| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 101/2022/05107/И |
| Дугаар | 210/МА2023/00173 |
| Огноо | 2023-01-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2023/00173
*ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/04723 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *т холбогдуулан гаргасан
Жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 3,855,938 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Интермед эмнэлэгт амаржиж охинтой болсон. Би төрөхдөө ургийн бүтэлттэй, жирэмсний хожуу хордлоготой, бөөр өрөвсөж, уураг алдаж байсан тул яаралтай кесар хагалгаагаар төрсөн. Эмнэлгээс гарсны дараа гэнэт өндөр халуурч, биеийн байдал хүндэрсэн тул шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу үрэвсэлтэй гарсан тул эмчилгээ бичүүлж, гэрээр хэвтрийн дэглэм барьж эмчилгээ хийсэн. 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр амаржсаны дараах тэтгэмжээ авахаар бичиг баримтаа *т өгсөн боловч бичиг баримтыг чинь хүлээж авахгүй 30 хоног өнгөрчихсөн байна гээд аваагүй. Цар тахал, ханиад томуу ихтэй үед нярай хүүхэдтэй, олон нийтийн газар явах нь эрсдэлтэй байсан тул манай ээж Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох хүмүүстэй дахин уулзахаар очсон. Ээж нөхцөл байдлыг нийгмийн даатгалын хэлтэст дахин тайлбарлан хэлж, бичиг баримтуудыг маань өгсөн, мөн төрсний дараа өвчтэй байсан гэсэн эмнэлгийн бичиг авчирч өг гэж байна гээд нэмэлт бичиг баримтыг авахаар хөөцөлдаж, тодорхойлолтоо өгсөн. Уг тодорхойлолт дээр эмнэлгээс гарснаас хойш эмнэлгийн хяналтад гэрээр хэвтрийн дэглэм сахиж байсан гэдгийг тодорхой тусгаж өгсөн. Эмнэлгийн хуудсыг 2022 оны 04 дүгээр сарын 19-нд *т өгсөн. Гэтэл албан бичигт 05 дугаар сарын 25 гэж худал бичсэн байна. Албан бичигт хүндэтгэн үзэх шалтгааныг дурдаагүй. Баянзүрх дүүрэгт хандаж, асуудал шийдвэрлэгдээгүй тул Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өргөдөл гарган хандсан боловч шийдвэрлээгүй. Амаржсаны дараах тэтгэмжээ авч чадаагүйдээ гомдолтой байгаа тул дээрх асуудлыг шийдвэрлэж хуулийн дагуу олгогдох ёстой амаржсаны дараах тэтгэмж буюу 3,855,938 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Даатгуулагчийн хүсэлтээр бичиг баримтыг судалсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 4 долоо хоног, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сар гэж заасан. Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 28-д хүндэтгэн үзэх шалтгааныг тодорхойлсон. Тухайн үед хөл хорио тогтоогоогүй. Өөрөө өөрийгөө тусгаарласан, өөрөө л гарахыг хүсээгүй тул хүндэтгэн үзэх шалтгаан биш. Албан журмын даатгуулагч тул ажил олгогч нь бичиг баримтыг шилжүүлэх үүрэгтэй байдаг. Байгууллагаасаа авч ирсэн баримтыг харахад хуулийн мэдлэггүй байсан гэдэг нь харагдаж байна. Тэтгэмжийг буруу бодсон, тушаалыг хүүхэд төрөөгүй байхад гаргасан байдаг. Иймд тэтгэмж олгохоос татгалзаж байгаа юм. Даатгуулагч заавал өөрөө ирэх ёсгүй, өөрийн төлөөллөөр дамжуулж бичиг баримтаа ирүүлэх боломжтой байсан гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6, 24 дүгээр зүйлийн 24.4.1, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч *т холбогдох амаржсаны тэтгэмжид 3,855,938 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэж чадаагүй, улмаар хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүйгээр нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны богөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Анхан шатны шүүх Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар амаржсан эхэд олгогдсон тэтгэмж авах эрхийг хязгаарласанд гомдолтой байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 5-д зааснаар Монгол Улсын иргэн хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй, мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "даатгуулагч" гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг, 9 дэх хэсэгт зааснаар "тэтгэмж" гэж хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих, нас барах тохиолдолд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг ойлгохоор заасан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан нийгмийн даатгалын байгууллага нь ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл болон хуульд заасан бусад эх үүсвэрээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох үйл ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээдийг ойлгоно. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй байх нөхцөлийг хуулиар тогтоож болохоор заасан хэдий ч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд тэтгэмж олгохоос татгалзах, тэтгэмж олгохгүй байх нөхцөлийг хуульчлан тогтоосон ямар ч заалт байхгүй.
4.а.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дүүргийн өрхийн эрүүл мэндийн тодорхойлолтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Миний бие 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр амаржсан бөгөөд амаржсанаас хойш өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад хэвтрийн дэглэм сахин гэрээр эмчилгээ хийлгэж байсан. Энэхүү үйл баримт Хан-Уул дүүргийн Амгалан-Өрх эрүүл мэндийн төвийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тодорхойлолтоор нотолдог. Ийнхүү хүндрэл өгсний улмаас кесар хагалгаагаар төрж, нялх биетэй, хөхүүл, эмчийн дүгнэлтээр хэвтрийн дэглэм сахих шаардлагатай байсан тул тэтгэмж авах өргөдлөө эмнэлгийн хуудас бичигдсэнээс хойш 28 хоногийн дотор өгч чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байхад анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдал, нотлох баримтыг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэхгүй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгч нь шүүх хуралдааны явцад илт нэхэмжлэгч талыг буруутгасан байр суурьтай байсан нь хуралдааны явцад асуусан асуултуудаас тодорхой харагдана. Тухайлбал: Хөргөгчинд байсан хүнс чинь мууддаггүй юм уу, гэртээ ганцаараа байсан юм бол яаж хоол идэж, ус ууж байсан юм, хүнсийг чинь тэгээд хэн цуглуулдаг байсан юм гэх мэт хэрэгт огт хамааралгүй асуултуудыг асууж байсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэйгээс гадна, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргаж оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч *э нь хариуцагч *т холбогдуулан жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3,855,938 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч *э нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Интермед эмнэлэгт амаржиж, тус эмнэлэг нь мөн оны 02 дугаар сарын 25-ны өдөр жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг олгосон байна. /хх-ийн 8-р тал/
4.а.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4.1-т жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор тэтгэмж авах өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгнө гэж заажээ.
4.б.Нэхэмжлэгч *э нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч байгууллагад өргөдлөө гаргасан гэж тайлбарласан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... *э нь 04 дүгээр сарын 19-ний өдөр манайд ирсэн, тухайн үед хугацаа хэтэрсэн байсан тул материалыг хүлээн аваагүй, 05 дугаар сард албан тоотоор хариу өгсөн гэснээс дүгнэхэд нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах өргөдлийг хариуцагч байгууллагад гаргасан гэх үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 37-р тал/
4.в.Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч *ийг жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах өргөдөл гаргахдаа хуульд заасан 4 долоо хоногийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж тайлбарлаж байх боловч ургийн бүтэлт, жирэмсний хожуу хордлогын улмаас кесар хагалгаагаар төрж, биеийн байдал хүндрэн хэвтрийн дэглэм сахиж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар Интермед эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Амгалан-Өрх ЗБН өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байх бөгөөд түүнийг өргөдөл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж дүгнэхээр байна. /хх-ийн 7, 11-р тал/
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *э нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4.1-т заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 6 сарын дотор өргөдлөө гаргасан гэж үзэх үндэслэлтэй.
5.Иймд нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дугаар зүйлийн 1, 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг авах эрх үүссэн байх тул хариуцагч Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 3,855,938 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *эд олгуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6.Түүнчлэн, анхан шатны шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг анхаараагүйгээр нэхэмжлэгч *ээс төлсөн 76,645 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэснийг мөн залруулах шаардлагатай.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/04723 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дугаар зүйлийн 1, 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 3,855,938 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *эд олгосугай. гэж,
2 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, нэхэмжлэгч *ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,645 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлстийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч *эд олгож, хариуцагч Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 76,645 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, нэхэмжлэгч *ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,646 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Г.ДАВААДОРЖ