Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 189

 

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

    Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Х.Энхтуул,

    Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

    Шүүгдэгч: С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Сгийн Сд холбогдох эрүүгийн 1835003330207 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-1, Увс аймгийн Түргэн сумын 1-р багт оршин суух хаягийн бүртгэлтэй, тодорхой амьдрах газар, орон гэр байхгүй, гавъяа шагналгүй, урьд Увс аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 7 хоногийн хорих ялаар, Увс аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялыг 2 жилийн хугацаатай тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгүүлж байсан, /РД:ОО72091579/ Б овгийн Сгийн С.

    Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.С нь 2018 оны 9 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг 13-09 тоотод оршин суух хохирогч Б.Бийн өмчлөлийн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 397.500 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүгдэгч С.Сыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч С.С нь 2018 оны 9 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг 13-09 тоот хашаанд байх хохирогч Б.Бийн гэрт нэвтэрч, 397.500 төгрөгийн эд зүйлс хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолт /хх-ийн 06-22, 42 тал/, хохирогч Б.Бийн хэрэг бүртгэлтийн шатан өгсөн “Манай гэр Улаангом сумын 6-р баг 13-09 тоотод оршин байдаг. 2018 оны 9 дүгээр сарын 22-ний өдөр гэрээ өвлийн байдлаар дулаалж барисан юм. Миний нөхөр Г.А нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа тул би гэр барисны дараа гэрт тог /цахилгаан/-аа залгаж чадаагүй тул манай хашааны доод талын хашаанд байдаг төрсөн аав Бийн гэрт орж 2-3 хоног тэдний гэрт хонож байгаа юм. Би өдрийн цагаар гэртээ орж хувцасаа солиод ажил руугаа явдаг ба өчигдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ажлаасаа ирээд 19 цагийн үед гэртээ орж гэрээс ажлынхаа нөүтбүүкээ аваад гэрээ хар өнгийн Хятад цоожоор цоожлоод аав Бийн гэрт хоносон. 2018 оны 9 дүгээр сарын 25-ний өдөр буюу өнөө өглөө 07 цаг 30 миниутын үед гэр лүү орж хүү Бумбаярын хувцас авах гэсэн чинь хашааны хаалга онгорхой гэрийн цоож гэрийн зүүн талын дээд бүсэнд зүүгээд орхисон байсан. Гэр лүү орж харахад гэрт байсан хамаг хувцас, шкав, шүүгээний хаалга онгойлгоод хаясан байсан тул танай байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс гэрийн баруун талын сандал дээр байсан улаан өнгийн цүнхтэй /рузелк/ хувцас алдагдсан ба түүн дотор нөхөр Ад авсан цэнхэр өнгийн урд талдаа Niке гэсэн цагаан бичигтэй пудволк, цэнхэр, ногоон өнгийн өмсөж байсан хуучин 2 ширхэг эмэгтэй оймс, 2 ширхэг popular нэртэй саван, 2 хүний хэмжээтэй ягаан өнгийн шинэ хөнжлийн даавуу, би өөртөө авсан цагаан өнгийн хар нарийн судалтай шинэ эмэгтэй цамц, хүүхдийн саарал өнгөтэй шинэ оймс, миний саарал өнгийн унтлагын өмд цамц хосоороо, миний өмсөж хэрэглэж байсан хар өнгийн урдаа цагаан өнгийн цэцэгний зурагтай пудволк, миний жижиг бор өнгийн цүнх түүн дотор улаан өнгийн хэтэвч /хэтэвчин дотор жолооны үнэмлэх, цээж зураг зэрэг эд зүйлстэй/, бор цүнх дотор цагаан өнгийн гоёлын ээмэг, зүйлт, бугуйвч зэрэг хослол, Самсунг-C2 загварын хар өнгийн гар утас зэрэг эд зүйлс улаан өнгийн цүнхтэй алдагдсан. Галын дээд талд ширээн дээр байсан цагаан савтай аяганууд дотроос нөхөр Г.А аймгийн Хөдөлмөрийн дээд сургуульд багшаар ажиллаж байхад нь дурсгасан бичээстэй мөнгөн аяга 1 ширхэг, гал тогооны шкавны хажууд байсан усны 60-тын цэнхэр саван дотор байсан цайны шар өнгийн цагаан имжээртэй туламыг идээг нь асгаж хаяаад авсан байсан. Гэрийн баруун талын сандал дээр улаан цүнхний хажууд тавьсан байсан гэрт хэрэглэж байсан Монел нэртэй 2 ширхэг 4, 6 залгууртай уртасгагч болон хувцасны шкавны урд талд байсан цагаан өнгийн хэрэглэж байсан хэц утас зэрэг зүйлүүд хулгайд алдагдсан байна. Гэрээс алдагдсан улаан өнгийн цүнх /рузелк/-ийг 2016 онд аймгийн зах дээрээс 18.000 /арван найман мянган/ төгрөгөөр худалдаж авч байсан. Нөхөр Ад авсан цэнхэр өнгийн урд талдаа niке гэсэн цагаан бичигтэй пудволкийг Улаанбаатар хотоос 2018 оны 8 дугаар сард 15.000 /арван таван мянган/ төгрөгөөр худалдаж авч байсан хаяг шошготой шинэ пудволк юм, цэнхэр, ногоон өнгийн өмсөж байсан хуучин 2 ширхэг эмэгтэй оймснуудыг энэ зун 7 сард тус бүрийн 1000 /нэг мянган төгрөг/-өөр худалдаж авч байсан, 2 ширхэг рориlаг нэртэй шинэ саванг дэлгүүрээс нэг бүрийн 900 /есөн зуун төгрөг/-өөр худалдаж авч байсан юм, хоёр хүний хэмжээтэй ягаан өнгийн шинэ хөнжлийн даавууг аймгийн зах дээрээс 45,000 /дөчин таван мянган/ төгрөгөөр худалдаж авч байсан огт хэрэглээгүй даавуу байсан юм, цагаан өнгийн хар нарийн судалтай шинэ эмэгтэй цамцыг Улаанбаатар хотоос 2018 оны 8 дугаар сард 45.000 /дөчин таван мянган/ төгрөгөөр худалдаж авч байсан огт өмсөөгүй хаяг, шошготойгоо байгаа, хүүхдийн саарал өнгөтэй шинэ оймсыг аймгийн зах дээрээс 1500 /нэг мянга таван зуун төгрөг/-өөр худалдаж авч байсан юм, саарал өнгийн унтлагын өмд цамцыг хосоор 2017 оны 01 сард Хос-Эрдэнэ гэх дэлгүүрээс 25.000 /хорин таван/ мянган төгрөгөөр худалдаж авч байсан, миний өмсөж хэрэглэж байсан хар өнгийн урдаа цагаан өнгийн цэцэгний зурагтай пудволкыг 2018 оны 06 сард Титэм-2 дэлгүүрээс 20.000 /хорин мянган төгрөгөөр худалдаж авч байсан, миний жижиг бор өнгийн цүнхийг 2017 оны 06 сард аймгийн зах дээрээс 18.000 /арван найман мянган төгрөгөөр худалдаж авч байсан юм, улаан өнгийн хэтэвчийг 2016 оны 03 сард миний дүү Батнавч надад бэлэглэсэн юм, цагаан өнгийн гоёлын ээмэг, зүйлт, бугуйвч зэрэг хослолыг 15.000 /арван таван мянган төгрөгөөр худалдаж авч байсан юм, Самсунг-С2 загварын хар өнгийн гар утсыг худалдаж аваад удаж байгаа яг хэдэн төгрөгөөр авч байсныг мэдэхгүй байна, нөхөр Г.А аймгийн Хөдөлмөрийн дээд сургуульд багшаар ажиллаж байхад нь бэлэглсэн бичээстэй мөнгөн аягыг хэдэн төгрөгөөр авч өгснийг мэдэхгүй байна, аяганы хэмжээ нь 5-6 хэмжээтэй байх, усны 60-тын цэнхэр саван дотор байсан цайны шар өнгийн цагаан имжээртэй туламыг 2013 онд аймгийн зах дээрээс авч байсан ба яг хэдэн төгрөгөөр авч байсныг сайн мэдэхгүй байна, Гэрт хэрэглэж байсан Монел нэртэй 4, 6 залгууртай цахилгааны уртасгагчийг 2014 онд аймгийн Нарлаг худалдааны төвөөс авч байсан. Би Хөхөө гэх хүнийг зүс танина. Манай хороололд байдаг ба хүмүүс тэр хүнийг хулгайч гээд байдаг юм. Би тэр хүнийг овог нэрээр нь танихгүй тэр хүн манай гэрт орж ирж байсан удаа байхгүй. Цагдаа нар Хөхөөг авч ирэхэд Хөхөө манай гэрээс алдагдсан улаан өнгийн цүнхийг тэвэрсэн зогсож байсан. Би тухайн үед хулгайд алдсан эд зүйлсээ бүгдийг бүрэн бүтнээр нь хүлээн авсан тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 24-26 тал/ гэх мэдүүлэг,

гэрч М.Э-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “С 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр манай хашаанд манай тариа ногоог хурааж өнжсөн ба шөнө 21 цагийн үед хоол идээд гараад явсан. Өглөө 5 цагийн үед хашаанд орж ирээд манай байшингийн граж дотор орж хоносон байсан. Би 5 цагийн үед хашаанд чимээ дугарахаар нь гарч бие засангаа харчихаад хариу буцаад унтсан. Өглөө 8 цагийн үед сэрээд ...Стай би уулзаж амжаагүй байтал манай хорооны Б гэх хүн цагдаа нарын хамт ирээд Сыг аваад явсан. 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өглөө Хөхөөтэй таарах үед тэр архи уусан байдалтай байсан. С нь хөдөөнөөс ирсэн үедээ манай гэрээр байдаг ба архи уусан үед би гэртээ хонуулдаггүй хөөж явуулдаг юм. С надад ямар нэгэн эд зүйл өгч хадгалуулж байсан удаа байхгүй. С.С нь ганц биеэр тэнүүчилж амьдардаг тодорхой оршин суух хаяг байхгүй. Гэр орон эхнэр, хүүхэд, аав, ээж гэж байхгүй. С.Сын бэргэн эгч Ц, түүний ах Д гэж хүн байж байгаад нас барчихсан талийгаач нарын 2 хүүхэд нь манай хашаанд байдаг тул С.С хааяа хааяа тэр хоёр хүүхэд дээр ирдэг боловч ирсэн үедээ архи уучихсан ирдэг болохоор тэр хоёр хүүхэд дургүйцээд гэртээ төдийлэн байлгаад байдаггүй тул ирсэн үед нь би гэртээ оруулж цай хоол өгч хонуулдаг. Тухайн өдөр миний дүү Ц нь манай гадна байдаг граж дотор хоносон учир нь С.С нь хулгай хийдэг тул гражаас багаж аваад явчихаж магадгүй гэж хоносон. Тэгтэл шөнийн 21 цагт гарч яваад өглөө 05 цагийн үед орж ирж гражид хоносон гэж хэлсэн. Цагдаа нар явсны дараа би дүү Цаас С.С шөнө ямар нэгэн зүйл авч ирсэн үү гэхэд юу ч авч ирээгүй нэг малгай өмссөн ирсэн. Тэр малгайг урьд өмнө нь өмсөж харагдаагүй гэж хэлсэн.” /хх-ийн 27-30 тал/ гэх мэдүүлэг,

гэрч М.Цын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Сын ах Дамиран гэдэг хүн миний эгч Ц гэх хүний нөхөр байсан тул бид нэгнийгээ таньдаг байсан юм. С нь намайг гражид хонож байхад миний хажууд ирж хоносон нь үнэн. С нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хашаанд ногоо хураалцаж дуусаж орой 21 цагийн үед гарч яваад 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өглөө 4-5 цагын үед ирсэн нь тэр юм. Тэр гартаа ямар нэгэн эд зүйл авч ирээгүй. Би бүр ирэхэд нь асаагуурын гэрэл тусган үзсэн ба өглөө сэрээд харахад түүнд нэг танихгүй хүний малгай байсан. Өөр ямар нэгэн зүйл байгаагүй.  С.Ст гэр орон байхгүй тусалж дэмждэг ах дүү байхгүй, Улаангом суманд тэнүүчилж амьдардаг. Ихэвчлэн Улаангом сумын 3-р багийн нутагг байрлах байрнуудын орц, хонгил зэргээр хоноглодог. Тэр өдөр гражид С.С бид хоёр орж унтахаар болсон бөгөөд С.С нь хулгай хийдэг тул граж дотроос эд зүйл аваад явчихаж магадгүй гэж бодоод би граждаа хонох болсон. Тэгээд гражид байж байтал 9 дүгээр сарын 24-ний орой 21 цагийн үед С.С гражаас гарч яваад өглөө үүр цайх гэж байхад 5 цагийн үед гражид буцаж ирсэн. Буцаж ирэхдээ архи уусан бололтой нэлээн үнэртүүлчихсэн ганцаараа ирсэн бөгөөд гражаас гарч явахдаа ямар нэгэн малгай өмсөөгүй байсан буцаж орж ирэхдээ толгой дээрээ нэг малгай тавьчихсан орж ирсэн. Тэгээд унтаж амраад өглөө босох гэж байтал 9 цагийн үед цагдаа нар ирж С.Сыг авч явсан. Би тэр шөнө юу ч мэдээгүй. Маргааш өглөө нь цагдаа нар ирж авч явсаны дараа мэдсэн. С.С нь айлын гэрээс хулгайлсан эд зүйлсээ манай хойд талд байрлах ногооны талбайн дундах өвсөнд оруулж нуусан байсан гэж сонссон. Тухайн үед хагас түрийтэй хар өнгийн үдээстэй гуталтай явсан. Тэр гутал өөрийнх нь гутал байх өөрөө ажил хийхдээ өмсөж байсан.” /хх-ийн 31-34 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Ц.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Миний охин Б.Б нь 2018 оны зун Улаанбаатар хотод амарч байгаад 2018 оны 8 дугаар сарын 20-нд Увс аймагт ирсэн. Зун Улаанбаатар хот руу явахдаа гэрээ манай хашаанд гражид хураасан байсан ба 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ бариад гэр лүүгээ цахилгааны утас татаж тогоо залгаж аваагүй байсан тул манай гэрт хонож байсан. 2018 оны 9 дүгээр сарын 24-ний орой 19 цагт миний охин ажлаасаа ирээд гэртээ байж байгаад харанхуй болоход гэрээ цоожилчихоод манай гэр лүү орж ирж амарсан. Өглөө нь босоод ажилдаа явах гэж гараад буцаж манай гэр лүү орж ирээд манай гэрт хулгай орсон юм шиг байна гэхээр нь би цагдаа дууд гэж хэлээд цагдаа дуудсан. Гэрт ороход хувцас хунар гэх мэт зүйлс хулгайлагдсан байна гэж манай охин хэлсэн. Манай охин Б.Б манайх хоёр залгаа хашаанд байдаг хоорондоо 20-30 метр орчим зайтай байдаг. Хулгай гардаг шөнө ямар нэгэн дуу чимээ сонсогдоогүй.” /хх-ийн 35 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Б.Т-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Манайх Увс аймгийн Улаангом сумын 6-р багт 1 га газартай тус талбайд жимс, хүнсний ногоо тариалдаг. Манай талбайд айл болон манаач байдаггүй. Өдрийн цагаар ажил хийх шаардлагатай үед л очиж ажилладаг. Жимсээ хураагаад авчихсан болохоор одоо эзэнгүй байгаа. Би С гэдэг хүнийг танихгүй. Миний талбайд хулгайн эд зүйл нуусныг одоо сонсож байна.” /хх-ийн 36-37 тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч С.Сын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 1972 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн эхээс 9-үүлээ айлын бага хүү, дээрээ 3 эгч, 5 ахтай. Одоогоор Төв аймагт 1 ах, Түргэн суманд 1 ах, Тэс суманд 1 эгч, Улаанбаатар хотод 2 эгч маань байгаа бусад нь нас барсан. Би 1980 онд Увс аймгийн Тэс сумын бага сургуулийн 1-р ангид элсэн орж суралцаж байгаад 1981 онд сургуулиас гарч мал дээр мал маллах болсон боловсрол мэргэжил байхгүй. Би эхнэр, хүүхэдгүй ганц биеэрээ ах нарынхаа гэрээр голдуу байдаг. Би Увс аймгийн Түргэн сумын 2-р багийн нутагт байрлах Я гэдэг ахынхаа ам бүлийн тоонд багтаж явдаг боловч ахтайгаа таарч тохирдоггүй тул очиод байдаггүй. Надад өөрт ногдох эд хөрөнгө гэж байхгүй. Би Улаангом сумын 6-р багт ахын 2 хүүхдийн гэрээр хааяа нэг очдог. Би архи уудаг болохоор тэр хоёр намайг гэртээ бараг байлгаад байдаггүй. 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Ц намайг ногоон талбай дээр ажлаад өг гэхээр нь би тэдний ногооны талбайд ажилласан. Тэгээд ...хулгай хийе гэж бодоод явж байгаад нэг айлын хашаа руу ороход нэг машин онгорхой байхаар машинаас нь насос, МФ, эрэгтэй хүний малгай зэргийг авсан ба энэ ер нь үнэ хүрэхгүй юм байна гэж бодоод дахин нэг айлын хашаа руу ороход тэр айлын гэр нь цоожтой байсан. Би цоожийг нь газарт байсан модоор цохиж онгойлгочихоод тэр модоо шидээд гэрлүү нь ороход харанхуй байсан. Асаагуурын гэрэл тусгахад тэр айлын хувцасны шкафны дэргэд улаан цүнхтэй зүйл байхаар нь авч гараад тээврийн хорооны ард байрлах жимсний талбайн өвсөн дунд аваачиж нуучихаад Цын гражид ирж хоносон. Тэр шөнө би дэлгүүр орж тэдгээр зүйлийг барьцаанд тавихад архи авах гэсэн боловч дэлгүүрүүд хаачихсан байхаар нь би авсан зүйлээ талбайд аваачиж нуусан. Өглөө босоход цагдаа нар ирж намайг авч явж би авсан зүйлээ бүгдийг нь цагдаад буцааж өгсөн. Хулгай хийсэн нь үнэн.  Би хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хулгайлсан эд зүйлээс хувьдаа авч үрэгдүүлсэн зүйл байхгүй, бүгдийг нь буцааж өгсөн. Иймд надад хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэх байна.” мэдүүлэг,

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч Б.Б-ын гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 18/49 дүгээр мөр судлалын шинжилгээний “2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан гутлын улны 1 ширхэг мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газар дээрээс бэхжүүлсэн 2 ширхэг мөр нь нэг гутлын улны мөр байна. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын улны мөрүүд нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй бусад хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна. Хэргийн газраас бэхжүүлсэн гутлын улны мөрөнд онцлох шинж /тах, хадсан оёсон/ зэрэг шинж тэмдэг байхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн мөр нь иргэн С.Саас хураан авсан гутлын мөртэй тохирч байна. Хэлбэр хэмжээ, хээн зураглал зэрэг ерөнхий шинж тэмдгээр нь тохирч байна” /хх-ийн 46-47 тал/ гэх дүгнэлт,

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч Б.Б-ын гаргасан 2018 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 18/55 дугаар мөр судлалын шинжилгээнийн “Шинжилгээнд ирүүлсэн цоожийг түлхүүрээр нь онгойлгож үзэхэд хэвийн ажиллагаатай байна. Харин их биений дээд хэсгийн резин дээр 2.1 см хэмжээтэй зураасан мөр, гогцооны цоожлогддог хэсэгт 0,2 см хэмжээтэй мөр тус тус үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн цоож дээр үүссэн мөр нь хүчтэй хөших буюу цохих хүчний үйлчлэлээр үүссэн мөр байна. Шинжилгээнд хүргүүлсэн цоожийг өөрийнх нь түлхүүрээс өөр ямар нэг тодорхой багаж буюу бусад зүйлээр онгойлгож болно. Цоожийг хаалганд цоожлоотой байхад буюу хаалганаас салгасан байхад нь эвдсэн эсэхийг тогтоох боломжгүй” /хх-ийн 52-53 тал/ гэх дүгнэлт, нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч С.С нь 2018 оны 9 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутаг, 13-09 тоот хашаанд байх хохирогч Б.Бийн гэрийн хаалганы цоожийг модоор цохиж онгойлгон, гэрт байсан улаан цүнхтэй эд зүйлсийг авсан байх ба улмаар авсан эд зүйлээ гэрийн ард талд 200 метр орчим зайд байрлах жимсний модон дотор нуусан нөхцөл байдал бүрэн тогтоогдож байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч болон бусад эргэн тойрны хүмүүс /хэнд ч/-т мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл байдаг.

Шүүгдэгч С.С нь хохирогч Б.Бийн гэрт хүнгүй, цоожтой байгааг мэдсэн атал гэрийн хаалганы цоожийг модоор цохиж орсон, улмаар хохирогчийн зөвшөөрөлгүйгээр гэрээс эд зүйлс авсан байх ба уг алдагдсан эд зүйлс болох улаан өнгийн цүнх, пудволк, оймс, барааны саван, хөнжлийн даавуу, эмэгтэй хүний цамц, хүүхдийн оймс, унтлагын өмд цамц, пудволк, эмэгтэй хүний цүнх, хэтэвч, гоёлын ээмэг, зүүлт, бугуйвч, Самсунг С2 гар утас, мөнгөн аяга, цайны тулам, Монел 4 болон 6 оролттой уртасгагч, хэц утас зэрэг нь мөрдөгчийн хохирлын тооцоо гаргасан баримт, Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн УВ/01/518 дугаар Эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолт /хх-ийн 42, 94 тал/-оор 397.500 төгрөгийн үнэлгээтэй болох нь нотлогдсон. 

Иймд шүүгдэгч С.Сын архи уух, өөрийн хэрэгцээнд зарцуулах зорилготойгоор бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл шууд санаатай, шунахай сэдэлттэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан бага хэмжээний хохирол буюу 300.000 төгрөгнөөс их байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.  

Хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах”-д нэвтэрч үйлдсэн бол хулгайлах гэмт хэргийн хүндэрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон зүйлчлэхээр хуульчилсан.

Хохирогч Б.Бийн эзэмшлийн Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг 13-09 тоот хашаанд байх монгол гэр нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр бөгөөд хэрэг гарах шөнө хохирогч өөрийн төрсөн аавынд хонох зорилгоор гэрээ түр эзэнгүй орхин, цоожилж явсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч С.Сыг хохирогч Б.Бийн гэрт хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ. 

            Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдэврлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчил гараагүй байх тул шүүгдэгч С.Сыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд  нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С.С “...хулгай хийе гэж бодоод явж байгаад нэг айлын хашаа руу ороход нэг машин онгорхой байхаар машинаас нь насос, МФ, эрэгтэй хүний малгай зэргийг авсан...”, гэрч М.Цын. “...С нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хашаанд ногоо хураалцаж дуусаж орой 21 цагийн үед гарч яваад 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өглөө 4-5 цагийн үед ирсэн ба ...өглөө сэрээд харахад түүнд нэг танихгүй хүний малгай байсан...” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэлд тусдаа зөрчлийн хэрэг нээх тогтоол үйлдэж, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 206 дугаар шийтгэвэр /хх-ийн 87-89 тал/-ээр шийтгэл хүлээсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.  

            Шүүгдэгч С.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч С.С нь хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь хэргийн үйл баримтаар тогтогдсон тул хуулинд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Гэрч С.Яын мэдүүлэг, Увс аймгийн Автотээврийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 274 тоот албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/946 тоот албан бичиг, иргэний үнэмлэх, байнга оршин суух хаягийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Увс аймгийн прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5/950 тоот албан бичиг, таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 38-39, 68, 70-72, 76, 78, 79-84 тал/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар шүүгдэгч С.С нь Увс аймгийн Түргэн сумын 2-р багт байнга оршин суух хаягийн бүртгэлтэй боловч тус хаягт байдаггүй, ам бүл ганцаараа байрны орц хонгил болон айлуудаар хоноглож явдаг байх ба хувьдаа ямар нэгэн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгөгүй, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, урьд Увс аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 7 хоногийн хорих ялаар, мөн шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгэж, 4 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, 2 жилийн хугацаатай тэнсэн харгалзаж тус тус шийтгүүлж байсан болох нь тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч С.Саас хулгайн эд зүйлсийг  хураан авч хохирогч Б.Бт хүлээлгэн өгсөн нь хэргийн 21-22 дугаартай хуудаст авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.Бийн “...Би тухайн үед хулгайд алдсан эд зүйлсээ бүрэн бүтнээр нь хүлээн авсан тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, нотлох баримтуудаар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан болох нь нотлогдож байх тул шүүгдэгч С.Саас гаргуулах хохиролгүй гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон үйл баримтын талаар маргаагүй бөгөөд түүний өмгөөлөгч М.Мөнхөө нь “шүүгдэгч С.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар ялыг хөнгөрүүлөх боломжтой” гэж мэтгэлцсэн.

Шүүгдэгч С.Сын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэг байх ба тэрээр удаа дараа бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, мөн хулгайн зөрчилд шийтгэл хүлээж байсан боловч өөрийн гэмт зан үйлээ засаж хүмүүжээгүй байх тул өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх саналыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болно. 

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч С.Сын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

                1. Шүүгдэгч Б овгийн Сгийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

                2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Сгийн Сд 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

                3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ст оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

    4. Шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

                5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.БОЛОРТУЯА