Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 1404

 

 

 

 

 

 

 

  2018         10          09                                  2018/ШЦТ/1404                                

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шинжээч В.Балжинням,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Ё.Н, Ц.Б,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч В.Ч, түүний өмгөөлөгч С.Баянмөнх,

иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.О, Б.Өсөхбаатар, тэдний өмгөөлөгч О.Алтангэрэл,

хохирогч, шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч П.Б, Х.Сэргэлэнбат, Д.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Тийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201709000362 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Т нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дархан аймгийн Хонгор сумын 1-р багийн нутаг Улаанбаатар, Дархан чиглэлийн замд Хюндай соната маркийн 87-47 УБЧ маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөний улмаас Г.Бын жолоодож явсан Тоёота пробокс маркийн 99-32 УНЕ дугаартай автомашинтай мөргөлдөж зорчигч Ц.Б, Ё.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Ё.Ш, насанд хүрээгүй С.Х, С.А нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулан, зорчигч С.С, Г.Б, насанд хүрээгүй зорчигч Б.Х нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдсон.              

/яллах дүгнэлтэд бичигдэснээр/

 

                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

шүүгдэгч Г.Т нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, 3 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, 3 хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.Оын мөрдөн байцаалтанд өгсөн:

Талийгаач Б нь миний төрсөн ах байгаа юм. Талийгаач Бийн хүү Х миний зээ дүү. С бид нар олон жилийн сайн найзууд байгаа юм. Тухайн үед 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 99-32 УНЕ улсын дугаартай ах Бын эзэмшлийн пробокс маркын машинаар Х, С, түүний 2 хүүхэдтэй Улаанбаатар хотоос 07 цаг үед Сэлэнгэ аймгийн Хушаат сум Энх-тал гэх газарт тариалангынхаа ажилруу гарсан гэсэн. Осол болсон өдөр болон урд өдөр нь би Б ахтай уулзаж утасаар яриагүй. С, Б, Х гурав гуравуулаа Сын тариалангын компанид сүүлийн 3 жил ажиллаж байна. Улаанбаатар хот орж юмаа янзлуулж засуулчихаад буцаж явсан байх. Тэгээд 2017 оны 06-р сарын 29-ний өдрийн 15 цагийн үед Сын эхнэр надруу залгасан байсан. Тухайн үед би ажилтай байсан учраас утасаа аваагүй. Дарханы цагдаагаас надруу ярьж талийгаачийг осолд орсон талаар хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотоос 16 цагийн үед гарч 19 цагийн үед Дарханд ирсэн. Дарханд ирэхэд талийгаач ocoлд орсоны дараа Дарханы Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж нас барсан байсан. С сэхээн амьдруулах тасагт хэвтэж эмчлүүлж байсан. Талийгаач Б эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байсан. Хамт явсан Х нь талийгаач Бын бага хүү нь байгаа юм. Одоо талийгаачийн эхнэр том хүү 2 нь үлдсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ё.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүү Түмэн-Эрдэнийн 87-47 УБЧ улсын дугаартай машинаар Улаанбаатар хот явах гээд найз Б, мөн 2 хүн аваад Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас өдөр 11 цагийн үед гарсан. Би машины жолоочийн харалдаа арын суудал дээр сууж явсан. Тэгээд Дарханы пост өнгөрөөд явж байтал урдаас цагаан машин урсгал сөрөөд ороод ирсэн. Тэрхэн зууртаа хурдан болж өнгөрсөн. Баруун гар талруугаа дарах гэсэн чинь баруун талд мод бас төмөр зам байсан учраас зүүн гар талруугаа дарсан байх. Тэгээд зүүн талруугаа дарсан чинь нөгөө цагаан машин буцаж өөрийнхөө урсгалруу орох гэж дараад яг урдаас ирээд мөргөлдсөн. Тас няс хийгээд дээгүүр дугараад явсан. Тэгсэн манай машины арын багажин дээр гарчихсан байсан. Тэгээд замын зүүн гар талд мод тулаад зогссон. Би машинаас буугаад замын хажуугаар явсан машин зогсоод цагдаа эмнэлэг дуудаж өгсөн. Нөгөө машинаас хүүхэд уйлах шиг болсон. Яахаа мэдэхгүй учираа олохгүй байж байтал түргэний машин ирээд манай машинаас би, өвгөн, охин, нөгөө машинаас нэг залуу 2 хүүхэд аваад эхний ээлжинд явсан. Тэгэхэд цагдаа онцгой байдлын алба хаагч нар ирчихсэн байсан. Тэгээд би эмнэлэг дээр очиж үзүүлж шинжилгээ өгч анхны тусламж авсан. Надтай хамт эмнэлэгт очсон 2 хүүхдийн аавынх бие их тааруу байсан. 2 хүүхэд нь уйлаад байсан. Тэр 2 хүүхдийн аавыг нь шууд сэхээн амьдруулах тасагруу авч явсан. Намайг түрүүлж машинаас буухад нөгөө машины жолооч нь настай эрэгтэй хүн байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-51/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ё.Шын мөрдөн байцаалтанд өгсөн:

Би 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хөтөл хотоос /Сайхан сум/ 10 цагийн орчим Улаанбаатар хот орох гээд таксинд арын суудал дээр сууж явсан. Тэгээд осол болох үед жоохон зүйрмэглэх маягтай байсан. Дарханы эмнэлэгт ухаан орсон. Миний 3 хавирга хугарсан. Манай машинд жолоочоос гадна надтай нийлээд 4 хүн зорчиж явсан. Миний сууж явсан машин 100 орчим км/цагийн хурдтай явсан байх. Сайн мэдэхгүй байна. 3 сар эмнэлэгт хэвтсэн. Эмчилгээний зардалаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-55/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Бын мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төвөөс найз Түмэн-Эрдэнийн 87-47 УБЧ улсын дугаартай Соната-7 маркийн автомашинаар түүний ээж Н, бас нэг өвгөн, охины хамт дөрөвүүлээ Улаанбаатар явахаар гарсан. Тэгээд Сайхан сумаас гараад Дарханы постоор гараад явж байтал жижиг цагаан өнгийн машин урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгэхэд нь манай найз Т урдаас ирж байгаа машинаас зайлсхийх гээд зүүн гар талруугаа дараад нөгөө урсгалд орсон чинь урдаас ирж байгаа нөгөө машин буцаж өөрийнхөө урсгалруу орох гэж дараад мөргөлдчихсөн. Замын зүүн талд 2 машин гарсан байсан. Тэгээд манай машинаас арын суудал дээр сууж явсан Намхайцэцэг бид 2 машинаас буугаад замаар өнгөрч явсан машиныг зогсоогоод цагдаа, эмнэлэг дуудсан. Би жолоочийн хажуу талд урд суудал дээр сууж явсан. Хамгаалах бүсээ зүүсэн байсан учраас хамгаалах бүс ослын үед чангарчихсан, тайлагдахгүй байсаныг хажуу талаас Т тайлж өгөөд би өөрөө машинаас буугаад эмнэлэгт хүргэгдсэн. Миний нурууны сэртэн, нуруу хугарсан. Хагалгаанд орж хадуулсан. Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт 16 хоног хэвтэж эмчлүүлсэн. Би өөрийн хувьд нийт гарсан зардалаа нотириатаар батлуулж бичгээр гаргаж өгсөн байгаа. Би ослын улмаас эрүүл мэнд, санхүугийн хувьд хохирсон учраас буруутай хүнээс 5 сая төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-59/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч В.Чын мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 06 дугаар сарын 29-ний өглөө миний нөхөр С 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Хушаат сум руу ажлаар явах гээд манай компанид нярав, техник хариуцсан ажилтан Б 99-32 УНЕ улсын дугаартай пробокс маркын машинтай 07 цаг 30 минутын үед ирж аваад явсан. Б ах ирэхдээ төрсөн хүү Хтай ирсэн. Замдаа манай нөхөр утсаар яриад Баянчандмань орж байна. Урьхан орж хоол идсэн 2 хүүхэд дажгүй явж байна гээд яриад явж байснаа сүүлд Баруун хараа өнгөрөөд явж байна удахгүй Дархан орно тэгээд ярина гээд 11 цаг 30 минутын үед ярьсан. Тэрнээс хойш утас нь холбогдохгүй байснаа 13 цагийн үед дуудаад авахгүй байсан. 14 цаг 30 минутын үед Дарханы цагдаа осолд орсон талаар хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотоос гараад 18 цаг өнгөрч байхад Дархан-Уул аймагт очиход Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт нөхөр С ухаан нь орж гараад байгаа байдалтай, 2 хүүхэд маань тасагт хэвтэж байсан. Миний нөхөр шөнө нь нас барчихсан. Манай том охин 5 настай Хгийн баруун чөмөг, баруун сүүжний толгой, зүүн шилбэ хугарсан, ар дагз нь цууралттай гэсэн. Одоо 2 хөл дээрээ явж чадахгүй гипсээ авахуулсан ч тэргэнцэр дээр сууж байгаа. Бага хүү 2 настай Анандын толгойн зүүн хэсэгт цууралт, цус хуралттай гэсэн. 2 хүүхэд маань эм тариа эмчилгээ хийлгээд эмчийн хяналтанд байгаа. Охин Хг маань эмч  нарын зөвөлгөөнөөр бүтэн асаргаанд байх ёстой шийдвэр гараад би одоо гэртээ хүүхдээ асраад байж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-66/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Өын мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 06 дугаар сарын 29-ний өглөө дүү Хосбаатар аавтай хамт Сэлэнгэ аймаг руу машинтай явсан. Осол болж нас барсан гэдгийг тэр өдөр нь мэдсэн. Аав дүү 2 нас барснаас хойш ээжийн бие муудаж, сэтгэл санааны их хямралд орсон. Ажил  хийж гэр орноо тэжээж авч явж байсан аав нас барсан учир амьдралын эх үүсвэргүй болсон. Манай ээж бие болоод сэтгэл санааны хувьд их муу байгаа, өөрөө мэдүүлэг өгч чадахгүй учраас энэ хэрэгт намайг хууль ёсны төлөөлөгчөөр оролцохыг зөвшөөрсөн. Оршуулгын зардал хэдэн төгрөг гарсан талаар мэдэхгүй. Аавын төрсөн дүү О ах мэдэж байгаа. Баримтыг нь хэрэгт хавсаргаж өгсөн байх гэж бодож байна. Гомдолтой байна. Гэм буруутай жолоочид хуулийн хариуцалга хүлээлгэж өгнө үү гэх мэдүүлэг /2-р хх-ийн 240-241/

 

Иргэний нэхэмжлэгч С.Тын мөрдөн байцаалтанд өгсөн:

Би Улаанбаатар хот орохоор Саната-7 маркийн автомашины жолоочийн арын суудалд сууж явсан. ...би сэрээд урагшаа замруу харахад нэг цагаан машин гуйвж дайвалзаж явж байгаад урсгал сөрөөд миний сууж явсан машины урдаас ороод ирсэн. Тэгтэл миний сууж явсан машины жолооч зүүн гар тийшээгээ жолоогоо дараад эсрэг урсгал руу орох үед нөгөө урсгал сөрж явсан цагаан өнгийн автомашин буцаад өөрийнхөө эгнээнд орж ирээд өөдөөс нь мөргөлдсөн. Миний хувьд эмчилгээнд мөнгө төгрөг зарцуулаагүй, баримт байхгүй. Миний сууж явсан машин 100 орчим км/цагийн хурдтай явсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /З-р хх-ийн 1-4/

 

Гэрч С.Хийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 06-р сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг Хонгор сумын 1-р багийн нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгт оролцсон. Тухайн үед би Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн тасагт Ахлах зохицуулагчаар ажилаж байсан учраас зам тээврийн осол хэрэг дээр очиж хэргийн газрын үзлэгт оролцсон. Намайг хэргийн газар хүрэлцэн очиход пробокс маркын 99-32 УНЕ улсын дугаартай автомашины жолооч гэх Б гэх хүнийг Онцгой байдлын газрын алба хаагчид осолд орсон автомашинаас гаргахад жолоочийн биеийн байдал хүнд харагдаж байсан учраас тухайн зам тээврийн осол ямар учир шалтгаанаас болж гарсан талаар асууж тодруулах зорилгоор тухайн жолоочоос юу болсон талаар асууж ярьж байгаа зүйлийг нь баталгаажуулж бэхжүүлж авах зорилгоор замын цагдаагийн зохицуулагч дэслэгч П.Үын I phone 6 маркын гар утасаар бичлэг хийсэн. Пробокс маркын 99-32 УНЕ улсын дугаартай автомашины жолооч гэх Б гэх хүнээс ямар ажлаар явж байгаа юм бэ гэхэд ногоо тариаланруугаа явж байгаа юм гэж хариулсан. Та яагаад эсрэг урсгалруугаа орсон юм бэ гэхэд нойрмоглоод эсрэг урсгалруугаа орчихсон гэж хариулж байсан. Бас хаанаас эхэлж нойрмоглосон талаар асуухад Урьханаас эхэлж нойрмоглосон. Жаахан дөхчих гээд гэж хэлсэн. Мөн таниас өөр машин жолоодох хүн байгаагүй юм уу гэхэд байгаагүй гэж хариулсан. Машинд сууж яваа зорчигч нарын талаар асуухад урд сууж байгаа нь миний хүү, ард сууж байгаа нь манай дарга 2 хүүхэдтэйгээ гэж хариулж байсан. Ингэж ярихыг нь гар утасаар бичлэг хийж бэхжүүлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72/

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 491 дугаартай:

С.Тийн биед зүүн нүдний дээд зовхинд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтлийн үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 79/,

 

- Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 743 дугаартай:

Г.Тийн биед бүсэлхийн 4-р нугаламын шахагдсан сэлтэрсэн хугарал, бүсэлхийн 1-3-р нугаламын шахагдсан хугарал, нуруунд мэс засал хийж хадсан хагалгааны дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Г.Тд учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 62/, 

 

- Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 744 дугаартай:

Ц.Бын биед бүсэлхийн 3-р нугаламын шахагдсан сэтэрсэн хугарал, нугас дарагдал, нуруунд мэс засал хийж хадсан хагалгааны дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Ц.Бд учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 85/

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын
25-ны өдрийн 9472 дугаартай:

Е.Нийн биед баруун 4,5,6-р хавирганы хугарал, 7-р хавирганы цууралт, толгойн хуйх, баруун шилбэний шарх, 2 өвдөгний үений цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 89/

 

- Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 53 дугаартай амь хохирогч Б.Хын цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний онош:

1. Үндсэн: зам тээврийн осол. Хавсарсан гэмтэл, Гавал тархины битүү гэмтэл. Зүүн чамархай, суурь ясны хугарал. Зүүн чамархай, зулайн дээд хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт. Зүүн чамархайн булчин дахь цус хуралт. Биеийн ерөнхий доргилт. Уушиг няцрал. 2 бөөрний цус хуралт. Зүүн дунд чөмөгний доод 1/3-ын ил, баруун дунд чөмөгний доод 1/3-ын битүү хугарал. Үүдэн дээд, доод шүднүүдийн хугарал, мултрал. Уруул орчмын шархнууд. Цээж, хэвлий, баруун шилбэ, духны зулгаралтууд. 2. Хүндрэл: Гэмтлийн шок. Цус алдалтын дараах хурц цус багадал.

Талийгаачийн биед дээрх үндсэн оношид бичигдсэн гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь зам тээврийн ослын улмаас гавал тархи, дотор эрхтэний няцрал, олон ясны хугаралаар гэмтлийн шокоор нас баржээ. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй. Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй. Талийгаачийн цусны бүлэг 01 байна гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зурагын үзүүлэлт, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн  93-99/,

 

- Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаартай амь хохирогч С.Сын цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний онош:

1. Үндсэн: зам тээврийн осол. Цээж, гавал тархины битүү гэмтэл. Зүүн талын 1-9, баруун талын 1-10-р хавирганы хугарал, 2 уушигны урагдал. Үнхэлцэг хальсны гадна, өвчүүний дотор хэсэг, өрцний цус хуралт. Гол судас, улаан хоолой дагасан цус хуралт. Өвчүү, зүүн талын хавирганы нийлэх хэсгийн мултрал. Тархины баруун чамархай, зулайн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт. Зүүн хөлийн дунд чөмөгний битүү хугарал. Нуруу, цээж, хэвлий, баруун шилбэ, зүүн гуя, хуйхан доорхи цус хуралт. Нүүр, зүүн өвдөг, баруун шилбэний зулгаралт. 2.Хүндрэл: Гэмтлийн шок.

Талийгаачийн биед дээрх үндсэн оношид бичигдсэн гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь зам тээврийн ослын улмаас цээж гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй. Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй. Талийгаачийн цусны бүлэг 01 байна гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зурагын үзүүлэлт, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 103-108/

 

- Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 54 дугаартай амь хохирогч Г.Бын цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний онош:

1. Үндсэн: зам тээврийн осол. Цээж хэвлийн битүү гэмтэл. Зүүн талын 2-6, баруун талын 2-7-р хавирганы хугарал. Зүүн уушигны авчилт. Элэгний эдийн задарал, язрал. Дэлүү язарал, цус хуралт. 2 уушигны уг дахь цус хуралт. Цээж, хэвлийн хөндийн 1750 мл сул цус. Зүүн гарын шуу, сарвуу, зүүн чихний өмнө хэсгийн шарх. Доод уруул, баруун өвдөг, цээжний өмнө, зүүн гуя, зүүн зулайн хуйхан доорхи цус хуралт. Зүүн өвдөг, шилбэний зулгаралт, 1 шүдний бүрэн мултарал. 2. Хүндрэл: Гэмтлийн шок. Хурц дотуур, гадуур цус алдалт. Цус алдалтын дараах хурц цус багадал.

Талийгаачийн биед дээрх үндсэн оношид бичигдсэн гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь зам тээврийн ослын улмаас цээж хэвлийн битүү гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй. Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй. Талийгаачийн цусны бүлэг 01 байна гэх шинжээчийн дүгнэлт гэрэл зурагын үзүүлэлт, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 112-118/

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11594 дугаартай:

С.Хгийн биед зулай ясны цөмөрсөн хугарал, дагз, чамархай ясны хугарал, баруун дунд чөмөг, баруун шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээнээс шалтгаална гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 121/

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11595 дугаартай:

С.Аын биед зулай, дагз ясны хугарал, хатуу бүрхүүл доорхи цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээнээс шалтгаална гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 125/

 

 - Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 447 дугаартай:

Ё.Шын биед цээжний хөндийд шингэн, 2 хавирганы хугарал, зулай, нуруунд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр шинээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 130/

 

Дархан-Уул аймгийн автотээврийн мэргэшсэн инженер Л.Лгийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 026 дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай:

Тоёота бробокс маркийн 99-32 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр техник оношлогоонд орсон №70954 дугаарын техник хяналтын хуудастай. Техникийн хувьд бүрэн, урд талын тэнхлэгний ажлын тормосны ялтас /наклад/ ашиглалтын хугацаанд элэгдсэн гэмтэлтэй тээврийн хэрэгслээр зам тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Дээрх гэмтэлтэй байсан нь хөдөлгөөний удаашралт, осол гарахад нөлөөлсөн байна гэх дүгнэлт, фото зураг /1-р хх-ийн 162-166/,

 

Дархан-Уул аймгийн автотээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 025 дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай:

Санато-7 маркийн 87-47 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр техник оношлогоонд орсон №44716 дугаарын техник хяналтын хуудастай. Техникийн хувьд бүрэн, урд, хойд талын тэнхлэгийн дугуйн хээ, тэнхлэг тус бүр дээр зөрүүтэй тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Дээрх гэмтэлтэй байсан нь хөдөлгөөний удаашралт, осол гарахад нөлөөлсөн байна гэх дүгнэлт, фото зураг /1-р хх-ийн 169-174/,

 

Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн ерөнхий жижүүр, цагдаагийн дэд хурандаа Л.Зоригоо, техник хяналтын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч В.Б, замын зохион байгуулалтын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Р.Ц нарын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 399 дугаартай:

...Соната-7 маркийн 87-47 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалт "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

Тоёота пробокс маркийн 99-32 УНЕ улсын дугаартай автомашины жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн а/ дахь заалт “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 8.2 дахь заалт "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

Хэргийн газрын үзлэгээр тогтоосон А цэгийг үндэслэлтэй тогтоосон байна. Хэргийн материалд авагдсан ослын газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем, фото зургийн үзүүлэлт, зорчих хэсэгт үлдсэн 2 тээврийн хэрэгслийн 10,8 ба 14,8 м урттай дугуйн мөрүүд, уг мөрний эхлэлүүдээс зорчих хэсгийн баруун зах руу хэмжсэн 2,55 ба 1,1 м хэмжээсүүд, хагарсан, бутарсан эд анги, хэсгүүдийн байрлал, мөргөлдөлтийн улмаас зорчих хэсэгт үүсч, үлдсэн дугуйн хөндлөн, ташуу, нийлмэл шилжилтийн мөрүүд, тээврийн хэрэгслүүдийн мөргөлдөлтийн дараах байрлал, тээврийн хэрэгслүүдийн эвдрэлүүд зэргийг үндэслэхэд Тоёота Пробокс маркийн автомашин урсгал сөрж байрлан явж байгаад өөрийн урсгалд орсон, Хюндай Соната-7 маркийн автомашин зүүн зайлуулан дарах агшинд мөргөлдөлт үүссэн гэх үндэслэлтэй байна. Иймд 2 тээврийн хэрэгслийн жолоочийн тус тусын эсрэг урсгал сөрсөн /цаг хугацааны хувьд дараалалыг харгалзан үзэх/ үйлдэл, аюултай байдал үүсэхэд нөхцөл байдлыг үнэлэн түүнд тохирсон арга хэмжээг хэрхэн авсан хамаарлаас уг зам тээврийн осол хэрэг гарсан гэж үзэхээр байна. Мөргөлдсөн гэх автомашинуудын осол гарах үеийн хурдыг тогтоох боломжгүй. Учир нь автомашин нь хийцийн хувьд нийлмэл бус, нэгэн төрлийн биш материалтай тул мөргөлдөлт, цохилтын улмаас үүссэн шилжилтээр эсрэг чиглэлтэй биетийн хурдыг тогтоох боломж хязгаарлагдмал ба ижил нөхцөл /тухайн үеийн биетийн масс, гадаргуу зэрэг бусад байдал/-д туршилтын аргаар тогтооно гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 184-185/

 

Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн ерөнхий жижүүр д/х Л.Зоригоо, техник хяналтын ахлах мэргэжилтэн х/ч В.Балжинням, замын зохион байгуулалтын ахлах мэргэжилтэн х/ч Р.Цогтоо нарын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 558 дугаартай:

...Хэргийн газрын үзлэг, хэмжилтээс үндэслэхэд жолооч Г.Б нь эсрэг урсгал сөрж яваад 10,8 м-ээс ихгүй зайд өөрийн эгнээ /урсгалдаа/ орсон байх боломжтой байна. ...Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгсэл нь эсрэг урсгал сөрсөн нь Г.Түмэн-Эрдэнийн жолоодож явсан Соната-7 маркийн 87-47 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгөөний саад, аюултай байдал гэж үзэж болно.

Хавтаст хэрэгт авагдсан СД-д бичигдсэн Тоёота пробокс маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.Бын ярианы бичлэг, эсрэг урсгал сөрсөн үйлдлээр уг осол хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байх боломжтой гэж техникийн шинжээчид үзэж байна. Хюндай соната 7 маркийн 87-47 УБЧ улсын дагаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Т нь зам тээврийн ослоос зайлсхийж баруун тийш дарсан тохиолдолд шороон зурвасын өргөн болон замын нөхцөл байдал /таримал мод ургуулсан/ сөргөөр нөлөөлөхөөргүй гэж үзэж байна.

Хэргийн газрын анхны үзлэгээр илэрсэн, зорчих хэсэгт үүссэн тээврийн хэрэгсэлүүдийн мөргөлдөлтийн улмаас дугуйн мөрнүүдийн чиглэл өөрчлөгдсөн, гадаргууд зурагдалт үүссэн, эд зүйл, хэсэг унасан байдлаар тогтоосон А цэг үндэслэлтэй байх боломжтой.

...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд хөдөлгөөнд аюул саад тохиолдоход зөвхөн эгнээ байр өөрчлөхгүйгээр хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах зохицуулалт байх ба жолооны хүрдийг эргүүлж зайлуулах, хажуугаар нь харилцан эсрэг урсгал сөрүүлэн зөрүүлж өнгөрүүлэх арга хэмжээ авах зохицуулалт байхгүй байна. Хюндай соната 7 маркийн 87-47 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орохгүйгээр аюулыг зайлуулах боломжтой эсэх бусад хариултуудад хариулсан ба ийм арга хэмжээ нь тухайн ослын үүссэн нөхцөлд тохирсон арга хэмжээ мөн эсэхэд шинжээчид хариулах боломжгүй.

Хэргийн газрын анхны үзлэгээр тогтоосон 14,8м урттай мөр, тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн гэх А цэгийн байрлал болон жолооч, гэрчүүдийн мэдүүлгээр осол болох эгшинд Соната-7 автомашин эсрэг урсгалд байрлалтай байх нь тодорхой байна гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 60-62/

 

Хохирогч, шүүгдэгч Г.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Би 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг Сайхан сумаас өөрийн эзэмшлийн 87-47 УБЧ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлээр эх Н, найз Б мөн Улаанбаатар хот орох Шийдэр гэх өвөө, Тунгалаг гэдэг охин, ингээд 4 зорчигчтой өдөр 11 цаг 30 минутын үед гараад Улаанбаатар хот орох гээд Дархан хот өнгөрөөд Хонгор сум орох гээд явж байтал урдаас цагаан өнгийн жижиг машин гарч ирээд  эсрэг урсгалаас миний урсгалд ороод ирэхээр нь би тормос гишгээд чөлөөтэй талруугаа зайлсхийгээд дарсан чинь  өөдөөс ирж байгаа машин намайг дагаж дараад бид 2 мөргөлдсөн. Мөргөлдөөд замынхаа зүүн гар талруу гараад зогссон. Тэгээд мөргөлдөөд зогсонгуут манай машинд байсан хүмүүс сэрүүн ухаан алдаагүй байсан. Арын суудал дээр сууж явсан манай ээж Намхайцэцэг машинаас буугаад зам дээр гар өргөж нэг портер машин зогсоосон. Тэр портер машинтай хүмүүс цагдаа эмнэлэг дуудаад байх шиг байсан. Би жолооны ард нуруу маань эвгүй, хамгаалах бүсэндээ  хавчуулагдаад  хөдөлж чадахгүй байсан. Бүсээ  тайлсан  чинь 2 нүд харанхуйлаад юм харахаа больчихсон. Тэгээд нэг мэдсэн цагдаа, эмнэлэг, онцгой байдлын алба хаагч нар ирчихсэн байсан. Миний машинтай мөргөлдсөн машины жолооч болох настай эрэгтэй хүнийг машинаас нь онцгой байдал, цагдаагийн алба хаагч нар буулгаж байхыг харсан. Тэр машинд өөр хүмүүс байсан үгүйг би харж чадаагүй. Тэгээд манай машинд байсан хүмүүсийг эмнэлэгийн машинд суулгаад аваад явсан. Тэгээд би Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиход миний Л4-р нуруу хугарсан байсан. Эмнэлэгт очоод яаралтай тусламж аваад шөнөдөө Улаанбаатар хотруу явж гэмтлийн тасагт хагалгаанд орж 15 хоног эмнэлэгт хэвтээд 2017 оны 07 дугаар сарын 18-нд эмнэлэгээс гарсан. Осол болох үед би 80 орчим км/цагийн хурдтай явж байсан. Тэр урдаас ирж байсан машин нилээн хурдтай ямар нэгэн үйлдэл хийх боломж олгохооргүй хурдтай ирж байсан /1-р хх-ийн 46-47/.

Би урд нь тайлбар болон хохирогчоор мэдүүлэг өгөхдөө болсон осол хэргийн талаар дэлгэрэнгүй өгсөн. Дахин осол хэргийн талаар мэдүүлэг өгөх шаардлага байхгүй. Харин осол болох үед мөргөлдсөн гэх автомашин миний өөдөөс миний урсгалд урсгал сөрөөд нилээд хурдтай гэнэт ороод ирэхээр нь тоормос гишгээд л мөргөлдсөн. Зам дээр 2-3 удаа эргэлдээд нөгөө урсгал руу ороод зогссон. Уг автомашин урсгал сөрж орж ирсэнээс болж энэ осол аваар болсон. Би 2010 онд жолооны курс төгсөж жолооч болсон. Тасралтгүй 5 жил автомашин жолоодож байна. Энэ хугацаанд зам тээврийн осол аваар гаргаж байгаагүй. Надтай мөргөлдсөн автомашин зөрж өнгөрөхийн даваан дээр гэнэт миний урдаас урсгал сөрөөд ороод ирсэн. Энэ үед би тоормос гишгээд л мөргөлдсөн. Дархан-Уул аймгийн цагдаа осол болсон хэргийн газарт утас дээрээ нөгөө автомашины жолоочыг яриулж гар утас дээрээ бичлэг хийх үед манай ээж Ё.Н хажууд нь байсан учир гэрчилнэ. Энэ осол нөгөө автомашины жолоочийн буруугаас болж гарсан гэх мэдүүлэг /3-р хх-ийн 24/

 

- Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1-р багийн нутаг Буурал хангай замын цагдаагийн пост өнгөрөөд Улаанбатаар хотоос 210 км, Дархан сумаас 135 км зайд 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1-р хх-ийн 6-15/

- Г.Бын жолоодож явсан 99-32 УНЕ улсын дугаартай Тоёота пробокс маркийн авто машинд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1-р хх-ийн 16-17/

- Г.Тийн жолоодож явсан 87-47 УБЧ улсын дугаартай Хюндай саната-7 маркийн авто машинд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1-р хх-ийн 18-20/

- 2017 оны 06 дугаар сарын 29-нии өдөр зам тээврийн осол, хэргиин газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 21-22/

-прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1-р хх-ийн 29-33/

-хохирогч Ё.Шын амбулаториор үйлчлүүлэгчийн картын хуулбар, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгийн 4005 дугаартай өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 131-160, 2-р хх-ийн 16-29/

-хохирогч Г.Тийн ГССҮТ-ийн 07229 дугаартай өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 202-216/

-хохирогч Ц.Бын ГССҮТ-ийн 07218 дугаартай өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 217-225/

-амь хохирогч С.Сын Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 4003 дугаартай өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 227- 2-р хх-ийн 1/

-амь хохирогч Г.Бын Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 4006 дугаартай өвчний түүхийн хуулбар /2-р хх-ийн 2-14/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс:

-хохирогч Ё.Нийн хохиролын талаарх баримтын хуулбар /1-р хх-ийн 191-201/

-хохирогч Г.Тийн хохиролын талаарх баримтын хуулбар/1-р хх-ийн 202-216/

-хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Бын нэхэмжилэл, хохиролын тухай баримтын хуулбар /2-р хх-ийн 33-42/

-87-47 УБЧ улсын дугааратй автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зураг /2-р хх-ийн 65-70/

- хохирогч, иргэний нэхэмжлэгч В.Чд учирсан хохиролын талаарх баримт /2-р хх-ийн 77-83, 201-235/

-99-32 УНЕ улсын дугааратй автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зураг /2-р хх-ийн 112-115/

-насанд хүрээгүй хохирогч С.Х, С.А нарын төрсний гэрчилгээний хуулбар, 99-32 УНЕ улсын дугааратй тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 199-200/

-хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.О, Б.Ө нарт учирсан хохиролын талаарх баримт /2-р хх-ийн 244-250/

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 60 дугаартай шүүгчийн захирамж /3-р хх-ийн 28-29/

-Тээврийн прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, барьцааны гэрээний хуулбар /3-р хх-ийн 30-1, 65-70/

-Г.Тийн иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэмлэхийн  хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 87-47 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 72-74, 3-р хх-ийн 71, 76/,

-шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргаж өгсөн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, лавлагаа, мэргэжлийн боловсролын үнэмлэхний хуулбар, сурагчийн хувийн хэргийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуубар, 

шүүгдэгч Г.Т хохирогч Ц.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч В.Ч, Б.Ө, Г.О нарт хохирол төлсөн баримтуудыг шинжлэн судлав.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагчаас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Г.Т нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дархан аймгийн Хонгор сумын 1-р багийн нутаг Улаанбаатар, Дархан чиглэлийн замд Хюндай соната маркийн 87-47 УБЧ маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөний улмаас Г.Бын жолоодож явсан Тоёота пробокс маркийн 99-32 УНЕ дугаартай автомашинтай мөргөлдөж зорчигч Ц.Б, Ё.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Ё.Ш, насанд хүрээгүй С.Х, С.А нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулан, жолооч Г.Б, зорчигч С.С, насанд хүрээгүй зорчигч Б.Х нарын амь насыг хохироосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Г.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Тухайн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гарсан байна. 2002 оны Эрүүгийн хууль хэрэгжиж байх цаг хугацаанд гарсан гэмт хэрэг байх ба 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг байцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан.

2015 онд батлагдсан шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэх нь зүйтэй болно.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөний ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Тийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 түүнээс олон хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч Г.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлсөн, төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Тийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн төрлийн гэмт хэргийн болгоомжгүйгээр үйлдэгддэг байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болох гэмт хэрэг үйлдэгдэхэд хоёр тээврийн хэрэгслийн жолооочийн хэн хэнийх нь буруутай үйлдэл нөлөөлсөн байдал, хохирогч нарт учирсан болон цаашид учрах хохиролыг төлж барагдуулах нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой юм.

 

Харин жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон дариу биелүүлж, хугацааг тооцохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Т нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураан авч ирүүлсэн 1 ширхэг хугархай сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Г.Тийн хамтран өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, Хөтөл 9-р байр, 32 тоотод байрлах орон сууцны зориулалттай хамтран өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохиролыг төлж барагдуулсан учир хүчингүй болгов.

 

Хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Г.Тийн 672659 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Тухайн гэмт хэрэг нь 2 тээврийн хэрэгслийн жолооч нарын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэлийн улмаас үйлдэгдсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Харин тоёота пробокс маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г.Б нь уг зам тээврийн осолын улмаас нас барсан байх тул түүнд холбогдуулж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Гэмт хэрэг болоход амь хохирогч Г.Бын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн а/ дахь заалт “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 8.2 дахь заалт "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн хэтэрхий болгоомжгүй, хахрамжгүй, өөрийн үйлдэлдээ хөнгөмсгөөр найдсан үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөнийг харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Түмэн-Эрдэнийн хариуцах гэм хорын хэмжээг багасгах нь зүйтэй гэж үзэв.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт учирсан хохиролын тал хувийг шүүгдэгч Г.Т төлж барагдуулах нь хууль дээдлэх болон шудрага ёсны зарчимд нийцхээр байна.

 

Хохирогч Ё.Н, иргэний нэхэмжлэгч С.Т нар нь хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүйгээ илэрхийлсэн. Хохирогч Ё.Шийхар нь хохирол нэхэмжилнэ гэх боловч хэрэгт түүнд учирсан хохиролын талаар ямар нэгэн баримт байхгүй болно.

Мөн насанд хүрээгүй хохирогч нарын цаашид эмчилгээ хийлгэх зардалыг нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлүүлэх талаар улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан саналыг шүүх хүлээн авч цаашид уг гэмт хэргийн улмаас үүсэн гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний  нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хохирогч нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй. 

 

Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Чанцалдуламд 11.543.414 төгрөгийн хохирол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О, Б.Ө нарт 8.016.000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Бд 189.947 төгрөгийн хохиролыг шүүгдэгч Г.Т гаргуулан олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.  

Шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Г.Т нь шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохиролыг төлж барагдуулсан байна.

 

Монгол Улсын хэмжээнд гарч байгаа зам тээврийн осол, хэрэг болгон нь нэг ижил байдлаар гардаггүй, үйлдэгддэггүйгээрээ онцлог байдаг.

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үнэлэх байдлаар судлаж, гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, субьектүүдийн оролцоо, учирсан хор уршиг, хохирол гэх зэрэг байдлыг хуульд заасан нөхцөл байдлуудтай харьцуулсаны үндсэн дээр хэргийг шийдвэрлэдэг учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “судалгаа хийж үзэхэд энэ төрлийн бусад шийдвэрлэгдсэн хэрэгт ийм хэмжээний /тодорхой хугацаа зааж/ хорих ял оногдуулсан байна. Шүүх энэ байдлыг харгалзах нь зүйтэй” гэх агуулга бүхий саналыг хүлээн авах боломжгүй.

Хүний амь насыг сэргээх, ямар нэг эд материалаар нөхөж орлуулах боломжгүй бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигаас хамааралтайгаар ял оногдуулах нь уг хохирол, хор уршигийг арилгах нөхцөл байдал болохгүй юм.

Автотээврийн ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт дан ганц нэг замын хөдөлгөөнд оролцогч буруутай байдаггүй бөгөөд хэд хэдэн замын хөдөлгөөнд оролцогчийн буруутай үйлдэлийн улмаас гардаг.

Тухайн зам тээврийн осол гархад шүүгдэгч Г.Т нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн зорчих хурдны дээд хязгаар болох 80 км/цагаас их хурдтай явсан болох нь гэрч  нарын мэдүүлэгээс харагдаж байна. Шүүгдэгч Г.Т нь тухайн нөхцөл байдалд бодитойгоор үнэлэлт өгч оновтой арга хэмжээг авч чадаагүй байна. Зүй нь замын зорчих хэсэгт аюултай байдал үүсэхэд тээврийн хэрэгслийг явж байгаа эгнээ байраа өөрчлөхгүйгээр зогсоох арга хэмжээ авах байсан болно. Зорчих хэсэгт саад бий болоогүй байх ба саад гэж зорчих хэсэг, зам дээр үүссэн ямар нэг байдлаар шилжилт хөдөлгөөнгүйгээр байрлах зүйлийг ойлгоно. Тухайн нөхцөлд аюултай нөхцөл байдал үүссэн гэх шинжээч нарын дүгнэлт үнэн зөв юм. Шүүгдэгч Г.Т нь аюултай байдлын эсрэг зорчих хэсгийн баруун талруу чиглэл өөрчлөн явах, эсхүл зүүн талруу чиглэл өөрчлөн явах зэргээр хөдөлгөөн хийхийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т зааснаар хориглосон. Зам тээврийн осол болоход зам орчны байдал нөлөөлөөгүй байна. 

Хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон А цэг буюу авто машинууд анх мөргөлдсөн цэгийг зөв тогтоосон байх ба энэ нь хэрэгт авагдсан гэрэл зургын үзүүлэлтээс тээврийн хэрэгслүүдийн дугуйн даралтын зорчих хэсэгт үүссэн мөрүүдийн анх огтлолцох хэсгийг тэмдэглэснээр нотлогдож байна. Зорчих хэсэгт үүссэн мөрүүд нь авто машины дугуйн даралтын мөр юм. Шарвалтын мөр нь хос мөр байдаг талаар шинжээч шүүх хуралдаанд тайлбарласан болно.

Амь хохирогч Г.Б нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгсэл байрлан явах журмыг зөрчсөн болох нь хэргийн газрын үзлэг, гэрэл зургаар нотлогдож байна. Тээврийн хэрэгсэл нь зорчих хэсгийн баруун гар талд ойрхон байрлан явах дүрмийн зохицуулалттай. Харин зорчих хэсэгт үүссэн дугуйн даралтын мөрний байдлаас үзэхэд тоёота пробокс маркийн тээврийн хэрэгсэл нь зорчих хэсгийн зүүн гар талаар байрлан явж байгаад баруун талруу шилжилт хийгээд эгнээ байраа эзэлж амжилгүйгээр мөргөлдсөн байна. Энэ нь мөн гэрч нарын мэдүүлэгээр тогтоогдсон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.3, 36.4, 36.5 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Гийн Тийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 түүнээс олон хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Г.Тийг шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Г.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Г.Т нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Тээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хугарч гэмтсэн сидиг хэргийг хадгалах хугцаа дуустал хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч Г.Тийн хамтран өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Тийн 672659 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ