Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 518

 

Ж.А-, Э.Х-, Я.Ө-, Д.Д-  нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ганзориг, шүүгдэгч Ж.А-ийн өмгөөлөгч Г.Сүхээ, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 41 дүгээр магадлалтай, Ж.А-, Я.Ө-, Д.Д- , Э.Х- нарт холбогдох хэргийг шүүгдэгч Ж.А-ийн өмгөөлөгч И.Оюунгэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1990 оны 11 дүгээр сарын 18-нд төрсөн, эрэгтэй, 29 настай, тусгай дунд боловсролтой, барилгын сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, гэмт хэрэг үйлдэх үедээ Өмнөговь аймаг Ноён сумын төвд “**” ХХК-ийн гэрээт ажилтнаар ажилчдын байранд эхнэрийн хамт ажиллаж амьдарч байсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 744 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Б овогт Ж-н А-,

2. Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд 1991 оны 10 дугаар сарын 16-нд өдөр төрсөн, эрэгтэй, 29 настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, гэмт хэрэг үйлдэх үедээ Өмнөговь аймаг Ноён сумын төвд “**” ХХК-нд барилгын туслахаар ажиллаж, ажилчдын байранд амьдарч байсан, ял шийтгэлгүй, Е овогт Д-н Д-,

3. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 09 дүгээр сарын 03-нд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 3, ээж, гэмт хэрэг үйлдэх үедээ Өмнөговь аймаг Ноён сумын төвд “**” ХХК-нд гэрээт ажилтнаар ажиллаж, ажилчдын байранд амьдарч байсан, ял шийтгэлгүй, Х б овогт Я-н Ө-,

4. Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1991 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, 29 настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Өмнөговь аймаг Ноён сумын төвд “**” ХХК-нд гэрээт ажилтнаар ажиллаж, ажилчдын байранд амьдарч байсан, ял шийтгэлгүй, Б овогт Э-н Х-.

Шүүгдэгч Ж.А- нь 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 02 цагийн цагийн орчимд согтуугаар Өмнөговь аймгийн Ноён сумын төвд байрлах “**” ХХК-ийн ажилчдын амрах байранд бусадтай маргалдах явцдаа Л.Г-н нуруун тус газарт нь хутгалж, амь насыг хохироосон,

мөн тус үед шүүгдэгч Э.Х-тай бүлэглэн Я.Ө-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

мөн тус үед шүүгдэгч Д.Д- тэй бүлэглэн Б.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Я.Ө- 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 02 цагийн цагийн орчимд согтуугаар Ж.А-ийн зүүн гар болон толгой хэсэгт модоор цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.А-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бүлэглэн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Я.Ө-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Д- ийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Х-ыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Ж.А-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Я.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Д- д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Х-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.А-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний хэмжээний буюу 15,000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 40 хоног буюу 1 сар 10 хоног хорих хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Ж.А-ийн нийт эдлэх ялыг 9 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Я.Ө-д оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Д.Д- д оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Э.Х-ад оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тус тус төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэжээ. 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ж.А-, Я.Ө-, Д.Д- , Э.Х- нарт холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Ж.А-ийн өмгөөлөгч И.Оюунгэрэл гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүхийн магадлалд “... Ж.А-ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг алсан” гэх хүндрүүлэх шинжтэй ижил агуулгаар буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх, бүлэглэсэн нь мөн зүйл, хэсгийн 2.11-д заасан бүлэглэж гэх шинжүүдийг агуулсан гэж зүйлчилсэн гэхээр байна” гэж тодорхойлжээ.

Мөн давж заалдах шатны шүүх Ж.А-ийн үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэргийн талаар ... Л.Г-н нуруун тус газар хутгалж амь насыг хохироосон гэж үйл баримтыг тогтоосноос өөрөөр талийгаач Л.Ган-Эрдэнийг хутгалснаас ямар гэмтэл учирсан, ... ямар гэмтэл үхлийн шалтгаан болсон зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн арга, сэдэлт зорилго зэрэг нөхцөл байдлыг тогтоож бичээгүй гэжээ.

Талийгаач Л.Г-н биед учирсан гэмтэл болоод ямар гэмтэл нь үхлийн шалтгаан болсон талаар 2019.12.16-ны өдрийн 145 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байгаа. Анхан шатны шүүх 145 дугаартай шинжээчийн дүгнэлтийг дэлгэрэнгүй байдлаар бичиж, шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгосон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх, шийдвэрлэх журамтай. Гэтэл давж заалдах шатны шүүхийн дүгнэлтээс үзэхэд яллах дүгнэлтэд заагаагүй гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүний талаар дүгнэлт хийх ёстой байсан гэж үзсэн байна. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Ж.А- нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хэргийн хүрээнд тогтоогдоогүй. Энэ нь хавтаст хэрэгт цугларсан гэрч, хохирогч нарын бүдүүлгээс тодорхой харагддаг. Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдэхдээ гэмт этгээд хохирогчийг үл тоомсорлох, басамжлах сэтгэл зүйтэй байдаг. Гэтэл тухайн хэргийн тохиолдолд шүүгдэгч нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас уг маргааныг үүсгэсэн байдаг.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ганзориг нь нийт 16,552,504 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилснийг анхан шатны шүүхээс бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Ж.А- анхан шатны шүүх хурал болохоос өмнө 8,270,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн үлдэгдэл 8,282,504 төгрөгийн хохирол төлбөрийг ар гэрийнхний боломж нөхцөлөөс шалтгаалж давж заалдах шатны шүүх хурлаас хойших цаг хугацаанд бүрэн төлж барагдуулсан байгаа. Үүнтэй холбоотой нотлох баримтыг хавсаргасан болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирол төлбөртэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.А-ийн өмгөөлөгч Г.Сүхээ хэлсэн саналдаа “И.Оюунгэрэл өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас хойш үлдэгдэл хохирол амь хохирогчийн гэр бүлд төлөгдсөн байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ж.А-ийн өмгөөлөгч И.Оюунгэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн Ж.А-, Я.Ө-, Д.Д- , Э.Х- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ж.А- нь 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 02 цагийн цагийн орчимд согтуугаар Өмнөговь аймгийн Ноён сумын төвд байрлах “**” ХХК-ийн ажилчдын амрах байранд бусадтай маргалдах явцдаа Л.Г-н нуруун тус газарт нь хутгалж, амь насыг хохироосон,

мөн Э.Х-, Д.Д-  нартай бүлэглэн Я.Ө-, Б.Гантулга нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Я.Ө- нь Ж.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Ж.А-, Я.Ө-, Д.Д- , Э.Х- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ж.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Я.Ө-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Д.Д- , Э.Х- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн үйлдэл, оролцоо, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан шинжтэй үйлдлүүд хийгээгүй, тухайн гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүсч харилцан зодолдсон, улмаар уг зодооноос үүдэлтэй сэдэл, санаа зорилгын хүрээнд бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн Ж.А- нь бусдын амь насыг хохироосон болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцжээ.

Харин давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ хэрүүл маргааны эхлэл, өрнөл, төгсгөл, түүнд оролцсон хүмүүсийн гэм буруугийн шинж, сэдэл, санаа зорилгыг зөв дүгнээгүй, түүнчлэн үйлдэл оролцооны субъектив шинжийг үнэлж чадалгүй, үйл баримтыг цогцоор нь бус хэсэгчлэн дүгнэж, дан ганц үр дагавар, объектив илрэлд тулгуурлан дүгнэлт хийж эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлан шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байна.    

Өөрөөр хэлбэл, үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуульд заасан тодорхой гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхийг дүгнэхийн тулд түүний объектив болон субъектив шинжийг цогцоор хангасан байх хууль ёсны шаардлагыг үл харгалзан, шүүгдэгч нарыг олон нийтийн амгалан байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй төдийгүй хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт болжээ.     

Үүний зэрэгцээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон хэмжээгээр шүүгдэгч Ж.А-ээс гаргуулахаар тогтоосныг тэрээр төлж барагдуулсан байх бөгөөд цаашид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг төлүүлэхээр иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй болно.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.А-ийн өмгөөлөгч Ж.Оюунгэрэлийн “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирол төлбөртэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн үндэслэлээр гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 41 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН