| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2018/0088/Э |
| Дугаар | 175 |
| Огноо | 2018-11-12 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхтуяа |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 175
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг,
Улсын яллагч: Д.Мөнхтуяа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: И.Оюунгэрэл
Шүүгдэгч: А.Б , Н.С , Т.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б , Н.С , Т.О нарт холбогдох 1828000390060 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч А.Б , Н.С , Т.О нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01 -нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч С.Б д хүч хэрэглэж түүний өмсөж явсан хувцсыг гэмтээн 72.000 төгрөгийн, унаж явсан ******* УНЕ улсын дугаартай мицубиши кантер автомашины шилийг хагалж 225.000 төгрөгийн хохирол учруулж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч А.Б , Н.С , Т.О нарыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 02 дугаар сарын 28-ны өглөө Улаанбаатар хотоос ******* сумын чиглэлд ачаа ачиж гарсан юм. Ачаагаа ******* сумын төвд буулгаад 2018 оны 02 дугаар сарын 28-ны 22 цаг өнгөрөөгөөд ******* сумын төвөөс Улаанбаатар чиглэлд гарсан. ******* сумаас гарахад нэг танихгүй хүн хамт явсан. ******* сумаас гараад засмал зам орох дөхөөд явж байхад нэг стана машин надтай өмнө, хойно ороод яваад байсан. Засмал замруу орох үед нөгөө стана хажуугаар орж ирээд гараараа дохиод сигналдсан. Тэгэхээр нь би машинаа зогсооход нэг бүдүүн залуу бууж ирээд миний машин дээр ирсэн. Ирэхэд нь би машины цонхоо буулгасан. Нөгөө залуу “чи яагаад гэрлээрээ дохиод байгаа юм бэ” гээд үгийн зөрүүгүй шанааруу нэг удаа цохиж авахаар нь би цонхоо хаагаад шууд машинаа асаагаад зугтаасан. Засмал зам дээр гараад явж байхад нөгөө стана хажуугаар шахаад ороод ирсэн. Би зөрөөд нөгөө талаар нь дайрч өмнө нь гараад цаашаа зугтаасан. Тэгээд явж байхад нөгөө стана машин миний хажуугаар гарах гээд байхаар нь би өмнөө гаргахгүй хашиж явсан юм. Миний өмнө гарчихвал намайг зогсоогоод зодох байх гэж айгаад сум орж цагдаад мэдэгдье гэж бодсон. Мөн хамт явсан хүнээ цагдаа руу залгуулахад сүлжээ байхгүй учраас болохгүй байсан. ******* сумын захруу ороод ирэхэд ногоон өнгийн стана машин өмнүүр зам хаагаад ороод ирсэн. Цаана нь мөн бас нэг стана машин зогсож байсан. Нөгөө зам хаасан машин миний өмнөөс тулаад ороод ирсэн. Тэгэхэд нь би ухрах үйлдэл хийхэд араас ирж байсан стана машин миний араас тулж ирээд би хөдлөх аргагүй болоод зогссон. Арын машинаас дөрвөн залуу бууж ирсэн байх. Өмнө байсан машинаас бас 2-3 залуу бууж ирсэн. Тэр үед би машины хаалга, цонхоо цоожилсон. Нөгөө бууж ирсэн залуучууд ирээд намайг буугаад ир чи хэнээр оролдсоноо мэдэж байна уу? гэх зэргээр хашгираад байсан. Зарим нэг нь машины шилрүү гараараа цохьсон. Тэгж байхад хар өнгийн цамцтай намхавтар залуу том чулуу барьж ирээд жолооч талын цонхыг чулуугаар цохиж хагалсан. Тэр үед намайг шанаадсан бүдүүн залуу жолоочийн эсрэг талын хаалгаруу өшиглөж хонхойлгосон. Тэгээд цонх хагалаад намайг татаад буулгасан. Яг хэн нь татаж буулгасан талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед би айгаад балмагдсан байсан. Намайг газар унагаж байгаад хөл гарлуу өшиглөөд, толгой тархируу цохьсон. Би газар унаад нүүрээ дараад доошоо хараад хэвтсэн. Нөгөө залуучууд намайг хэсэг цохиж, зодож байгаад больсон. Тэгээд намайг баашлаад байна гээд дахин өшиглөж, цохиж, газар чирсэн. Намайг машинаас буулгахдаа миний хувцсыг ураад өмд гутал тайлсан. Тэр үед хамт явсан залуу зугтааж яваад цайны газар орж цагдаад дуудлага өгсөн байсан. Удалгүй нөгөө хамт явсан залуу ирээд намайг хэсгийн төлөөлөгчтэй яриулсан. Тэгэхэд хэсгийн төлөөлөгч намайг хэргийн газраа байж бай удахгүй очно гэж хэлсэн. Намайг эмнэлэгт үзүүлээд байж байхад хэсгийн төлөөлөгч ирсэн. ...Би эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилнэ. Мөн Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг явсан зардлууд болон ажилгүй сул зогссон алданги зэргийг нэхэмжилнэ. ..Нийт 4.425.860 төгрөг нэхэмжилж байна. Холбогдох баримтууд байгаа.../хх-ийн 30-31-р хуудас/,
Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 04 дүгээр сард байсан санагдаж байна. Одоо он сарыг нь санахгүй байна. Өмнөговь аймгийн ******* сумын төв дээр үл таних 6, 7 хүнд зодуулсан. Тэр 6, 7 залуугийн А.Б гэдэг нэг залуу нь намайг ******* сумын төв рүү өөрийн эзэмшлийн ******* УНЕ улсын дугаартай Кантер маркын автомашинтайгаа явж байхад миний хажуугаар ******* УНЛ улсын дугаартай, саарал өнгийн стана маркын автомашинтай орж ирээд гараараа дохихоор нь би зогссон. А.Б гэгч залуу машинаасаа бууж ирээд “яаж яваад байгаа юм” гэж хэлээд нүүр лүү гараараа нэг удаа цохихоор нь би машиныхаа цонхийг хаагаад шууд машинаа асаагаад зугтаасан.Тэгээд ******* сум руу орж байхад миний урдуур ногоон өнгийн стана маркийн машин урдуур орж ирээд зам хөндлөн хаагаад зогссон. Тэгтэл нөгөө А.Б гэгч залуу бас араас истанатайгаа ирж зогсоод тэр хоёр истанагаас 6, 7 хүн бууж ирээд А.Б гэгч залуу миний машины баруун талын цонхыг том чулуугаар хагалаад машины хаалга онгойлгосон. А.Б тай хамт 4, 5 залуу бууж ирээд бүгдээрээ нийлж намайг машинаас татаж өмссөн байсан өмд, цамц, куртик зэргийг урж буулгаад газар унагаад би толгойгоо хоёр гараараа дараад газар хэвтэхэд бүгдээрээ нийлээд тал талаас олон удаа өшиглөж, цохиж зодсон. Тэгэхэд миний машинд надтай хамт явж байсан залуу машинаас бууж айлд очоод цагдаад мэдэгдсэн байсан. Тэр залуучууд намайг зодчихоод цагдаа ирэхээс өмнө яваад өгсөн. Хэн хэдэн удаа цохиж зодсоныг санахгүй байгаа. Учир нь би толгойгоо 2 гараараа дараад доошоо хараад хэвтэж байсан. Тухайн үед миний биед толгойны хэсэгт халцарсан, хөхөрсөн, бүх биеийн хэсгүүдэд хөхөрч урагдсан байсан. Мөн зүүн талын төмсөг хөхөрсөн байсан. Би эмчилгээний зардалд өөрөөсөө 400-500 мянган төгрөг гаргасан байсан. Мөн зодуулснаас болж 20 орчим хоног гэртээ хэвтэж биеэ тэнхрүүлсэн. Би хөдөө болон хотод өөрийн машинаараа ачаа зөөвөрлөдөг ажилтай. Миний машины цонх 250.000 төгрөгийн үнэтэй ба машины маань цонхыг А.Б гэгч залуу чулуугаар цохиж хагалсан. Мөн намайг зодсон залуучууд надад 850.000 төгрөг хохирлын мөнгө гэж өгсөн” /2хх-ийн 85-р хуудас/,
Гэрч Ц.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ******* сумаас Улаанбаатар орох чиглэлд 0296 УНЕ улсын дугаартай Кантер маркын автомашинтай С.Б жолоочийн хамт явж байсан. Төв засмал замын уулзварын ойролцоо шороон зам дээр ******* унл улсын дугаартай стана маркын автомашинтай хэсэг бүлэг залуус гэрлээрээ дохин сигнал дуугаргаж “зогс” гэсэн дохио өгөхөөр нь юм асуух гэж байгаа хүмүүс байна гэж бодоод зогсоод жолооч С.Б машины хаалганы цонхыг нээн стана машинаас бууж ирсэн саарал өнгийн урд талаараа хар өнгийн бичигтэй цамцтай махлаг залуугаас юу болсон талаар асуухад “гэрлээрээ дохиод байхад зогсохгүй яваад байх юм аа чи” гэж хэлээд нүүрэн тус газар нь гараараа цохьсон. Бид 2 тэр үед юу болоод байгааг ойлгоогүй. Тэр хүмүүсээс хурдан холдохыг бодоод хөдлөөд явсан. Тэгтэл нөгөө стана маркийн машин гүйцэж түрүүлээд урд гараад явахад нь бид хоёрыг зогсоож зодож магадгүй гэж ойлгоод хажуугаар нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд зугтаахыг оролдсон. Тэгээд стана машин биднийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэхэд нь урд нь хааж төв суурин газар хурдан бараадаж очихыг зорьж явсан. 2018 оны 03 дугаар сарын 01-ний 01 цаг өнгөрч байхад ******* сумын төвд орж ирэхэд стана маркын ******* өмө улсын дугаартай автомашин урсгал сөрж бидний хөдөлгөөнд саад учруулж зогсоох үйлдэл хийсэн. Тэр үед бид 2 цонх хаалгыг цоожилсон. Тэгээд 8-9 орчим залуучууд машиныг тойрч ирээд хаалгаа онгойлго буугаад ир гээд цонх хаалгануудыг гар хөлөөрөө цохиж эхлэхэд нэг залуу замын эсрэг талаас гартаа чулуу барьж ирээд жолооч талын хаалганы цонхыг цохиж хагалаад жолооч С.Б-ыг4-5 залуу машины цонхоор чирж гаргахыг оролдсон. Бид 2 машинаас буухгүй гэж тэмцэлдэж хамгаалсан. Тэгтэл нэг залуу нь жолооч талын хаалгыг онгойлгоод С.Б-ыгчирж буулгасан. Тэгээд би нөгөө талын хаалгаар буухад нэг залуу гүйн ирсэн. Би цайны газрын гэрэл асаалттай байхаар нь тусламж хүсэх гээд гүйгээд очиход хаалга нь цоожтой хаалгаа тайлахгүй байсан тул араар нь тойроод замын эсрэг талд байсан дэлгүүрийн цонх гэрэлтэй байхаар нь очиж тусламж дуудахыг оролдсон боловч унтаж байгаа хүн нь сэрэхгүй байсан учраас буцаж дэлгүүрийн хаалгаар хүн гарч байхыг хараад цонхыг тогшиход цайны газрын ажилтан эмэгтэй цонхоо онгойлгоод яасан талаар асуухад нь цагдаа дуудаж өгөхийг хүсэхэд хэсгийн төлөөлөгч Майдартай намайг холбож өгсөн. Намайг буцаж очиход С.Б ы нүүр толгойн хэсэгт хавдаж зулгарсан, хувцас нь бүгд урагдсан байдалтай сууж байсан. С.Б тай уулзаад зогсож байхад замын урд талын “Хишиг” цайны газрын гадаа зогсож байсан стананууд хөдөлж Улаанбаатар хотын зүг явсан. Би хэсгийн төлөөлөгч Майдарын хэлснээр “” дэлгүүрийн цайны газар С.Б-ыгдагуулж очин бодит байдлыг гар утсан дээр баталгаажуулан зураг авч үлдээсэн. Тэгээд сумын эмнэлэг дээр очиж эмнэлгийн анхан шатны тусламж хүсэж биеийн байдлыг үзүүлсний дараа хэсгийн төлөөлөгч ирж бид 2 цагдаагийн хэсэг дээр очсон. Жолоочийн талын хаалганы шил хагарсан, жолооч талын бариул, хаазны пидяль хугарсан, зорчигч талын хаалганы гадна тал хонхойж цөмөрсөн гэмтлүүд үүссэн. С.Б ы биед толгой, нүүр, гар, сарвуу, хүзүү, цээж, нуруу, гуя, шилбэ зэрэгт арьс шалбарч, зулгарсан, бэлэг эрхтэнд гэмтэл учирсан байсан.../хх-ийн 34-35-р хуудас/,
Гэрч Ц.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ:”... С.Б-ыгмашинаас татаж буулгаад гадаа газар унагасан. Тэгээд олуулаа нийлээд цохиод эхэлсэн. Тэр үед би зорчигчийн талын хаалгаар бууж явж тусламж дуудчихаад буцаад очиход С.Б ганцаараа байж байсан. Машины жолооч талын хаалганы салхины шилийг хагалсан хүн бараан царайтай, дундаж нуруутай, бараан өнгийн хувцастай, 35 орчим насны эрэгтэй хүн байсан. Машины зорчигч талын хаалгыг өшиглөсөн хүн дундаж нуруутай, 30-35 орчим насны, махлагдуу биетэй, богино тарчгар үстэй, саарал өнгийн цамцтай, цайвар царайтай эрэгтэй хүн байсан. ...С.Б ухрах үйлдэл хийсэн. ...Би бол мөргөсөн гэж бодож байгаа. ...С.Б гэрлээрээ дохиогүй. /хх-ийн 36-р хуудас/
Гэрч Ш.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Цагаан хаднаас Улаанбаатар хот явах гээд унаа хайж яваад хамгийн захын хар ногоон өнгийн станагийн жолоочтой уулзаад хамт хот явахаар болоод орой 18 цаг 40 минутын үед Цагаан хаднаас хөдөлсөн. Би машинд унтаж явсан. Нэг мэдэхэд машины дугуй хагараад жолооч дугуйгаа сольж байсан. Дугуйгаа солиод ******* сумын төвд 02 цагийн үед цайны газар орж хоол идээд цаашаа явсан. Дундговь аймаг орж явтал жолооч руу хүн утсаар яриад Дундговь аймгийн Цагдаагийн газар хүрээд ир гэж байна гэсэн учраас цагдаагийн газарт очсон. Тэнд хамт явж байсан станагийн жолооч нарыг болон намайг согтуурал шалгах багажаар шалгасан. Бид нар Дундговь аймагт хоноод маргааш нь Өмнөговь аймагт ирсэн. ...Миний сууж явсан станагаас гадна 4 стана хамт цувралдаад гарсан байсан юм. Тэдгээр машинуудын улсын дугаарыг мэдэхгүй байна. Ямар ч байсан 2 цагаан, бусад нь хар ногоон өнгөтэй стананууд байсан. Миний сууж явсан станагийн жолооч бие засах болон нөгөө хамт явсан станануудаа хүлээх, замаа тодруулж асуух зорилгоор олон удаа зогсож байсан. Яг хэдэн удаа зогссоныг санахгүй байна. Миний сууж явсан машины жолооч хүнтэй муудалцаагүй. Бусад машины жолооч нар яасныг мэдэхгүй байна. ...Дундговь аймгийн Цагдаагийн газар очоод хамт явсан станагийн жолооч нар ******* сумын төвд машины шил хагалж хүн зодсон талаар цагдаа асууж, жолооч нар хийсэн хэргээ хүлээж ярихаар нь хүнтэй хэрүүл маргаан хийж хүн зодсон талаар мэдсэн...” /хх-ийн 37-р хуудас/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бүрэнхий болж байхад Цагаанхаднаас Улаанбаатар хотын чиглэлд 7-523 өмө улсын дугаартай автомашин жолоодоод У ахтай хамт гарсан. Тэгээд явж байгаад ******* суман дээр цагаан өнгийн станатай А.Б , ногоон өнгийн станатай Б , цагаан өнгийн станатай М нартай уулзсан. Бид нар ******* сумруу ханиндаа хөдөлсөн. Б , А.Б нар зорчигчийн хамт дөрвүүл 2 автомашинтай ******* суманд түрүүлж ирсэн. Бид нарыг хоол идэж байхад С ******* дугаараас надруу яриад ачааны машин шахаад явуулдаггүй чи дугуйгаа янзалсан уу хаана байна гэж ярьсан. Би ******* суман дээр байж байна гэсэн чинь “чи зам дээр гараад ир бид нар ******* сумруу дөхөж байна” гэсэн. Тэгээд би Б ын хамт цайны газраас өөр өөрсдийн унаж явсан машинтай хөдөлсөн. Засмал замруу орох гээд явж байхад аймгийн чиглэлээс 2 автомашины гэрэл харагдсан Б миний өмнө явж байгаад зам хаагаад зогссон би шороон замын уулзвар дээр зогсож байгаад ачааны жижиг оврын автомашин Б ын машины өмнө зогсохоор нь би хөдлөөд замын зөв урсгалд нь орж зогссон. Намайг автомашинаас буугаад очиход Кантер маркын автомашины жолооч С.Б ы өмд нь тайлагдсан газар хэвтэж байсан хажууд нь А.Б ах, С , О , Б нар байсан. Би С г аваад явсан. Цайны газраас ахыг аваад Улаанбаатарын чиглэлд хөдөлсөн. Дундговь аймгийн постон дээр цагдаа зогсоогоод бичиг баримт аваад араас дагаад яв гэхээр нь дагаж яваад Цагдаагийн газар очсон. Тэгээд бид нарыг драгер үлээлгээд шалгасан. Бид нар Дундговь аймагт хоноод маргааш нь Өмнөговь аймагт ирсэн. ...Миний автомашинд У хамт явсан. Өөр хүн байгаагүй. Машины шил хэн хагалсныг би бол яг хараагүй. Намайг машин дээр очиход хагарсан байсан. Сүүлд нь А.Б ах би хагалсан гэж байсан. ...Намайг машин дээр очиход С.Б өмдгүй шалдан “болиочээ намайг босгооч” гээд газар хэвтэж байсан. Би яг хаана нь хэн зогсож байсныг анзаараагүй. Ямар ч байсан О , Б , А.Б , С нар С.Б-ыг тойроод зогсож байсан...” /хх-ийн 40-р хуудас/
Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед Цагаанхаднаас Улаанбаатар хотын чиглэлд 4 машины хамт хөдөлсөн. Замдаа ******* суманд А.Б ахтай таараад ******* сумаас ******* сумын чиглэлд хамт явсан. Шороон зам руу гараад бөөндөө явсан 5 машин салцгаасан. Би машинтайгаа түрүүлээд ******* суманд ирээд цайны газар дээр зогссон. Тэгээд байж байхад араас Б ирээд хамт хоол идэх юм уу гэхээр нь би “жоохон амраатахъя ганцаараа явж байгаа болохоор нойр хүрээд байна. Чи ороод 2 хоол захиалчих” гэчихээд машиндаа унтсан. Намайг унтаж байхад Б сэрээгээд “С залгаад байна. Урд нэг ачааны машин зам хэрээд шахаад явуулахгүй байна гэнэ. Намайг зогсоогоотох гээд байна. Хоёулаа ханиндаа тосч уулзаатахъя” гэхээр нь би “чи өөрөө оч” гэхэд “хамт очъё” гэхээр нь “чи явж бай” гэж хэлчихээд хаалгаа хаагаад хэвтсэн. Б зам дээр очоод миний******* дугаар луу ******* дугаараас байн байн залгаад “хүрээд ир ханиндаа машин зогсоогоотохъё” гэсэн. Баруун талаас ирж байгаа машины гэрэл харагдахаар нь би машинтайгаа хөдлөөд “” дэлгүүрийн урд талд засмал зам дээр очиж зогссон. Тэгээд Б Улаанбаатар хот явдаг зам дээр машиныхаа хамрыг оруулаад зогссон. Ирж байгаа Кантер маркын машин зам голлоод ороод ирсэн. Тэгэхээр нь би өмнөөс нь замын голын шугам даваад зам хаагаад зогсоход Кантер машин зогссон. Кантер машины араас явж байсан 3997 унл дугаартай стана маркын машинтай С , О , А.Б ах нар ард нь зогсоод машинаасаа бууж ирээд Кантер маркын машины хаалга, цонхыг гараараа нүдээд байсан. Би өөрийн унаж явсан 5662 дах дугаартай хөх өнгийн стана маркын машинаа цайны газрын гадаа тавьчихаад буцаж явган яваад нөгөө хэд дээр очиход Кантер машины жолооч доогуураа өмд, гуталгүй газар эвхрээд хэвтэж байсан. Хажууд нь С , А.Б ах, О нар зогсож байсан. С “пизда минь чи яаж яваад байгаа юм бэ” гээд машинаас нэг гараараа бариад Кантер машины жолоочийн нуруу, бөөр хавьд нь байсан байх хөлөөрөө 2 удаа хөшиглөж байгаа харагдсан. Би С г “боль” гээд А.Б ахыг аваад цайны газрын үүдэнд очсон. Араас Б С г аваад ирсэн. Тэндээс явах гэж байхдаа С г “чи миний машинд суу, явъя” гэхэд машинд орж ирж суугаад явах гэж байтал О ирээд хамт явъя гэсэн. Бид нар явахдаа Б , А.Б ах нарт “наад зодсон хүнийхээ учрыг олоорой. Хэл ам болох вэ” гэж хэлчихээд Улаанбаатар хотруу явсан. Дундговь аймгийн постон дээр цагдаа зогсоогоод Цагдаагийн газар яваад оч гэсэн. Бид нарыг цагдаагийн газар очиход драгер үлээлгэж шалгасан. Дундговь аймагт хоноод маргааш нь Өмнөговь аймагт ирсэн. ...Намайг машинаа цайны газрын гадаа тавьчихаад буцаад очиход Кантер машины жолооч С.Б өмд, гуталгүй газар хэвтэж байсан юм. Сүүлд нь сонсоход машинаас нь А.Б ах хөлнөөс нь татаж буулгахад өмд, гутал нь сугараад унасан гэж ярьж байсан. Би яг тэр үйлдлийг хараагүй. С.Б зүүн зүгт харсан хэвтэж байсан. Толгой хавьд нь С , О цээж хавьд нь, А.Б ах хөлний ойролцоо зогсож байсан. С нуруу хавьд нь 2 удаа хөшиглөж байсныг харсан. Намайг байхгүй байхад хэн яаж зодож байсныг мэдэхгүй. ...Б бид 2 Кантер машиныг хааж зогсоогүй бол замын осол гарах магадлалтай байсан. Яагаад гэвэл зугтаад зам хаагаад байгаа Кантер машины жолооч нь их хуртай явсан гэсэн. Араас нь хөөж байгаа 3997 унл стана машины жолооч нь согтуу байсан. Хажуугаар нь гүйцэж түрүүлэх гэж байгаад осол гарч хүний ам нас эрсдвэл яана гэж л сүүлд нь бодож байлаа...” /хх-ийн 43-44-р хуудас/
Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би 2017 оны 05-р сард хүнээс ******* унл улсын дугаартай цагаан өнгийн стана маркын автомашин худалдан аваад худалдах, худалдан авсан гэрээ байгуулсан ч өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байгаа юм. Манай эхнэр жирэмсэн. Бие нь өвдөөд байна гэсэн учраас би Хөвсгөл аймагт эхнэрээ асрах ажилтай болчихоод М миний машинаар Цагаанхадруу хүн тээвэрлэж байгаач гэж гуйсан юм. М 2018 оны 02-р сарын 28-ны өдөр хүн олдоогүй учир бусад станагийн жолооч нарын хамт Улаанбаатар явах замдаа ******* суманд асуудалд холбогдсон гэж сонсоод би Өмнөговь аймагт ирсэн. Дундговь аймгийн Цагдаагийн газар саатуулагдсан талаараа ярихаар нь “юу болсон бэ” гэж асуухад шороон зам дээр нэг машин гэрлээрээ дохиод, тэр машинтай хүнтэй маргалдаад тэрнээс болж нөгөө ачааны машин зам хааж яваад хамт явсан жолооч нар нөгөө машины жолоочтой муудалцаад зодолдоод тэгээд тэндээсээ явж байгаад Дундговь аймгийн цагдаад баригдсан гэж ярьсан...” /хх-ийн 47-р хуудас/
Гэрч И.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үдээс хойш Цагаан хаднаас Улаанбаатар хот орох зорилгоор ******* унл улсын дугаартай цагаан өнгийн стана маркын автомашиныг жолоодоод О , С нарын хамт гарсан. ******* сумаас урагш 6-р уулзвар дээр бусад хот хооронд явдаг стана машинуудтай тааралдаад хамт ******* суманд ирэхэд А.Б ах өөрийн сууж явсан машинаасаа бууж манай машинд шилжиж суусан. Тэгээд шороон замаар ******* сум орох замын талдаа орсон явж байхад араас машины гэрэл тусаж эхэлсэн. Тэр машин дагаж явж байгаад гэрлээрээ дохьсон. Замын донсолгоо дэржигнүүрт гэрэл нь анивчиж байгаа байх гэж бодоод зогсохгүй яваад байсан чинь сүүлдээ мэдэгдэм араас гэрлээрээ дохиод байхаар нь юм суух гээд байгаа юм болов уу гэж бодоод зогссон чинь жижиг оврын ачааны Кантер маркын машин зогсохгүй хажуугаар гараад явсан. Бид нар янз бүрийн юм бодоогүй, бууж бие засчихаад дахин цаашаа явж байгаад нөгөө Кантер маркийн машиныг гүйцэж түрүүлээд урд нь ороод явсан. Тэгэхэд мөн араас гэрлээрээ дохьсон. Тэгэхээр нь түрүүнд дохихоор нь зогсоход тэр машин зогсоогүй явсан болохоор чигээрээ яваад байсан чинь А.Б ах “наад машин чинь яагаад гэрлээрээ дохиод байгаа юм бол. Тусламж хүсэж юм асуух гээд 5айгаа юм биш үү” гэхээр нь нэлээн явж байгаад зогссон. С машинаас буугаад Кантер машины жолоочтой уулзаад удалгүй нөгөө машин хөдлөөд явсан. С машинд орж ирээд “явъя явъя зугээр л юм шиг байна шүү дээ” гэсэн. Намайг засмал зам руу ороод явж байхад Кантер машин миний араас гүйцэж түрүүлж ирэхдээ маш хурдтай намайг шахаж орж ирсэн. Миний урд орчихоод 2 удаа тормос гишгэхээр нь миний хурдыг сааруулж байгаа юм болов уу гэж ойлгосон. Би хурдаа хасаж урдаа оруулсан. Нөгөө машин хурдаа нэмээд яваад өгсөн. Кантер машинаас нэлээн зайтай явж байхад А.Б ахын утасруу нэг хүн ярьсан. Хэн ярьсныг мэдэхгүй байна. “Дугуй хагарчихлаа гэж байна жоохон хурдаа нэмээд явчих” гэхээр нь Кантер машины ард ойрхон гүйцэж түрүүлэх гээд гэрлээрээ анхааруулах дохио өгөөд орох гэтэл зам хашаад гүйцэж түрүүлэх боломж олгоогүй. Би гүйцэж түрүүлэх үйлдэл олон удаа хийсэн боловч зам тавьж өгөөгүй. Тэгж явсаар байгаад ******* сумын төвд дэлгүүрийн засмал зам дээр нөгөө Кантер машин зогсохоор нь би араас нь очоод зогссон чинь Кантер машины ухрахын цагаан өнгөтөй 2 гэрэл нь асаад ухрах үйлдэл хийж эхлэх үед А.Б ах “наад машин чинь ухрах гэж байна шүү” гэхээр нь би өөрөө ухрах гээд араандаа хийх үед Кантер машин миний унаж явсан ******* унл дугаартай стана машины урд талыг мөргөөд зогссон. Машинаас А.Б ах, С , О нар Кантер машины жолоочтой уулзах гээд буусан. Би машинаасаа буугаад Кантер машин мөргөсөн хэсгүүдийг харахад урд талын 2 гэрэлний гадна шилэн бүрхүүл нь хагарсан, гупер цуурсан байсан. Хүний машин унаж яваад мөргүүлсэн болохоор санаа зовоод дээгүүр доогуур нь үзэж байгаад нэг харахад Кантер машины жолооч болон А.Б ах 2 газар хэвтэж байсан. Хажууд нь О , С нар маргалдаад зогсож байсан. Би машинаа хөдөлгөөд цайны газрын гадаа тавьчихаад эргээд нөгөө газраа очих гээд явж байхад нөгөө хэд явцгаая гээд хүрээд ирсэн. Би машиндаа ганцаараа суугаад Улаанбаатарын чиглэлд хөдөлсөн. Явж байгаад Дундговь аймгийн Хулд сумаас А.Б ах миний машинд орж ирж суусан. Цаашаа яваад Дундговь аймгийн постон дээр очиход цагдаа зогсоож шалгаад бичиг баримт хурааж аван цагдаагийн газар дээр хүрээд оч гэсэн. Цагдаагийн газрын жижүүр нь драгер үлээлгэж шалгахад надаас 0.58 хувийн согтолт гарсан. Намайг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна гээд машин журмын хашаанд саатуулсан. Замд явж байхад машинд архи ууж явсан О , А.Б ах, С нарын архинаас нь зогсож бие засах үедээ бага зэрэг хэрэглэсэн байсан юм. Тэр кантер машины жолоочийг хэн машинаас нь буулгасныг хараагүй. Ямар ч байсан жолооч С.Б /сүүлд нэрийн нь мэдсэн/ газар хэвтэж байсан. Гэрлээрээ яалт ч үгүй дохиод байсан. Би машин барьж явсан болохоор толиндоо харсан. Кантер маркийн машины урд талд засмал зам дээр 7523 өмө, 5662 дах улсын дугаартай стана маркын 2 машин зам хаагаад зогссон байсан...” /хх-ийн 48-49-р хуудас/
Шүүгдэгч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 02 дугаар сарын 28-ны орой бүрэнхий болж байхад Цагаанхаднаас Улаанбаатар хотын чиглэлд би ******* унл улсын дугаартай стана маркын автомашинтай С , жолооч М бид 3 явсан. Замд ******* сумаас А.Б хамт сууж явсан. Шороон зам дээр явж байхад араас нэг машин гэрлээрээ дохиод байна гэхээр нь хамт явсан станануудаас нэг нь ард үлдчихээд дохиод байна гэж бодоод зогсож хүлээнгээ машинаас бууж бие засаж байхад гэрлээрээ дохиод байсан автомашин ойртоод ирэхээр нь харахад бага оврын ачааны автомашин байсан. Зогсож уулзах байх гэж бодсон чинь хажуугаар гараад явсан. Тэгээд бид хэд машиндаа суугаад цааш хөдөлсөн. Бага оврын ачааны Кантер маркын автомашины хажуугаар гүйцэж түрүүлээд урд нь ороод явсан. Тэгсэн чинь дахиад араас гэрлээрээ дохиод байхаар нь нөгөө машиныг зогсоож С очиж уулзаад “яагаад гэрлээрээ дохиод байгаа юм бэ” гэж асуухад би гэрлээрээ дохиогүй ачааны машин болохоор донслоод машин дээш доош болоход гэрэл дохиж байгаа юм шиг харагддаг юм гэсэн чинь жолооч М төмбөлүүрээр дохих донсолгоонд гэрэл ойх хоёрыг ялгалгүй яадаг юм чи улайн цайм гэрлээрээ дохиод байсан биздээ гэсэн чинь би дохиогүй гэхээр нь С “чи аятайхан яваа ч гэрлээрээ дохиод байсан байж” гээд толгой орчим газар нь байх нэг цохих шиг болсон. Тэгсэн чинь нөгөө Кантертай хүмүүс яваад өгсөн. Бид нар бас машиндаа суугаад явсан. Засмал замд ороод нөгөө Кантер машинтай хүмүүсийг гүйцэж түрүүлээд урд нь ороод явж байсан чинь Кантер машинтай хүмүүс бид нарыг гүйцэж түрүүлээд урд орж явж байгаад хажуугаар нь 5-6 удаа гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд Кантер машинтай хүмүүс шахаад зам хаагаад явуулахгүй байсан. ******* суман дээр бид нараас түрүүлээд очсон байсан Б руу С залгаад “зам дээр зогсож бай бид нарыг машин шахаад явуулахгүй байна. Бага оврын ачааны машин байгаа” гэж хэлсэн. Бид нар яваад 2018 оны 03-р сарын 01-ний 01 цаг өнгөрч байхад ******* сумын төвд орж ирээд Кантер машины араас очиж зогсоход нөгөө машин ухраад миний сууж явсан 3997 унл дугаартай стана маркын машиныг мөргөсөн. Тэгээд буугаад харахад урд 2 их гэрэл, гупер хагарсан байсан. Жолоочтой нь уулзаж арын машинаа мөргөчихлөө гэж хэлэх гээд машин дээр нь хүрээд очсон чинь машиныхаа хаалгыг цоожилчихоод бууж ирэхгүй байхаар нь цонх, хаалгыг нь гараар цохиж байгаад онгойлгохгүй байхаар нь А.Б ах газраас чулуу аваад жолооч талын хаалганы цонхыг хагалаад хаалгыг онгойлгож жолооч С.Б-ыгмашинаас татаж буулгах үедээ С.Б тай хамт газар ойчсон. А.Б ах босоод ирэхэд гарнаас нь цус гараад байсан. Тэгсэн дүү нь А.Б ахыг аваад явсан чинь А.Б ах машин тойроод эргэж хүрч ирээд газар хэвтэж байсан С.Б ы яг хаана нь гэдгийг анзаараагүй нэг удаа өшиглөсөн. С бас мөр юм уу толгой хавьцаа нь 2 удаа өшиглөж байсан. Би С.Б-ыгчирж цастай хонхор газарлуу оруулсан. Тэгээд надаас бусад нь явахаар нь би С.Б тай үлдээд ухарч байгаад машин мөргөснийг үзүүлээд чи мөргөөд гэрэл, гупер хагалснаас болж хэрүүл зодоон болж байгаа юм гэхэд С.Б “урд талд машин хааж зогссоноос болж би ухарч байгаад мөргөсөн” гэж хэлэхээр нь “чамаас болж машин зам дээр хааж явсанаас ингэж гай болж байгаа юм. Чамаар машиныхаа эвдрэлийг төлүүлнэ” гээд С.Б ы баруун хөлд нэг өшиглөөд, нүүрэнд нь нэг алгадсан. Би С.Б-ыгмашин дээр нь авч ирээд бичиг баримт чинь байна уу хаана байна гэхэд хотод хураалгасан гээд гаргаж өгөөгүй. Тэгээд машиныг нь замаас холдуулах санаатай асаах гэхэд түлхүүр нь байхгүй байсан. С.Б түлхүүрээ хайгаад үлдсэн. Би явсан. Цайны газрын гадаа очиж машиндаа суугаад Улаанбаатар хотруу явсан. Дундговь аймгийн постон дээр цагдаа зогсоогоод Дундговь аймгийн Цагдаагийн газар дээр очиж шалгуулаад тэр шөнөдөө Дундговь аймагт хоноод маргааш нь Өмнөговь аймагт ирсэн. ...Машины шилийг А.Б ах чулуугаар хагалж байхыг би харсан. А.Б ах С.Б-ыгтатаж буулгасан. Машинаас татаж буулгахад хувцас нь урагдсан. С 2 удаа толгойн тус газар нь өшиглөсөн, би 2 удаа нүүрэн тус газар нь гараараа цохиж хөлрүү нь нэг удаа өшиглөсөн. Машин мөргөөд гэрэл, гупер хагалсан болохоор нь төлүүлэх санаатай эргээд уулзахгүй алга болчих байх гэж бодоод асуусан чинь байхгүй гээд өгөөгүй. С.Б ы толгойн тус газар нь гараараа цохиж, хөлрүү нь өшиглөж гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” /хх-ийн 79-80-р хуудас/
Шүүгдэгч Н.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Цагаан хаднаас Улаанбаатар хотын чиглэлд ******* унл улсын дугаартай цагаан өнгийн стана маркын автомашинтай гарсан. ******* сум орох шороон зам дээр явж байхад миний сууж явсан машины араас ард явж байсан машин гэрлээрээ дохиод байсан. Эвдэрсэн автомашин явж байгаа юм байх гэж ойлгоод зогсоод хүрч ирэхийг нь хүлээж байсан чинь бид нарын хажуугаар ачаатай Кантер маркын автомашин өнгөрөөд явсан. Бид нар бие засчихаад цааш явж нөгөө автомашины хажуугаар нь гүйцэж түрүүлээд гарсан. Урд нь ороод явсан чинь араас дахиад гэрлээрээ дохиод байна гэж хамт явсан А.Б хэлэхээр нь хүлээж байгаад зогсооход ******* уне улсын дугаартай Кантер маркын автомашин байсан. Би автомашинаас бууж очоод жолоочид хандан “чи яасан бэ. Яагаад араас гэрлээрээ дохиод байгаа юм бэ” гэхэд би дохиогүй юу яриад байгаа юм бэ гэхээр нь би баруун гараараа дух хавьд нь цохиод авсан Тэгсэн нөгөө автомашин хөдлөөд явсан. Бид нар сүүлд нь засмал зам руу ороод явсан. Бид нар нөгөө автомашиныг гүйцэж түрүүлээд явж байсан чинь араас нөгөө автомашин бид нарыг гүйцзж түрүулээд урд гараад явахаар нь бид нар хажуугаар нь ороод явах гэтэл урд зам хаагаад гүйцэж түрүүлүүлэхгүй байсан. Тэгээд Б ын ******* дугаарын утасруу залгаж “Урдаас хүрээд ир. Нэг машин зам хаагаад явуулахгүй байна” гэсэн. ******* сумын төвд “” дэлгүүрийн урд засмал зам дээр нөгөө Кантер автомашин зогссон. Урд талд нь Б ын хөх өнгийн стана урсгал сөрөөд өмнөөс нь хараад зам хаагаад зогссон байсан. Тэр үед кантер автомашин ухраад миний сууж явсан 3997 уне дугаартай стана автомашины урд талаас мөргөсөн. Кантер автомашины жолоочтой уулзах гээд очиход жолооч нь хаалгаа нээж өгөхгүй байхаар нь хаалгаа нээ гээд цонх, хаалгыг нь гараараа цохьсон. Би жолоочийн нөгөө талын хаалгыг хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Намайг автомашины нөгөө талд байж байхад А.Б ах чулуугаар жолооч талын хаалганы цонхыг хагалаад Кантерын жолоочийг автомашинаас нь буулгаад О , А.Б ах, Б 3 газар хэвтүүлсэн байсан. Би очоод толгойн тус газар нь 2 удаа өшиглөсөн. Намайг Б , А.Б ах, Б нартай цайны газрын зүг явахад О жолоочтой хамт үлдсэн. Удалгүй О ыг ирэхээр нь Б ын хөх өнгийн станад суугаад Улаанбаатарын чиглэлд хөдөлсөн. Машинд унтаж байгаад сэрэхэд Дундговь аймгийн Цагдаагийн газрын гадаа ирсэн байсан. Дотогшоо ороод цагдаагийн жижүүрт нэрээ хэлж бүртгүүлсэн. Бид нар Дундговь аймагт хоноод маргааш нь Өмнөговь аймагт ирсэн. Бид нарыг явж байхад араас гэрлээрээ удаа дараа дохиод байхаар нь хүлээж байгаад уулзаад яагаад гэрлээрээ дохиод байгаа юм бэ гэхэд ууртай өнгөөр “хэн дохьсон юм бэ” гэхээр нь гарын араар хүчтэй биш нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон. Эхний удаа гэрлээрээ дохиод байгааг нь харсан. Харин дараа нь дахиж дохиод байгааг нь би өөрөө хараагүй. Хамт явсан хүмүүс нөгөө машин дахиад дохиод байна гэж хэлсэн. Намайг машин тойроод хүрээд очиход С.Б газар дотуур хувцастайгаа хэвтэж байсан. Тэгэхээр нь би очоод толгойн тус газар нь 2 удаа өшиглөсөн. Өөр цохиогүй. С.Б-ыгтолгойн тус газар нь өшиглөж гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.”/хх-ийн 75-76-р хуудас/
Шүүгдэгч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Цагаан хаднаас Улаанбаатар хотын чиглэлд унг улсын дугаартай цагаан өнгийн стана маркийн автомашинтай гарсан. ******* сумаас урагш 6 дахь километрт байрлах цайны газар хоол идээд байж байхад Цагаан хаднаас 4 стана машинтай хүмүүс ирсэн. ******* сумаас бид нар хамт гарч явсан. Хойшоо шороон замаар явж байгаад зогсоод өөрийн сууж явсан станагаас буугаад хамт явсан ******* унл дугаартай стана маркын машинд шилжиж суусан. Засмал замд орох гээд шороон замаар явж байх үед араас нэг машин гэрлээрээ дохиод байхаар нь арын машин дохиод байна зогсъё гэж ярилцаад зогсоод хүлээж байсан чинь ачааны жижиг машин хажуугаар өнгөрөөд явсан. Бид нар бие засчихаад цаашаа замдаа ороод явсан. Тэгээд явж байгаад нөгөө ачааны машиныг гүйцэж түрүүлээд урд нь ороод явж байхад араас гэрлээрээ дахин дохиж эхэлсэн. “Наад машин чинь яагаад гэрлээрээ дохиод байгаа юм бол зогсоотох” гэсэн чинь жолооч зогссон. С машинаас буугаад нөгөө ачааны Кантер машины жолоочтой очиж уулзсан. Тэр үед би машин дотроо тамхи асаагаад сууж байхад Кантер машин хөдлөөд явсан. С гээс “яав юу гэж байна” гэсэн чинь “гэрлээрээ дохиогүй гээд байна нөгөө пизда чинь” гэж хэлээд суусан. Бид нар хөдөлгөөнөө үргэлжлүүлж цааш яваад нөгөө Кантер машиныг гүйцэж түрүүлээд урд нь гараад явж байсан чинь Кантер машин бид нарыг гүйцэж түрүүлээд өмнө тормос гишгэж удаашраад хашиж эхэлсэн. Би жолоочид хандан “наадахаа орхиод зайгаа аваад явчих” гэж хэлээд нөгөө Кантер машинаас зайгаа аваад хойно нь үлдээд явсан. Гар утасны сүлжээ орох үеэр С гийн утасруу хүн залгахаар нь авсан чинь “запас дугуйгаа гялс авчраад өгөөтөх дугуй хагарчихлаа” гэсэн. Үүнийг жолоочид хэлсэн. Нөгөө ачааны Кантер машин урд явж байсан учраас бид нар хажуугаар нь гүйцэж түрүүлж орох гэхэд зам хаагаад оруулахгүй байсан. Хажуугаар нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд чадаагүй явсаар байгаад ******* сум орсон. Тэгээд Кантер машин засмал зам дээр зогсохоор нь бид нар машинтайгаа ард нь ирээд зогссон чинь Кантер машины ухрахын гэрэл асаад ухарч эхлэхээр нь би наад машин чинь ухраад байна ухрахын гэрэл нь асаад байна ухар гээд жолоочид хэлж дуусахад Кантер машин миний сууж явсан ******* унл дугаартай стана маркын машины урдаас мөргөсөн. Тэгээд машинаас бүгд буугаад Кантер машины жолооч талд очоод чи зам дээр яаж яваад байгаа юм бэ? Чи ухарч байгаад хүний машин мөргөчихлөө шүү дээ бууж ирээд мөргөсөн машинаа хар гээд хаалгыг нь нээх гээд татахад хаалга нь дотроосоо түгжээтэй байхаар нь жолооч талын хаалганы шилийг гараа атгаж байгаад цохьсон. Онгойгоогүй учраас газраас чулуу аваад чулуутай гараараа хаалганы цонхруу нь цохиж хагалаад чулуугаа хаячихаад жолоочид нь новш минь машин мөргөчихлөө гарч хар гээд хаалгыг хагархай цонхоор гараа оруулаад онгойлгох үед миний толгойруу хөлөөрөө тийрсэн. Тэр үед би арагшаа тэнцвэр алдаад буцаж очоод хаалгыг онгойлгож С.Б-ыгөмднөөс нь татахад өмд нь урагдсан тэгээд цамцнаас нь татаж машинаас нь газар буулгах үед бид 2 хамт газар унасан. Босоод ирэхэд гарнаас цус гарч байхаар нь цасаар хурууныхаа цусыг угааж байх үед Б цусаа тогтоо гээд намайг цайны газарлуу авч явсан. Цусаа тогтоочихоод машиндаа суугаад цааш явсан. Замд унтаж яваад сэрэхэд Дундговь аймгийн цагдаагийн газар ирсэн байсан. Цагдаагийн жижүүр нь миний нэр, хаяг асуугаад драгер үлээлгэж шалгасан. Үлээхэд 0.78 хувийн согтолттой гарсан. ...Миний сууж явсан машиныг ухарч байгаад мөргөсөн талаар нь хэлэх гэхэд машиныхаа хаалгыг дотор талаасаа түгжчихээд нээхгүй байсан. Тэгэхээр нь жолоочийг буулгаж мөргөсөн машиныг харуулах гэж цонхыг хагалсан. Мөргөсөн машиныг харуулах гээд буугаад ир гэхэд буухгүй байхаар нь татаж буулгасан юм. Машины толинд болон би өөрөө эргэж харахад гэрлээрээ дохиод байсан. Би С.Б-ыгмашинаас буулгах гээд өмднөөс нь барьж байгаад татахад өмд нь урагдсан. Машинаас буухад гутал нь тайлагдсан байх. Бусдаар хэн нэгэн тайлж байгааг хараагүй. С.Б хэн нэгнийг зодож байхыг хараагүй. Харин би С.Б-ыгмашинаас татаж буулгах үед газар унасан. Тэгэхэд миний rap урагдаж цус гарсан. Өөр гэмтэл байхгүй. С.Б-ыгмашинаас татаж буулгаж, өмсөж явсан хувцсыг урсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” /хх-ийн 71-72-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 173 дугаартай дүгнэлтэд: С.Б ы биед зүүн төмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, толгойн орой, дагзны зүүн дээд хэсэг, хүзүүний ар хэсэг, зүүн сарвуу, баруун эрхий хуруу, нуруу, цээж, хэвлий баруун гуя, шилбэ, зүүн шилбэ, өгзөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 56-р хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №129 дугаартай Хөрөнгө, даатгалын үнэлгээний дүгнэлтэд: С.Б ы Mitsubishi canter маркийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 353.000 төгрөг /хх-ийн 61-р хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Хөрөнгө, даатгалын үнэлгээний дүгнэлтэд: Хавар намрын эрэгтэй куртик 1 ширхэг 36000 төгрөг, цамц 20000 төгрөг, өмд 16000 төгрөг нийт 72000 төгрөг /хх-ийн 66-р хуудас/,
“Арвижих эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний дүгнэлтэд: автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ 810.000 төгрөг /хх-ийн 227-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-16-р хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-23-р хуудас/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-28-р хуудас/
Хохирогч С.Б ы амбулаториор эмчлүүлэгсдийн карт, картын хуулбар /хх-ийн 136-138, 158-165-р хуудас/,
“Эсэн инграмм” эмнэлгийн хэвлийн хэт авиан оношилгоо, эхо зураг /хх-ийн 166-172-р хуудас/
“Мөнгөн гүүр” эмнэлгийн компьютер томографийн оношилгоо /хх-ийн 173-175-р хуудас/
Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 176-197, 208-р хуудас/
Хохирол төлбөр төлсөн баримт /2хх-ийн 38-р хуудас/
Иргэний эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /хх-ийн 210-р хуудас/
Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 249-250, 2хх-ийн 01-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б , Н.С , Т.О нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01 -нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч С.Б д хүч хэрэглэж түүний өмсөж явсан хувцсыг гэмтээн 72.000 төгрөгийн, унаж явсан ******* УНЕ улсын дугаартай мицубиши кантер автомашины шилийг хагалж 225.000 төгрөгийн хохирол учруулж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Б ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018.03.21-ний өдрийн №173 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: С.Б ы биед зүүн төмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, толгойн орой, дагзны зүүн дээд хэсэг, хүзүүний ар хэсэг, зүүн сарвуу, баруун эрхий хуруу, нуруу, цээж, хэвлий баруун гуя, шилбэ, зүүн шилбэ, өгзөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /ХХ-ийн 56-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Б , Н.С , Т.О нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Б ы Mitsubishi canter маркийн 0296 УНЕ улсын дугаартай автомашинд хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №129 дугаартай автомашин техникийн үнэлгээний дүгнэлтэд: Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ 353.000 төгрөг /ХХ-ийн 61-р хуудас/ гэснээр, хохирогч С.Б ы эд зүйлд хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №ТХҮ-218-04 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Эд зүйл үнэлгээний дүгнэлт 72000 /ХХ-ийн 66-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.
Хохирогч С.Б ы зүгээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 4.133.220 төгрөгийг нэхэмжилсэн /ХХ-ийн 176-208-р хуудас/ байх боловч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлд заасны дагуу шинжлэн судлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангасан 1.127.300 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан хохирогч С.Б д олгох нь зүйтэй байх бөгөөд шүүгдэгч нарын зүгээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 1.127.300 төгрөгийг төлсөн болох нь /ХХ-ийн 37-43-р хуудас/ хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн...” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч хохирогч С.Б ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт:”... Миний өмнө гарчихвал намайг зогсоогоод зодох байх гэж айгаад сум орж цагдаад мэдэгдье гэж бодсон. Мөн хамт явсан хүнээ цагдаа руу залгуулахад сүлжээ байхгүй учраас болохгүй байсан. ******* сумын захруу ороод ирэхэд ногоон өнгийн стана машин өмнүүр зам хаагаад ороод ирсэн...” /ХХ-ийн 30-31-р хуудас/, гэрч Ц.Ж ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт:”... Тэгтэл нөгөө стана маркийн машин гүйцэж түрүүлээд урд гараад явахад нь бид хоёрыг зогсоож зодож магадгүй гэж ойлгоод хажуугаар нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд зугтаахыг оролдсон...”/ХХ-ийн 34-35-р хуудас/ зэрэг мэдүүлгүүдээр няцаагдаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул өмгөөлөгчийн энэ талаарх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:”... газраас чулуу аваад чулуутай гараараа хаалганы цонхруу нь цохиж хагалаад ...С.Б-ыгөмднөөс нь татахад өмд нь урагдсан...” /ХХ-ийн 71-72-р хуудас/, шүүгдэгч Н.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:”...цонх, хаалгыг нь гараараа цохьсон. Би жолоочийн нөгөө талын хаалгыг хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Намайг автомашины нөгөө талд байж байхад А.Б ах чулуугаар жолооч талын хаалганы цонхыг хагалаад Кантерын жолоочийг автомашинаас нь буулгаад О , А.Б ах, Б 3 газар хэвтүүлсэн байсан. Би очоод толгойн тус газар нь 2 удаа өшиглөсөн... Урдаас хүрээд ир. Нэг машин зам хаагаад явуулахгүй байна гэсэн. ******* сумын төвд “” дэлгүүрийн урд засмал зам дээр нөгөө Кантер автомашин зогссон. Урд талд нь Б ын хөх өнгийн стана урсгал сөрөөд өмнөөс нь хараад зам хаагаад зогссон байсан.” /ХХ-ийн 75-76-р хуудас/, шүүгдэгч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:”... ******* суман дээр бид нараас түрүүлээд очсон байсан Б руу С залгаад “зам дээр зогсож бай... гэсэн”/ХХ-ийн 79-80-р хуудас/, гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт:”... “С залгаад байна. Урд нэг ачааны машин зам хэрээд шахаад явуулахгүй байна гэнэ. Намайг зогсоогоотох гээд байна...”/ХХ-ийн 43-44-р хуудас/ гэснээр уг гэмт хэргийг үйлдэхдээ замын хөдөлгөөнд зориуд саад учруулж, өөр бусад хүмүүсийг татан оролцуулж, хохирогчийн эрх чөлөөнд халдан, эд хөрөнгийг нь устгаж, бусдад хүч хэрэглэн, өмчлөх эрхийг нь зөрчсөн шинжтэй болох нь тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.С нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 622 дугаартай шүүгчийн захирамжаар 2 жил хорих ялаас чөлөөлсөн /ХХ-ийн 91-97-р хуудас/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсон ба шүүгдэгч А.Б , Т.О нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэргийн хор уршгийг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б , Т.О , Н.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Н.С г 1 жил 5 сарын хугацаагаар, шүүгдэгч А.Б , Т.О нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх өнгийн куртик 1 ширхэг, цэнхэр хөх өнгө хосолсон цамц 1 ширхэг, хөх өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэгийг хохирогч С.Б ы зүгээс буцаан авах хүсэлт гаргаагүй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт ирсэн 5 минут 57 секундын бичлэг бүхий DVD-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.Б , Т.О , Н.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Б д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА