| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1286/Э |
| Дугаар | 1354 |
| Огноо | 2018-10-01 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 1354
2018 10 01 2018/ШЦТ/1354
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Н.Анхбаяр,
Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Шүүгдэгч З.Г, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Гт холбогдох эрүүгийн 1803005800315 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
З.Г нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Доржийн гудамж Болд хүлэг төвийн хойд талын замд 15-28 УНЯ улсын дугаартай Toyota prius загварын автомашин жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна"....гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Бийг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч З.Г нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Доржийн гудамж Болд хүлэг төвийн хойд талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна"....гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Бийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч М.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 06 сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн нутагт байрлах автомашины засварын газарт өөрийнхөө эзэмшлийн автомашиныг оруулж засуулж байсан юм. Тэгээд орой 20 цагийн орчимд замын хойд талд байдаг машин засварын газарт байдаг хүнд гар утасыг нь өгөхөөр ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо зам хөндлөн гарч явааад машинд мөргүүлсэн. Тухайн орой гадаа гэгээтэй байсан. Зам хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Машины хөдөлгөөн дунд зэрэг байсан. Осол болсон замд явган хүний гарц байгаагүй. Зүүн талд гэрэл дохиотой явган хүний гарц байсан. Би зам хөндлөн гарахдаа баруун гар талаас машин ирж байгааг харсан.Зүүн талын гэрэл дохион дээрээс машинууд дөнгөж хөдлөж байсан. Би зам хөндлөн 3-р эгнээгээр гарах үед 3-р эгнээнд ирж явсан нэг машин зогссон. Тэгэхээр нь би 2-р эгнээ рүү алхаад орох үед миний баруун гар талаас улаан өнгийн Т.Приус-20 маркын автомашин маш их хурдтай орж ирээд яах ийхийн зуургүй миний баруун хажуу талаас мөргөөд шидэгдээд замынхаа 1-р эгнээнд орж унасан. Зүгээр явж байгаад осолд орж биедээ гэмтэл авсан. Одоо гарсан болон цаашид гарах эмчилгээний зардлыг буруутай жолоочоос нэхэмжлэнэ. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү? Явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан миний буруу байгаа боловч уг машины жолооч маш их хурдтай ирээд машиныг зогсоох арга хэмжээ авалгүй намайг мөргөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/
Гэрч П.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 08 дугаар сарын 30-ны орой 20 цагийн үед байхаа би гэртээ ганцаараа жоохон архи уучихсан гарах ажил гараад, хажуу айлын хүү Гийг машин бариад өгөөч гэж гуйгаад машинаа бариулаад Хайлааструу зээ охин Н, Э нарыг авахуулахаар явсан юм. Авах гээд замдаа явж байтал замаар хүн гүйгээд гарч ирж байгаа нь харагдсан. Тэгээд тэр хүнийг мөргөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 53/
Батлан хамгаалахын Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн амбулаторийн 2018 оны 07 сарын 05-ны өдрийн 321 дугаартай:
М.Бт баруун шилбэний тахилзуур ясны дунд хэсгийн далд хугарал, бүсэлхий нурууны 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэж, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан үндэвтэр зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57/
Замын цагдаагийн албаны 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 500 дугаартай:
Тоёота приүс маркийн 15-28 УНЯ дугаартай автомашины жолооч З.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Явган зорчигч М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 “явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 68/
-зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 8-13/
-ЦЕГ-ийн мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 23-28/
-ГССҮТ-ийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 87/
Шүүгдэгч З.Гийн шүүх хуралдаанд өгсөн:
2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Маахурын гэрлэн дохионоос Сансар тал руу явж байгаад осол гарсан. Орой 20 цагийн орчимд би 3 эгнээ замын 1 дүгээр эгнээгээр явж байсан. Хажуу эгнээгээр ачааны машин явж байсан ба тухайн машины урдуур нэг хүн гүйж гарахад нь мөргөөд шууд тормос гишгэсэн. Гэтэл нөгөө хүн замын хажууд унасан. Би буугаад түргэн дуудсан гэх мэдүүлэг зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор З.Гийн иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, жолоочийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 75-85/ хохиролд бэлэн мөнгө /990.000 төгрөг/ хүлээлцсэн тэмдэглэл /хх-ийн 107/ зэргийг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Батлан хамгаалахын Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн амбулаторийн шинжээчийн, Замын цагдаагийн албаны шинжээчийн болон хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч З.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Г нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч З.Гт эрүүгийн хариуцалга хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, энэ төрлийн гэмт хэргийн санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг байдал, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэрэг нөхцөлүүдийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаа тогтоон эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч З.Г нь хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид 990.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан байна. Шүүгдэгч нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй байх учир хохирогчийн өөрт учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Уг гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч М.Бийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан явган зорчигчийн үүрэгийг биелүүлээгүйгээр зөрчиж, авто замын зорчих хэсгийн явган зорчигч зорчин явах ёсгүй газараар зорчин явсан нь нөлөөлсөн байна.
Шүүгдэгч З.Гийн №106527 дугаартай жолоочийн үнэмлэх хэрэгт хураагдаж ирснийг эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй.
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Зын Гийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч З.Г нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Б нь өөрт учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч З.Г, иргэний хариуцагч Б.Мөнхцэрэн нараас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн З.Гийн №1065927 тоот жолооны үнэмлэхийг буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ