Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0082

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 14 өдөр

    Дугаар 221/МА2019/0082

     Улаанбаатар хот

 

 

 

 

Ө.Т нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгийн аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 110/ШШ2018/0068 дугаар шийдвэртэй, Ө.Т нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын газрын даамал нарт холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд А.К давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгийн аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14ий өдрийн 110/ШШ2018/0068 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Аманжолын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Ө.Т-тай маргаан бүхий газрыг эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа Улаанхус сумын газрын даамлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/** дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийн Ө.Т-д холбогдох хэсгийг үндэслэн түүнтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохыг Улаанхус сумын газрын даамалд даалгаж,

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд А.К-ий шүүхэд гаргасан Улаанхус сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/** дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийн Ө.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгох-ыг хүссэн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

         Гуравдагч этгээд А.К давж заалдах гомдолдоо: “ ... Маргаан бүхий өвөлжөө нь “Модон хөшөө туйых сай” гэх газарт байршилтай юм. Тухайн газрыг “Хөндийн туйых сай”, “Модон хөшөө туйых сай” гэж нутгийн ард нэрлэж заншсаныг гэрч Багдаулет, Тунгат, Силамбол нар мэдүүлсэн байх бөгөөд үүнийг хэргийн оролцогч нар хүлээн зөвшөөрсөн байна.

         Гуравдагч этгээд А.К надад “Модон хөшөө туйых сай” гэх маргаантай газрыг Улаанхус сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 08 -ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 91 тоот захирамжаар эзэмшүүлж, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “Газар эзэмшүүлэх гэрээ” 20** тоот гэрээ байгуулж, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн 00********** тоот гэрчилгээ олгохдоо Газрын байршлыг “Модон хөшөө Туйых сай” гэж тухайн газрыг зөв нэрлэн зааж өгч, нэгж талбарын 031102265 тоот дугаар олгосон юм.

         А.К надад 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” ** тоот Захирамжийг гаргаж өгсөн сумын Засаг дарга Силамбол нь гэрчээр өгсөн мэдүүлэгт: “А.К нь Туйых сай” гэх газраас газар эзэмшихийг хүсэж өргөдөл гаргасан юм. Тухайн газрын нэрийг “Туйых сай” гэж тусгах байтал Газрын даамал асан Д.Т буруу тусгасан байна. “Туйых сай” гэж нэрлэгдэх газарт А.К-ий дүү Аргынбай өвөлжиж суудаг байсан. Дараа нь “Ах томпах” гэх газарт нүүсэн. А.К нь “Туйых сай”-д орших дүү А.А байшин орших газрыг эзэмшихийг хүсэж хүсэлтээ гаргаж байсан” гэж мэдүүлжээ.

         Энэхүү Захирамж гаргасан Засаг дарга асан, одоогийн Засаг даргын орлогч Ж.С-ын хууль сануулж өгсөн мэдүүлгийг анхан шатны шүүхээс хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлээгүй явдал хэргийг буруу, ташаа шийдвэрлэхэд хүргэсэн.

         Маргаан бүхий газрыг “Хөндийн туйых сай”, “Модон хөшөө туйых сай” гэж нэрлэдэг болох нь гэрч багийн Засаг дарга Багдаулет, газрын даамал асан Т нарын мэдүүлэг тус сумын Засаг даргын 1997 оны 53, 55, 1998 оны ** дугаартай захирамжаар батлагдаж байна гэж зөв үнэлсэн мөртлөө, гуравдагч этгээд А. К надад 2016 оны 02 -р сарын 04 -ний өдрийн “Газар эзэмших эрхийн” 20** тоот гэрээ, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийн 00********** тоот гэрчилгээгээр “Модон хөшөө Туйых сай” гэх газраас нэгж талбарын 0311020** дугаартай 700м2 газар эзэмшүүлснийг хүчингүй болгосон нь Анхан шатны шүүх илт хууль бус шийдвэр гаргасныг нотолж байна.

         Маргаан бүхий газар “Модон хөшөө Туйых сай” эсвэл “Хөндий Туйых сай” гэж нэрлэгдэх болохыг шүүх тогтоосон атал А. К надад “Модон хөшөө Туйых сай” гэх газраас 700м2 газар эзэмшүүлж олгосон 2016 оны 02 дугаар сраын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн 00********** тоот гэрчилгээнд “Модон хөшөө Туйых сай” гэж зөв бичигдсэнийг анхан шатны шүүхээс буруу дүгнэж, үнэлсэн тул гомдол гаргаж байна.

         Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д: Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэсэн заасан. А.К надад “Модон хөшөө Туйых сай” гэх маргаан бүхий газрыг эзэмших гэрээ, гэрчилгээ байсаар байтал анхан шатны шүүхээс миний газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр гаргасан юм.

         А.К надад Улаанхус сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ‘Тазар эзэмшүүлэх тухай” А/91 тоот захирамжаар “Модон хөшөө хөх адар” гэж Газрын нэрийг засаг дарга Ш.С буруу бичигдсэн байна, А.К нь өөрийн дүү А.А өвөлжөөнд ашиглаж байсан маргаан бүхий газрыг эзэмшүүлэх хүсэлт гаргасныг үндэслэж захирамж гаргасан гээд мэдүүлээд байхад, мөн газар эзэмших гэрээ болон, Гэрчилгээнд “Модон хөшөө Туйых сай” гэж газрын нэг зөв тусгагдсан байхад гуравдагч этгээд А.К миний бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь анхан шатны шүүх хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

         Нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас үнэлээгүй талаарх гомдол: Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт: Газар эзэмших гэж Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар газрыг зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгох бөгөөд Газар эзэмшүүлэх этгээдийн зөвшөөрөлгүй шийдвэргүй тохиолдолд гуравдагч этгээдийг газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэхгүй юм гэж үндэслэлгүй, хууль бус дүгнэлт хийсэн байна.

         Учир нь гуравдагч этгээд А.К надад маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн Улаанхус сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/** тоот Захирамж, Газар эзэмших эрхийн 20** тоот гэрээ, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших 00********** тоот гэрчилгээ тус тус хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн байхад Анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас үнэлээгүй нь хэргийг нэг талыг баримталж шийдвэрлэсэн явдал гэхээс өөр аргагүй юм.

         Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Гуравдагч этгээд А.К миний маргаан бүхий газраас 2 км зайтай “Хөндий” гэх газраас 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ** дугаар захирамжаар эзэмшиж байгаад 2012 оны 10 дугаар сард К.Е шилжүүлэн өгсөн өвөлжөөний газрыг К намайг эзэмшиж байгаа мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

         Газрын тухай хуульд зааснаар өрх тусгаарласан, тусгай өрх айл болох К.Ербол нь Газрын тухай хуулийн дагуу, зохих шийдвэр, газар эзэмших гэрээ, гэрчилгээгээр эзэмшиж буй “Хөндий” гэх газраас газар эзэмшиж байгаа нь өнөөдрийн “Модон хөшөө Туйых сай” гэх газарт огт хамааралгүй юм.

         Хэрэгт хамааралгүй нотлох баримтыг үнэлсэн нь “шүүгч” нэг талыг баримталсан явдал гэж гомдож байна. Мөн шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ НЬ” хэсэгт: А.А Улаанхус сумын Засаг даргын 1996 оны 24, 2003 оны 26 дугаар захирамжийн дагуу “Маргаан бүхий газрыг эзэмшигч гэж үзэхээр байна” гэж буруу дүгнэлт хийсэн.

         Энэ “дүгнэлт” нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг ... тухайн шатны засаг дарга гаргана” гэсний дагуу А.А маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн шийдвэр байхгүй байтал, газар эзэмших гэрээ гэрчилгээ олгоогүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж, буруу дүгнэлт хийсний нотолгоо юм.

         Мөн А.А нь тухайн газрын хууль ёсны эзэмшигч биш байхад түүнийг газар эзэмшигчээр тооцож, нэхэмжлэгч Ө.Т-д эзэмшил газрыг Газрын тухай хуулийн 38 -р зүйлд зааснаар “эзэмших эрхийг шилжүүлсэн” мэтээр буруу дүгнэлт хийж. маргаан бүхий газрыг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Засаг даргын А/91 тоот захирамжаар эзэмшиж байгаа гуравдагч этгээд А.К миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн байна.

Хуулийг буруу хэрэглэсэн талаар: Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй байна” гэж заасан.

Хуулийн энэ зохицуулалт нь “гэр бүлийн хамтын хэрэгцээнд” гэж тодорхой заасан тул нэхэмжлэгч Ө.Т гэр бүл болоогүй, зөвхөн эцэг эхтэй хамт нэг гэр бүлд амьдардаг тул “гэр бүлийн хамтын хэрэгцээнд газар эзэмших эрхгүй” гэж үзэж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3.1.2 -д зааснаар Ө. Тилеужан нь “гэр бүл” биш учраас Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “газар эзэмших эрхгүй” болно. Анхан шатны шүүхэд энэ талаар тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан боловч анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй явдалд гомдолтой байна.

Хариуцагч Улаанхус сумын Засаг даргын тайлбарт: Засаг дарга миний бие нэхэмжлэгч Ө.Т-д 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/** тоот захирамжаар газар эзэмшүүлэхдээ “Хөндий Туйых сай” гэдэг газар бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдэлгүй захирамж гаргасан юм.

Ө.Т-ы эцэг Ө.А газрыг шилжүүлэн эзэмших болсон гэхээр захирамж гаргасан. Мөн Аргынбай газар эзэмшдэггүй гэдгийг мэдээгүй гэсэн тайлбар Газрын даамлын тайлбарт: Маргаан бүхий “Модон хөшөө Туйых сай” гэх өвөлжөөг урьд нь А.К-д сумын засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/91 тоот захирамжаар эзэмшүүлсэн юм. Тиймээс уг газрыг Ө.Т-д эзэмшүүлэхээр давхар гэрчилгээ олгох боломжгүй юм гэсэн тайлбаруудыг анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас үнэлээгүй, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар хууль бус шүүхийн шийдвэрээр А.К, Ө.Т бид хоёрт “эзэмшил газрыг давхцуулж” маргааныг улам хурцдуулж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 110/ШШ2018/0068 тоот шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээд А.К миний “бие даасан шаардпаг”-ыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Гуравдагч этгээд А.К-ий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Ө.Т шүүхэд “Улаанхус сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/** дугаар захирамжийн дагуу газрыг эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа Улаанхус сумын газрын даамлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Улаанхус сумын Засаг даргын 2017 оны А/** дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийн Ө.Т-д холбогдох хэсгийг үндэслэн түүнтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохыг тус сумын газрын даамалд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага, харин гуравдагч этгээд А.К-ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Улаанхус сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/** дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийн Ө.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүхээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг “Улаанхус сумын Засаг даргын 2015 оны А/** дугаартай захирамжаар Модон хөшөө /Хөх адар/ нэртэй газрыг эзэмшүүлсэн, харин газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын нэр, байршлыг Модон хөшөө Туйык сай гэж өөрөөр тусгасан талаар тухайн үед сумын газрын даамлаар ажиллаж байсан гэрч Д.Т-с авсан мэдүүлэг, гэрч А.А мэдүүлэг зэргээр өөр өөр нэгж талбарууд болох нь тогтоогдож байна” гэж үзэн тус бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна.

Гуравдагч этгээд А.К-ээс давж заалдах гомдолдоо “... Маргаан бүхий газар “Модон хөшөө Туйых сай” эсвэл “Хөндий Туйых сай” гэж нэрлэгдэх болохыг шүүх тогтоосон атал А.К надад “Модон хөшөө Туйых сай” гэх газраас 700м2 газар эзэмшүүлж олгосон 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн 00********** тоот гэрчилгээнд “Модон хөшөө Туйых сай” гэж зөв бичигдсэнийг анхан шатны шүүхээс буруу дүгнэж, үнэлсэн тул гомдол гаргаж байна” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтууд, гэрчийн мэдүүлгээс үзэхэд Улаанхус сумын Засаг даргаас 2015 оны А/91 дугаартай захирамжаар гуравдагч этгээдэд Модон хөшөө Хөх адар нэртэй газарт 700 м2, 2017 оны А/** дугаар захирамжаар нэхэмжлэгчид Хөндийн Туйых сай нэртэй газарт 700 м2 газрыг тус тус эзэмшүүлсэн байх бөгөөд захирамж, гэрчилгээнд бичигдсэн газар нутгийн нэрээр тухайн газрын байршлыг тодорхойлох боломжгүй.

Учир нь албан ёсны газар нутгийн нэр нь тодорхойгүй, дээрх захирамжууд дээрх нэр зөвхөн өвөлжөө байрлаж байгаа 700 м.кв газрын нэр биш, тухайн нутаг дэвсгэрийн ойр орчмын газрыг “Модон хөшөө /Хөх адар/”, “Модон хөшөө хөндийн Туйых сай” гэх мэтээр янз бүрээр нэрлэдэг байх бөгөөд тухайн газрын хил хязгаар нь хаагуур байгааг тогтоосон баримт байхгүй байх тул гуравдагч этгээдийн энэ талаарх гомдлыг үгүйсгэх үндэслэлгүй боловч шүүх зөвхөн энэ баримтад үндэслэж дүгнэлт хийгээгүй байна.

Тэрээр нэхэмжлэгчийн маргаж буй газрыг 1994 оноос 2015 он хүртэл А.А эзэмшиж, өвөлжиж байгаад нэхэмжлэгчийн эцэг А.Ө-д чулуун хашаа, модон өвлийн сууцаа худалдсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байх бөгөөд энэ үйл баримт нь хариуцагч Засаг дарга нь бусдын үл хөдлөх хөрөнгө байгаа, өөр этгээд эзэмшиж өвөлжиж байсан газрыг чөлөөлөхгүйгээр гуравдагч этгээд А.К-д эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болохыг давхар нотолж байх бөгөөд шүүх энэ талаар дүгнэж гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Мөн давж заалдах гомдолд “... албан ёсоор гэрээ гэрчилгээгээр газар эзэмшээгүй А.А газрыг эзэмшигч гэж үзэхээр байна гэж шүүх буруу дүгнэлт хийсэн. А.А нь хууль ёсны эзэмшигч биш байхад Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар шилжүүлсэн мэтээр буруу дүгнэлт хийж миний эрх ашгийг ноцтой зөрчсөн” гэжээ. 

Хэдийгээр хэрэгт А.А газар эзэмших захирамж, гэрчилгээ авагдаагүй боловч гуравдагч этгээд А.К-ий 2017 онд газрын албанд гаргасан өргөдөлд “... А.А нь хувийн байшингаа А.Ө худалдсан, хашаа хороог худалдаагүй, нэгдэл барьсан ...” гэж дурдсан байдал болон бусад баримтуудаар хариуцагч сумын Засаг дарга нь үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан этгээдийн хүүхэд болох Ө.Т нь тухайн үл хөдлөх хөрөнгө байгаа газрыг эзэмших хүсэлтийг үндэслэн газар эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй, үүний улмаас гуравдагч этгээдийн тухайн газрыг эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, тухайн сууцыг худалдаж авсан этгээд уг өмчөө эзэмшиж ашиглах эрхтэй, уг эрхээ хэрэгжүүлэхийн тулд үл хөдлөх хөрөнгийн доорх газар төдийгүй, орц гарц гэх мэт шаардагдах газрыг эзэмших хүсэлт гаргах эрхтэй тул гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд А.К-ий давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгийн аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 110/ШШ2018/0068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гурдагч этгээд А.К-ий давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээд А.К-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ