| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1276/Э |
| Дугаар | 1337 |
| Огноо | 2018-09-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 1337
2018 09 25 2018/ШЦТ/1337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч М.Эрдэнэзаяа,
Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Шүүгдэгч Ө.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Тд холбогдох эрүүгийн 1806059281585 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Т нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 17 дугаар гудамжны 1302 тоотод иргэн Н.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Ө.Т нь хохирогч Н.Бгийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл урчруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь-эхийн 17 дугаар гудамж 1302 тоотод өөрийн ах Н.Агийн хамт гэр лүү нь орох гэтэл эхнэр Т нь оруулахгүй хэл амаар доромжилж зайл гэж хөөж улмаар миний гар хөлрүү цохисон. Би утсаараа бичлэг хийж байхад миний iphone-5 маркийн гар утсыг булаан авч гартаа барьсан хогийн шүүрээрээ миний гарлуу цохиж, намайг түлхэж унагаасан. Миний утсыг араас шидсэн. Ах Н.А байсан болохоор Тг барьж авч болиулсан. Ах Н.Аг эхнэр Т нь гэрлүүгээ цохиж нудраад чирж орж хаалгаа түгжээд хаалга онгойлгохгүй чанга орилоод ахыг маань алгадаж цохиод байсан. Би тэр үед цагдаа руу яриад цагдаа ирж байна гэж орилоход хаалгаа тайлсан. Т нь манай ахад хандаж наад баас, гичий, янханаа зайлуул гэж намайг доромжилсон. Надад хандаж "чи зодуулаад зогсож байхаар" зайлаач гэсэн. Миний гар хөндүүр толгой, нуруу өвдөөд байгаа би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би тэр хүнийг цохиж зодоогүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 14 хуудас/,
Гэрч Н.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь-эхийн 17 дугаар гудамж 1302 гэртээ дүү Н.Бгийн хамт очиж өөрийн хувцас, машинаа авах гэхэд хувцасаа ав машин өгч чадахгүй гээд машины түлхүүр өгөхгүй байхаар нь дүү Н.Б эхнэр Ө.Ттай хэрэлдсэн. Намайг гэртээ ор явуулахгүй гэж хэлээд гэрлүү чирээд оруулсан. Н.Бг гэрлүү орох гэтэл оруулахгүй цааш нь түлхээд байсан. Би дүүгээ за за чи одоо явж бай гэж хэлэхэд Н.Б нь би гадаа байж байя гэж хэлээд машинд сууж байтал эхнэр Ө.Т нь зөрөөд гүйгээд явсан. Миний утасруу залгаад наад дүүгээ манайхаас зайлуул. Тэгвэл би чиний машины түлхүүрийг өгнө гэхээр нь би дүү Н.Бг явуулсан. Н.Б нь эхнэр Ө.Ттай маргалдаад нэгнийгээ хэл амаар доромжилсон. Эхнэр Ө.Т нь манай дүү Н.Бг гэрээс түлхэж гаргаад байсан. Ямар нэг зүйлээр цохиогүй, хоорондоо зодолдоогүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16 хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8712 дугаартай:
Н.Бгийн биед тархи доргилт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь 2018 оны 07 сарын 13-ны өдөр үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 20 хуудас/
-цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 4/,
-шүүгдэгч М.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 24/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/,
-бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25/,
Шүүгдэгч Ө.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 07 сарын 11-нд манай нөхөр А намайг зодоод би нөхрийг цагдаад өгсөн чинь А дүү Бгээр батлан даалтанд авахуулах гэж дуудахдаа гэрээр дайраад машин аваад ир гэсэн гэхээр нь би машиныг нь өгөхгүй гэж хэлсэн. Ачилгийн машин дуудаж авч явна гэхээр нь би машиныг өгөхгүй гэж хэлхэд чи хүний хөрөнгийг өгдөггүй хэн юм гэж хэлээд маргаан эхэлсэн. Тэгээд би Бд чи Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж ахыгаа ахиж надад гар хүрэхгүй гэдэг баталгаан дээр гарын үсэг зур. Тэгээд дахиж манайд битгий ирээрэй. Энд чиний хэрэг байхгүй гэж хэлсэн. Тэгээд би Ад чи дүүгээ дуудаж батлан даалтанд авахуулаад, дүүгээ цааш нь гэррүү нь явуулаад чи өөрөө ирж машинаа ав гэж утсаар хэлчээд гэрийн довжоог хогийн шүүрээр шүүрдэж байхад А, Б 2 хоорондоо утсаар ярисан бололтой 19:00 цагийн орчим хамт ирэхээр нь "чи яагаад дүүгээ гэррүү нь явуулаагүй юм бэ, би чамд утсаар хэлсэн шүү дээ” гэж хэлээд нөхрийгөо татаж гэртээ оруулаад хаалга хаах гэтэл Б манай гэрт орох гээд хаалганаас татсан. Энэ үед Бгийн биед гэмтэл учирж тархи нь хөдөлсөн байх гэж бодож байна. Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 27 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргээс Ө.Тгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 26-28/, хохирогч Н.Бгийн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ө.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Ө.Тгийн иргэн Н.Бгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ө.Т нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Өын Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ