| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1287/Э |
| Дугаар | 1411 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 1411
2018 10 11 2018/ШЦТ/1411
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Нд холбогдох эрүүгийн 1806069021575 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12-р байрны 7 тоотод хамт архи ууж байсан О.Бын өлгүүрт өлгөсөн хүрэмний халааснаас Самсунг Нөөт-8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.560.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Д.Н нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч О.Бын мөрдөн байцаалтанд өгсөн:
2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн үед Н гэрээсээ гадагшаа гараад явсан. Удалгүй 1 цагийн дараа нэлээн соттуу орж ирээд унтлагын өрөөндөө унтаад өгсөн. Тэгээд би энэ хүн жаахан архи уудаг юм гэж бодоод Нгийн унтаж байсан өрөөнд ороод өөрийн куртикний дотор талын халаасанд байсан гар утсаа шалгатал миний халаасны цахилгаан доошоо уначихсан, миний утас алга болчихсон байсан. Дараа нь Н надад хэлэхдээ миний утсыг авчихсан, таксинд мөнгөөр өгчихсөн, симийг нь буцааж авна гэж хэлсэн. Гар утсыг чинь буцаагаад өгчихнө, цагдаад битгий өгөөрэй гэж хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 6-7/,
Гэрч П.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн үед байхаа цагийг нь санахгүй байна. Быг явъя гэхэд Б Нгийн унтаж байсан өрөөнд ороод куртикний халааснаасаа гар утсаа үзтэл байхгүй байна, Н алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд бид нар гар утсыг хайтал байгаагүй. Тэгээд би цагдаад хэлье гэтэл Б маргааш учир нь олдох байх гэж ярилцаад байж байтал гаднаас Н нэлээн согтуу ороод ирсэн. Тэгээд Б миний гар утсыг гаргаад ир гэтэл Н юу яриад байгаа юм, зайл гээд хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би Нг унтаж байхаар нь халааснаас нь нэг зүйл товойж харагдахаар нь халаасыг ухтал 12.000 төгрөг байсан. Мөнгө хаанаас олсон юм гэтэл та нарт ямар хамаатай юм гээд унтаад өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 8-9/,
"Дамно" ХХК-ийн хохирлын үнэлгээ тогтоосон 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б31-18-1165 дугаартай:
Самсунг нөте 8 маркийн гар утас 2018 оны 08 сарын 21-ний өдрийн байдлаар 1.560.000 төгрөгийн үнэтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /ХХ-ийн 17-18/,
-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 2-3/
-гар утасны баталгаат засварын хуудас /хх-ийн 37/
Шүүгдэгч Д.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Нэг сэртэл би том өрөөнд ганцаараа унтаж байсан. Надтай хамт архи ууж байсан хүмүүс байхгүй жижиг өрөөнд дуугараад байхаар нь би босож суугаад хартал өнгийг нь мэдэхгүй байна нэг куртик байхаар нь халаасыг нь ухтал дотор халаасанд гар утас байхаар нь тэр утсыг нь аваад гадаа гараад таксины жолоочид 12.000 төгрөгөөр өгөөд явуулчихсан. Тэгээд тэр хавиар архи хайтал байхгүй байхаар нь буцаад гэртээ ортол Б гар утас алга байна гээд байхаар нь би аваагүй гэж худлаа хэлээд унтаад өгсөн. Түүний дapaa Бтай таарахаар нь би чиний гар утсыг авсан гэж үнэнээ хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 43-44/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс Д.Нгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, хорооны тодорхойлолт /хх-ийн 22-24/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12-р байрны 7 тоотод хамт архи ууж байсан О.Батжаргалын өлгүүрт өлгөсөн хүрэмний халааснаас Самсунг Нөүт-8 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэргийг хүндэрүүлэх нөхцөлгүй үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Д.Н нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.
Шүүгдэгч Д.Нг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Д.Нд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.
Шүүгдэгч Д.Н нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь хохиролыг төлж барагдуулан хохирогчийн гомдол нэхэмжлэлийг барагдуулсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг арилсанд тооцон Д.Нг бусдад төлөх төлбөхгүй гэж үзэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б овогт Дийн Нг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Нд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Н нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ