Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00009

 

 

 

 

 

 

 

 

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/02618 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Цд холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 14,979,846.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Г ХХК-тай ЗГ/116831901 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ хийж 5,000,000 төгрөгийг бэлнээр авсан бол сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээ хийсэн бол сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 34 сарын хугацаа хэтрүүлж банкийг хохироож байна.

2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 5,225,382.62 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5,467,794.82 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 2,098,699.44 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 2,187,969.46 төгрөг, нийт 14,979,846.34 төгрөгийг төлөөгүй. Иймд Б.Цгоос зээлийн гэрээний үүрэгт 14,979,846.34 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2018 онд МАСТГ ХХК-д ажилладаг байхдаа зээл авсан. Нэхэмжлэлээс үндсэн зээл 5,000,000 төгрөгийг төлөх боломжтой, хүү, эрх хэтрүүлсэн болон хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү төлөхгүй. Учир нь Г ХХК-иас кредит картыг авсан нь үнэн боловч уг картыг МАСТГ ХХК-д өгсөн. Уг компани, түүний захирал нь картыг ашиглаж, киноны үйл ажиллагаанд захиран зарцуулсан ба дээрх хүмүүсээс төлбөрийг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Тухайн үед зээл авах шаардлагыг би хангаж байсан учраас кредит картын гэрээг байгуулсан. Банкинд хандаж уг зээлийг би төлөхгүй, компани төлнө гэж хэлж байсан, тэгээд компаниас нэх гэж хэлэх гэхээр албан ёсны гэрээгүй болчихоод байна. Компанийн захирал н.Баатархуяг, нягтлан зэрэг хүмүүс нь холбогдохгүй, хаана байгааг нь мэдэхгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Цгоос 10,693,177.44 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4,286,668 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,850 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Цгоос улсын тэмдэгтийн хураамжид 186,040 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч гэрээний 4.3.3, 6.1.2-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй атлаа хариуцагчаас зээлийн эрх хэтрүүлсний хүүгийн төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс хүлээн зөвшөөрч дараахи гомдлыг гаргаж байна.

4.1. Гэрээний 4.3.3-т карт эзэмшигч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд банкны ажилтан гэрээний үүргээ биелүүлэх хүртэлх хугацаагаар картын зарлагын гүйлгээ гарах эрхийг хаана, 6.1.2-т банк нь 4-р зүйлд заасан үндэслэлээр зээлийн эрхийн хэмжээг багасгах, зарлагын гүйлгээ гарах эрхийг түр хаах, кредит картын эрхийг хаах эрхтэй талаар гэрээгээр тохиролцсон. Гэрээний 4.3.3, 4.4.1, 4.4.2-т тус тус аль ч тохиолдолд карт эзэмшигчийн хүсэлтээр картыг хааж болно, карт эзэмшигч зээлийн эрхээ 1 хүртэл жил ашиглахгүй бол банкны санаачилгаар хаана гэж тохиролцсон.

Гэрээний 2.1, 3.5, 3.7.1, 3.7.2, 3.7.3, 3.7.4, 3.9-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан зээлийг ашигласан хугацааны хүү, зээлийг хугацаандаа төлөөгүйн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн атлаа зээлийн эрхийг хаах гэсэн өөр агуулга бүхий ойлголтоор эрх хэтрүүлсний хүү болон хугацаа хэтрүүлсний хүү аль алийг бүрэн хасч шийдвэрлэж байгаа нь илтэд хохиролтой байна. Хариуцагч кредит картын гэрээ байгуулсан, мөн хүү тооцооллын хүснэгтийн талаар ч маргаагүй нь тооцооллыг хүлээн зөвшөөрснийг илтгэнэ. Гэрээний 3.5-д зааснаар зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувиар, 3.6-д зааснаар төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлнө гэсэн заалтыг зөрчсөн тохиолдолд эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 1 хувиар тооцно гэсний дагуу тухай бүрд нь нэмэгдүүлсэн хүүг банк бодсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж 14,979,846.34 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Г ХХК, хариуцагч Б.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,979,846 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Г ХХК, хариуцагч Б.Ц нар 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/116831901 тоот Кредит картын гэрээ-г 2 жилийн хугацаатай байгуулжээ. Зээлдэгч картаар бэлэн мөнгөний гүйлгээ хийхэд сарын хүү 3.5 хувийн, бэлэн бус мөнгөн гүйлгээнд сарын 2 хувийн хүү төлөхөөр, зээлийн эрхээ хэтрүүлвэл сарын 2 хувь, зээлийн хугацааг хэтрүүлвэл сарын 1 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор талууд тус тус тохиролцсон байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.Зээлдэгч нь гэрээний хугацаанд ашигласан мөнгөн хөрөнгийг, гэрээнд заасан хүүг буцаан төлөх үүрэгтэй учир анхан шатны шүүх үндсэн зээл, хүүгийн төлбөрийг хариуцагчаас 10,693,177 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

5.Анхан шатны шүүх зээлийн эрх болон хугацаа хэтрүүлсний хүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв боловч эрх зүйн зөрчилтэй дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой.

Талууд гэрээндээ кредит картын эрх болон хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг сарын 1 хувиар тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно... гэж заасантай нийцээгүй байна. Нэмэгдүүлсэн хүү нь зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн нөхцөлд үндсэн хүү дээр нэмж хүү төлөхөөр талууд гэрээндээ заасан иргэний эрх зүйн хариуцлага бөгөөд тэдгээр нь уг хариуцлагын хэлбэрийг тохиролцохоор хуулиар тогтоосон хэмнээнээс хэтрүүлж боломжгүй юм.

5.а.Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн эрх болон хугацаа хэтрүүлэх гэсэн гэрээний хариуцлагын хэлбэрийг гэрээгээр тодорхойлж, тухайн үүргийн зөрчилд хүү төлөх урьдчилсан нөхцөлийг нэмэгдүүлсэн хүүнд хамааруулсан нь нэмэгдүүлсэн хүү тооцох хүрээ, хязгаар болон хуулийн агуулгыг өргөжүүлэн тодорхойлжээ. Тухайн тохиролцоо нь зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ буцаан төлөөгүйн хариуцлага нь нэмэгдүүлсэн хүү байх хуулийн зорилгод нийцсэн гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгч нь зээлийн эрх болон хугацаа хэтрүүлсний хүү 4,286,668.9 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

6.Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/02618 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 83,537 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЭНЭБИШ