Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/02084

 

 

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/02084

 

 

А- сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2022/02590 дугаар шийдвэртэй,

А- сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй Б-д холбогдох,

Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 197,035 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б- нь 2021 оны 3 дугаар сараас А- сууц өмчлөгчдийн холбооны харьяа Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, толгойт хотхоны 33 дугаар байр, ** тоот орон сууцны эзэмшигч болсон бөгөөд тус орон сууцыг хүлээж авахдаа ус, дулаан, цахилгааны төлбөрийг төлүүлж авсан боловч Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг төлүүлэлгүйгээр хүлээж авсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна гэж заасан.

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний 1 сарын төлбөр 21,892 төгрөг бөгөөд 2020 оны 7 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар дуусталх 9 сарын төлбөр, 2022 оны 4 дүгээр сарын төлбөр, нийтдээ 10 сарын төлбөр нийт 236,428 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Анх нэхэмжлэхдээ тооцооллын алдаа гаргасан, мөн 2021 оны 3 дугаар сарын төлбөр төлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа 197,035 төгрөг болгож багасгаж байна.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Би 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн орон сууцны корпораци ХК Орон сууц түрээслээд өмчлөх гэрээ-г байгуулж, тус орон сууцыг хүлээж авсан. Орон сууцыг хүлээн авах үед төлбөр тооцоог төрийн банкаар шалгуулж, гарсан ус дулаан, цахилгааны төлбөрийг Орчлон констракшн ХХК, Г.Оюунцэцэгээр төлүүлж, актаар баталгаажуулсан. 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг тасралтгүй төлж байсан. Орон сууц хүлээн авах үед сууц өмчлөгчдийн холбоо нь улсын бүртгэлд бүртгүүлж, банкныхаа дансыг байршуулсан бол өр төлбөрийнх нь тооцоо банкны мэдээллээр гарч ирэх боломжтой байсан. Хуулийн дагуу орон сууцыг хүлээлцсэн акт үйлдэхэд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр байгаагүй. Нэхэмжлэлээс 2021 оны 03 дугаар сарын төлбөр төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-гаас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 236,428 төгрөг гаргуулах тухай А- сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,042 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Б- нь тухайн орон сууцыг авахдаа 2020 оны 7 дугаар сараас 2021 оны 3 дугаар сарын хугацааны 9 сарын төлбөр 214,535 төгрөгийг төлүүлээгүй авсан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.3 дахь заалтыг, 2022 оны 4 дүгээр сарын төлбөр 21,892 төгрөгийг төлөөгүй нь Иргэний хуулийн 147.1 дэх заалтыг тус тус зөрчсөн. Б- нь тухайн үеийн ус, дулаан, цахилгааны мөнгийг шаардаж, холбогдох газруудаар барагдуулсан атлаа, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг орхигдуулсан байсан. Б- нь төрөөс хэрэгжүүлж байгаа Орон сууцаа түрээслээд өмчлөх хэлбэрээр хэрэгжүүлж байгаа нөхцөлийг хүлээн зөвшөөрч, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулснаас үзвэл Толгойт хотхоны 33 дугаар байрны ** тоот орон сууцыг, Б- нь түрээслээд өмчлөгч нь болсон гэж үзэх үндэслэлтэй. Тэрээр өмчлөгчийн хувиар ус дулаан, цахилгаан, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрөө хүлээн зөвшөөрч төлсөн. Иймд хариуцагч Б-гаас 236,428 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн, үүрэг биелүүлсэн байдалд зохих үнэлгээг өгөөгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

2. Нэхэмжлэгч А- сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 236,428 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр бүртгэж 21-03/35 дугаар гэрчилгээ олгосноор тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 31, 32, 33 дугаар байранд орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор А- сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдажээ.

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт 15105 гудамж, 33 дугаар байрыг 2021 онд Орчлон констракшн ХХК барьж, ашиглалтанд оруулсан, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн өмчлөлд тус байрны ** тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг шилжүүлсэн. Хариуцагч Б- нь Нийслэлийн орон сууцны корпораци ХК-тай 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц түрээслээд өмчлөх гэрээ-г байгуулан, тус орон сууцыг эзэмшилдээ актаар хүлээн авсаныг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

А- сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний 1 сарын төлбөрийг 21,892 төгрөгөөр тогтоосон үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

4. Анхан шатны шүүх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1, 149 дүгээр зүйлд заасныг зөв тайлбарлаж Б-д түрээсийн гэрээний дагуу орон сууцыг эзэмшүүлж эхлэхээс өмнөх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг өмчлөгч буюу Нийслэлийн орон сууцны корпораци ХК хариуцах үүрэгтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Өөрөөр хэлбэл, Орон сууц түрээслээд өмчлөх гэрээ-ний дагуу хариуцагчид өмчлөх эрх шууд үүсээгүй, мөн тухайн орон сууцыг эзэмшилдээ аваагүй байсан тул тэрээр 2021 оны 03 дугаар сараас өмнөх дундын өмчлөлийн зүйлийн ашиглат, засвар үйлчилгээний төлбөрийг хариуцахгүй, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасан үүргийг хүлээхгүй юм.

 

5. Харин 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч 2021 оны 03 дугаар сарын төлбөр төлөгдсөн, тооцооллын алдаа гаргаснаа харгалзан нэхэмжлэлийн шаардлагаа 197,035 төгрөг болгон бууруулжээ. Анхан шатны шүүх уг үнийн дүнгээр нэхэмжлэлийг тодорхойлох ёстой байсан ба хариуцагч нь 2022 оны 04 дүгээр сарын төлбөрийг хариуцах үүрэгтэй байсныг буруу дүгнэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

6. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-гаас 2022 оны 4 дүгээр сарын буюу 1 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 21,892 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А- сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 175,143 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж байгаатай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэнэ.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2022/02590 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-гаас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, завсар үйлчилгээний төлбөрт 21,892 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А- сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 175,143 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А- сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,042 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ