Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2017/00533

 

И.Айгүлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 751 дүгээр шийдвэр,        

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2017/00019 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч И.Айгүлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох,

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн И.Айгүлийг ажлаас халах тухай Б/576 тоот захирамжийг хүчингүй болгож, Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Улаанбаатар хотод ЦБНБэлтгэх сургуулийн өмнөх насны боловсролын багш мэргэжлээр төгсөж, 1983 оноос Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр ажилд орж, 2001 онд тус цэцэрлэгийн эрхлэгчээр дэвшин ажилласан. Ажилласан жилүүдэд өөрийн мэдлэг боловсрол ажлын олон жилийн туршлагаа дайчлан чадах чинээгээрээ ажиллаж байсан. Гэтэл аймгийн Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б\576 захирамж гарган ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Уг захирамжийн захирамжлах хэсэгт зааснаар Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний зарим зүйл заалтыг зохих ёсоор биелүүлээгүй хэмээн дурдсан байх бөгөөд миний танилцаж гарын үсэг зурж баталгаажуулаагүй.Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 04-03-046\309 дугаартай дүгнэлт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.2-т заасан хугацаа нь өнгөрсөн зарим зөрчлүүдийг дурдаж, намайг 55 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгоход хэдхэн сар дутуу байхад ажлаас халах шийтгэл оногдуулж ажил амьдралгүй болгосонд гомдолтой байна. Засаг дарга Хөдөлмөрийн гэрээний нэг хувийг надад гардуулж өгөөгүй сүүлд хүргүүлэхээр тохирсон боловч ирүүлээгүй. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 04-03-046\309 дугаартай дүгнэлтийг үзээгүй. Энэ асуудлыг хянан үзэж аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/576 дугаартай сахилгын шийтгэл оногдуулсан захирамжийг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч И.Айгүл нь албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа зөрчил гаргаж, албан үүргээ ухамсарлахгүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлүүдийг удаа дараа давтан гаргаж байна.И.Айгүл нь албан үүргээ гүйцэтгэхдээ өөртөө хамаарал бүхий этгээд болох төрсөн охиныхоо гэрлэсний баярыг тохиолдуулан нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэн тушаал гаргаж, мөн түүнд заах аргач багш гэсэн мэргэжлийн зэрэг олгож, зэргийн нэмэгдлийг олгох тушаалуудыг гаргаж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан мэдэгдэлд тайлбар гаргаагүй, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчсөн нь Авлигатай тэмцэх газрын удаа дараагийн болон 2016 оны 05\573 албан тоотоор тогтоогдов. Мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй мэргэжлийн бус багшлах эрхгүй багш авч ажиллуулж Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 04-03-046\309 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Иймд И.Айгүл нь Авлигатай тэмцэх газрын албан шаардлагаар цалинг хувиар бууруулах арга хэмжээ авагдаж, аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Боловсрол соёлын газраас ажлаас халах дүгнэлт гарч мөн мэргэжлийн багшийг ажлаас нь хууль бус чөлөөлсөн зөрчлүүдийг гаргаж байсан байна. Энэ нь аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний ажилтны үүрэг болох 4.2, 4.6, 4.14-т заасан үүргээ тус тус зөрчсөн тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэл болгож И.Айгүлийг ажлаас халах шийдвэр гаргасан гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 751 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн И.Айгүлийг ажлаас халах тухай Б/576 тоот захирамжийг хүчингүй болгож, Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч И.Айгүл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч И.Айгүлээс 70 200 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2017/00019 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 751 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/576 дугаар захирамжийг хүчингүй болгож, Харахас овогт Идкейн Айгүлийг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар А.Айгүлийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий Засаг даргын санхүүгээс 70 200 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар И.Айгүлийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч И.Айгүл нь албан үургээ гүйцэтгэх хугацаандаа удаа дараа зөрчил гаргаж албан үүргээ ухамсарлалгүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлүүдийг удаа дараа давтан гаргаж байсан.

...И.Айгүл нь өөртөө хамаарал бүхий этгээдэд тушаал гаргаж төсвөөс мөнгө гаргасан зөрчлүүдийг гаргаж байсан нь тогтоогдож Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан мэдэгдэлд тайлбар гаргаагүй, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчсөн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Авлигатай тэмцэх газрын удаа дараагийн албан тоотоор болон 2016 оны 05/573 албан тоотоор нотлогдож байна.Дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, мэргэжлийн бус багшлах эрхгүй багш нарыг авч ажиллуулж сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн нь И.Айгүлийн ажлын хариуцлага суларсан, удирдан зохион байгуулах менежмент алдагдсан, өөрийн төрсөн охин, дүү, хамаатан садангуудыг авч ажиллуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн нь мөн адил Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын удаа дараагийн шалгалтаар болон 2016 оны 04-03-046/309 тоот дүгнэлтээр тогтоогдсон.И.Айгүлд удаа дараа Авлигатай тэмцэх газрын албан шаардлагаар цалинг бууруулах арга хэмжээ авагдаж, аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Боловсрол, соёлын газраас ажлаас халах дүгнэлт гарч, мөн мэргэжлийн хөгжмийн багшийг ажлаас нь хууль бус чөлөөлсөн зөрчлүүдийг гаргаж байсан нь аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний ажилтны үүрэг болох 4.2-т, 4.6, 4.14-т заасан үүргээ тус тус зөрчсөн тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэл болгож И.Айгүлийг ажлаас халах шийдвэр гаргасан юм.Учир нь Нийтийн албанд нийтийн болом хувийн ашиг сснирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар И.Айгүлийн зөрчлийг Авлигатай тэмцэх газар шалган тогтоож, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ гэж заасан тул аймгийн Засаг даргын И.Айгүлийг ажлаас халах тухай гаргасан эрх зүйн акт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа мөн адил дуусаагүй гэж үзэж байна. Учир нь И.Айгүлтэй холбоотой Авлигалтай тэмцэх газраас 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 05/6671 дүгээр албан тоотоор И.Айгүлд холбогдох 2016 оны 05/573 дугаар албан тоотыг дахин ирүүлсэн ба уг албан тоот дээр аймгийн Засаг дарга Х.Дармен нэхэмжлэгч И.Айгүлээс ямар нэгэн хариуцлага тооцсон хариу ирүүлээгүй тул урьдах албан бичгийгээ дахин хүргүүлж байгаа ба хариуцлага тооцож хариу ирүүлнэ үү гэсэн байна. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй ба давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна.Иймд Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 212/МА2017/00019 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                    ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч И.Айгүл нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б\576 дугаар захирамжийг хүчингүй болгож, цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч И.Айгүлийг Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоожээ.

Давж заалдах шатны шүүх ийнхүү нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ И.Айгүлийн гаргасан гэх зөрчлүүд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтэд дурдагдсан зөрчил нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамаарахгүй, сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа өнгөрсөн гэж тус тус дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан зохицуулалтад нийцжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах эрхтэй байна. Мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т зааснаар ажил олгогч сахилгын зөрчил гаргасан ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас нь хойш зургаан сар, илрүүлснээсээ хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулж болдог.

Хэрэгт цугларсан нотлох баримтын үнэлгээ, маргааны үйл баримтын талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2017/00019 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН