Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 193

 

 

    Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам,

        Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,                        

         Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,

Шүүгдэгч: Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Б.М-д холбогдох 1835003520201 дугаартай  эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 12-нд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багт оршин суух Ц овогт Б.М. РД:...........

         Холбогдсон хэргийн талаар:

       Шүүгдэгч Б.М нь 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багийн нутаг “Дэлгэр” гэх газраас хохирогч Н.Т-ын 10 тооны ямаа хулгайлж, 512.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч Б.М-ийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

      Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

       2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багийн нутаг “Дэлгэр” гэх газраас хохирогч Н.Т-ын 10 тооны ямаа алдагдсан байна.

       Хохирогч Н.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би 2018 он 9 дүгээр сарын 30-ны өдөр хүү Гын хамт өвөлжөөн дээрээ өвс буулгасан. Тэр үед манай эхнэр малаа хараад үлдсэн. Орой гэртээ ирээд манай хүү Г малаа харахаар яваад хэсэг хугацааны дараа Г ирээд “Манай 100 гаруй мал тасарсан байсныг М туугаад манайх руу явж байхад нь би аваад малдаа нийлүүллээ” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би Улаангом явах гэж байхдаа малаа тоолсон боловч манай гэрт Улаангом явах машин ирсэн байсан болохоор малынхаа тооцоог гаргаж чадалгүй хүү Гыг “Малын тоо гаргаад утсаар ярь” гэж хэлээд явсан. Манай эхнэр Н бид хоёр Улаангомд орж ирээд байж байтал манай хүү Г утсаар залгаад “Манай малаас 30 гаруй ямаа дутаж байна” гэж хэлсэн. Би “маргааш малаа сайн тоол орлого, зарлагаа сайн бүртгэ” гэж хэлээд амарсан. Маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай хүү Г “Малаа хариулж яваад О гэх айлын малыг шүүж үзэхэд манай 6 ямаа байна” гэж над руу утсаар хэлсэн. Тэгээд би “6 ямаа хаанаас ирсэн талаар асуугаарай” гэхэд манай хүү Г “Өчигдөр орой харанхуй болж байхад Б.М тууж авч ирж өгсөн гэж хэллээ” гэж надад утсаар хэлсэн. Тэгээд бид манай ямааг М авсан талаар мэдсэн. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манайх малаа дахин тоолж бүртгэж үзэхэд 10 ямаа дутаж байна гэсэн. Би 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэртээ ирээд малаа тоолоход 10 ямаа дутаж байсан. Хулгайлагдсан гэх 6 ямааны эвэрийн ард талд  шар өнгийн будагтай манай ямаа мөн байсан. 6 ямаагаа хүлээн авсан. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М олдохгүй байсан 4 ямааг өөрөө авч ирж өгсөн. Надад Мэс нэхэмжлэх хохирол төлбөр, гомдол тэмцэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 24-26-р тал/,

      Иргэний нэхэмжлэгч Г.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 10-ны манай сумын М гэх залуу надтай уулзаад “Та надад 195.000 төгрөг өгөөч би таньд намар 3 ямаа ишигтэйг нь өгнө” гэж хэлээд надаас 195.000 төгрөг аваад явсан. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б.М над руу 98981187 гэх дугаараас залгаж  “Та К ахын буйр /өвөлжөө/ дээр ирээд нөгөө 6 ямаагаа аваарай” гэж хэлсэн. Би К гэх айлын буйр дээр очиход Б.М 6 тооны ямаа тууж ирсэн. Тухайн үед М энэ 6 ямаа манай өөрийн мал гэж хэлээд надаас авсан 195.000 төгрөгийнхөө өрөнд өгөөд явсан. Т.Г манай малыг шүүгээд М-ий авч ирсэн 6 ямааг манай мал байна би зүс имээр нь таньж байна гэж хэлэхэд анх М-ийг ямаа хулгайлж авч ирж өгснийг мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/,

      Гэрч Н.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Зүүнговь сумын Тохой багийн Баянгол гэх нэртэй газраас өөрийн ах Н.Т, бэр эгч З.Н нарыг Улаангом явна гэхээр нь авахаар өөрийнхө машинтай очсон. Намайг очиход Н.Т ах манай мал дутсан юм шиг байна малаа тоолох гэж байхад чи ирлээ гэж хэлсэн. Тэгээд малаа тоолохгүйгээр өөрийнхөө хүү Т.Г-ыг чи малаа тоолчихоод утсаар хэлээрэй гэж хэлээд надтай хамт Улаангом явсан. Улаангомд очоод Т ах Гтой утсаар ярьчихаад манай малаас 30 орчим ямаа дутаж байна гэж Г хэллээ гэж хэлсэн. Би 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Зүүнговь сум явсан. Тэдний малаас 10 ямаа дутсан. Түүнээс 6 ямаа нь олж авсан талаар Н.Я эгчээс 2018 оны 10 дугаар сарын 03-ны утсаар залгаж яриад мэдсэн. Тэр алдагдсан 10 ямаа бүгд Н.Т ахын ямаа байсан. Н.Т ахынд миний өөрийн 200 орчим мал байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,

       Гэрч Ц.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай нөхөр энэ намар ямаа худалдаж авч Б гэх хүнд өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 01-ний орой 18 цагийн үед манай утас руу 98981187 гэсэн дугаар залгаад “М байна. О ахтай ярих гэсэн юм. Малаа тосож ав гэж хэлмээр байна” гэсэн тэгэхээр нь би От утсаа өгсөн. Манай нөхөр О утсаар ярьж дуусаад “К гэх айлын буйр яваад ирье М ирж ямаа ав гэнэ” гэж хэлээд явсан. Тэгээд 40 орчим минутын дараа 6 ямаа тууж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31, 32-33-р тал/,

       Гэрч Т.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр аав бид хоёр өвөлжөөндөө өвс буулгачихаад 14.00 цагийн үед гэртээ ирсэн. Би хонь, ямаагаа хурааж ирэхээр яваад Завсар гэх газарт байсан  мал дээрээ очиход тал нь тасраад явчихсан байсан. Байсан хонь, ямаагаа хурааж байтал М манай 100 гаруй хонь, ямааг Дэлгэр гэх газарт байсныг туугаад ирлээ гээд авч ирж өгсөн.  Маргааш нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр аав, ээж хоёрыг Улаангом явсны дараа малаа толоход 30 гаруй мал дутсан. Би тухайн үед алдаж тоолсон байсан. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр малаа хайгаад Оли буюу О ахын малыг шүүж үзэхэд манай 6 ямаа байсан. Тэгээд би О ахаас “Та энэ шар будагтай ямааг хаанаас авсан бэ?” гэхэд “Б.М буюу Маамуу 2018 оны 10 сарын 01-ний орой надад авч ирж өгсөн” гэж хэлсэн. Тэгээд би Мий гэрт очоод “Танай мал хаана байна?” гэж асуухад “Манай малыг М туугаад Баруунтуруун сум явсан. Яваад цаг болж байна” гэж хэлсэн. Тэгээд би араас нь мориор яваад Ангиа гэх газарт явж байхад нь малыг нь очиж шүүхэд манай мал байхгүй байсан тул янз бүрийн юм ярихгүй буцаад гэртээ ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42, 43-45-р тал/,

       Малд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Иргэний нэхэмжлэгч Г.Оын малд байсан хохирогч Н.Т-ын 6 тооны ямаанд үзлэг хийж, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10-р тал/,

       шүүгдэгч Б.М-ий мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 7 дугаар сард Зүүнговь сумын харьяат Г.О гэдэг хүнээс 6 тооны ямаа өгнө гээд 195.000 төгрөг авсан. Тухайн үед Г.О нь хүмүүсээс мөнгөөр ямаа худалдаж авч байсан. Г.Ооос авсан 195.000 төгрөгөө амьдрал ахуйдаа зарцуулаад дууссан. Яг хэдэн төгрөг юунд зарцуулснаа тодорхой санахгүй байна. Би Г.О-т 6 ямаа өгөх ёстой учраас 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Зүүнговь сумын Тохой багийн нутаг Дэлгэр гэх нэртэй газарт бэлчиж явсан Н.Т-ын малаас 10 тооны мал хулгайлахаар шийдсэн. Тухайн үед өөрийнхөө хүрэн зүстэй, баруун талын гуяндаа “Жинст” тамгатай, имгүй морьтойгоо, өөрийнхөө эзэмшлийн Орос цэрэг хар эмээлтэй, хуучин суран хазаар, ногттой явж байсан. Тэр үед надад чөдөр, ташуур, бугуйл байгаагүй. Эзэнгүй бэлчиж байсан малаас 10 ямаа таслаж үлдээгээд үлдсэн малыг нь Н.Т-т хүргэж өгөхөөр туугаад явж байтал Н.Т-ын хүү Г ирээд аваад явсан. Би хулгайлсан 10 ямаагаа өөрийнхөө малд нийлүүлээд хадгалж байгаад 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Г.О-т 6 ямааг хүргэж өгсөн. Харин үлдсэн 4 ямааг өөрийн малд хадгалж байгаад 2018 оны 10 дугаар сарын дундуур Н.Т ахад буцааж өгсөн” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.М нь 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багийн нутаг “Дэлгэр” гэх газраас хохирогч Н.Т-ын 10 тооны ямааг авсан болох нь тогтоогдож байна.

      Шүүгдэгч Б.М нь хохирогч Н.Т-ын 10 тооны ямааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бэлчиж явсан малаас таслаж авсан  үйлдэл нь  бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

     Иймд шүүгдэгч Б.М-ийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

        Шүүгдэгч Б.М нь “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн, гэм буруугийн тал дээр маргаагүй болно.

2. Шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

      Шүүгдэгч Б.М нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УВ/01/535 дугаартай дүгнэлт /хх-ийн 66-р тал/-ээр  хохирогчийн 10 тооны ямаа нь 512.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч Н.Т мөрдөн байцаалтын шатанд өөрт учирсан хохирлоо шүүгдэгчээр төлүүлж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн, мөн хохирлоо бүрэн төлүүлж авсан, нэхэмжлэх зүйлгүй талаар тодорхойлолт /хх-ийн 104-р тал/ гаргаж өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.

      Иргэний нэхэмжлэгч Г.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр манай сумын М гэх залуу надтай уулзаад “Та надад 195.000 төгрөг өгөөч би таньд намар 3 ямаа ишигтэйг нь өгнө” гэж хэлээд надаас 195.000 төгрөг аваад явсан” гэх мэдүүлгээр шүүгдэгч Б.М нь энэ гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө Г.Ооос 195.000 төгрөг зээлээр авсан нь тогтоогдож байна. Уг 195.000 төгрөг зээлдэж авсан үйлдэл нь энэ мал хулгайлах гэмт хэрэгтэй ямар нэгэн шалтгаант холбоогүй өөрөөр хэлбэл Мийг гэмт хэрэг үйлдэхээс өмнө иргэд хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа байна.

      Иймд иргэний нэхэмжлэгч Г.О-ын 195.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих хууль зүйн үндэслэлтэй байна.

      Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан, гэмт зан үйлийг ухамсарлуулж ойлгуулах зорилгоор 300 /гурван зуу/ цаг нийтэд ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

     Шүүгдэгч энэ гэмт хэргийг үйлдэхдээ уналга болгож ашигласан нь тогтоогдож, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч Б.М-ий өмчлөлийн хүрэн зүстэй, баруун гуяндаа жинст тамгатай нас гүйцсэн морийг хурааж  улсын орлого болгохоор шийдвэрлэв.

       Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  морьны дагалдах хэрэгсэл болох цэрэг хар эмээл 1 ширхэг, суран ногт 1 ширхэг,  суран хазаар 1 ширхэгийг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад эдэлгээний явцад элэгдэлд орж, улсын орлого болгох боломжгүй болсон нь тогтоогдож байгаа боловч зан заншлын хэм хэмжээгээр үнэ цэнэтэйд тооцогдох, адууны соёлд чухал ач холбогдолтой эд зүйл байх тул устгахгүйгээр  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.М-д буцаан олгох нь зүйтэй гэж дүгнэв.

   Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

       1. Ц овогт Б.М-ийг мал хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д  300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил ял шийтгэсүгэй.

      3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

      4. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

     5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний нэхэмжлэгч Г.О-ын 195.000 /нэг зуун ерэн таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

     6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.М-ий өмчлөлийн хүрэн зүстэй, баруун гуяндаа жинст тамгатай нас гүйцсэн, 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийн үнэтэй морийг хураан улсын орлого болгож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэрэг хар эмээл 1 ширхэг, суран ногт 1 ширхэг, суран хазаар 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.М-д буцаан олгосугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.М-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГАНСҮХ