Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 1352

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

    2018         10          01                                  2018/ШЦТ/1352

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч А.Сайнбаяр,   

Нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Хохирогч В.С,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 1806005750747 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 5 дугаар байрны 34 тоотод хамтран амьдрагч В.Сг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                       /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806005750747 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч В.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Толгойгоо угаах гээд ортол миний шампунь дууссан байхлаар нь Бийн шампуниар толгойгоо угаасан гараад ирчээд арчаад байж байтал миний шампуниар битгий толгойгоо угаагаад бай гээд уурласан тэгээд бид 2 маргалдсан тэгээд би гал тогоо орсон чинь өөдөөс түмпэнтэй ус цацсан тэгээд барьж байсан түмпэнгээрээ толгойн дух хэсэг рүү цохиод авсан тэгэхээр нь би зугтаагаад том өрөөнд орсон чинь /ална шүү пизда минь/ гээд араас орж ирээд орон дээр дараад унагаасан чинь хүүхдүүд уйлаад эхэлсэн. Тэгэхээр нь би түлхээд гарч зугтаагаад хажуу айл болох 28 тоотод орсон гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

 

Гэрч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Иргэн В.С 3 хүүхдийнхээ хамт нөхөртөө зодуулсан гэж ирсэн. Ил харагдах гэмтэл дух нь хавдсан байсан. Духан дээрээ хүйтэн жин тавьж байсан. харахад хүчирхийлэлд өртсөн байсан. Ганцаарчилан ярилцахад нөхөрийнхөө дарамтанд байдаг. Удаан хугацаанд цоожтой хаалганы цаана гэр бүлийн хүчирхийлэлд өртөгдөж байсан нь кейс болон нөхцөл байдлын үнэлгээгээр мэдрэгдэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 146/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 сарын 02-ны өдрийн 836 дугаартай:

В.Сийн биед духанд цус хуралт, зөөлөн эдийнэ няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д  зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 49

 

Шүүгдэгч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Өмнө хамт амьдарч байсан С 2017 оны 12-р сарын 28-ны өдрийн 22 цагийн үед ирээд хүүхдүүдтэй уулзана гэхээр нь гэрт оруулж хоносон. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 09 цаг өнгөрч байхад би боссон. Би 3 хүүхэддээ каш чанаж өгөх гээд гал тогоо руу явах үед С угаалгын өрөөлүү ороод миний шампунаар толгойгоо угаахаар нь чи миний шампунаар угаалаа би одоо гэртээ 3 хүүхэд харж байгаа. Шампунь авч дийлэхгүй гэхэд чи надаас харамлалаа гээд хашгираад эхэлсэн. Би угаалгын өрөөний хаалга хаачаад гал тогооны өрөө рүү орсон. Хүүхдийн каш чанадаг тогоонд ус хийгээд плиткан дээр тавих үед С түмпэн булааж авсан. Надруу чарлаад дайрч байгаад нөгөө өрөөлүү орсон. Би араас нь ороход коридоорт ус асгарсан байхаар нь коридоорт асгарсан усыг арчаад том өрөөлүү орсон. Түмпэн авах гэхэд ардаа бариад С өгөхгүй байсан. Түмпэнгээ аваад эргэхэд намайг аллаа гээд хашгираад гараад гүйсэн. Хаалга онгорхой байхаар нь яасан юм бол гээд араас нь харахад хажуу айлын хаалгыг тогшоод зогсож байсан. Би хаалгаа хааж түгжээд хүүхдүүддээ каш хийж өгсөн. Кашаа хийж өгөөд идүүлээд дуусч байхад цагдаа ирээд надаас юу болсон талаар асуухад нь би болсон явдлыг хэлээд дүүргийн цагдааруу ирсэн. Д гэж байцаагчтай уулзуулсан. Бид хоёр уулзахад Д Саас наад дух чинь яасан юм энэ цохисон юм уу гэж асуухад Сумьяа тийм гэж хариулахад намайг гарч бай гэж хэлээд мэдүүлэг авсан гэх мэдүүлэг /хх-ийн 98-99/

 

-аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 8-9/,

-хамгаалалтын байранд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11/,

-түр хамгаалах байрны хувийн хэргийн хуулбар /хх-ийн 149-168/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Д.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, хорооны тодорхойлолт /хх-ийн 89, 93/

-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/00663 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 100-103/

-0045311 дугаар ХЧАХХТогтоосон актын хуулбар /хх-ийн 104/

-төрөл садангийн тухай лавлагаа /хх-ийн 106-108/ зэргийг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Д.Бийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр болох В.Сгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нь мөрдөгчийн тогтоолыг үндсэлэн хохирогчийн биед үзлэг хийж тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно

 

Шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахаар дуудагдсан А.Мг шүүхэд дуудахад “би гэрчээр байцаалт өгөөгүй учраас шүүх хуралдаанд оролцохгүй. Анх хүлээж авсан хүн би биш, Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс хүлээж аваад хэрэг явдал болсоны дараа шүүх эмнэлэгт үзүүлсний дараа түр хамгаалах байранд ирсэн байдаг учраас хохирогчийн анх ямар байдалтай байсан талаар би хэлж мэдэхгүй” гэсэн хариуг өгөөд ирээгүй байх учир хэргийг хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд шийдвэрлэх боломжтой, шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахаар дуудсан хүн шүүх хуралдаанд ирээгүй нь хэргийг шийдвэрлэхэд саад болох үндэслэлгүй юм.

 

Шүүгдэгч Д.Б нь “В.Сг гомдол гаргаагүй байхад, цагдаагийн байгууллагад би өөрөө эхэлж дуудлага өгч, намайг гомдол гаргаж байхад намайг хохирогчоор биш яллагдагчаар тогтоож байгаа нь буруу,  миний гаргасан гомдолыг шалгаагүй гэж байх ба хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тухайн болсон асуудлын талаар цагдаагийн байгууллагад шүүгдэгч хандсан байх ба энэ нь шүүгдэгч Д.Бийг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоо болохгүй юм.

 

Харин цагдаагийн байгууллагаас дуудлага мэдээллийг хүлээн авч, хохирогч, холбогдогч нараас тайлбар мэдүүлэг авсан байх бөгөөд уг нотлох баримтад үндэслэн хохирогч В.С болон хүүхдүүдийг хамгаалах байранд хүлээлгэн өгч байршуулан, В.Сгийн биед үүссэн гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулан ажилласан нь хууль зөрчсөн үйлдэл бус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар явуулахаар заагдсан ажиллагаатай нийцэж байна.

 

Энэ гэмт хэргийн тухайд гомдол мэдээлэл гаргагч нь хохирогч байх ёстой бус харин тусгай нарийн мэдлэгтэй мэргэжлийн субьектийн дүгнэлтээр биед нь гэмтэл учирсан хүнийг хохирогч байхаар Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан.

Шүүгдэгчийн цагдаа болон прокурорын байгууллагын тодорхой албан хаагч нарт гаргаж байсан гомдол, хүсэлтийг энэ хэрэгтэй хамтатган шалгаж шийдвэрлэсэн байна.

 

Хохирогч В.С нь хохирол нэхэмжлээгүй байх учир шүүгдэгч Д.Бийг гэмт хэргийн учир бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Мөн тэрээр цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Д.Б нь хохирогч В.Сгийн эрх чөлөөнд удаа дараалан халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, бие махбодьд нь гэмтэл учруулж байсан, эдийн засаг, хэрэгцээний зүйл, хувийн байдлаар нь шалтгаалж дарамт учруулж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, бага насны 3 хүүхэдээ асран хамгаалдаг байдлыг харгалзан торгох ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Дын Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ