамтран амьдарч байсан” тухай мэдүүлсэн бөгөөд А.Батбаяр нь яллагдагчаар мэдүүлэг өгч эхэлсэнээс хойш шүүх хуралдааныг хүртэл “би өөрийн хуучин найз охин Ю.Умдайрийтай хуучин харилцаагаа сэргээхийг хүссэн, түүний найз залуу болох хохирогч Э.Энхтөгөлдөрт уур хүрээд дээрхи үйлдлийг хийх болсон” гэж мэдүүлж, гэмт хэрэг гарах болсон сэдэлт, санаа зорилгыг зохиомлоор өөрчлөх гэсэн оролдлого гаргасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Иймд гэрч О.Хаджанцан, Ю.Умдайрий нарын сүүлд өгсөн мэдүүлэг нь өмнө өгсөн мэдүүлгээсээ өөрчлөгдөх болсон шалтгааныг тодруулан, холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэх шаардагатай гэж үзлээ.

Мөн түүнчлэн шүүгдэгч А.Батбаярын зэвсэг хэрэглэн танхайрсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь зөв боловч хохирогчийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу догшин авирласан гэсэн хүндрүүлэх шинжийг бичилгүй орхигдуулсан байна. Хэдийгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан ялыг давхар сонсгохгүй боловч яллагдагчид хамааралтай хүндрүүлэх шинжийг заавах бичих шаардлагатай. Иймд шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Улсын яллагч Р.Энх-Оюун бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалтын явцад гэрч О.Хаджанцан, Ю.Умдайрий нараас урьд өгсөн мэдүүлэг дээр нь яригдаагүй А.Батбаяр, Ю.Умдайрий нарын өмнөх харилцааны талаар тодруулах зорилгоор дахин байцаалт авсан. Тус байцаалтуудаар А.Батбаяр, Ю.Умдайрий нар нь урьд нь уулздаг байсан хэдий ч гэмт хэрэг гарах үед яллагдагч А.Батбаяр, хохирогч Э.Энхтөгөлдөр нар нь бие биеэ таньдаггүй, хохирогч Э.Энхтөгөлдөр нь Батбаяр, Ю.Умдайрий нарыг уулздаг байсныг, яллагдагч А.Батбаяр нь Э.Энхтөгөлдөрийг Ю.Умдайрийгийн нөхөр гэдгийг мэддэггүй байсан, мөн энэ гэмт хэрэг гарсны дараа бие биеэ таньдаг болсон, А.Батбаяр нь Э.Энхтөгөлдөрөөс уучлалт гуйсан болох нь тогтоогдсон байдаг. Тиймээс гэрч О.Хаджанцан, Ю.Умдайрий нарын мэдүүлгийн талаар дахин шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд шүүх тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлд заасны дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэх боломжтой.

Улсын яллагч миний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт “энэ хэргийг” гэж заасныг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан хэргийг” гэсэн утгатай гэж ойлгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжүүдийг яллах дүгнэлтдээ бичсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан “догшин авирласан” гэсэн шинжийг заавал бичих шаардлагагүй. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн хэргийг мөрдөн байцаалтад буцаасан тогтоолыг зүйтэй гэж үзэж байна. Прокурорын нэмэлт хүндрүүлэх шинжийг оруулах талаар бичсэн эсэргүүцлийн үндэслэлийг дэмжиж байна. Учир нь заавал “догшин авирласан” гэх шинжийг давхар оруулах шаардлагагүй гэж үзэж байна. Прокуророос А.Батбаярыг гэмт хэрэг үйлдэх үедээ Э.Энхтөгөлдөрийг Ю.Умдайрийгийн уулздаг залуу гэдгийг мэдээгүй байсан гэж дүгнэж байгааг эсэргүүцэж байна. Учир нь хэрэг гарах үед О.Хаджанцан, Ю.Умдайрий нар эхэлж орж ирсэн байдаг. А.Батбаяр, Ю.Умдайрийтай яриа өдөхөд О.Хаджанцан “Араас нь одоо уулзаж буй найз залуу нь орж ирж байгаа шүү” гэдэг анхааруулгыг өгсөн. Ингэж хэлсний дараа Э.Энхтөгөлдөр орж ирсэн бөгөөд Э.Энхтөгөлдөр Ю.Умдайрийтай дотно байдал ажиглагдах үед А.Батбаяр мэдэх боломжтой байсан. Ю.Умдайрий болон Э.Энхтөгөлдөр хоёр эхнэр нөхөр биш бөгөөд уулзаж эхлээд хагас жил хүрэхгүй хугацаа өнгөрсөн байсан. Ю.Умдайрий нь А.Батбаяртай уулздаг байсан бөгөөд уулзахаа болиод А.Батбаярын найзын найзтай уулздаг болсон. Танхайн гэмт хэрэг нь бусад гэмт хэргээс сэдэлтээрээ ялгарах онцлогтой. Энэ гэмт хэргийн сэдэлт нь Ю.Умдайрийг харамлаж, хардсан асуудал юм” гэв.

Шүүгдэгч А.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анх байцаалт өгөхдөө энэ асуудлыг эхнэрээсээ нууж буруу байцаалт өгсөн. Шүүхийн тогтоолыг дэмжиж байна” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

А.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн анхан шатны шүүхийн тогтоолын дүгнэлт нь “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд А.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд хийгдсэн байх ба харин шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэв.

Шүүх шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 266, 267 дугаар зүйлд заасан журмын дагуу хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх хуралдаанд гэрч О.Хаджанцан, Ю.Умдайрий нарыг оролцуулж мэдүүлэг авах боломжтой.

Мөн анхан шатны шүүхийн тогтоолын “яллах дүгнэлтэд “догшин авирлаж” гэснийг бичилгүй орхигдуулсан” гэх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй байх ба шүүхээс А.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлэхэд дээрх үндэслэл саад учруулахааргүй байна.       

Иймд шүүх яллах дүгнэлтийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтад тал бүрээс нь бүрэн, бодитой үнэлэлт дүгнэлт өгч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, А.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 178 дугаар тогтоолыг хүчингүй болгож, А.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл А.Батбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.ДАВААСҮРЭН

 ШҮҮГЧИД                                                   Н.БАТСАЙХАН

         Д.МЯГМАРЖАВ