Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2017/00532

 

“Олон бумбат” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/01329 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 351 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч “Олонбумбат” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Олд констракшн” ХХК-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 131 809 223 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Олон бумбат’ ХХК болон “Олд констракшн” ХХК-иудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, 2000 ширхэг сапудыг түрээслэсэн бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 16, 17-ны өдөр бүрэн хүлээлгэн өгсөн. Дараа нь буюу 2014 оны 6 дугаар сарын 20-нд дахин түрээсийн гэрээ байгуулж 2000 ширхэг сапудыг түрээслэсэн ба 2014 оны 6 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд бүрэн хүлээлгэж өгсөн. Ийнхүү 2 гэрээгээр нийт 4000 ширхэг сапуд буюу барилга угсралтын ажилд хэрэглэгддэг тулгуур төмрийг “Олд констракшн” ХХК-д өгсөн болно. Сапуд нэг бүрийг нэг өдрийн 100 төгрөгөөр түрээслэсэн бөгөөд сарын нийт төлбөр 6 000 000 төгрөг байхаар гэрээндээ тусгасан.Хариуцагч компани нь дээр дурдсан хоёр гэрээний дагуу эхний сарын төлбөр болох 12 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд сапудыг Зайсан дахь Женерал тауны барилгын ажилдаа хэрэглэх шаардлагатай байна гэсэн хүсэлт гаргасны дагуу түрээсийн төлбөрийг гэрээний 2 дугаар зүйлд заасан үнийн дүнг хэвээр байлгахаар тохиролцож, сунгаж байсан билээ. “Олд констракшн’ ХХК нь хоёр дахь сараас түрээсийн төлбөрийг огт төлөөгүй гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул алдангийн хамт нэхэмжилж байна.“Олд констракшн” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 24-нд 1218 ширхэг, 2014 оны 10 дугаар сарын 25-нд 565 ширхэг, 2014 оны 10 дугаар сарын 31-нд 1178 ширхэг, 2014 оны 12 дугаар сарын 03-нд 143 ширхэг, нийт 3104 ширхэг сапудыг буцаан өгсөн ба 896 ширхэг сапудыг одоог хүртэл ашиглаж, буцаан өгөхгүй байгаа болно. Тиймээс түрээсийн гэрээ-ний 2.1 болон 5.2.2-т заасан нэг сапудыг 30 000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байна. Түрээсийн үлдэгдэл төлбөр 85 237 400 төгрөг, алданги 8 919 733 төгрөг, үлдэгдэл сапудын үнэ 26 880 000 төгрөг, нийт 121 037 133 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Олонбумбат” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэж байгаа ба нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлж байна. Үүнд үлдэгдэл сапудын төлбөр 26 880 000 төгрөг, түрээсийн үлдэгдэл төлбөрт 42 350 000 төгрөг, хохиролд 50 803 200 төгрөг, алданги 11 776 023 төгрөг, нийт 131 809 223 төгрөгийг “Олд констракшн” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Манай компани түрээсийн гэрээний дагуу авч ашигласан сапудаа биет байдлаар хүлээлгэн өгөх, үндсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийг бодит хугацаанд нийцүүлэн төлөх гэсэн эхний тайлбараа тодруулж байна. Сапудыг биет байдлаар өгөх тул түүний үнэ 26 880 000 төгрөгийг төлөхгүй, түрээсийн гэрээний онцлог нь түрээслэгч түрээслүүлэгчид эд зүйлээ буцаан өгөх үүрэг хүлээдэг бөгөөд зөвхөн түүний үр шимд тохирох төлбөрийг төлдөг. Хэдийгээр манай компанитай гэрээт харуул хамгаалалтын хариуцлагагүйгээс 896 ширхэг сапудыг дутаасан боловч Цагдаагийн байгууллагад хандсан дээрх сапуд төмрийг бүгдийг нь тоо ёсоор олж авсан болно. 896 ширхэг сапудыг биет байдлаар буцаан өгөх саналыг анхнаасаа удаа дараа гаргаж байсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байна. Түрээсийн төлбөрт 42 350 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй зөвхөн гэрээний хугацаанд төлбөл зохих төлбөрийн үлдэгдлээ төлөхөд бэлэн энэ талаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбарт тодорхой дурдсан болно.Хохиролд 58 300 200 төгрөгийг мөн л хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч дутагдсан гэх сапудыг ашиглаагүйгээс 58 300 200 төгрөгийн бодит хохирол учирсан талаарх нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг гаргаагүй ба сапудыг түрээслүүлж олох байсан ашгаасаа үлэмж их хохирол гэж тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй. Алдангийг мөн хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/01329 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд хариуцагч “Олд констракшн” ХХК-иас 48 230 011 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Олонбумбат” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 817 140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Олд констракшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 399 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Олонбумбат” ХХК-д олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 15555 дугаартай захирамж нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 351 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/01329 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингээс төлсөн 576 000 төгрөгийг буцаан олгохыг дурджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тохирсон төлбөрийг төлөх, түрээсийн гэрээний хугацаа дууссаны дараагаар түрээсийн зүйлийг буцаан хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээдэг. Хариуцагч нь гэрээний зүйлийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2-т “Эд хөрөнгийг эвдэж, гэмтээхгүй, дутаахгүй ашиглах, хэрвээ эвдэж, гэмтээн дутаавал барьцааны хөрөнгөнөөс хөрөнгийн үнийг төлж түрээслэгчийг хохиролгүй болгоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл талууд гэрээний чөлөөт байдлын хүрээнд “тухайн сапуд төмрийг хүлээлгэн тохирсон хугацаа дууссаны дараагаар өгөөгүй бол 1 сапуд төмрийг 30 000 төгрөгөөр тооцон төлөхөөр талууд тохиролцсон байхад уг нөхцөлд хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөхгүй шийдвэрлэж нэхэмжлэгчийг хохироож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.Гэрээний хугацаа хэтэрсэн үү гэвэл хэтэрсэн, түрээслэгч түрээсийн зүйлийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй, буцаан өгөх хангалттай хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд олон удаа шаардаж байсан ч өгөөгүй, өгөхгүй нь тодорхой болсон учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагчийн итгэжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр сапудаа буцаан өгөх талаар нотлогдоогүй, үндэслэлгүй тайлбар гаргаад түүнийг нь шүүх хүлээн авч шийдвэрлээд байгааг зөвшөөрөхгүй. Зориуд хариуцагчид боломж олгоод байна гэж ойлгож байна. Давж заалдах шатны шүүх “Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.3-т зааснаар урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл байдал бий болгосон эсхүл хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж хохирлоо төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасныг үндэслэж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаагаад байгаа нь үндэслэлгүй байна. Энэхүү заалтад дурдагдаад байгаа шиг хөрөнгийг муутгасан, гэмтээсэн тухай асуудал огт нэхэмжлэлийн шаардлагад байхгүй буюу нэхэмжлэгч талаас яриагүй. Мөн уг зүйлд дурдагдаад байгаа “гэрээг хугацаанаас нь өмнө цуцласан” тухай ч дурдаагүй....Гэрээний хугацаа дуусаад удаан хугацаа өнгөрсөн, мөн “Тооцоо нийлсэн акт”-д “...үлдэгдэл сапуд 896 ширхэг байна, уг төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулна” гэж дурдаж, хариуцагч нь тухайн 896 сапуд төмрийг байхгүй болсныг хүлээн зөвшөөрсөөр байтал мөн уг сапудын төлбөрийг төлөхөөр тооцоо нийлсэн актад дээр дурдснаар бичсээр байхад алга болсныг нотлох шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзээд байгаа нь үндэслэлгүй....Нэхэмжлэгч байгууллагад тухайн сапудыг хугацаанд хүлээлгэн өгөөгүй бөгөөд дээрх тайлбарт дурдсанаар дутаасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч нь тухайн сапудыг олсон гэж тайлбарлаж байгаа ч байгаа талаараа, хүлээлгэн өгөх талаар нэхэмжлэгч байгууллагад санал тавьж байгаагүй. Шүүхэд илэрхий худал тайлбар гаргаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч тал нь цагдаагийн байгууллагад тухайн сапудыг алдсан одоо байгаа гэсэн тайлбарыг хэлдэг боловч нотлоогүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2., 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан худал тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна....Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул харгалзан үзэж, өөрчлөлт оруулж өгнө үү. Үүнд хариуцагч “Олд констракшн” ХХК нь гэрээнд зааснаар түрээсийн төлбөр төлөх, түрээсийн гэрээний хугацаа дууссаны дараагаар түрээслэсэн эд хөрөнгийг бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн боловч үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас “Олонбумбат” ХХК-д их хэмжээний хохирол учирсан. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг хүлээсэн этгээд нь хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан тул нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирлоо арилгуулах шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1.-д заасан “...олох ёстой орлого...” 326 дугаар зүйлийн 326.2.-д заасан “...хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардах...” эрхтэй юм. Зохигчдын тайлбараар хариуцагч “Олд констракшн” ХХК нь 896 ширхэг сапуд төмрийг хүлээлгэн өгөөгүй болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч байгууллагын зүгээс олох ёстой орлогод 50 803 200 төгрөгийг шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх уг асуудалд хууль зүйн дүгнэлт өгөхгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.Талууд түрээсийн гэрээнд гүйцэтгээгүй үүргийн 0.03 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон. Хариуцагч тал анхан шатны шүүх хуралдааны явцад алдангийн талаар зөвшөөрсөн. Хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу үүсэх үүрэгт буюу түрээсийн төлбөрт төлөх ёстой 42 350 000 төгрөг, Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д заасны дагуу буюу түрээсийн гэрээ дуусгавар болоход түрээслэсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй ба уг үүргээ гүйцэтгээгүй тул 896 ширхэг сапудны төлбөр 26 880 000 төгрөг буюу нийт гүйцэтгээгүй үүрэг нь 69 230 000 төгрөг, үүнээс 0.03 хувийг бодоход нэг өдрийн алданги нь 20 769 төгрөг, 567 хоногоор тооцвол 11 776 023 төгрөг юм. Гэтэл анхан шатны шүүх алдангид 5 880 011 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг асуудлаар мөн давж заалдах журмаар гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүх хууль зуйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна.Иймд давж заалдах шатны шүүхийн 351 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 181/ШШ2016/01329 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа нөхцөлд зохигчдыг маргааны зүйлийн талаар хангалттай бүрэн мэтгэлцсэн гэж, эрх зүйн маргааны үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэх боломжгүй ба энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.3.-т зааснаар шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй.

Нэхэмжлэгч “Олонбумбат” ХХК-ийн нэхэмжлэлийн зүйл болох 896 ширхэг сапуд буюу барилгын угсралтын ажилд хэрэглэдэг тулгуур төмөр байгаа эсэх, нэхэмжлэгч уг эд хөрөнгийг бус харин үнийг нь шаардаж буй үндэслэл нь тодорхой бус гэж давж заалдах шатны шүүх үзсэн ба энэ байдал тодорхой болоогүй нөхцөлд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 351 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 576 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН