Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00034

 

 

Б.Н ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02755 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Н ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч З СӨХ холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгаж, З СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч А.Содхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие З СӨХ-ны хурлыг 2019 оны 02 дугаар сард зарлаж, нийт оршин суугчдын хурлаар З СӨХ-г үүсгэн байгуулахад голлон оролцсон. З СӨХ-ны Удирдах зөвлөлөөс намайг гүйцэтгэх захирлаар томилсон. Улмаар 2019 оны 04 дүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Намайг ар гэрийн гачигдлаар хөдөө яваад эргэж ирэх үед буюу 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ажилдаа буцаж орох гэхэд СӨХ-ны үйл ажиллагаа явуулж байсан харуулын байр цоожтой, СӨХ-ны өмч хөрөнгө харж хандах эзэнгүй, СӨХ-ны дансны зарлагын дансны гүйлгээг зогсоосон тул үйл ажиллагааг хэвийн явуулах ямар ч боломжгүй болсон.

Удирдах зөвлөлийн дарга А.М ад тэр даруйд хэлэхэд таныг ажлаас чинь халсан, одоо шууд СӨХ-ны гэрчилгээ, тамгыг өг гэсэн. Өнөөдрийг хүртэл З СӨХ-ны Удирдах зөвлөлөөс намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгөөгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж, З СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: З СӨХ-ны гэрчилгээнд 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хурлын шийдвэрээр Б.Н ыг гүйцэтгэх захиралын ажлаас чөлөөлж, Г.Н ыг томилсон тухай нэмэлт өөрчлөлт оруулсан тул Г.Н нь албан ёсны удирдлага юм. Б.Н ыг гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа маш хангалтгүй ажилласан ба мөнгө дутсан асуудлыг СӨХ-ны хяналтын зөвлөлөөс хянаж 3,195,140 төгрөгийн акт тогтоосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Н ыг З СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, 2019.04.03-ны өдрөөс 2019.07.07-ны өдөр хүртэл хугацааны цалин 1,012,044 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,987,956 төгрөгийг, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагчаас 28,839 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т заасан эрхийн хүрээнд 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 03 тоот тогтоолоор нэхэмжлэгч Б.Н ыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн. Шүүх үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. СӨХ-ны удирдах зөвлөлөөс Б.Н тай хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгээгүй. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлд заасан гомдол гаргах хугацааг зөрчсөн гэх үндэслэлээр ажиллаж байх хугацааны цалин гаргуулах, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байдлаар ажилд эгүүлэн томилох шаардлагыг хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй гэж зөрүүтэй дүгнэж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Тогтоолыг бүрэн эрхийн хүрээнд гаргасан гэж тайлбарладаг. Гэтэл тогтоолд хууль зүйн үндэслэл байхгүй. Тогтоолд дурдсан ажлаас чөлөөлөх үндэслэлүүд нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Шүүх хариуцагчаас Б.Н гүйцэтгэх захирлаар ажилласан уу гэж асуухад ажилласан, ажилласан хугацааны цалин өгөх үү гэж асуухад өгч болно гэж хариулсан. Цалин тохироогүй байсан учир тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой мөнгөн дүнг тодорхойлсон. Шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан 2 тусдаа ойлголтыг хариуцагчийн өмгөөлөгч өөр байдлаар тайлбарлаж байна. Иймд давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч З СӨХ-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж, З СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тал бүрээс нь бодитойоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

4. З СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор Б.Н ыг тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилж, 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 3 дугаартай тогтоолоор түүнийг гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлжээ. Улмаар 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр З СӨХ-ны Удирдах зөвлөлийн 4 дугаартай тогтоолоор тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Г.Н ыг томилсон байна. /1хх 13, 14/

5. Нэхэмжлэгч Г.Ныг хариуцагч З СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаартай тогтоолыг хариуцагч нь нэхэмжлэгчид гардуулаагүй, нэхэмжлэгч тус тушаалыг одоог хүртэл гардаж аваагүй гэх тайлбарыг шүүхэд гаргасан. /1хх 29, 2хх 10/

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ2019 оны 07 дугаар сарын 11-ны өдөр ажилдаа ирэхэд СӨХ-ны үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй ... Удирдах зөвлөлийн дарга А.М ад тэр даруй хэлэхэд таныг ажлаас чинь халсан, СӨХ-ны гэрчилгээ, тамгыг өг... гэж хэл амаар доромжилсон гэжээ. Мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгэх боломж олгоогүй зэрэг асуудлаар нэхэмжлэгч нь эрх бүхий этгээд, мэргэжлийн байгууллагад гомдол гаргаж байсан нь дараах үйл баримтаар тогтоогдож байна.

6.1. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр З СӨХ-ны гүйцэтгэх удирдлагын маргаантай асуудлын үр дагаврын талаар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргажээ. Гомдлын агуулгад Г.Н нь СӨХ-ны гүйцэтгэх удирдлагын эрх мэдлийг хууль бусаар хэрэгжүүлж, хүчээр булааж авсны улмаас СӨХ-ны болон иргэдийн эд хөрөнгө алдагдсан, хохирол учирсан байж болзошгүй асуудлыг шалгуулахыг хүссэн. /1хх 83/

6.2. З СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга А.М ын хууль зөрчсөн үйл ажиллагаа болон СӨХ-ны гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээнд халдаж гүйцэтгэх захирал Г.Ныг хууль бусаар ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрээ гардуулж, танилцуулаагүй тухай гомдлыг нэхэмжлэгч Г.Наас тус СӨХ-ны Удирдах зөвлөлд хандан 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр гаргаж байсан. /2хх 24-27/

6.3. Лифтний гэрчилгээ хүлээн авсан тухай 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн актаар нэхэмжлэгч Г.Н нь З СӨХ-ны 12 орцны лифтний гэрчилгээг СӨХ-д хүлээлгэн өгсөн, мөн З СӨХ-ны бүх холбогдох бичиг баримтыг Г.Н д хүлээлгэн өгөхөөр 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр тодорхойлолт гаргаж байжээ. /1хх 84, 2хх 4/

6.4. Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч З СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаартай тогтоолоор түүнийг З СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлснийг 2019 оны 07 дугаар сарын 11-ны өдөр мэдсэн Түүнчлэн 2019 оны 07 дугаар сарын 11-ны өдрөөс хойшхи хугацаанд З СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажил үүргийг нэхэмжлэгч гүйцэтгэж байсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, СӨХ-ны гэрчилгээ, тамга, холбогдох бичиг баримтууд, лифтний гэрчилгээ зэргийг нэхэмжлэгчээс СӨХ-нд хүлээлгэн өгсөн, хариуцагч хүлээн авсан талаар зохигчид маргаагүй.

7. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 11-ны өдөр ажлаас халагдсан болохоо мэдсэн, тухайн өдрөөс хойш ажил үүргээ гүйцэтгээгүй тул эрхээ зөрчигдсөнийг энэ өдрөөс эхлэн мэдсэн буюу шийдвэрийг хүлээн авсан гэж дүгнэх юм. Тэрээр энэ өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байсан ба энэ хугацааг хэтрүүлж 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан гомдол гаргах хугацаа хэтрүүлжээ.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Ажилд эгүүлэн тогтоогоогүй тул түүний үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгоно.

8. Ажил олгогч цалин хөлс төлөөгүйтэй холбоотой нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар ажилтан эрх нь зөрчигдсөн үеэс эхлэн 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, тийм байгууллага байхгүй бол шүүхэд гомдлоо гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч Б.Н нь 2019 оны 04 дүгээр сараас эхлэн З СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлснээс ажлаас халагдах хүртэлх 3 сарын цалинг нь олгоогүй бол дээрх хугацаанд эрх бүхий этгээдэд хандан гомдлоо гаргах ба уг эрхээ хэрэгжүүлээгүй байна.

9. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 14,987,956 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хариуцагч З СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан 3 сарын цалин 1,012,044 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой гэж дүгнэлээ.

10. Нэхэмжлэгч нь ажлаас буруу халагдсан асуудлаараа тус СӨХ-ны Удирдах зөвлөл, цагдаагийн газарт өргөдөл гаргаж байсан нь гомдол гаргах хугацааг хүндэтгэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх үндэслэл болохгүй. Тэрээр цалин болон ажлаас буруу халагдсан асуудлаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээ нотлоогүй бөгөөд хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй байна.

11. Нэхэмжлэгчийн хариуцагч З СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүйг давж заалдах шүүхээс залруулж, нэхэмжлэгчийн тогтоол хүчингүй болгуулахаар тодорхойлсон шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэлд хамаарна гэж дүгнэв.

12. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02755 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч З СӨХ-нд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, цалин болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Б.Н ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч З СӨХ-ноос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99,039 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЭНЭБИШ