Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00036

 

Г.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/04269 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.Гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.А , С.А нарт холбогдох

Гэрээний үүрэгт 5,681,000 төгрөг гаргуулах үндсэн, 7,950,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А , хариуцагч Д.А , С.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Д.А , С.А нартай 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 3 жилийн хугацаатай түрээсийн гэрээг байгуулж, уг гэрээгээр Г.Гийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 14/3 тоот хаягт байрлах худалдаа үйлчилгээний төв бүхий барилгын 60 м.кв талбайг 1 сарын 950,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон. Түрээслэгч нар нь 2021 оны 11, 12 дугаар сар, 2022 оны 01, 02 дугаар сарын түрээсийн төлбөр төлөөгүй. Иймд хариуцагч нараас 4 сарын түрээсийн төлбөрт 3,800,000 төгрөгийг, гэрээний 7.1-д заасан алданги 1,881,000 төгрөг, нийт 5,681,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Бидний зүгээс түрээсийн үйл ажиллагаа явуулж байх хугацааны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Түрээсийн төлбөрт 2020 оны 01 дүгээр сараас мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 21,550,000 төгрөг төлсөн. Тооцвол энэ хугацаанд 26 сарын түрээсийг нэг сарын түрээс 950,000 төгрөгөөр тооцвол нийт 24,700,000 төгрөг болох боловч Засгийн газрын шийдвэрээр хатуу хөл хорио тогтоож огт үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл үүссэн тул 24,700,000 төгрөгөөс 3 сарын төлбөрт 2,850,000 төгрөгийг хасч түрээсийн төлбөрт 21,850,000 төгрөг төлөх ёстой. Үндсэн нэхэмжлэлд шаардаж буй төлбөр нь үндэслэлгүй байна. Төлсөн төлбөрийг хөл хориотой байсан үеэс хасч тооцон зөрүү гарган түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулга: Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-т зааснаар болон Иргэний хуулиар түрээслүүлэгч нь хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой нөхцөлөөр түрээслэгчийг хангах үүрэгтэй. Г.Г нь энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас бохирын шугам задарч байнга ус алдсанаас болж бидэнд дараахь хохирол учраад байна. Epson PM820 маркийн хэвлэгч (принтер)-д ус орсноос board толгой шатсан тул 400,000 төгрөгөөр, Epson PMG 4500 А3 маркийн хэвлэгч (принтер)-ийн board болон толгой шатсан тул 900,000 төгрөгөөр худалдан авсан, Epsonpro 7880 маркийн хэвлэгч (принтер)-ийн эх хавтан, чип шатсаныг солиулсан засвар үйлчилгээний үнэд 1,700,000 төгрөг, тавилгууд усанд хөөж бутарсан тул 2,000,000 төгрөгөөр тавилга хийлгэсэн, мөн үндэсний дээл хантааз, малгай, уран сайхны хувцас усанд норж хөгцөрсөн будаг урвасан 1,000,000 төгрөг, ариутгал 3 удаа хийлгэсэн үнэд 300,000 төгрөг, бохир цэвэрлүүлсэн ажлын хөлсөнд 4 удаа 200,000 төгрөг, бохир ус алдсан үед хулгайд самсунг А5 маркийн утас алдсан тул түүний үнэ 950,000 төгрөг, нэхэмжлэлтэй холбоотойгоор ажлын байраа орхиж орлого алдсан, хуульчаас зөвлөгөө авсан болон бичиг баримт бүрдүүлсэн зардал 500,000 төгрөг, нийт 7,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд гаргасан нээхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: Хөл хорьсон саруудад бид 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэдгийг тэд хүлээн зөвшөөрч төлбөрөө хийж ирсэн. Цэвэр ус 6 удаа, бохир ус 4 удаа алдсан гэж худлаа бичсэн байна. Цэвэр ус нэг удаа 2 дугаар давхраас алдсан ба тэрийг 2 давхрын эзэмшигч хариуцах ёстой байсан. Харин ч бид сэтгэл гарган мөнгөн дүнг хасаж тооцох, усанд автсан гэх 2 хэвлэгч (принтер)-ийг хүн дуудаж үзүүлж нэгийг нь засуулж, нөгөө нь усанд автаагүй гэсэн болохоор нь үлдээсэн. Мөн нэг давхрын халаагуур задарч ус алдахад ноцтой хохирол учраагүйг газар дээр нь очсон бид орж үзээд мэдсэн. Амаар болон бичгээр бидэнд мэдэгдээгүй. Зэргэлдээ 9 давхар орон сууцны бохир бөглөрч манайх руу хальсан нь үнэн. Шалаар хальсан бохир тэдэнд ямар ч хохирол учруулаагүй ба манай барилгын шал норж заваарсныг бид хамт цэвэрлэсэн. Бусад засварыг бид цаг алдалгүй хийж ирсэн гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288 дугаар зүйлийн 288.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Д.А , С.А нараас 3,290,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Гт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 105,846 төгрөг, хариуцагч нараас төлсөн 142,150 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Г.Гоос 15,950 төгрөгийг гаргуулж, хариуцагч нарт, хариуцагч Д.А , С.А нараас 75,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6.Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хариуцагч нараас 3,290,000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

6.а. 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт тус тус зааснаар хүчин төгөлдөр бус.

6.б. Бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоосон нийт 92 хоног буюу 3 сарын хугацааны түрээсийн төлбөр 2,850,000 төгрөгийг гэрээний 8.1-т зааснаар төлөх үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 3,290,000 төгрөгийн үнийн дүнг хэрэгсэхгүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7.Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Түрээсийн гэрээний дагуу хөрөнгийг шилжүүлж, үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Д.А , С.А нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 5,681,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хохиролд 7,950,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3. Г.Г, Д.А нар 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслэгч нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 14/3 тоот хаягт байрлах худалдаа үйлчилгээний төв бүхий барилгын 60 м.кв талбайг 1 сарын 950,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцжээ. Түрээсийн гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө бүхэлдээ бус тухайн үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг байх тул талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй юм. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага хангагдсан, хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Иймд гэрээг бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 2021 оны 04 дүгээр сар, 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 01, 02 дугаар сар буюу нийт 4 сарын түрээсийн төлбөрт 3,800,000 /950,000*4 сар/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй тул нэхэмжлэгч уг мөнгөн хөрөнгийн шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

5. Түрээслүүлэгч 2020 оны 11 дүгээр сард 500,000 төгрөг, 12 дугаар сард 450,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлж байсныг түрээслэгч нар зөвшөөрч 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 450,000 төгрөгийг төлөхдөө 2020 оны түрээсийн урьдчилгаа 11 сар карантин 50%, мөн сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг төлөхдөө 2020 оны үлдэгдэл түрээсийн үлдэгдэл 12 сар карантин 50% гэх утгыг заажээ.

Тодруулбал маргаж буй хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагч нар хүлээн зөвшөөрч төлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул гомдолд дурдсан хугацааны түрээсийн төлбөрийн үүргээс чөлөөлөгдөхгүй гэж анхан шатны шүүх дүгнэн Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт заасныг тайлбарлан хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч тал Ковид-19 цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас хөл хорио тогтоосон 92 хоног буюу 3 сарын хугацааны түрээсийн төлбөрт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлгүй байна.

6.Анхан шатны шүүх нэхэмжлэлээс алдангид 1,881,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй. Харин шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож байгаа бол шийдвэрийн тогтоох хэсэгт заах байтал орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасантай нийцэхгүй байгаа алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

7. Хариуцагчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг анхан шатны шүүх 510,000 төгрөгөөр тодорхойлж шийдвэрлэсэн хэсэгт зохигч гомдол гаргаагүй тул шийдвэрийн энэ хэсгийг талуудын зарчмыг үндэслэн хэвээр үлдээв.

8. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг харилцан тооцохдоо алдаатай дүгнэлт хийснийг залруулах нь зүйтэй. Учир нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар харилцан шаардлага бүхий үүргийг тооцох боломжтой юм. (3,800,000-510,000=3,290,000) Гэтэл анхан шатны шүүх процессийн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийн зохицуулалт болох сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх эрх олгосон хэсгийг үндэслэл болгож тайлбарласан нь буруу юм.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/04269 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.А , С.А нараас 3,290,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Гт олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 2,391,000 төгрөгт болон сөрөг нэхэмжлэлээс үлдэх 7,440,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЭНЭБИШ