Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0085

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0085

Улаанбаатар хот

 

 

 

 

“Э Э э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0800 дугаар шийдвэртэй, “Э Э э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.П-гийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11ий өдрийн 128/ШШ2018/0800 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э Э э Э” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

                  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.П давж заалдах гомдолдоо: “ ... Хариуцагч нь 2018 оны 05-р сарын 01-ний өдрийн А/113 тоот тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа огт хийгээгүй. Сонсох ажиллагааг хийж, мөн хуулийн 24, 25 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагааг хуульд заасны дагуу хийсэн бол мөн хуулийн 42 дугаар зүйлд заасан сонгох боломжийг /Гязрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-д заасны дагуу Засгийн газар урьдчилсан тохиролцоог харгалзан тухайн газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргана/ хэрэглэх бүрэн боломжтой байсан. Өөрөөр хэлбэл хариуцагч нь бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээгүй, нэхэмжлэгч талыг холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг тогтоох ажиллагаа явуулаагүй, зөрчил гаргасанг огт тогтоогоогүй буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байхгүй байхад маргаан бүхий А/113 тоот актыг гаргасан. Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 7/4116 тоот чиглэл хүргүүлэх, хамтран ажиллах тухай албан бичгийг удирдлага болгосон байдаг. /ХХ-36/ Уг 7/4116 тоот албан бичигт “хууль бусаар олгосон ” газар эзэмших, ашиглах эрх, тусгай зөвшөөрлийг цуцлахыг үүрэг болгосон байсан. Харин нэхэмжлэгч нь холбогдох хууль, журмын дагуу зохих бүрдүүлбэр, шаардлагыг хангасан учир газар ашиглах эрхийг олж авсан.

Гэтэл нэхэмжлэгч талыг хууль бусаар газар ашиглах эрхийг олж авсан гэдгийг хариуцагч болон хууль хяналтын байгууллага шалгаж тогтоогоогүй. Эсэргээрээ нэхэмжлэгч нь хууль бусаар эзэмших, ашиглах эрх олж аваагүй учраас газар ашиглах эрхийн хугацааг хариуцагч тал тогтмол сунгаж байсан.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 оны 2014/23 тоот “Аялал жуулчлалын зорилгоор” газар ашиглах гэрчилгээний дагуу нэхэмжлэгч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11-р зүйлийн 11.7-д “аялагч түр буух зориулалттай орон байр ” заасны дагуу гадаадын болон дотоодын аялагч, судлаач нарт зориулсан “Соёл амралт, аялал жуулчлалын цогцолбор”-ын зориулалттай “Өргөө” зочид буудлыг “Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар” болон “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар”-ын зөвшөөрлөөр буюу батлагдсан эскиз зураг төслийн дагуу барьж эхэлсэн. /ХХ-72/ Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагагуудаас олгосон зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу, холбогдох хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 3 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт хийгдсэн. /Үнэлгээний тайлан хэрэгт авагдсан./ ТХГНиХ-ийн 11

 
  Text Box: т'


 дүгээр зүйлийн 11.7, 12 дугаар зүйлийн 12.5-д заасан аялагч түр буудаллах зориулалтаас өөр зориулалтын барилга бариагүй юм.

 

Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа ТХГНтХ-ийн 40 дүгээр зүйл /горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн/, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл, Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг тус тус удирдлага болгосон байдаг. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс нэхэмжлэгч талд холбогдуулан газар ашиглаж буй явцтай холбоотой зөрчил гаргасан гэх дүгнэлт, акт, торгууль, мэдэгдэл зэрэг албан шаардлага огт ирж байгаагүй. Учир нь нэхэмжлэгч нь дээрх хуулийн заалтуудыг зөрчиж байгаагүй юм. Хууль тогтоомж, журмыг зөрчсөн эсэх тухай мэргэжлийн байгууллагын нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч талаас энэ талаар нотлох баримт гаргаагүй.

Нэхэмжлэгчийн ашиглаж буй газар нь голын эргээс 98 м-н зайд байрлаж байгаа бөгөөд энэ нь дээр дурдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 2 дугаар зүйлийн 2.3.2-д заасны дагуу /50м/ онцгой хамгаалалтын бүсэд хамаарахгүй буюу энгийн хамгаалалтын бүс юм. Энэхүү журмын 2.8 дугаар зүйлийн 2.8.1-2.8.7-д заасан /шатхуун түгээх станц байгуулах, хогийн цэг байрлуулах, мал угаах, хаа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бие засах газар барих, газрын тос ашиглах, мод бут огтлох, цэвэрлэх байгууламжгүй барилга барих/ энгийн хамгаалалтын бүсэд явуулахыг хориглосон 7 төрлийн үйл ажиллагааг нэхэмжлэгч тал явуулж байгаагүй юм. Маргаан бүхий актаар цуцлагдсан нэхэмжлэгчийн газар нь мод бутгүй тул нэхэмжлэгч тал өөрийн санаачилгаар 1000 гаруй мод тарьсан бөгөөд тухайн газрын хогийг цэвэрлэсэн. /Хэрэгт нотлох баримтаар авагдсан газрын үзлэгийн гэрэл зургуудад журмаар хориглосон 7 төрлийн үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь нотлогддог/

Жич: Нэхэмжлэгч манай байгууллага нь өөрийн хөрөнгөөр маргаан бүхий актаар цуцлагдсан газрын бохирдсон хөрсийг хуулж шинэ хөрс тавъж, тухайн газрын бүх хогийг цэвэрлэж, 400 гаруй машинаар тээвэрлэж хогийн цэгт хаясан. Шинэ хөрсөнд 2000 гаруй мод тарьж ургуулсан. Өөрөөр хэлбэл бид байгалийн тогтоц болон орчинг цэвэрлэж анх байснаас сайжруулсан.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхолд /Гязрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 “зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах”, мөн хуулийн 35.1.5 “гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол гэрчилгээний хугацаа дуусахад.... эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах”, ТХГНтХ-ийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх/ халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад маргаан бүхий актыг гаргасан. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэж чадаагүй. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаж чадаагүй. Иймд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12-р сарын 11-ний өдрийн 0800 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх зарим баримтыг буруу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/113 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

            Уг А/113 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6-д заасныг үндэслэн, усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй 24 иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосны дотор нэхэмжлэгч “Э Э э Э” ХХК-ийн Залаатын зүүн богины аманд ашиглаж байсан 1,03 га газар оржээ.

            Хариуцагч нь шүүхээс шаардсаны дагуу маргаан бүхий актыг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулсан эсэх талаарх материалыг ирүүлэхдээ УИХ-ын Байнгын хорооны 2018 оны 7/4111 дүгээр албан бичиг, газар ашиглагч иргэнийг шинэчилсэн бүртгэлд хамрагдахыг мэдэгдсэн зар зэргийг ирүүлж, “Э Э э Э” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох нөхцөл байдал буюу дархан цаазат газрын хамгаалалтын дэглэм горимыг зөрчсөн, усны хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөнтэй холбоотой баримт ирүүлээгүй байна.

Харин шүүх маргаж буй газар дээр нь үзлэг хийсэн байх бөгөөд “зочид буудлын барилга барьсан, Туул голоос 98 м-ийн зайтай байрлаж байгаа, усны энгийн хамгаалалтын бүсэд барилга барьсан, цаашид барилга барихаар төлөвлөж байгаа нь үзлэгийн тэмдэглэл, фото зураг, барилгын эскиз зургаар тогтоогдож байна” гэж, мөн сонсох ажиллагааг явуулаагүй боловч нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй гэж тус тус дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

            Учир нь хариуцагч нь өөрөө маргаан бүхий актын үндэслэлийг нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад шүүх зөвхөн өөрийн хийсэн үзлэгийн тэмдэглэл, барилгын эскиз зургаар дархан цаазат газрын хамгаалалтын горим, усны сан бүхий газрын хамгаалалтын горим зөрчигдсөн гэж үзэхэд эргэлзээтэй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон давж заалдах гомдолдоо “2014 оны 2014/23 тоот газар ашиглах гэрчилгээний дагуу хариуцагч яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын болон холбогдох газруудын зөвшөөрлөөр аялал жуулчлалын зориулалтаар барилгыг 3 тэрбум төгрөгөөр барьсан, хариуцагч тал зөвшөөрөн гэрчилгээг тогтмол сунгаж өгч байсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэн зохих газруудаас зөвшөөрөл авсан, ... холбогдох газартай зөвшилцөн газрын солбицлыг өөрчилж, өөрийн хөрөнгөөр шинэ хөрс тавьж хог цэвэрлэн 2000 гаруй мод тарьсан. ... хууль, журам зөрчөөгүй байхад нэхэмжлэгчийн эрхэд халдсан” гэжээ.

Хэрэгт хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулж, анхнаасаа газар ашиглах эрхийг ямар зориулалт үндэслэлээр олгосон, хэний ямар зөвшөөрлөөр барилга барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэх, хийлгэсэн бол усны хамгаалалтын бүсийн болон тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмийг зөрчигдөх эсэхэд үнэлгээ хийгдсэн эсэх, нэхэмжлэгч нь тодорхой хөрөнгө зарцуулж хийсэн гэх ажиллагааг хэний зөвшөөрлөөр хийсэн, энэ нь газар ашиглах эрхийг дуусгавар болгох шалтгаан мөн эсэхтэй холбоотой баримт ирүүлээгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байна.

Иймд дээр дурдсан хэргийн нөхцөл байдлыг хариуцагч шалган тодруулж, маргаан бүхий актын үндэслэл болох “усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн” эсэхэд дүгнэлт өгч дахин шинэ акт гаргах боломжтой гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл  дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0800  дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтын “... тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “... тушаалын “Э Э э Э” ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э Э э Э” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос гаргуулж, буцаан олгосугай.        

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.БАТБААТАР   

             ШҮҮГЧ                                                                  Э.ЗОРИГТБААТАР   

             ШҮҮГЧ                                                                  С.Мөнхжаргал