Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00008

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/02913 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Агийн, хариуцагч Л.От холбогдуулан гаргасан 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.Агийн эхнэр М.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Л.Отэй зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэвч Л.О нь үндсэн зээл, хүүнд нийт 12,500,000 төгрөгийг төлөөгүй. М.Ц нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нас барж түүний хууль ёсны өвлөгч Б.А нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Л.Оээс дээрх гэрээний үүргийг шаардаж байна. Хариуцагч нийт 13 удаагийн гүйлгээгээр 4,495,000 төгрөг төлсөн байгаа учраас 8,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх боломжтой гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: М.Цгээс 10,000,000 төгрөг зээлсэн. Зээлийн зарим хэсгийг мөнгөөр үлдсэнийг нь эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр төлсөн. Иймд зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Мөн М.Цгээс зээл авсан тул түүний нөхөр зээлийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Л.Оээс 8,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлийн шаардлагаа 4,495,000 төгрөгөөр багасгаж шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгохоор шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

4.1. Өвлөх эрхийн гэрчилгээ нь Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 531 дүгээр зүйлийн 531.2, 531.3-д заасныг зөрчсөн. Өвлөх эрхийн гэрчилгээг нас барсан өдрөөс хойш 1 жил өнгөрсний дараа олгох ёстой. Мөн өөр өвлөгч байхгүй тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба нотариатч алдаатай үйлдэл хийсэн байна. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь тус гомдол хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч тал Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсгийг баримталж гомдол гаргасан боловч Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3 дахь хэсэгт өв нээх эрхийн хугацаа 1 жил гэж заасан боловч өвлөн авч байгаа этгээд нь хүсэлт гаргасан бол энэ хугацаанаас өмнө өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжтой зохицуулалт юм. Нотариатч энэхүү байдлыг харгалзан үзэж 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Ад олгосон. Б.А нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй этгээд юм. Хэрэгт авагдсан нотлох баримт болон дээрд дурдсан нөхцөл байдлыг дүгнэхэд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Л.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 8,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ. Хариуцагч зээлийг мөнгө болон бүтээгдэхүүнээр төлсөн үндэслэлээр нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.

3.Хэрэгт цугларсан нотлох баримтаар М.Ц, Л.О нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч М.Ц, хариуцагч Л.От 10,000,000 төгрөгийг, 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлж, хариуцагч мөнгийг хүлээн авсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй байна.

4.Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, талууд гэрээгээр тохиролцон хүү төлөхөөр тогтоосон нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцсэн бөгөөд нэхэмжлэгч зээл, зээлийн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх эрх зүйн харилцааг зөв тогтоожээ.

5.Зээлдүүлэгч М.Ц 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нас барж, түүний нөхөр Б.А нь талийгаач М.Цгийн хариуцагч Л.Отэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг өвлөсөн нь түүнд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр олгосон өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. Улмаар нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагч Л.Оээс шаардсан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй талаархи анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

6.Хариуцагч зээлээс 4,495,000 төгрөгийг төлсөн нь талийгаач М.Цгийн ХААН банкны 0000000000 тоот дансны хуулгаар тогтоогдсон ба өөр бусад байдлаар гэрээний үүргээ биелүүлсэн нь нотлогдоогүй, хариуцагч татгалзлаа үндэслэл бүхий байдлаар нотлоогүй байх тул хариуцагч О.Отгонцэцэгээс 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

7.Хариуцагч татгалзлаа нотолсон буюу нэхэмжлэгчид олгосон өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрхийг гэрчилсэн өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Өөр өвлөгч байгаа эсэх нөхцөл байдал нь өвлүүлэгч хоорондын асуудалд хамааралтай. Энэ нь зээлийн гэрээний үүргийг шаардахад саад болохгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэхгүй.

8. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан бол шүүх нэхэмжлэлийг уг багасгасан хэмжээгээр тодорхойлно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг шүүх нэхэмжлэлээс татгалзсантай адилтган хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх залруулж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулав.

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/02913 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж тус тус өөрчлөн дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЭНЭБИШ