Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 1327

 

 

 

 

 

 

    2018        09          24                                  2018/ШЦТ/1327

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж, 

Улсын яллагч Н.Уранбайгаль,

Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа, 

Шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Бд холбогдох эрүүгийн 1803003900256 дугаар хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Б нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний шөнө 01 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, "Их засаг" их сургуулийн урд замд Toyota Prius20 маркийн 26-68 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5.3 дахь заалт “гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Оюун-Эрдэнийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                   

         /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Ш.Б нь нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хүний их эмч П.Бны:

О 30 настай, ГССҮТ-д хавсарсан хам хүнд гэмтэлтэй, хэвлийн мэс засалд орж давсаг задарлыг оёх мэс засал хийгдсэн. Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд, ухаан бүдэг, хөөрөлийн байдалтай байна. 2018 оны 05 сарын 09-нд ГССҮТ-д тархины цусан хураа мэс засалд орох ба мэдүүлэг өгөх чадваргүй болно гэх тодорхойлолт /хх-ийн 19/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 05 сарын 04-ний өдрийн 11 цагийн орчим ГССҮТ-өөс ярьж байна. О гэх хүнийг таних уу гэхээр нь миний том охин байгаа юм. Юу болсон бэ гэхэд энэ хүн зам тээврийн осолд орсон байна. ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасаг дээр хүрээд ир. Энэ хүний бие  маш муу байна гэхээр нь яваад очиход О ухаангүй, хэвлийн хагалгаанд орсон гээд хэвтэж байсан. 2018 оны 05 сарын 06-ны өдөр ухаан ороод юу болсон талаар асуухад тодорхой ярьж чадахгүй өөр юм яриад байхаар нь хүчилж асуугаагүй. 3 хоногийн дараагаар тархины хагалгаанд орж одоогоор биеийн байдал тухайн үеийнхийгээ бодвол дээрдэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 23/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5020, 5021 дугаартай:

Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Овог нэр тодорхойгүй 25-30 орчим насны эмэгтэйгийн гэх цусанд 3.3 промилли спиртийн агууламж илэрсэн. 3.3 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5920 дугаартай:

Б.Оийн биед баруун чамархай, суурь ясны их, бага далавч, баруун нүдний ухархайн дээд, доод, хажуу хананы хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, хэвлийн битүү гэмтэл давсагны урагдал, баруун умдаг, суудал ясны хугарал, баруун атгаал ясны хүзүү хэсгийн далд хугарал, баруун шилбэний, шаант, тахилзуур ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.12, 3.1.20-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс  хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43/

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 05 сарын 25-ны өдрийн 24877 дугаартай:

Автомашиныг тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын  хэмжээ, урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, зогсоолын тоормос стандартын шаардлага хангаж байна. Мөн автомашины урд болон хойд тэнхлэгийн дугуйнуудын хээний гүний хэмжээ, хийн даралт стандартын шаардлага хангаж байна. Харин урд хоёр их гэрлийн тусгалын хүч ойр, хол дээрээ стандартын шаардлага хангахгүй байна. Автомашины урд хоёр их гэрлийн тусгалын хүч ойр, хол дээрээ стандартын шаардлага хангахгүй, ерөнхий байдлын хувьд урд салхины шил хагарсан, зүүн талын толь хугарч унасан, урд копуд зүүн талаараа хонхойсон эвдрэл гэмтэлтэй байна. Урд их гэрлийн хүч стандартад хүрэхгүй байгаа нь зам тээврийн осол гарахад нөлөөлнө. Уг осол шөнийн цагт болсон учир урд их гэрлийн хүч стандартад хүрэхгүй байгаа нь жолоочийн үзэгдэх орчинг хязгаарласан байж болзошгүй. Тоормос нь шингэн дамжуулагатай, ABS системтэй. Тоёота маркийн приүс 11 загварын 2668 УБГ улсын дугаартай автомашины тоормосны систем хэвийн ажиллагаатай стандартын шаардлага хангаж байна гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 50-53/,

 

Замын цагдаагийн албаны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 481 дугаартай:

Тоёота приус маркийн 26-68 УБГ автомашиныг жолоодон явсан Ш.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5.3 дахь заалт “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, … асахгүй буюу бүдэг асдаг" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 24877 дугаартай шинжээчийн дүгнэлт, "Урд их гэрэлийн хүч стандартад хүрэхгүй байгаа нь зам тээврийн осол гархад нөлөөлнө”.

Явган зорчигч Б.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 дэх заалт "Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ "явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах" г/ "өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. /Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5020 дугаартай шинжээчийн дүгнэлт. Нэр хаяг тодорхойгүй гэж хаягласан цусанд 3,3 промилли спиртийн агууламж илэрсэн. 3,3 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна"

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зураг зэрэг нотлох баримтуудаар Зам тээврийн осолд замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 100-101/

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, явган зорчигчийн хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 3-11/

 

Шүүгдэгч Ш.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 05 сарын 04-ний өдрийн 00 цаг өнгөрч байхад Хайлаастаас Монел орно гээд 2 хүүхэд дагуулсан эмэгтэй хүнийг аваад Монелд хүргэж өгсөн. Буцаад Хайлааст орно гэсэн.Тэгээд Их засаг сургуулийн урд 3 дугаар эгнээгээр явж байтал гэнэт эмэгтэй хүн урдаас хойшоо зам гарах гэж байгаа юм шиг тулаад ирсэн. Тормос гишгэсэн боловч мөргөчихсөн. Машинаа зогсоогоод цагдаа, түргэн тусламж дуудсан. Буугаад харахад тэр эмэгтэй сонин дуугараад ямар ч хөдөлгөөнгүй байгаад байсан. Хохирогч явган хүний гарцгүй газраар гарч явсан. Би 40-45 км/цагийн хурдтай явж байсан. Машинаа хамгийн сүүлд 2017 оны 09 сарын 27-ны өдөр оношлогоонд оруулж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 79-80/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Хавтаст хэргээс: шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Ш.Бын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 62/, жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 68/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/, жолоочийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, НДШ төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 80-85/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Гд шүүгдэгч Ш.Баас 1.492.000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-ийн 89/, 4.459.078 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн тухай баримт зэргийг шинжлэн судлав.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, ШШҮХ-ийн шинжээчийн болон Замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ш.Б нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Быг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Уг гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Б.Оийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан явган зорчигчийн үүрэгийг биелүүлээгүйгээр зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэж хүнд зэргийн согтолттойгоор авто замын зорчих хэсгийн явган зорчигч зорчин явах ёсгүй газараар дээрх дүрэмд зааснаас өөр байдлаар зорчин явсан нь нөлөөлсөн байна.

 

Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Ш.Б нь хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарт учирсан бодит хохиролыг төлж барагдуулсан. Цаашид гарах зардалыг төлөхөө илэрхийлсэн байна. Энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г болон шүүгдэгч Ш.Б нар бичгээр хэлцэл хийсэн нь хэрэгт авагдсан болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр тайлбар гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ш.Бд эрүүгийн хариуцалга хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, энэ төрлийн гэмт хэргийн санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг байдал,  хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг нөхцөлүүдийг  харгалзан үзэв.

 

Шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй гэсэн хүсэлтүүд зэргийг харгалзан шүүгдэгчид хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэх боломжтой байна.

 

Харин жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тооцохоор шийдвэрлэн, шүүгдэгч Ш.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэснийг холбогдох байгууллагад мэдэгдэж жолоочийн үнэмлэхийг шилжүүлэх нь зүтэй.

 

Шүүгдэгч Ш.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Шын Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Ш.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бд тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ш.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ш.Баас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.3, 182 дүгээр зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар Ш.Бын 379428 душаартай жолоочийн үнэмлэхийг хүргүүлж, түүнд хяналт тавихыг харьяалах нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ