| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1258/Э |
| Дугаар | 1326 |
| Огноо | 2018-09-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 1326
2018 09 24 2018/ШЦТ/1326
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806030191503 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн тойргийн орчим иргэн Б.Дарьсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад Л.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 03 сарын 27-ны өдөр Б, Э 2 хамт архи уусан. 12 цагийн үед Б охин Сг аваад гараад явсан. Удаад ирэхгүй байхаар нь би нөхөр охин хоёрыг хайж 3 айлаар орсон. О гэх айлд ороход архи ууж байсан. Надад архи хундагалаад өгөхөөр нь уучихаад тэдний гэрээс гараад Э ахын гэрт ирсэн. Б охин хоёр ирчихсэн байсан. Намайг уучихсан юм уу? надтай барьцлаа гэж Б хэлээд намайг цохиод авахаар нь намайг цохидог хэн юм гэж хэлээд бид 2 маргалдсан. Б гараад Оны гэрлүү явсан. Хэсэг хугацааны дараа эргэж ирээд Оны эхнэр чамайг өөр хүнтэй гэж байна гэж надруу дайраад цохиод авсан. Орон дээр сууж байхад 2 мөрнөөс бариад пийшин рүү намайг шидсэн. Толгойгоороо пийшин мөргөөд толгой хагарч цус гарсан. Толгой хагалчихлаа гэхэд чиний буруу гэж хэлэхээр нь яахаараа миний буруу байдаг юм. Согтуу хүний үгээр үг хийлээ гэхэд өмсөж явсан цамцаар хоолой боосон. Хэсэг хугацаанд ухаан балартаад байсан. Намайг нүүрээ угаа гэхээр нь босч нүүрээ угаачаад бие засчаад ирэе гэж хэлээд тэр айлаас гараад зугтсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4371 дугаартай:
Б.Дгийн биед зулай хуйханд няцарсан шарх, хүзүүнд зулгаралт, баруун гуя, өвдөгт цус хуралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/
Шүүгдэгч Л.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... орон дээрээс Дг би татаад унагасан чинь пийшин мөргөөд толгойгоо хагалчихсан. Өөдөөс есөн шидээр хараагаад байхаар нь малгайтай цамцнаас татаад чирсэн. Зарим зүйлийг санахгүй байна. Д гараад гүйгээд явчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/
-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 5-6/, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн гэрэл зураг /хх-ийн 13/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Л.Бгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 сарын 07-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолын болон Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжуудын хуулбар /хх-ийн 28-30, 46-53, 67-70/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Л.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Л.Бгийн иргэн Б.Дийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.Б нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 сарын 07-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялд 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 05 сарын хугацаагаар хорих ялыг нэмж бүгд биечлэн эдлэх ялыг 10 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 467 дугаартай шүүгчийн захирамжаар Л.Бд оногдуулсан ялыг дүйцүүлэн хасч 03 жил 03 сар 03 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, мөн шүүхийн 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 160 дугаартай хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох тухай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 07 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө суллаж мөн хугацаагаар хяналт тогтоосон байна.
Шүүгдэгч Л.Бд хяналт тогтоосон уг хугацаа /2017 оны 12 дугаар сарын 06-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаа/ дуусаагүй байхад дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгчид хяналт тогтоосон хугацаа эхэлсэн үеэс эхлэн гэмт хэрэг үйлдэгдэх 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 110 хоног байх ба энэ хугацааг хасч тооцон өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялыг 2 жил 4 сар 2 хоногийн хугацаагаар тогтоов.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлуудыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.Бд оногдуулсан торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялд шилжүүлэн, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоосон болно.
Хохирогч Б.Д нь хохирол нэхэмжлээгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Л.Бг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Лын Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солиж, 30 хоногийн хугацаагаар хорих ялыг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 сарын 07-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй хоёр жил, дөрвөн сар, хоёр хоногийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хоёр жил таван сар хоёр хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан хоёр жил, таван сар, хоёр хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Л.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тооцсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ