Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/02082

 

 

 

 

 

2022 12 07 210/МА2022/02082

 

 

А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2022/03009 дугаар шийдвэртэй,

А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Б, А- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 39,354,577 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганчимэг, хариуцагч А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б, А- нар Орон сууц санхүүжилтийн корпорациас 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 30,000,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээл авсан. Мөн өдөр тэдний хооронд барьцааны гэрээг байгуулагдаж, барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 1 дүгээр хороолол 1 дүгээр байрны ** тоот 47.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалагдсан.

Тухайн орон сууцны зээл нь Засгийн газрын 2014 оны 27 дугаар тогтоол, 2015 оны 74 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2019 оны 266 дугаар тушаал, А банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 116 дугаар тогтоолын дагуу 4,000 айлын орон сууц хөтөлбөр -ийн хүрээнд төрийн албан хаагч нарт олгосон орон сууцны зээлийн багцыг, шаардах эрхийн хамт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас А банк ХХК-д шилжигдсэн.

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй 2026 хоног хугацаа хэтрүүлсэн. Банкны зүгээс зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг мэдэгдсэн боловч үр дүнд хүрээгүй. Иймд зээлийн гэрээг цуцалж, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 27,382,325 төгрөг, хүү 11,648,359 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,330 төгрөг, хуримтлагдсан хүү 234,062 төгрөг, шүүхэд хүргүүлсэн нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн зардалд 10,500 төгрөг, нийт 39,354,577 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад ажлын тогтворгүй байдал, өвчин зовлон, гэр бүлийн асуудлын улмаас гэрээний төлбөрийг хугацаандаа төлөх боломжгүй байдал удаа дараа үүссэн. Зээлийн төлбөрийг санаатайгаар төлөхөөс зайлсхийсэн зүйл байхгүй, өр төлбөрөө гүйцээн төлж, орон сууцаа авч үлдэх хүсэлтэй. Зээлийн төлбөрийг төлж барагдуулах тодорхой хугацаа олгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар Б, А- нараас 39,354,577.56 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А банк ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,670.38 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б, А- нараас улсын тэмдэгтийн хураамжид 354,670.38 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А банк ХХК-нд олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.1 Сангийн яам болон А банк ХХК-ийн хооронд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан 114 01/694 тоот Актив хөрөнгө шилжүүлэх гэрээ, 115 01/693 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу Засгийн газраас баталсан 4,000 айлын орон сууц хөтөлбөр-ийн хүрээнд төрийн албан хаагчдад олгосон орон сууцны зээлийн багцыг банкны тэнцэлд шилжүүлж, шаардах эрхийг бүхэлд нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас А банканд шилжүүлсэн. Мөн А банк ХХК болон Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн хооронд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан 01/03 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээ-ний 2.2-т зааснаар хавсралтад заасан зээлдэгчдийн зээлийн болон барьцаа хөрөнгийн шаардах эрхийг Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-аас А банк ХХК-нд бүрэн шилжүүлэн улсын бүртгэлд шаардах эрхийг бүртгүүлсэн болно. А банк ХХК нь зээлийн үүргийн гүйцэтгэлийн шаардах эрхийг хууль болон гэрээнд заасны дагуу бүрэн шилжүүлэн авсан. Иргэний хуулийн тайлбарт Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулснаар шаардах эрх нь шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжинэ. Энэ цаг мөчид шинэ үүрэг гүйцэтгүүлэгч нь шаардах эрхийн эзэн болно гэж дүгнэсэн байна.

4.2 Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн харилцаа үүссэн ба талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн атлаа барьцааны гэрээг дүгнээгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно, 123.6 дахь хэсэгт Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэж заасан бөгөөд анхан шатны шүүх дүгнэхдээ зөвхөн зээлийн үүрэг шилжсэн мэтээр тайлбарлаж барьцааны шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

4.3 Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дахь хэсэгт заасны дагуу шүүх хэрэгт ач холбогдолтой, барьцааны бүртгэлийг хангалттай нотлоогүй, нотлох баримт авагдаагүй байтал хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн. Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч А-ын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлтийг оруулахаар тогтов.

 

2. Нэхэмжлэгч А банк ХХК нь хариуцагч Б, А- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 39,354,577 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3. Б, А- нар Орон сууцны санхүүжилтийн корпорацитай байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг орон сууц авах зориулалтаар жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлсэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр барьцааны гэрээг байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 1 дүгээр хороолол 1 дүгээр байрны ** тоот 47.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалуулжээ. Зээлийн болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн.

 

4. Сангийн яам, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК, А банк ХХК-ийн хооронд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан 115 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээ, 114 дугаартай актив хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК, А банк ХХК-ийн хооронд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан 01/03 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагджээ.

 

Дээрх гэрээний дагуу Орон сууцны санхүүжилтийн корпораци ХК болон Б, А- нартай байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээний болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээний шаардах эрхээ Орон сууцны санхүүжилтийн корпораци А банк ХХК-д шилжүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрх шилжсэн тул А банк ХХК нь Б, А- нараас хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

5. Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлсэн нь хуульд нийцжээ. Иймд хариуцагч нараас 39,354,577 төгрөг буюу үндсэн зээл 27,382,325 төгрөг, хүү 11,648,359 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,330 төгрөг, хуримтлагдсан хүү 234,062 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар, зардал болох нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсний төлбөр 10,500 төгрөгийг мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

6. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн байна.

 

6.1 Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэж заасны дагуу шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулснаар А банк ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 1 дүгээр хороолол 1 дүгээр байрны ** тоот 47.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар хангуулах барьцааны эрхийг шилжүүлсэн авсан байна.

 

6.2 Барьцааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө тул Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт Шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид ипотекийн баримт бичгийг шилжүүлж, түүнийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгч гэж улсын бүртгэлд бүртгэсэн нөхцөлд шаардлага шилжсэн гэж үзнэ гэж заасан шаардлагыг хангасан тохиолдолд барьцаалуулагч буюу шинэ үүрэг гүйцэтгүүлэгч нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой.

 

6.3. Шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрх улсын бүртгэлээр баталгаажаагүй байсан учир холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй тул анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар ипотекийн бүртгэлтэй холбоотой нотлох баримтыг шаардах ёстой байсан гэж буруутгах боломжгүй болно.

 

7. Харин шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байх бөгөөд уг алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

7.1. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцалсан үндэслэлээр гэрээний үүргийг шаардсан байхад зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэрэглэгдэх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь оновчгүй болсныг залруулах нь зүйтэй.

 

7.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх бөгөөд шийдвэр нь биелэгдэх боломжтой байх ёстой. Энэ үүднээс шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамжийн үнийн дүнг зөвхөн төгрөгөөр биш мөнгөөр илэрхийлэгдэх хэсэгтэй хамтад нь заасныг Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан иргэний гүйлгээнээс хасагдаагүй байх шаардлагад нийцүүлэн мөнгөөр илэрхийлсэн үнийн дүнг хасна.

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахад баримтлах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүйг зөвтгөх нь зүйтэй.

 

7.3. Түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дахь хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэхдээ хуулийн заалтыг буруу бичсэн байгааг дурдвал зохино.

 

8. Давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний өөрчлөлт оруулж буйтай холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэх үүднээс өөрчлөн найруулах нь мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт нийцнэ.

 

9. Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2022/03009 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б, А- нараас 39,354,577 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А банк ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б, А- нарт холбогдох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай А банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,670 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б, А- нараас улсын тэмдэгтийн хураамжид 354,670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А банк ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ