Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/00169

 

*ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2022/02367 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *ийн хариуцагч * ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 32,529,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие өөрийн өмчлөлийн * УНС улсын дугаартай, ланд крьюзер-200 маркийн автомашиныг ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлоос хамгаалан, * ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр даатгалын гэрээг нэг жилийн хугацаатай, багц-3 даатгалыг сонгон байгуулж, даатгалын хураамжид 1,500,000 төгрөг төлж даатгуулсан. Даатгалын зүйл болох дээрх автомашин нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу явах замд шороон замаар тойрч явж байхдаа бага зэргийн цастай байсны улмаас шарваж замын ховил мөргөн онхолдож осолдсон. Осолдсон машиныг кранаар өргөн машинд ачин Улаанбаатар хотод хүргүүлсэн. Тухайн осол гарсан газар утасны сүлжээ байхгүй байсан тул ослын байдал, газар нутгийг цаг, минуттай зургаар баталгаажуулж авсан. Бид маргааш нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн өглөө хотод ирсэн даруйдаа гэрээний 1.2.9-д заасны дагуу нэн даруй буюу 72 цагийн дотор * ХХК-ийн утсанд мэдээлэл өгсөн. Даатгалаас бидэнтэй эргэж холбогдон осолд орсон машин байгаа газарт очиж үзлэг хийн зураг авч баримтжуулсан. Миний зүгээс даатгалын байгууллагаас шаардсан бүхий л баримт материалыг бүрдүүлж, Итгэлт Эстимэйт 3 үнэлгээний байгууллагаар үнэлгээ тайлан гаргуулж, нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдлийн хамт 2021 оны 11 сарын 09-ний өдөр * ХХК-д өгсөн. Гэтэл хариуцагч нь материалыг хүлээн авсан цагаас хойш судалж байна, хуралд оруулна, шийдвэр удахгүй гарна, маргааш хариу гарна зэргээр биднийг ихээхэн чирэгдүүлсэн ба 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21/970 дугаартай бичгийг өгсөн бөгөөд уг бичигт нөхөн төлбөр олгохоос татгалзаж, олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн. бие энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргасан бөгөөд тус газраас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэж эргэж хариу мэдэгдэнэ үү гэж шийдвэрлэсэн. Гэтэл * ХХК нь Даатгалын тухай хууль, СЗХ-ны шийдвэр болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, осол гарсныг нотлох гэрчүүд, осолдсон машиныг ачиж ирсэн автомашин, жолооч зэрэг ослыг тогтоох гэрч, нотлох үйл баримт байсаар байхад үйл баримтыг тогтоох эрх үүргээ биелүүлсэнгүй. Иймд * ХХК-аас 32,529,400 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Даатгуулагч * нь Даатгалын гэрээний 6.1.7-д тусгагдсан баримт материалыг бүрдүүлж өгөөгүй. Тус тохиолдолтой холбоотой Замын цагдаагийн газар, хэсгийн төлөөлөгчөөс Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах Чандаганы тал гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 99-49 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гаргасан эсэх талаар утсаар холбогдон асуухад ямар нэг мэдээлэл ирээгүй гэх мэдээллийг өгсөн. Энэ нь * нь даатгалын гэрээний 4.1.8-т тусгагдсан үүргээ ноцтой зөрчсөн буюу эрх бүхий байгууллагад хандаж холбогдох акт, дүгнэлтийг гаргуулаагүй Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь хэсэг, Даатгалын тухай хуулийн 10.1.5-д заасныг зөрчсөн. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд даатгуулагч нь даатгалын гэрээний 4 дүгээр зүйлд тусгасан нөхөн төлбөрийг олгоход бүрдүүлэх шаардлагатай материалыг бүрэн гүйцэд өгөөгүй, мөн жолооч *ийн анхаар зам эвдрэлтэй 50 км гэсэн самбар байсан тул замаас гарч явж байхдаа цасан дээр шарваж, ховил мөргөж онхолдсон гэж мэдүүлснээс үзвэл даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.14-т заасан автозамаас бусад газраар явснаас үүдэлтэй хохирол гэдэгт орох үндэслэлтэй байх бөгөөд үүнээс гадна тухайн хохирол нь нотлох баримт дутуу гаргаж өгсөн гэх үндэслэлээр гэрээний 8.1.5-д заасан даатгуулагчид учирсан хохирлыг нотлох баримт, дүгнэлт, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай бүрэн гүйцэд баримт бичиг, мэдээ, мэдээллийг даатгагчид өгөөгүй, 8.1.1-т зааснаар нотолгоогүй хохирол зэрэг нөхцөлүүд бүрдсэн гэж үзэж нөхөн олговор олгохоос татгалзсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч * ХХК-аас 32,529,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,597 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-аас 320,597 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *т олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Даатгуулагч * нь В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулахдаа Даатгалын хамгаалалтын багц-2 төрлөөр буюу даатгалын үнэлгээг 100,000,000 төгрөгөөр даатгуулж, даатгалын хураамжид 1,500,000 төгрөгийг төлсөн байдаг. Уг даатгалын хамгаалалтын багц-2 төрлийн дагуу Даатгуулагчийн хариуцах хэсэг /Даатгалын тохиолдол бүрт/ 10 хувь байна.

4.а.Шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн тул даатгуулагч хураамж төлсөн л бол нөхөн төлбөр олгох нь даатгагчийн үүрэг мэтээр хэт явцуу утгаар тайлбарласан бөгөөд үнэн хэрэгтээ нарийвчилсан зохицуулалт буюу Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дах заалтыг маргааны явцад хариуцагч талаас баримтлан татгалзсан байтал шүүх хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4. Даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйл учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгоно гэж заасан зохицуулалтын гэрээгээр тохиролцсон болзол-ыг шүүх огт авч хэлэлцээгүй бөгөөд хохирол бүхэн даатгалын тохиолдол биш, даатгалын тохиолдол бүхэн хохирол мөн байх зарчмыг буруу тайлбарласан нь даатгуулагчид учирсан хохирол үйл баримтаар даатгалын тохиолдол болохыг тайлбарласан ойлгомжгүй, утга авцалдаагүй болсон. Даатгалын гэрээний 1.2.11-д Нөхөн төлбөр материал гэж даатгалын тохиолдол үүсэхэд даатгуулагчийн даатгагчаас нөхөн төлбөр төлөх үндэслэл болгон бүрдүүлэх нөхөн төлбөрийн өргөдөл, даатгалын тохиолдол, хохирлыг нотлох, заавал бүрдүүлэх баримт бичиг, материалыг хэлнэ гэж заасан байдаг. Гэтэл шүүх гэрээний тус заалтыг үл харгалзан даатгуулагч нөхөн төлбөрийн материал бүрэн бүрдүүлж, өгөөгүй буюу эрх бүхий байгууллагын акт, тодорхойлолтыг бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй нь хавтаст хэрэгт бүрдсэн нотлох баримтаар нотлогдсоор байхад даатгуулагчийг гэрээний 4.1.7-д заасан эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзээгүй. Даатгуулагч учирсан хохирлыг нотлох баримт, дүгнэлт, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай бүрэн гүйцэд баримт бичиг, мэдээ, мэдээллийг даатгагчид өгөөгүй. Иймд Даатгалын тухай хуулийн дагуу татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч * нь хариуцагч * ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт нийт 32,529,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Зохигчид 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч * нь 99-49 УНС улсын дугаартай, Ланд крузер 200 маркийн автомашиныг даатгуулж, даатгалын хураамж төлөх, хариуцагч * ХХК нь даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд хохирлыг нөхөн төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 5-7-р тал/

 

4.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэжээ. Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг тул талуудын хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх учиртай.

 

4.а.Иргэн * нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч *ийн өмчлөлийн 99-49 УНС улсын дугаартай Ланд крузер 200 маркийн автомашиныг жолоодон, Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу явах замд буюу Бор хоолой гэх газар онхолдож, даатгалын зүйлд хохирол учирсан үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн зөв тогтоожээ.

 

4.б.Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1 дэх хэсэгт Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж, талуудын байгуулсан гэрээний 1.2.9-т нэн даруй гэж Улаанбаатар хотод 24 цаг, хөдөө орон нутагт 72 цаг, хилийн чанадад 120 цагийг ойлгоно гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч * нь даатгалын тохиолдол бий болсон талаарх дуудлагыг хариуцагч * ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цаг 56 минутад өгч гэрээгээр тохиролцсон хугацааг баримталсан болох нь талуудын тайлбар, даатгалын тохиолдлын тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 88-р тал/

4.в.Итгэлт-эстимэйт 3 ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтээр дээрх автомашинд 31,247,400 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон бөгөөд үнэлгээчний ажлын хөлс 1,282,000 төгрөг, нийт 32,529,400 төгрөг болжээ. /хх-ийн 10-12-р тал/

4.г.Санхүүгийн зохицуулах хорооноос нэхэмжлэгч * ХХК-д 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүргүүлсэн 9/244 дугаар албан бичигт 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн * нь даатгалын зүйл болох 99-49 УНС улсын дугаартай Тоёота ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон, Улаанбаатар-Дорнод аймгийн чиглэлд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ онхолдсоноор даатгалын тохиолдол бий болсон байх ба нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэхээр байна. Иймд даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэж мэдэгдэнэ үү гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна. /хх-ийн 15-р тал/

 

4.д.Хариуцагч татгалзалдаа даатгуулагч нь даатгалын гэрээний 4.1.8-т зааснаар эрх бүхий байгууллагад хандаж, холбогдох акт, дүгнэлтийг гаргуулаагүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.г, 3.5.д зааснаар ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, ослын газраас хөдөлсөн гэх боловч тухайн осол болох үед цаг агаар хүйтэн, суурин газраас хол орон нутгийн замд осол гарсантай холбоотойгоор ослын нөхцөл байдлыг гэрэл зургаар бэхжүүлэн, автомашиныг замын унаанд ачиж, Улаанбаатар хот руу авч ирэн, даатгагчид мэдэгдэх арга хэмжээ авсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

 

4.е.Осол өглөөний 08 цагийн үед болсон бөгөөд замын эвдрэлийг тойрч шороон замаар явах үед цасан дээр шарваж, замын ховил мөргөн онхолдсон талаар гэрч М.Эрдэнэбулган, *, Д.Ариунсанаа нар мэдүүлсэн бөгөөд тухайн газар нь замын эвдрэл ихтэй, 10 орчим жил засагдаагүй, эвдрэлийг тойрч шороон замаар явахад дугуй хагарах зэрэг бэрхшээл их гардаг болох нь мэдээллийн зариг.мн сайтын сурвалжлагат үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлээр мөн тогтоогджээ. /хх-ийн 50-59, 198-204-р тал/.

4.ё.Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч * нь хариуцагч * ХХК-аас даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй тул эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, гэрээгээр тохиролцсон даатгалын тохиолдлын болзол бүрдсэн эсэх талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

5.Нэхэмжлэгч *ийн хувьд даатгалын гэрээнд заасан багц-3-ыг сонгож даатгуулсан бөгөөд даатгуулагчийн хариуцах хэсэг нь даатгалын тохиолдол бүрт 10 хувь гэж тохиролцсон байгааг анхан шатны шүүх анхаараагүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Өөрөөр хэлбэл, Итгэлт-эстимэйт 3 ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтээр автомашинд нийт 32,529,400 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон бөгөөд гэрээнд заасны дагуу уг дүнгээс 10 хувийг хасаж, хариуцагч * ХХК-аас нийт 29,276,460 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *т олгож, нэхэмжлэлээс 3,252,940 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2022/02367 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 32,529,400 төгрөг ... гэснийг 29,276,460 төгрөг гэж, ... олгосугай. гэснийг олгож, нэхэмжлэлээс 3,252,940 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дах заалтын .... хариуцагч * ХХК-аас 320,597 төгрөг гаргуулж ... гэснийг хариуцагч * ХХК-аас 304,332 төгрөг гаргуулж гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч * ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,597 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ