Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/02093

 

 

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/02093

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/02070 дугаар шийдвэртэй,

А-гийн нэхэмжлэлтэй Б даатгал ХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөр болон бусад зардалд 643,772 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сугардалай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анармаа, Б.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А- нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Б даатгал ХК-тай Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулж, өөрийн өмчлөлийн Тоёота приус маркийн, 32-** УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг сайн дурын даатгалд даатгуулж, 229,200 төгрөгийн хураамжийг бүрэн төлсөн.

Миний гэр бүлийн хүн болох С.Сугардалай нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө Сүхбаатар дүүрэг, Арслантай гүүрний зүүн урд талд байрлах ажлын газрынхаа ойролцоох зогсоолд тээврийн хэрэгслийг байрлуулаад, орой нь ажлаа тараад машинаа асаах гэтэл жолоочийн эсрэг талын 2 хаалга, хормой зэргийг сэвтүүлж, хохирол учруулсан байсныг мэдээд даатгагч Б даатгал ХК-д дуудлага өгч бүртгүүлсэн. Б даатгал ХК-ийн шуурхай дуудлагын ажилтан нь хохирлыг газар дээр нь ирж гэрэл зураг авч баримтжуулсан. Тухайн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас замын цагдаа ирж үзээд зам тээврийн осол биш, эзэн холбогдогч тодорхойгүй тул тодорхойлолт өгөх боломжгүй гэсэн хариуг даатгалын компанийн ажилтанг байлцуулан өгсөн. Мөн Б даатгал ХК-ийн ажилтан нь цагдаагийн тодорхойлолт шаардлагагүй, материалаа бүрдүүлэн өгөхийг зөвлөсөн.

Б даатгал ХК-д 2021 оны 09 дүгээр сарын 29-ийн өдөр даатгалын гэрээнд заасан холбогдох материалыг бүрэн бүрдүүлэн өгсөн, Б даатгал ХК-аас 2021 оны 10 дугаар сарын 01-ийн өдрийн албан бичгээр гэрээний 12 дугаар зүйлийн 12.7.4-д даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй эсхүл даатгуулагч даатгагчид мэдэгдэлгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсний улмаас хохирлын бодит үнэлгээг тогтоох боломжгүй болсон гэснийг үндэслэн даатгагч нөхөн төлбөр төлөхөөс татгалзсан хариуг өгсөн.

Даатгалын гэрээгээр хөдөлгөөний бус үеийн эрсдэл гэсэн багцыг сонгож, мөргүүлэх, шүргүүлэх, элдэв биетэд цохиулах, сантехникийн гэмтлээс болж усанд автах эрсдэлийг даатгуулсан. Даатгалын зүйлийн хувьд зогсоолд байрлуулсан байх үед хохирол учирсан бөгөөд энэ нь даатгалын гэрээнд заасан хөдөлгөөний бус үеийн эрсдэлд шууд хамаарна.

Мастер үнэлгээ ХХК нь даатгалын зүйлд учирсан хохирлын хэмжээг 493,200 төгрөг гэж тогтоосон. Даатгалын гэрээний 9.1-д зааснаар хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох заалтыг даатгалын гэрээнд тусгасан тул 0.5 хувьтай тэнцэх алданги төлөх үүргийг даатгагч хүлээсэн.

Иймд даатгалын нөхөн төлбөрт 493,200 төгрөг, хохирлын хэмжээ тогтоохтой холбоотой гарсан зардал 30,000 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй алданги 103,572 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 17,000 төгрөг, нийт 643,772 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: А- нь Б даатгал ХК-тай 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, 32-** УАН улсын дугаартай Тоёото приус 40 маркийн тээврийн хэрэгслийг 1 жилийн хугацаатай Ган жолоо багцаар даатгуулсан. Тус гэрээг хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд буюу 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 18 цаг 18 минутад дуудлага өгөн бүртгүүлж, үзлэг хийлгэсэн. Уг үзлэгийн дагуу манай компанийн шуурхай албанаас очиж баталгаажуулалт хийхэд тухайн хохирол зогсоол дээр байхад машин шүргэхэд үүсэх хохирол биш бөгөөд хатуу үзүүртэй зүйл шүргэхэд үүсэх хохирол гэж дүгнэсэн тул тус тохиолдол нь тухайн газар болсон эсэх, машин шүргэснээс үүдсэн хохирол мөн эсэхийг нотлох баримт байхгүй, нотлох боломжгүй байсан.

Даатгалын гэрээний 7.1.2-т заасны дагуу А- нь даатгал болон даатгалын зүйлтэй холбоотой баримт, материал ба даатгалын тохиолдол бий болсон үед энэхүү гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгагчид үнэн зөв, бүрэн гүйцэд, хууль зүйн дагуу бүрдүүлэн, даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоногийн дотор хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байдаг. Уг үүргээ биелүүлээгүй нь даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болдог.

Гэрээний 12.7.1-д Даатгуулагч эсхүл зөвшөөрөгдсөн этгээд нь даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан бол даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах-аар заасан. Мөн тус гэрээний 12.7.4-т Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй хэмээн заасан. Ийнхүү даатгагч Б даатгал ХК нь гэрээгээр харилцан тохиролцсон заалтыг үндэслэн зохих ёсоор даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 236 дугаар зүйлийн 232.6, 431 дугаар зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б даатгал ХК-аас 640,772 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,964 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б даатгал ХХК-аас 19,873 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй. Шүүхийн шийдвэрт хариуцагчийн даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.7.4-т заасан "Даатгалын тохиолдол бий болсныг нотлох боломжгүй, эсхүл даатгуулагч даатгагчид мэдэгдэлгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсний улмаас хохирлын бодит үнэлгээг тогтоох боломжгүй болсон" гэх үндэслэлээр татгалзсан тайлбар нь шуурхай ажилтны өргөдлийн маягт, даатгалын тохиолдлын газар дээр авсан зураг, нөхөн төлбөрийн хуудас зэрэг баримтууд, талуудын тайлбар зэргээр үгүйсгэгдсэн гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхээс хариуцагчийн татгалзлыг дээр дурдсаны дагуу үндэслэлгүй хэмээн дүгнэсэн атлаа хариуцагчаас татгалзлаа нотлохоор шүүхэд гаргасан нотлох баримт, тайлбарыг ямар шалтгааны улмаас үндэслэлгүй гэж үзэж байгаа талаар дүгнэж, үнэлээгүй.

4.2 Нэхэмжлэгч А-гийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр даатгалын зүйл болох тээврийн хэрэгслийг зогсоолд тавьсан байх үед өөр тээврийн хэрэгсэл шүргэсэн байсан гэх дуудлагын дагуу шуурхай албаны ажилтан Э.Энхтөр тохиолдол болсон гэх газарт очиж үзлэг хийсэн. Үзлэг хийх үед даатгалын зүйлд учирсан хохирол нь зогсоол дээр байх үед өөр тээврийн хэрэгсэл шүргэхэд үүсэх хохирол биш байсан тул манай компанийн зүгээс даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.7.1 дэх хэсэгт "Даатгуулагч эсхүл зөвшөөрөгдсөн этгээд нь даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан", 12.7.4 дэх хэсэгт "Даатгалын тохиолдлыг нотлох боломжгүй тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэж тус тус заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Тус татгалзлаа нотлохоор дуудлага өгсөн С.Сугардалай болон шуурхай албаны ажилтны гарын үсэг зурж баталгаажуулсан "Даатгалын тохиолдлын газар дээрх үзлэг хийгдэх үеийн тэмдэглэл", С.Сугардалайн бөглөж, гарын үсэг зурсан Нөхөн төлбөрийн хуудас"-ыг манай компанийн зүгээс хэрэгт гаргаж өгсөн. Мөн тохиолдол болсон гэх газарт очиж үзлэг хийсэн ажилтан болох Э.Энхтөрийг гэрчээр асуулгасан.

4.3 Дээрх баримтуудаас харвал С.Сугардалай нь анх манай компанид өөр тээврийн хэрэгсэлд шүргүүлсэн гэж дуудлага өгсөн, мөн шуурхай албаны ажилтан очиж үзлэг хийхэд тус хохирол нь өөр тээврийн хэрэгсэлд шүргүүлснээс учирсан хохирол байх боломжгүй байсан, энэ талаар шуурхай албаны ажилтан "Даатгалын тохиолдлын газар дээрх үзлэг хийгдэх үеийн тэмдэглэл"-д бичиж, С.Сугардалайгаар гарын үсэг зуруулан баталгаажуулсан нь нотлогдоно. Гэтэл анхан шатны шүүхээс дээр дурдсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлж, үгүйсгэж байгаа үндэслэлээ шийдвэртээ дурдаагүй байгаа нь тус шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гэдэгт эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг болон 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийг зөрчсөн байна.

4.4 Анхан шатны шүүхээс даатгалын гэрээний дараахь ач холбогдол бүхий заалтуудыг хэрэглээгүй байна. Тодруулбал, Даатгуулагч нь автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд заасны дагуу "Ган жолоо" багцаар даатгуулсан байх бөгөөд даатгалын баталгаанд заасны дагуу тус багцаар даатгуулсан тохиолдолд хохирол үнэлгээний зардлыг даатгагч нь олгохгүй. Гэтэл шүүхээс хохирол үнэлгээний зардал болох 30,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Даатгалын баталгаа, даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагыг гэрээний 12.1.28-т зааснаар 10 хувь байхаар талууд тохиролцсон. Өөрөөр хэлбэл даатгалын тохиолдол гарч хохирол учрахад учирсан хохирлын 10 хувийг даатгуулагч өөрөө хариуцахаа гэрээнд заасан. Харин шүүхээс тус заалтыг харгалзаж үзэлгүйгээр хохирлыг 100 хувь гаргуулж шийдвэрлэсэн. Ийнхүү анхан шатны шүүхээс даатгалын гэрээний ач холбогдолтой заалтуудыг хэрэглэлгүйгээр шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Автомашинд даатгалын тохиолдол учирсныг үнэн зөв мэдүүлсэн. Хариуцагч тал шүүхэд хэд хэдэн удаа худал мэдүүлэг өгсөн. Жишээлбэл, нөхөн төлбөрийн маягт дээр надад танилцуулахгүй, өөрсдөө нэмж бичвэр үйлдэж бичиж, шүүхэд өгсөн. Уг үйл баримтыг анхан шатны шүүхэд гэрч мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Хариуцагч үүргээ зөрчсөн тул хохирол үнэлгээг хариуцах ёстой бөгөөд гэрээний дагуу учирсан хохирлыг төлөх ёстой.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөр 493,200 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн алдангид 103,572 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох хохирлын хэмжээ тогтоохтой холбоотой зардал 30,000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 17,000 төгрөг, нийт 643,772 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, даатгалын тохиолдол бий болоогүй гэж маргасан.

 

3. А- болон Б даатгал ХК-ийн хооронд 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр даатгалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр даатгагч Б даатгал ХК нь А-гийн өмчлөлийн, 32-** УАН улсын дугаартай Тоёото Приус 40 маркийн тээврийн хэрэгсэлд гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч 1 жилийн хугацааны даатгалын хураамжид 229,200 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

4. Нэхэмжлэгч А- нь сайн дурын даатгал болох авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр өөрийн өмчлөлийн, 32-** УАН улсын дугаартай Тоёото Приус 40 маркийн тээврийн хэрэгслийг Ган жолоо багцад даатгуулсан, уг багцад а/ хөдөлгөөний үеийн осол, б/ байгалийн эрсдэлүүд, в/ жолоо шилжүүлэх эрсдэл, г/ хөдөлгөөний бус үеийн осол зэрэг эрсдэлүүд багтсан байна.

Мөн зохигчийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээгээр тээврийн хэрэгслийг хөдөлгөөний бус үед мөргүүлсэн, шүргүүлсэн, элдэв биетэд цохиулсан бол даатгалын тохиолдолд тооцохоор тохиролцсон.

 

4.1 Даатгалын зүйл болох 32-** УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүрэг, Арслантай гүүрний зүүн урд талын зогсоолд байрлаж байх үед жолоочийн эсрэг талын 2 хаалга, хормой зэрэг нь сэвтэж, хохирол учирсан тухай үйл баримт болон автомашины хохирлын үнэлгээ, талуудын хооронд хийгдсэн авто тээврийн хэрэгслийн даатгалын баталгааны хавсралт гэрээний нөхцөлийн талаар талууд маргаагүй.

 

4.2 Хариуцагч нь нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг өөр тээврийн хэрэгсэл шүргэхэд үүсэх хохирол биш гэж үзэн даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.7.1 дэх хэсэгт "Даатгуулагч эсхүл зөвшөөрөгдсөн этгээд нь даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан", 12.7.4 дэх хэсэгт "Даатгалын тохиолдлыг нотлох боломжгүй" гэж заасныг үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

 

4.3 Хариуцагч даатгалын тохиолдол бий болоогүй гэх тайлбараа нотлохоор 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн даатгалын тохиолдлын газар дээрх үзлэг хийгдэх үеийн тэмдэглэл, нөхөн төлбөрийн хуудсыг нотлох баримтаар гарган өгч, гэрчээр шуурхай албаны ажилтан Э.Энхтөрийг асуулгасан байна.

2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн даатгалын тохиолдлын газар дээрх үзлэг хийгдэх үеийн тэмдэглэлд автомашинд үүссэн тухайн хохирол нь хатуу үзүүртэй зүйл шүргэхэд үүснэ, автомашин шүргэхэд тухайн хохирол үүсэхгүй гэх агуулгаар тодорхойлсон боловч тэмдэглэл үйлдсэн ажилтан Э.Энхтөр нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө дээрх тэмдэглэлийг хожим нэмж засварласан гэсэн, мөн нэхэмжлэгч тэмдэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд нэг талын буюу хариуцагчийн үйлдсэн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй болно.

Иймд дээрх баримтуудыг анхан шатны шүүх үнэлээгүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

5. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсныг гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсон, хариуцагчийн тайлбар нотлогдоогүй байдлыг харгалзан нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ гэрээний бусад нөхцөлийг харгалзаагүй, хууль хэрэглээний болон техникийн шинжтэй алдаа гаргасныг дараахь байдлаар залруулна.

 

5.1 Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Мастер үнэлгээ ХХК-аар үнэлүүлэхэд шууд зардлыг 237,900 төгрөгөөр, шууд бус зардлыг 201,300 төгрөгөөр, нийт 439,200 төгрөг гэж тодорхойлсон. Уг хохирлын хэмжээ тогтоосон үнэлгээнд үндэслэн нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөрийг тодорхойлохдоо 493,200 төгрөг гэж алдаатай тусгасан байдлыг анхан шатны шүүх анхаараагүй байгааг залруулж, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг 439,200 төгрөгөөр тооцно.

 

5.2 Анхан шатны шүүх даатгагчийн гэрээнд заасан нөхөн төлбөр олгох үүргээ зөрчсөнөөс үүдсэн хохирол гаргуулах шаардлагыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хянахдаа зохигчийн байгуулсан гэрээний нөхцөлийг харгалзан үзээгүй байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн даатгалын гэрээний 12.1.28-д Өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ ӨХХХ гэж, Автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаа хэсэгт ӨХХХ-10 хувь гэж тодорхойлсон байх тул тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнийн дүнгээс 10 хувь болох 43,920 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрөөс хасах нь зүйтэй.

 

5.3. Гэрээний 9.1 дэх хэсэгт алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэх тул төлбөрийг хугацаанд нь олгоогүйтэй холбоотой 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх 42 хоногоор алданги тооцоход 92,232 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Алдангийг гаргуулахаар шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийг 236 гэж алдаатай бичсэнийг техникийн алдаанд тооцож залруулна.

 

5.4. Даатгалын нэмэлт үйлчилгээ болон зардлууд гэсэн хэсэгт Ган жолоо багцад даатгуулсан даатгуулагчид хохирлын үнэлгээний зардлыг олгохгүй гэж тохиролцсон тул нэхэмжлэгч нь хохирлын хэмжээ тогтоохтой холбоотой гарсан зардал 30,000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзнэ.

Мөн нотариатын үйлчилгээний хөлс 14,000 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт гомдол гаргаагүй байна.

 

5.5. Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасан зохицуулалт даатгалын гэрээний шаардах эрхийг тодорхойлохгүй тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас уг зохицуулалтыг хасах нь зүйтэй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, даатгалын нөхөн төлбөр 395,280 /439,200-43,920/ төгрөг, алданги 92,232 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 14,000 төгрөг, нийт 501,512 төгрөгийг хариуцагч Б даатгал ХК-аас гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 142,260 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, зохих хууль хэрэглээний өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/02070 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 гэснийг хасч, 236 гэснийг 232 гэж, 640,772 төгрөг гэснийг 501,512 төгрөг гэж, 3,000 төгрөгт гэснийг 142,260 төгрөгт гэж тус тус өөрчилж,

2 дахь заалтын 19,873 төгрөгийг гэснийг 15,695 төгрөгийг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,880 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ