Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 020/2014/0237/З |
Дугаар | 8 |
Огноо | 2016-12-27 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 8
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Л.Батбаатар, шүүгч М.Цэцэгмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г нарыг оролцуулан, тус шүүхийн “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, гудамж, утас:
Хариуцагч Нийслэлийн Газрын албанд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Нэхэмжлэгчийн эзэмшил газраас 102 м.кв газрыг албадан чөлөөлсөн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ч шүүхэд анх 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ:
“...Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрх дуусгавар болох, мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, мөн хуулийн 42 дугаар зүйлд заасан гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах тухай зүйл заалтуудад заасан үндэслэл бий болоогүй, эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад Нийслэлийн өмчийн харилцааны газраас газар чөлөөлөх мэдэгдэл ирүүлсэн.
Компанийн зүгээс дээрх мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар албан бичгээр хариу хүргүүлсэн атал 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас "Э" ХХК-ийн ажилтнуудаар манай эзэмшлийн "Б" зочид буудлын гаднах төмөр хашаа, авто зогсоолын зам талбайг эвдэж сүйтгэн бусдын өмчлөлд халдаж хохирол учрууллаа.
Монгол Улсын Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан “..өмчлөгчийн эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа тул Нийслэлийн өмч харилцааны газрын дээрх үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, үр дагаварыг арилгахыг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тодруулгадаа:
“...Нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн өмчийн харилцааны газрын харилцааны хууль бус үйлдлийг тогтоолгох, үр дагаврыг арилгахыг хариуцагчид даалгах гэж тодорхойлсон ба захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2016-А88 дугаар дүгнэлт гарч уг дүгнэлтээр нэхэмжлэгчийн эзэмшил газраас 102 м.кв хэмжээгээр албадан чөлөөлсөн газар нь чулуун хучилттай авто замтай давхцаж байгаа талаар тогтоогдсон, уг үйл байдлын талаар шүүх хуралдааны явцад зохигчид маргахгүй байгаа тул нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэгчийн эзэмшил газраас 102 м.кв хэмжээгээр албадан чөлөөлсөн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох гэж өөрчилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Нийслэлийн өмч харилцааны газраас 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “Б” зочид буудлын гаднах төмөр хашаа, хашааны бетонон суурь, харуул манааны байр зэргийг эвдэн бусниулаад хүчээр зайлуулсан. Энэ нь Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд хамааралтай эрх бүхий этгээдийн захирамж, шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгчийн эрхэд халдсан. Шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн эзэмшил газартай албадан чөлөөлсөн газар нь 102 м.кв хэмжээгээр давхацсан гэсэн дүгнэлт гарсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Эд хөрөнгөнд халдсан үр дагаврын асуудлыг тусад нь ердийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой тул үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны албадан чөлөөлөх ажиллагаа дуусах үе хүртлээ Газрын тухай хуулийн 42, 57 дугаар зүйлийг зөрчсөн, хууль бус байсан болохыг тогтоолгож өгнө үү.” гэв.
Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа Чингэлтэй дүүргийн дугаар хороо, А гудамжнаас Л гудамж хүртэлх 0,26 км чулуун хучилттай авто замын трасст "Б" ХХК-ын "Б" зочид буудлын эзэмшил газар орсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/814 тоот газар эзэмших эрх олгох тухай захирамж, Нийслэлийн Авто замын газраас 2013 оны 1/2264 тоот албан бичгийн дагуу газар чөлөөлөх мэдэгдлийг 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 08 тоот албан бичиг явуулсан.
Мэдэгдлийн дагуу тус компаниас томилогдсон Т.Б-тэй газар дээр нь нийслэлийн Авто замын газар, гүйцэтгэгч байгууллагын инженерүүдтэй уулзаж ярилцсан бөгөөд тус компанийн зүгээс газар чөлөөлөлтийг шинэ жилийн баяр өнгөртөл түр хойшлуулах хүсэлтээ 2013 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 084 тоот албан бичгээр хандсан ба хүсэлтийг нийслэлийн Авто замын газартай зөвшилцсөний дагуу хүсэлтийг ханган шийдвэрлэсэн.
2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 8/181 тоот албан бичгээр дахин газар чөлөөлж замын ажлыг саадгүй явуулах талаар мэдэгдэж тус компани төлөөлөл болох Б.Г нийслэлийн Авто замын газар, гүйцэтгэгч компанийн инженерүүдтэй газар дээр нь уулзан чөлөөлөх газрын зай хэмжээг тохиролцсон.
Тус компани нь замын трасс чөлөөлж өгөөгүй тул эзэмшил газрын кадастрын зургаар, баталгаажсан хэсгээс сунган барьсан хашаа, манаачийн байрыг 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн өмч газрын харилцааны албанаас өгсөн шаардах хуудасны дагуу албадан чөлөөлж замын ажлыг саадгүй явуулах нөхцөлийг хангасан юм.
Мөн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дахь хэсэгт төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу газрыг албадан чөлөөлсөн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хийгдсэн болно.
Иймд "Б" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Шууд очоод, мэдэгдэл өгөөд, цагдаагийн хүчээр буулгасан зүйл байхгүй. Өмнө уулзаж ярилцаж байсан. 2 удаа чөлөөлөх ажлыг хойшлуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 165 тоот захирамжаар олгосон 5800 м.кв газрын давхцал, талбайн хэмжээн дээр маргасан.
Энэ газар нь кадастрын зураг хийлгээд үзэхэд бодит байдал дээрээ захирамжид зааснаас илүү том хэмжээтэйгээр олгогдсон байсан. Шинжээчийн дүгнэлтээр 5296 м.кв гэдэг нь тогтоогдсон. Хуулийн дагуу хийгдсэн ажиллагаа.
Шинжээчийн дүгнэлтээр анх тооцоолсон 238 м.кв газраар биш 102 м.кв хэмжээгээр нэхэмжлэгчийн эзэмшил газар луу орсон болох нь тогтоогдсон. Энэ дээр хариуцагч тал маргахгүй. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан 102 м.кв газар нь давхцалтай тул харилцан тохиролцоод нөхөн олговор юмуу өөр газар олгох эсэх асуудал нь яригдаад Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлээрээ харилцан тохиролцох ажиллагаа явагдаж байсан. Харин илүү олгогдсон 136 м.кв газрын хувьд 57 дугаар зүйл үйлчилнэ. Нэхэмжлэгч талаас Нийслэлийн авто замын газарт олгосон 814 дугаар захирамжаар манай 102 м.кв газрыг давхцуулаад олгосон гээд байгаа. Өөрийн маргаан бүхий акт байхгүй байна. Зөвхөн эрх зүйн үр дагавар тогтоож өгөөч ээ гээд байгаа. Нэхэмжлэлийн шаардлага 102 м.кв газраар тогтоогдсон. Өөр газар шилжүүлэх боломжтой. Энэ асуудал нээлттэй байгаа.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“Б” ХХК-иас 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Нийслэлийн өмчийн харилцааны газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, үр дагаврыг арилгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдуулан гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс олгосон /итгэмжлэлээр/ бүрэн эрхийн хүрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М “үр дагаврыг арилгахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэгчийн эзэмшил газраас 102 м.кв газрыг албадан чөлөөлсөн захиргааны байгууллагын үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд хариуцагч “... компани нь замын трасс чөлөөлж өгөөгүй тул эзэмшил газрын кадастрын зургаар баталгаажсан хэсгээс сунган барьсан хашаа, манаачийн байрыг ... шаардах хуудасны дагуу албадан чөлөөлж замын ажлыг саадгүй явуулах нөхцөлийг хангасан” гэж тус тус маргаж байна.
Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон шинжээчийн дүгнэлтэд үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь анх Нийслэлийн Засаг даргын 2001 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 165 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, “Ч” төвийн зүүн талд 5800 м.кв газрыг 3 жилийн хугацаагаар ашиглах эрхтэй болсон бөгөөд газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбоотойгоор хүсэлт гарган, 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 164 дүгээр захирамжаар 5870 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болжээ.
2013 онд Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн дугаар хороонд А гудамжнаас Л гудамж хүртэлх 0.26 км байгалийн чулуун хучилттай авто зам барихаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/814 дүгээр захирамжаар Авто замын газарт 0.288 га газрыг эзэмшүүлсэн ба тухайн замын трасст хамрагдсан аж ахуйн нэгжүүдтэй газар чөлөөлөлтийн асуудлаар харилцан тохиролцохоор Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Нийслэлийн авто замын газраас холбогдох ажиллагааг хийж эхэлжээ.
Гэвч Нийслэлийн өмчийн харилцааны газар нь уг авто замын трасст хамрагдсан “Б” ХХК-тай тохиролцоонд хүрч чадаагүй тул Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Э” ХХК-ийн ажилтнуудаар нэхэмжлэгчийн эзэмшлийн “Б” зочид буудлын гаднах төмөр хашаа, авто зогсоолын талбайн газрыг албадан чөлөөлж, замын ажлыг гүйцэтгэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргийнхээ хүрээнд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг шинжээчээр томилж, тодруулах ажиллагаа явуулсны дүнд:
- “Б” ХХК-нд 5870 м.кв газрыг анх олгосон гэх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 164 дүгээр захирамжийн хавсралт кадастрын зураг байхгүй бөгөөд “Б” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 186 дугаар бүхий Чингэлтэй дүүргийн дүгээр хороонд байрлах газар нь Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд анх 2006 онд 5354 м.кв талбайгаар бүртгэгдсэн, 2007 онд уг талбайн хэмжээг 5296 м.кв болгон өөрчлөлт хийгдсэнээс хойш өнөөг хүртэл ямар нэгэн байдлаар өөрчлөлт ороогүй,
- Маргаан бүхий акт гарах үед буюу хариуцагчаас газрыг албадан чөлөөлөх ажиллагааг явуулах үед нэхэмжлэгч “Б” ХХК нь бодит байдал дээр 5312 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж байсан ба,
- Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сан дахь “Б” ХХК-ийн эзэмшлийн 5296 м.кв талбайтай газрын хил хязгаар чулуун хучилттай 0.26 км авто замтай 102 м.кв талбайгаар байршлын хувьд давхцаж байгаа болох нь тус тус Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1/866 дугаар албан бичиг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогчид шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, маргаагүй ба нэхэмжлэгч нь тухайн 102 м.кв газрыг хууль ёсны дагуу эзэмших эрхтэй болохыг хариуцагч тал үгүйсгээгүй болно.
Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно.”, 42.2-т “Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана.”, 42.З-т “Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна.” гэж заажээ.
Энэхүү журмын дагуу хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газар нь нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшлийн 102 м.кв газрыг албадан чөлөөлөхдөө нэхэмжлэгчтэй урьдчилан тохиролцсоны үндсэн дээр эзэмшил газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах асуудлыг шийдвэрлэх ёстой бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах асуудлаар урьдчилан тохиролцох ажиллагааг хийж байсан хэдий ч талууд тохиролцоонд хүрээгүй байхад хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу эзэмшиж буй 102 м.кв газрыг албадан чөлөөлөх ажиллагааг гүйцэтгэсэн нь Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан “харилцан зөвшилцөх”, “ нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах” журмыг зөрчсөн байна.
Хэдийгээр “Б” ХХК нь маргаан бүхий 102 м.кв газрын хууль ёсны эзэмшигч болох нь тогтоогдож байгаа боловч тус компанийн дур мэдэн эзэмшиж байсан 16 м.кв газрыг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4-т заасан үндэслэлээр албадан чөлөөлсөн хариуцагчийн үйлдлийг энэхүү шүүхийн шийдвэрээр буруутгаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газар 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “Б” зочид буудлын урд талын 102 м.кв газрыг албадан чөлөөлсөн үйлдлийг хууль бус болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.3, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг тус тус үндэслэн “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн Газрын албанаас “Б” ХХК-ийн эзэмшил газраас 102 м.кв газрыг албадан чөлөөлсөн захиргааны байгууллагын үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг үндэслэн шинжээчийн зардал 1 532 170 төгрөгийг хариуцагчаас гаргуулж “Г” ХХК-нд олгуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Л.БАТБААТАР
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА